| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 194/2025/0011/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/157 |
| Огноо | 2025-01-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Болорзул |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/157
2025 01 14 2025/ШЦТ/157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,
улсын яллагч С.Болорзул,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б-ийн Мид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2409 00000 2240 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2003 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн Улиастай хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, М барилга угсралтын компанид оператор ажилтай, ам бүл 1. Завхан аймгийн ........................ хаягтай боловч Сүхбаатар дүүргийн ......................... түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
Б овогт Б-ийн М /РД:......................... /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн ............................. нийтийн байрны хажууд хохирогч А.Б-ийг ямар нэгэн шалтгаангүйгээр нүүрэн тус газарт 4-5 удаа гараараа цохиж биед нь дээд 6 дугаар араа шүдний эмтрэл, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Б-ын өгсөн: “.. Би 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 22 цагийн орчимд өөрийн амьдардаг Сүхбаатар дүүргийн ............................. гудамжинд байрлах нийтийн байрнаасаа М гэх нийтийн байрны охинтой хамт гараад дэлгүүр орох гээд явж байтал хажуу нэг хүн /манай нийтийн байрны 2 давхарт амьдардаг залуу намайг татаад “уулзаадахъя” гэхээр нь би түүнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохоор нь яах юм гэж бодоод “яараад байна” гээд яваад өгсөн. Тэгтэл тухайн залуу дахин намайг араас дуудахаар нь зүүн тал руугаа эргээд хартал миний зүүн хацар шанаа орчимд угсруулаад 2 удаа хурдан цохиод авсан. Тэр үед миний толгой манарсан. Тэгээд байж байтал тэр эрэгтэйн найз гэх нэг залуу хажууд нь байсан бөгөөд намайг зодсон гэх М гэх залуугийн найз нь гэх залуу мөн надтай хамт явсан М гэх охин 2 биднийг салгасан. Яг салгаад байж байтал намайг зодсон гэх М нь дахин миний баруун хацар шанаа орчимд 1 удаа хүчтэй цохисон. Тэр үед нь би тухайн хүний биед огт халдаж зодоогүй бөгөөд би шууд цагдаа дуудсан. Намайг цагдаа дуудах үед цагдаа нар ирээгүй байхаар нь би орхисон боловч манай байрны нэг ах дахин цагдаад дуудлага өгсөн байсан. Тэгээд цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дахь тал/,
Гэрч С.Б-ын өгсөн: “2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 21-22 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн ......................... тоот нийтийн байрны гадна үүдний орчимд эрэгтэй хүмүүсийн маргалдах дуу чимээ гарсан бөгөөд би ганцаараа гарч харахад М, А.Б нар нь маргалдаж байсан. Тухайн үедээ тэднийг юунаас болж маргалдсан талаар мэдээгүй бөгөөд гараад маргалдааныг шийдвэрлэх гэж оролдож байтал М нь Б-ийг 1 удаа нүүр хэсэг рүү нь цохисон. Тэр үед нь би салгасан. Тэгээд байж байтал М нь дахиад 1 удаа цохисон. Тухайн асуудал болох үед М, А.Б мөн тус нийтийн байрны 1 охин байсан. Тэднийг маргалдаад Б-ийг цохиулах үед тэр байрны охин М нь Б-ийг өмөөрч Мийг болиулахаар түүнийг 1 алгадсан. Тэнд тэрнээс өөрөөр зодоон болсон асуудал байхгүй. Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дахь тал/
Гэрч М.Мын өгсөн: “... Би 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 22 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн ................................. тоот нийтийн байрнаас А.Б-ын хамтаар дэлгүүр орохоор бас манай үеэлийг тосохоор хамт гарсан. Биднийг гарахад С.Б, М нар гадаа байж байсан ба М архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд гарахад М А.Б-ийг “ярилцъя” гэсэн бөгөөд А.Б “ярилцахгүй, ярилцмааргүй байна” гэж хэлсэн. Тэгтэл М А.Б нар тэр асуудлаас болоод жаахан ам мурийгаад тэгээд М А.Б-ийг эхлээд нэг удаа баруун талын хацар хэсэгт солгой гараараа алгадсан. Тэгэхэд нь С.Б бид 2 дундуур нь ороод болиулсан. Тэр үед А.Б “шүд үүрчих шиг боллоо” гэж хэлсний дагуу С.Б шүдийг нь хараад зогсож байтал А.Б Мийг “чи миний шүдийг ингээд эмтэлчихлээ” гэж хэлээд хэл үгээр идэж хараасан. Тэр үед М дахиад нэг цохиод авсан. Тэгээд байж байтал байрны эзэн гараад ирсэн. Тэр үед тэр 2 зодолдоогүй ч гэсэн маргалдсаар байсан тул байрны эзэн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14839 дүгээр шинжээчийн
1. А.Б-ын биед баруун дээд 6 дугаар араа шүдний эмтрэл, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.
3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 34 дэх тал/
Яллагдагч *******ийн “...Би тухайн өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтийн байрныхаа залуутай ярилцах гэж очоод үл ойлголцол гарсны улмаас түүний биед халдаж гэмтэл учруулсан асуудлаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дахь тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн ...................... байрлах нийтийн байрны хажууд хохирогч А.Б-ийг ямар нэгэн шалтгаангүйгээр нүүрэн тус газарт 4-5 удаа гараараа цохиж биед нь дээд 6 дугаар араа шүдний эмтрэл, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
Шүүгдэгч ******* нь согтуурсан хохирогч А.Б-ийг ямар нэгэн шалтгаангүйгээр нүүрэн тус газарт 4-5 удаа гараараа цохиж биед нь дээд 6 дугаар араа шүдний эмтрэл, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Б-ын өгсөн: “Тэгтэл тухайн залуу дахин намайг араас дуудахаар нь зүүн тал руугаа эргээд хартал миний зүүн хацар шанаа орчимд угсруулаад 2 удаа хурдан цохиод авсан. Тэр үед миний толгой манарсан. ...М нь дахин миний баруун хацар шанаа орчимд 1 удаа хүчтэй цохисон” гэх мэдүүлэг, /хх 15-16/,
Гэрч С.Б-ын өгсөн: “М нь Б-ийг 1 удаа нүүр хэсэг рүү нь цохисон. Тэр үед нь би салгасан. Тэгээд байж байтал М нь дахиад 1 удаа цохисон” гэх мэдүүлэг, /хх 26/
Гэрч М.Мын өгсөн: “Тэгтэл М А.Б нар тэр асуудлаас болоод жаахан ам мурийгаад тэгээд М А.Б-ийг эхлээд нэг удаа баруун талын хацар хэсэгт солгой гараараа алгадсан. Тэгэхэд нь С.Б бид 2 дундуур нь ороод болиулсан. Тэр үед А.Б “шүд үүрчих шиг боллоо” гэж хэлсний дагуу С.Б шүдийг нь хараад зогсож байтал А.Б Мийг “чи миний шүдийг ингээд эмтэлчихлээ” гэж хэлээд хэл үгээр идэж хараасан. Тэр үед М дахиад нэг цохиод авсан” гэх мэдүүлэг /хх 30/,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14839 дүгээр шинжээчийн дүгнэлт /хх 34/
Яллагдагч *******ийн “түүний биед халдаж гэмтэл учруулсан асуудлаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх 7/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь хохирогч А.Б-ийг ямар нэгэн шалтгаангүйгээр нүүрэн тус газарт 4-5 удаа гараараа цохиж биед нь дээд 6 дугаар араа шүдний эмтрэл, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж 3 сарын хугацаанд хуваан төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй” гэв.
Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол нөхөн төлөгдсөн, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэх шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Хохирогч нь шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас үүссэн гэм хорын хохиролд 2,000,000 төгрөгийг авсан, гомдол саналгүй /хх 61/ гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэсэг 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ******* нь оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА