| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 194/2025/0037/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/198 |
| Огноо | 2025-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Эрдэнэ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/198
2025 01 16 2025/ШЦТ/198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,
улсын яллагч Б.Бат-Эрдэнэ
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ч.Атарболд
шүүгдэгч Л.Ою, түүний өмгөөлөгч Д.Одонтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт О-ийн О, А овогт Лгийн Ою нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2311 02023 0279 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сүлжигч мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт, Чингэлтэй дүүргийн .......................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Х овогт О-ийн О /РД:................/
Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймагт төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн ...................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
А овогт Лгийн Ою /РД:..................... /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ххудалдааны төв дотор тухайн цаг үед үүссэн тааламжгүй харилцааны улмаас иргэн Л.Оютай маргалдаж түүний зүүн хөлийн тавхай хэсэг рүү өшиглөж тавхай эрхийн хуруунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ою мэдүүлэхдээ: “Би энэ хүнийг цохиж зодоогүй. Би энэ хүнийг манай нөхөрт мөнгө зээлүүлсэн гэж мэдээгүй байсан чинь манай нөхрийг цохиж зодоод яваад байсан. Тэгээд 500,000 төгрөгийг чинь би өгье гэсэн чинь миний үснээс зулгаагаад, хэл амаар доромжилсон. Хиймэл хүүхэн гэж орилсон. Хүний сэтгэл гэмтэнэ гэдэг бол аймаар байсан. Би хэнийг ч хуурч худлаа ярьж яваагүй. Бид хоёр муудалцахад миний үснээс зулгаасан байж яагаад намайг энэ хэрэгт татсаныг би мэдэхгүй байна. Би нөхрөөсөө 10 насны зөрүүтэй ч гэсэн өчнөөн жил хамт амьдарсан.. Өнөөдөр би энэ хүнээр аймшигтай үгээр доромжлуулчихаад яагаад би яллах дүгнэлт гардаж аваад энд зогсож байгаагаа ойлгохгүй, гомдож байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Тухайн үед мөнгө зээлчих гээд нөхөр нь ирээд авсан. Эхнэрт битгий хэлээрэй гэж хэлсэн. Би дэвтрээ барьж явж байгаад дэвтрээрээ хатгасан чинь нөхөр нь өөдөөс пээдэлзээд байсан. Тэгээд Ою ирээд “яасан бэ” гэхээр нь би “мөнгөө авна” гэсэн чинь намайг “чи яахаараа алцганаж, манай нөхөрт мөнгө өгсөн юм” гээд эхлээд хэрүүл өдсөн. Түүнээс болоод намайг цагдаагийн машинд суух гэж байхад араас ирээд өшиглөсөн. Би гомдол гаргахгүй, зүгээр явж байсан чинь яллах дүгнэлт гардуулсан. Би Оюын биед огт хүрээгүй. Намайг бас муу муухайгаар их дуудсан” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
хохирогч Л.Оюын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн талаарх нотлох баримтууд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Оюын өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр миний бие Чингэлтэй дүүргийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ххудалдааны төвийн арын ил мах зардаг хэсэг дээр явж байтал манай нөхөр Бын араас нэг эмэгтэй хөөгөөд цохиод яваад байхаар нь би очоод О гэх тухайн эмэгтэйгээс юу болсон талаар асуухад “танай нөхөр Б чинь надаас 500,000 төгрөг зээлсэн, түүнийгээ өгөхгүй байна” гэж надад хариулсан. Тэгэхээр нь би От хандаад “дансаа өгчих, би мөнгийг нь шилжүүлэе” гээд хэлсэн. Тэгсэн О нь надаа хандаж “энэ гичий нь ч гэсэн 500,000 төгрөг нөхөртөө өгдөггүй юм байна лээ” гээд баахан хүмүүсийн дэргэд намайг элдэвээр хараасан. Тэгэхээр нь миний уур хүрээд “тэгвэл би мөнгийг чинь өгөхгүй ээ, өөрөөс нь ав” гээд хэлхэд О нь “чи яасан их зантай гичий вэ” гэж хэлээд миний үснээс зулгаагаад доош дарсан, мен толгой руу гараараа нилээн хэдэн удаа цохисон. Тэгсэн манай нөхөр Б, зах дээр ажилладаг Баатар гэх залуу бид хоёрыг салгасан. Тэгтэл О нь намайг олон хүний дэргэд “хөгшин гичий, хиймэл хүүхэн” гэх зэргээр хэл амаар доромжилсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 18-19 дэх тал/ -
Гэрч Ч.Бын өгсөн: “..2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр би өөрийн ажил болох Чингэлтэй дүүргийн ......................... нутаг дэвсгэрт байрлах худалдааны төв дээр өглөө байж байтал О гэх эмэгтэй ирээд надаас өмнө зээлсэн байсан, мөнгөө нэхсэн. Тэр мөнгөө нэхэх үедээ намайг татаж чангаагаад байхаар нь би эхнэр Оюд хандаад “От 500,000 төгрөг өгчихөөрэй” гээд хэлсэн. тэгсэн О нь мөнгө өгөх хооронд эхнэр бид хоёрыг хэл амаар доромжилсон. Тухайн үед би маш завгүй мах ачаад байж байсан болохоор цаанаа очоод махаа ачиж байгаад нэг харсан чинь О нь манай эхнэр Оюын үснээс нь зулгаагаад доош нь дарчихсан, хөлөөрөө мөн түүний хөл хэсэг рүү нь өшиглөж байхаар нь очоод салгасан. Тэгсэн удалгүй О-ийн ах нь гэх залуу хүрч ирээд намайг заамдаж авсан ба манай эхнэр цагдаад дуудлага өгсөн. О нь эхнэр бид хоёрыг хэл амаар маш их доромжилсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 28-29 дэх тал/
Гэрч О.Бын өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр миний бие Чингэлтэй дүүргийн ...... дугаар хорооны нутагт байх худалдааны төв дотор лангуун дээр байж байтал миний төрсөн дүү О над руу залгаад “ахаа та хүрээд ирээч, би хойд махны жингийн хажууд байна” гэхээр нь би дотор лангуунаасаа гараад Хзахын махны жингийн хажууд яваад очиход дүү О нь Ою гэх эмэгтэйтээ үсдэлдчихсэн зогсож байсан ба тэр хавийн хүмүүс тэр хоёрыг салгах гээд байж байсан. Тэгээд би очоод Оюын нөхөр гэх залууд хандаад “чи хүнээс мөнгө авсан юм бол өгчихөд яадаг юм” гэж хэлээд бид хоёр бие биенээ заамдалцаад салцгаасан. Тэгсэн Ою нь дүү Отэй хэрэлдээд байж байснаа шууд хөл хэсэг рүү өшиглөөд авахаар нь би боль гээд дүүгийнхээ урдуур ороод дүүгээ хамгаалсан. Тэгсэн удалгүй цагдаагийн алба хаагч нар хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 30-31 дэх тал/
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 12139 дүгээр
1. Оюын биед хүзүү, зүүн тавхайн эрхий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хх-ийн 53-54 дэх тал/
Шинжээч эмч Ц.Бадралын өгсөн: “...Л.Оюын биед учирсан хүзүү, зүүн тавхайн эрхий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.. гэх мэдүүлэг, мөн эмчийн.. "Л.Оюын биед учирсан зүүн тавхайн эрхий хурууны ар талд буюу дээд талд нь цус хуралт гэмтэл үүссэн байна. Тус гэмтэл хүнд өшиглүүлэх болон хүн өшиглөх үед үүссэн байх боломжтой..." гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ. /хх-ийн 47/
Хохирогч *******ийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн талаарх нотлох баримтууд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *******ийн өгсөн “...2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн ...... дугаар хороонд байх ”Ххудалдааны төв дээр байхдаа 500,000 төгрөг зээлж түүний 57................... гэх данс руу өөрийн 5065013804 данснаасаа шилжүүлсэн... Ингээд би нэлээн хэдэн удаа Баянаа гэгчээс мөнгөө нэхэх үед тэр өгөхгүй байхаар нь 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Ххудалдааны төвд түүнтэй таарсан. Тэгээд би Б-с мөнгөө нэхэх үед тэр “дансаа явуулчих гээд намайг үл тоогоод пээдийгээд байхаар нь би түүнээс “би чам руу зөндөө дансаа явуулсан, өчнөөн удаа залгаллаа, чи миний мөнгийг өгчих” гэж хэлсэн. ...Тэгсэн Баянаагийн эхнэр Ою нь “алив надад дансаа өгчих” гэснээ “юун мөнгө билээ” гээд надаас асуухаар, “аль хавар надаас мөнгө зээлчихээд өгөхгүй байна, мөнгөө авмаар байна” гэхэд эхнэр нь “тэгвэл би чамд мөнгө өгөхгүй” гэхээр нь “угаасаа би чамаас авахгүй, Баянаагаас мөнгөө авмаар байна” гэж хэлсэн. Тэгсэн Ою нь над руу уурлаад “чи угаасаа үхсэнээ хийж хүний нөхөрт мөнгө егсөн юм” энэ тэр гээд намайг хэл амаар доромжилсон ба миний үснээс гараараа зулгаасан. Тэгэхлээр нь би түүний үснээс нь мөн адил гараараа зулгаасан. Тэгтэл тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан ба Ою нь миний зүүн талын гуя, шилбэ хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. ...Ою нь миний үснээс зулгаахаар нь зөрүүлээд адилхан түүний үснээс зулгаасан. Тэрнээс биш түүнийг цохиж зодсон зүйл байхгүй. ...Ою нь орж ирээд хэрүүл хийгээд миний үснээс зулгаахаар нь зөрүүлээд үснээс нь зулгаасан...” гэх мэдүүлэг, /хх 35/
Гэрч О.Бын өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр миний бие Чингэлтэй дүүргийн ...... дугаар хорооны нутагт байх Ххудалдааны төв дотор лангуун дээр байж байтал миний төрсөн дүү О над руу залгаад “ахаа та хүрээд ирээч, би хойд махны жингийн хажууд байна” гэхээр нь би дотор лангуунаасаа гараад Хзахын махны жингийн хажууд яваад очиход дүү О нь Ою гэх эмэгтэйтэй үсдэлдчихсэн зогсож байсан. Тэр хавийн хүмүүс тэр хоёрыг салгах гээд байж байсан. Тэгээд би очоод Оюын нөхөр гэх залууд хандаад “чи хүнээс мөнгө авсан юм бол өгчихөд яадаг юм” гэж хэлээд бид хоёр бие биенээ заамдалцаад салцгаасан. Тэгсэн Ою нь дүү Отэй хэрэлдээд байж байснаа шууд хөл хэсэг рүү өшиглөөд авахаар нь би “боль” гээд дүүгийнхээ урдуур ороод дүүгээ хамгаалсан...” гэх мэдүүлэг, /хх 30-31/
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 486 дугаар шинжээчийн
1. *******ийн биед зүүн сарвууны долоовор хурууны хумсны хууларсан шарх, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх 73-74/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч: “Шүүгдэгч Л.Ою нь *******ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан, шүүгдэгч ******* нь Л.Оюын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатайгаар учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч шүүгдэгч нарын хувьд О сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч нар нэгнээсээ хохирол нэхэмжлээгүй учраас бусдад төлөх төлбөргүй” гэв.
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Ч.Атарболд: “Тухай хэрэг бол 2023 оны 9 дүгээр сард гарсан хэрэг юм. Учир явдал гарах үед хажууд нь байсан бүх хүмүүс тодорхой мэдүүлэг өгсөн. Миний хувьд өмгөөлөгчийн хувьд бүх үр дагаврыг тайлбарлан өгч зөвлөгөө өгсөн. Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба хохирол нэхэмжилсэн тохиолдолд төлөхөө илэрхийлсэн. Шүүгдэгч нарын хувьд тухайн үеийн нөхцөл байдал өдий зэргийн үр дагавар үүснэ гэж тооцоолоогүй гэдгээ хэлсэн. Шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл гэдгийг тогтоосон. Худлаа шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй учраас улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэв.
Шүүгдэгч Л.Оюын өмгөөлөгч Д.Одонтунгалаг: “Тухайн хэрэг өглөөгүүр болсон ба нотолбол зохих байдал хангалттай нотлогдсон гэж үзэж байна. Тухайн маргаан болсноос хойш гэр бүлийн маргаан, ажлаа хийж чадахгүй нөхцөл байдал үүссэн байна. Оюын хувьд анх өгсөн мэдүүлэг өөрчлөгдөж байгаагүй. Шинжээч Бадрал анх тогтоохдоо эрүүл мэндийг сарниулсан хугацаа зэргийг цаг хугацаа өнгөрсний дараа тогтоох боломжгүй. Оюын өмгөөлөгчийн хувьд От хөнгөн зэргийн гэмтэл учруулаагүй. Бадрал эмч анх мэдүүлэхдээ хурууны зулгаралт гэмлийн зэрэгт хамаарахгүй гэж мэдүүлсэн. Мэргэжлийн шинжээчийн дүгнэлт өөр хоорондоо зөрүүтэй байх ёсгүй. Аль нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй вэ гэдгийг тайлбарласан. Энэ гэр бүлийн асуудалд орж, эхлээд үсийг зулгаасан хүн нь шүүгдэгч ******* юм. Хэн үйл явдлыг шалтгааныг гаргасныг харгалзан үзэхийн хүсэж байна. Миний үйлчлүүлэгч эд хөрөнгө болон бие махбодоороо хохирсон ч гэсэн юу ч нэхэмжлээгүй. Тиймээс миний үйлчлүүлэгч Л.Оюд холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү” гэв
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Ою, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “худалдааны төв дотор тухайн цаг үед үүссэн тааламжгүй харилцааны улмаас иргэн Л.Оютай маргалдаж түүний зүүн хөлийн тавхай хэсэг рүү өшиглөж тавхайн эрхийн хуруунд цус хуралт бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Оюын өгсөн: “О нь “чи яасан их зантай гичий вэ” гэж хэлээд миний үснээс зулгаагаад доош дарсан, мөн толгой руу гараараа нэлээн хэдэн удаа цохисон” гэх мэдүүлэг, /хх 18-19/
Гэрч Ч.Бын өгсөн: “О нь манай эхнэр Оюын үснээс нь зулгаагаад доош нь дарчихсан, хөлөөрөө мөн түүний хөл хэсэг рүү нь өшиглөж байхаар нь очоод салгасан” гэх мэдүүлэг, /хх 28-29/
Гэрч О.Бын өгсөн: “дүү О нь Ою гэх эмэгтэйтэй үсдэлдчихсэн зогсож байсан ба тэр хавийн хүмүүс тэр хоёрыг салгах гээд байж байсан.Тэгсэн Ою нь дүү Отэй хэрэлдээд байж байснаа шууд хөл хэсэг рүү өшиглөөд авахаар нь би “боль” гээд дүүгийнхээ урдуур ороод дүүгээ хамгаалсан” гэх мэдүүлэг, /хх 30-31/
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 12139 дүгээр дүгнэлт /хх 53-54/, шинжээч Б.Бадралын мэдүүлэгт /хх 63/ “Оюын биед учирсан хүзүү, зүүн тавхайн эрхий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа мохоо зүйлийн нэг нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.Зүүн тавхайн эрхий хуруунд учирсан гэмтэл нь цохих болон цохигдох үед үүсэх боломжтой гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв. Шүүгдэгч Л.Ою, гэрч Ч.Б нарын мэдүүлэгт О гэхийг О гэж мөрдөгч тэмдэглэсэн байх боловч тухайн өдөр Оээс өөр хүнтэй маргалдаагүй, өөр О гэх хүн байгаагүй, нэрийг нь андуурч бичсэн байгаа талаар шүүгдэгч нар нь мэдүүлсэн болохыг дурьдаж байна.
Харин шүүгдэгч Л.Ою нь 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ххудалдааны төв дотор тухайн цаг үед үүссэн тааламжгүй харилцааны улмаас иргэн *******тэй маргалдаж зүүн сарвууны долоовор хурууны хумсны хууларсан шарх, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийн 35 дугаар хуудсанд ******* 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэгтээ “...Ою миний зүүн талын гуя, шилбэ хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн
Хэргийн 41 дүгээр хуудсанд *******ийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэрчээр мэдүүлсэн мэдүүлэгт “...Ою нь миний зүүн талын гуя, шилбэ хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. ...миний зүүн талын гуя хөхөрсөн байна, тэр хэсэг рүү Ою нь хөлөөрөө өшиглөсөн юм. Мөн үснээс зулгаасан.Өөр ямар нэгэн гэмтэл шарх учраагүй” гэх мэдүүлгүүдийг өгч байсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр түүний биед учирсан гэх зүүн сарвууны долоовор хурууны хумсны хууларсан шарх гэмтлийн талаар мэдүүлэгүүддээ огт дурдаж байгаагүй байна.
Гэрч О.Бын өгсөн: “дүү О нь Ою гэх эмэгтэйтэй үсдэлдчихсэн зогсож байсан ба тэр хавийн хүмүүс тэр хоёрыг салгах гээд байж байсан. Тэгсэн Ою нь дүү Отэй хэрэлдээд байж байснаа шууд хөл хэсэг рүү өшиглөөд авахаар нь би “боль” гээд дүүгийнхээ урдуур ороод дүүгээ хамгаалсан” гэх мэдүүлэг, ******* 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэгт “...Ою миний зүүн талын гуя, шилбэ хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн, Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэгтээ “... Ою ирээд “яасан бэ” гэхээр нь би “мөнгөө авна” гэсэн чинь намайг “чи яахаараа алцганаж, манай нөхөрт мөнгө өгсөн юм” гээд эхлээд хэрүүл өдсөн. Түүнээс болоод намайг цагдаагийн машинд суух гэж байхад араас ирээд өшиглөсөн” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Л.Ою нь *******ийн хөл хэсэгт өшиглөсөн болох нь тогтоогдож байгаа боловч шинжээч Б.Сэргэлэнгийн / хх 78/ мэдүүлэгт “Оийн зүүн сарвууны долоовор хурууны хумсны хууларсан шарх нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, баруун шилбэнд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ. Иймд Л.Ою нь *******ийн хөл хэсэгт өшиглөж баруун шилбэнд цус хуралт гэмтэл үүсгэсэн нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй байх тул түүний энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна. Харин *******ийн биед учирсан зүүн сарвууны долоовор хурууны хумсны хууларсан шарх гэмтлийг Л.Ою учруулсан болох нь нотлогдон тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Хавтаст хэргийн 80 дахь талд хохирогч Л.Оюын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл хоёрдугаар зэрэглэл тогтоогдсон байх тул Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.8 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн нөхцөл байдал, хохирогч биед үүссэн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар харгалзан 3.4-т Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу хоёрдугаар зэрэглэлд тогтоож хеделмерийн хөлсний доод хэмжээг 5-12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл гэж зааснаар хохирогчид гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хор уршигт Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс тогтоосон 550.0 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлж, шүүгдэгч *******ээс нийт 2,750,000 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Ою олгох нь зүйтэй байна
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч: “Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй” гэх.
Хохирогч Л.Оюын өмгөөлөгч Д.Одонтунгалаг: “Хэлэх зүйлгүй” гэх
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Атарболд: “Миний үйлчлүүлэгч өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн асуудал дээрээ маргахгүй, хохирол төлбөр төлөхөө илэрхийлж байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгож өгнө үү” гэх дүгнэлтийг гаргасан
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн зохих хэмжээний буруутай байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэх шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэсэг 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Лгийн Оюд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Х овогт О-ийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 2,750,000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Л.Оюд олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА