Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 519

 

“Т-Г УЦС” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, “Т-Г УЦС” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн дарга Б.М, татварын улсын байцаагч Н.Б, С.О нарт холбогдох, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0717 дугаар магадлалтай захиргааны хэргийг хариуцагч нарын гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар шийдвэрээр: Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.3 дахь заалтыг баримтлан “Т-Г УЦС” ХХК-ийн нэхэмжлэлтэй, тус аймгийн Татварын хэлтэс, татварын хяналт шалгалтын тасгийн дарга Б.М, улсын байцаагч Н.Б, С.О нарт холбогдуулан аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 050021475 дугаартай “Т-Г УЦС” ХХК-д ногдуулсан 664.194.322.5 төгрөгийг тогтоосон актаас үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн татвар 423.147.405, торгууль 126.944.220, алданги 99.641.288 төгрөг тооцсон нийт 649.732.916 төгрөгийн мөнгөн дүнтэй актын холбогдох заалтыг, мөн уг актын хавсралт-2-ын 1, 1.1-1.4, 3, 3.1-3.3-т заасныг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0717 дугаар магадлалаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 26 дугаар зүйл, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т г у ц с” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 050021475 дугаар актын хавсралт-2-ын Тогтоох хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 3.1, 3.2-т заасныг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 050021475 дугаар актын хавсралт-2-ын Тогтоох хэсгийн 3.3-д заасныг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 050021475 дугаар актын хавсралт-2-ын Тогтоох хэсгийн 3.3 дахь хэсгээр ногдуулсан 1,791,048 төгрөгийн алданги төлөх хариуцлагаас нэхэмжлэгч “Т г у ц с” ХХК-ийг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Б.М, Н.Б, С.О нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Магадлалыг эс зөвшөөрч, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1.“Иргэний хууль”-ийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт “Монгол Улсад нийтийн болон хувийн өмч байна”, мөн хуулийн 99.2 заалтад “Нийтийн өмч нь төрийн, орон нутгийн, шашны, олон нийтийн гэсэн хэлбэртэй байна” гэж тус тус заасан нь хэлбэрийг заасан болохоос, нийтийн эзэмшлийн барилга байгууламжид ямар хөрөнгө хамрагдахыг заагаагүй байхад шүүх хамааруулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

2.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дугаар зүйлийн 4.1.1 дэх хэсэгт “өмчийн бүх төрөлд хамаарагдах компани, хоршоо, нөхөрлөл, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн төлөөлөгчийн газар үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна” гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6. 2-т “Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна. Төсөвт авсан зээл, хандив, дэмжлэг, тусламжаар бий болсон хөрөнгө үүнд нэгэн адил хамаарна” гэж заасан байдаг. “Т-Г УЦС” ХХК нь улсын төсвөөс санхүүждэггүй, бие даасан болон толгой компанитайгаа нэгдсэн тайлан тэнцэлтэй, толгой компанитай байгуулсан гэрээний дагуу эрх эдэлж, үүрэг хүлээдэг, өөрийн тусгаарласан эд хөрөнгөтэй, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг компани учир дээрх хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан хэсэгт хамаарахгүй. Тус компанийн санхүүгийн тайлан балансад бүртгэлтэй, “Т” УЦС-ын барилга, Г УЦС-ын барилга, гараашийн барилга, ашиглалтын туннель, далан нь компанийн өөрийн өмч хөрөнгөөр бүртгэгдсэн учир нийтийн эзэмшлийн барилга байгууламжид хамаарахгүй юм.

3.НББОУСтандарт-16-д зааснаар үндсэн хөрөнгө нь биет хөрөнгө бөгөөд:

а/ Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ажил үйлчилгээнд ашиглах, бусдад түрээслүүлэх, удирдлагын зорилгоор ашиглах үүднээс аж ахуйн нэгжийн эзэмшиж буй хөрөнгө,

б/ Нэгээс дээш тайлангийн хугацааны туршид ашиглах хөрөнгө гэж заасан. Үндсэн хөрөнгө буюу ул хөдлөх хөрөнгө нь байгууллагын ирээдүйд эдийн засгийн үр өгөөж авчрахаар, мөн түүнийг найдвартай үнэлсэн бол НББ-д тусгаж бүртгэсэн байх ёстой гэж заасны дагуу Т г у ц с нь 2014-2015 оны санхүүгийн тайлан балансын үндсэн хөрөнгийн хэсэгт тусгаж хуримтлагдсан элэгдэл байгуулсан нь балансаас харагдаж байна.

Үл хөдлөх хөрөнгөнд санхүүгийн тайлагналаар элэгдэл тооцож, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд хасагдах зардалд оруулан татвар ногдуулах орлогыг бууруулсныг шүүх үнэлээгүй бөгөөд балансад бүртгэсний эрх зүйн үр дагавар нь төлөх татвараа бууруулж буй явдал бөгөөд татвар хоорондын уялдаа, нөлөөллийг хэрэг шийдвэрлэхдээ анхаарсангүй.

4. “Т-Г УЦС” ХХК-ийн данс бүртгэлд тусгагдсан үл хөдлөх эд хөрөнгөнд Үл хөдлөх эд хөрөнгийн тухай хуулийн 6 дугаар зүйлд “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг данс бүртгэлд заасан үнэлгээнээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурал тухайн хөрөнгийн байршил зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0,6-1,0 хувиар тооцож ногдуулна” гэж заасны дагуу Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 11/06 дугаар тогтоолоор Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг 0,6 хувь байхаар тогтоосны дагуу татварыг ногдуулж, тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлнө” гэж заасны дагуу ногдуулан төлнө.

Дээрх хууль тогтоомжоор “Т-Г УЦС” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг ногдуулж, төлөх хууль зүйн үндэслэлтэй тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0717 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасантай нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Б, С.О нар нь нэхэмжлэгч “Т-Г УЦС” ХХК-ийн 2014-2015 оны санхүүгийн баримтад хяналт шалгалт хийж, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 050021475 тоот актаар Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3 дахь хэсгүүдэд заасныг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын зөрчилд  423,147,405.30 төгрөгийн нөхөн татвар,  136,458,577.60 төгрөгийн торгууль, 104,588,339.60 төгрөгийн алданги, нийт 664,194,322.50 төгрөгийн төлбөрийг ногдуулжээ.

Нэхэмжлэгч “Т-Г УЦС” ХХК нь маргаан бүхий актаар тогтоосон төлбөрөөс үл хөдлөх эд хөрөнгийн зөрчилд ногдуулсан 423,147,405 төгрөгийн нөхөн татвар, 126,944,220 төгрөгийн торгууль, 99,641,288 төгрөгийн алданги, нийт 649,732,913 төгрөгийн төлбөр, мөн актын хавсралт 2-ын тогтоох хэсгийн 1, 1.1-1.4, 3, 3.1-3.3-т заасныг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...тус компани балансад байгаа үл хөдлөх эд хөрөнгийг зарцуулах эрхтэй өмчлөгч биш, компанийн эзэмшиж, ашиглаж байгаа үл хөдлөх хөрөнгө нь хуульд зааснаар “нийтийн эзэмшлийн хөрөнгө”-д хамаарч албан татвараас чөлөөлөгдөх үндэстэй” гэж тодорхойлон маргасан байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “нийтийн эзэмшлийн барилга, байгууламж”-ийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөхөөр заажээ. 

 Давж заалдах шатны шүүхээс хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, маргаан бүхий актаар татвар төлүүлэхээр тогтоосон “Т-Г УЦС” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгүүд болох усан цахилгаан станцын барилга, далангууд, ашиглалтын тунель, ажлын байр, ажилчдын орон сууц, автомашины зогсоол зэрэг нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасан “нийтийн эзэмшлийн барилга, байгууламж”-д хамаарч байх тул үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр байна гэж дүгнэн, татварын улсын байцаагчийн актын хавсралт 2-ын тогтоох хэсгийн 1.1-1.4, 3.1, 3.2-т заасныг хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй байна.

  Учир нь, Үндэсний татварын ерөнхий газрын даргын зөвлөлийн 2001 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хуулийг хэрэгжүүлэх аргачлал”-ын 6.1.3-т “Нийтийн эзэмшлийн барилга байгууламж” гэдэгт нийтийн эзэмшил бүхий цахилгаан, дулаан, холбооны шугам сүлжээ түүний худаг узель, дэд станц, цэвэр бохир усны газар доогуурх ус зайлуулах хоолой, гүүр, үерийн усны далан, цэвэрлэх байгууламж, зам талбай, гэрэлтүүлэг, инженерийн зориулалт бүхий худаг орно. Мөн орон сууцны барилгын дундын өмчлөлийн хөрөнгө энэ заалтад хамаарагдана” гэж зааж тайлбарласан.

 Хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэгч “Т-Г УЦС” ХХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүд нь хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасан “нийтийн эзэмшлийн барилга, байгууламж”-д хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл тус компанийн Усан цахилгаан станцын барилга, далангууд /бага, үндсэн, богоош/, ашиглалтын тунель, ажлын байр, ажилчдын орон сууц, автомашины зогсоол зэрэг нь компанийн өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй тус компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд бөгөөд нийтийн эзэмшлийн барилга, байгууламжид хамаарахгүй болох нь тогтоогджээ.

Түүнчлэн Монгол улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа өмчийн бүх төрөлд хамаарагдах компани нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байхаар, 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүр тэнцүү хэмжээгээр тооцож төлөх үүрэг хүлээсэн байна.

Иймд маргаан бүхий татварын байцаагч нарын актаар нэхэмжлэгч “Т-Г УЦС” ХХК-ийг дээрх өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн үндсэн хөрөнгөөр тайлан балансдаа тусгаж, элэгдлийн зардлыг тооцож, татвар ногдуулах орлогоос хасч тайландаа тусгасан боловч үл хөдлөх хөрөнгийн албан татвар тооцож тайлагнаагүй, төсөвт төлөөгүй нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэн, 423,147,405 төгрөгийн нөхөн татвар, 126,944,220 төгрөгийн торгууль, 99,641,288 төгрөгийн алданги, нийт 649,732,913 төгрөгийн төлбөрийг ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-т заасантай нийцсэн, нэхэмжлэгч нь актаар тогтоосон дээрх төлбөрийг төлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийн зүйл, заалтыг зөв баримтлаагүй, түүнчлэн татварын улсын байцаагчийн актаар тогтоосон нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар нэхэмжилсэн төлбөрөөс хариуцлага болох 126,944,220 төгрөгийн торгууль, 99,641,288 төгрөгийн алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3-д заасны дагуу өршөөлд хамруулж шийдвэрлээгүй нь буруу болжээ.

Харин маргаан бүхий актаар зөрчилд нийтдээ 136,458,577.60 төгрөгийн торгууль, 104,588,339.60 төгрөгийн алданги ногдуулсан бөгөөд шүүхийн энэхүү тогтоолоор өршөөлд хамруулснаас үлдэх торгууль, алдангийг нэхэмжлэгч хуулийн дагуу харьяалах Татварын албанд хандан шийдвэрлүүлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0717 дугаар магадлалыг хүчингүй болгож, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.3 дахь заалтыг баримтлан” гэснийг “Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.3, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан” гэж өөрчлөн, 2 дахь заалт нэмж “2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Т-Г УЦС” ХХК-ийг татварын улсын байцаагч нарын 050021475 тоот актаар тогтоосон төлбөрөөс 126,944,220 төгрөгийн торгууль, 99,641,288 төгрөгийн алданги төлөх хариуцлагаас өршөөн хэлтрүүлсүгэй.” гэж, мөн тогтоох хэсгийн “2, 3, 4” гэсэн дугаарыг “3, 4, 5” гэж тус тус өөрчилсүгэй. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                            ШҮҮГЧ                                                                   Б.МӨНХТУЯА