| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2020/00347/И |
| Дугаар | 142/ШШ2020/00404 |
| Огноо | 2020-03-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 142/ШШ2020/00404
| 2020 оны 03 сарын 23 өдөр | Дугаар 142/ШШ2020/00404 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ХБ
Хариуцагч: т.ө
Хариуцагч:г.г
Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг 13 332 439.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагч Т.Ө , хариуцагч Г.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн Эрдэнэт салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлдэгч Түвшинбатын Ө , Г Г нар нь манай банкнаас 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр -- тоот зээлийн гэрээгээр 20 000 000 /Хорин сая/ төгрөгийн цалингийн зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар, 48 сарын хугацаатай авсан. Банк нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зээлдэгч Түвшинбатын Ө ы Хас банкан дахь № дансанд 20 000 000 /Хорин сая/ төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 6 667 560.64 /Зургаан сая зургаан зуун жаран долоон мянга таван зуун жаран төгрөг жаран дөрвөн мөнгө/ төгрөг, зээлийн хүүд 1 891 574.06 /Нэг сая найман зуун ерэн нэгэн мянга таван зуун далан дөрвөн төгрөг зургаан мөнгө / төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 624.50 /Хоёр мянга зургаан зуун хорин дөрвөн төгрөг тавин мөнгө / төгрөгийг төлсөн. Зээлдэгч Т.Ө нь 2018 оны 6 дугаар сард хүн амины хэрэгт холбогдон, шүүхээр шийтгүүлж Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа тул төрсөн ах Түвшинбатын Өлзийтөгсийн хүсэлтийн дагуу банкнаас уг зээлийн хүүг 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс зогсоосон боловч 2018 оны 12 дугаар сараас зээлийг хугацаа хэтрүүлж эхэлсэн. 2019 оны 6 дугаар сард 168 000 /Нэг зуун жаран найман мянган/ төгрөгийн төлбөр хийсэн. Зээлдэгч Түвшинбатын Ө нь -- тоот зээлийн гэрээний 3.2.1 дэх заалтыг зөрчиж зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй 277 хоног хугацаа хэтэрсэн. Нэхэмжлэлийн шаардлага: 1/ Зээлийн -- дугаар гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болсон тул гэрээг цуцлах 2/ Зээлийн гэрээний 5.1.1-д заасны дагуу үндсэн зээл 13 332 439.36 (арван гурван сая гурван зуун гучин хоёр мянга дөрвөн зуун гучин есөн төгрөг гучин зургаан мөнгө) төгрөгийг зээлдэгчээр төлж барагдуулж өгнө үү. 3/ Хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хариуцагчийн хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж өгнө үү гэв.
Хариуцагч Т.Ө шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Т овогтой Ө нь 2018 онд Хас банкнаас 20 сая төгрөгийн зээл авсан нь үнэн. Энэ зэлийг би дангаараа хариуцах ёстой. Хоригдож байгаа хугацаандаа ажил хөдөлмөр эрхлэх, хүмүүжиж гараад ажил төрөл хийж байгаад банкыг хохиролгүй болгох чин хүсэлтэй гэв.
Хариуцагч Г.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Г овогтой Г 1990 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн. Одоогоор Улаанбаатар төмөр замын Эрдэнэт депод илчит тэрэгний машинчаар ажилладаг. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Миний хувьд хамт ажилладаг байсан хүн болох Түвшинбатын Ө ы зээлийн гэрээн дээр түүний хүсэлтээр мөн Хас банкны эдийн засагчийн хүсэлтээр батлан даагчаар гарын үсэг зурсан болно. Миний хувьд энэ гэрээний үндсэн заалттай сайн танилцаагүй мөн банкнаас чамд ямар нэгэн эрсдэл хүлээх зүйл байхгүй гэж хэлсэн тул би гарын үсэг зурсан. Би уг зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөг авч хэрэглээгүй бөгөөд зөвхөн хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан тул уг мөнгийг төлөх боломжгүй байна. Иймд энэ төлбөрийг Ө аар төлүүлнэ үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХХК-ний Эрдэнэт салбар нь хариуцагч Г.Г , Т.Ө нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг 13 332 439.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Т.Ө нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч өөрөө хариуцан төлнө гэж, хариуцагч Г.Г уг зээлийн гэрээнд зөвхөн хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан болохоос нэг ч төгрөгийг авч хэрэглээгүй, хариуцагч Т.Ө ы гуйлт, банкны шаардлагын дагуу л гарын үсэг зурсан тул хариуцан төлөхгүй гэж мэтгэлцэж байна.
Шүүх хариуцагч Т.Ө аас зээлийн төлбөрийг бүхэлд нь гаргуулж, хариуцагч Г.Г д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчдын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр -- тоот зээлийн гэрээ байгуулагдаж, 20 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай байхаар тохиролцож талууд гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээтэй байна. Уг гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр Г.Г гарын үсэг зурсан байх бөгөөд хариуцагч Т.Ө ирээдүйд авах цалингаа барьцаалжээ.
Нэхэмжлэгч Хас банк ХХК нь зээлдэгч Т.Ө ы ах Т.Өлзийтөгсийн хүсэлтийн дагуу дээрхи зээлийн гэрээний хүүний төлбөрийг зогсоож, үндсэн төлбөр төлөхийг зээлдэгч нарт зөвшөөрсөн боловч зээлийг гэрээнд заасан хугацааны дотор төлөөгүйгээс банк үлдэгдэл төлбөрийг хариуцагч нараас гаргуулахаар шаардаж байна.
Хариуцагч Т.Ө нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хариуцагч Г.Г эс зөвшөөрч тайлбар ирүүлсэн бөгөөд хэрэгт авагдсан зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбараар 20 000 000 төгрөгийг хариуцагч Т.Ө ы дансаар Хас банк олгосон бөгөөд Т.Ө авч ашигласан болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг Хас банк ХХК-ийн Эрдэнэт салбар нь хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Хариуцагч Т.Ө нь зээлийг хугацаанд нь төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэгч зээлийн хүүг нь зогсоосон боловч тэрээр гэрээний үүргээ хэрэгжүүлэх талаар тодорхой арга хэмжээ аваагүй учраас зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.
Иймд Иргэний хуулийн 225, 451 дүгээр зүйлд заасныг баримтлан Хас банк ХХК-ийн Эрдэнэт салбар болон Т.Ө , Г.Г нарын хооронд байгуулсан -- дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Т.Ө аас зээлийн гэрээний үүрэгт 13 332 439.36 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Г.Г д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь дээрх-- дугаартай зээлийн гэрээний барьцаанд ирээдүйд авах цалингаа барьцаалж зээл авсан зээлдэгч Т.Ө түүний хувийн байдалд хамааралтай гэж шүүх үзсэн болно. Хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Г өөрийн цалин, орлого, хөрөнгө, эрх барьцаалаагүй, цалингийн эрхийн талаар ямар нэгэн үүрэг хүлээгээгүй тул Г.Г ас шаардах хууль зүйн болон гэрээгээр шаардах үндэслэл тогтоогдохгүй байна.
Цалингийн зээл авах нь зөвхөн тухайн иргэний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх ба уг орлогоо барьцаалж мөнгө зээлсэн нь мөн хувь хүний хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэнэ. Мөн -- дугаартай зээлийн гэрээний хавсралтад барьцаалуулагчийг төлөөлж Т.Ө гарын үсэг зурсан байх тул Г.Гантулгыг цалингийн орлогоо барьцаалсан гэж үзэх боломжгүй юм.
Хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Г нь зээлдэгч Т.Ө тай хамаарал бүхий этгээд биш бөгөөд авсан зээл нь хамтын үйл ажиллагаанд зориулагдаагүй, банкнаас эрх бүхий этгээдэд олгосон итгэмжлэл нь Т.Ө д холбогдох иргэний хэрэгт төлөөлөх зэрэг нөхцөл байдлыг үндэслэн хариуцагч Г.Г д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 612.20 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ө аас 224 612.20 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-ны Эрдэнэт салбарт олгохоор заалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 225.2., 451 дүгээр зүйлийн 451.1.,-д заасныг баримтлан Хас банк ХХК зээлдэгч Т.Ө , Г.Г нарын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн -- дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Т.Ө аас зээлийн гэрээний үүргийн төлбөр 13 332 439.36 /арван гурван сая гурван зуун гучин хоёр мянга дөрвөн зуун гучин есөн төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-ны Эрдэнэт салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Г.Г д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 612.20 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Т.Ө аас 224 612.20 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХХК-ны Эрдэнэт салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ