2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар  2025/ШЦТ/336

 

 

2025       01         30                                         2025/ШЦТ/336

 

 

           

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,

улсын яллагч М.Ариунцэцэг

насанд хүрээгүй хохирогч Н.М, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Н

өсвөр насны шүүгдэгч ******* түүний хууль ёсны төлөөлөгч П.Ё, тэдний өмгөөлөгч П.Амгаланбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Ёийн Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  2406 02657 2526 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2007 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 нас 2 сар 9 хоног, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ерөнхий боловсролын ....................... сурдаг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн .......................тоотод оршин суух хаягтай,

Х овогт Ёийн Б /РД:..........................  /

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч ******* нь Баянзүрх дүүргийн ....................... хотхоны сагсны талбай дээр 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр насанд хүрээгүй Н.Мтой хэрүүл маргаан хийх явцдаа түүний нүүр болон төмсөг хэсэгт гар болон хөлөөрөө цохиж, эрүүл мэндэд нь дээд уруулын дотор салст, зүүн төмсөгт шарх, зүүн төмсөгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв. Би нүүрэнд нь цохисноо хүлээн зөвшөөрч байгаа. Доогуур нь би цохиогүй, сагс тоглож байхад шүргэлцсэн асуудал бол байгаа” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед бид нар бөөндөө сагс тоглож байсан ба үл ойлголцол үүссэн. Гэхдээ би бол цохиогүй, үл ойлголцол үүсэх үед бид хоёр заамдалцсан. Тэгээд тоглож дуусаад би найзтайгаа талбайгаас гарах гэж байсан чинь шүүгдэгч баахан найзуудтайгаа ирэхээр нь би уучлалт гуйгаад баруун гараараа гар барьсан боловч зүүн гараараа миний эрүү хэсэг рүү цохисон. Тэгээд манай найз болиулах гэсэн боловч найзууд нь манай найзыг холдуулсан. Надад өөр асуудал байна уу гэж хэлээд хүчээр гар барьсан” гэв.

Өсвөр насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “Тухайн орой би хүүгээрээ болсон асуудлыг бүгдийг нь яриулсан. Би эхлээд Бгийн гэр рүү нь орсон. Чи Ттэй битгий нийл гэж зөндөө хэлсэн. Тухайн үед Б, Б нартай нийт хэдэн хүүхэд байсныг мэдэхгүй байна. Цагдаа ирэхэд би Бийн гэрт цагдаатай хамт очиход Бийн хамар нь хавдсан зүйл байгаагүй. Бид анх удаа ийм асуудал гарсан учраас баримт ч бүрдүүлээгүй. Зардал бол маш их гарсан. Надад бол маш их хэцүү байсан ба одоо надад хэцүү байгаа асуудал бол ирээдүйд хүүхэдтэй болох уу гэдэг л байна. Тэрнээс биш энэ Бийн яах нь надад хамаагүй. Бидэнд ямар ч баримт байхгүй, насанд хүрээгүй учраас хагалгаанд ороход нь эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан. Хүүгийнхээ сэтгэл санааг өргөх гээд ориг пүүз, гар утас зэргийг авч өгсөн. Миний хүү өвдсөнөөсөө хойш нэг сар орчмын хугацаанд хичээлдээ яваагүй. Бодит нэхэмжлэх баримтгүй байна. Сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилнэ” гэв.

 

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дахь тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Н.Мын өгсөн: “... 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр би 19 цагийн үед гадаа сагс тоглож байсан, удалгүй сагсны талбайгаас гарах гэхэд надтай сагс тоглож байсан үл таних хүүхдүүд намайг явуулахгүй торон хашаанд намайг шахаад ёс бусаар хэлж дээрэлхэж эхэлсэн. Би муудалцахгүйг хичээж, одоо ингэж муудалцахаа больё гэж хэлээд гар барих гээд гараа өргөхөд Б гар бариад шууд миний бэлэг эрхтэн рүү баруун өвдгөөрөө өвдөглөсөн. Маш хүчтэй өвдсөн үүний дараа хэн цохисныг мэдэхгүй миний нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 55 дахь тал/

Насанд хүрээгүй гэрч Н.Тийн өгсөн:  “2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр би 18 цагын үед гадаа тоглох гэж гэрээс гарсан, М гэх найз манай үеэл, бид 2 уулзаад сагс тоглож байсан, бид 2 нэг баг болоод эсрэг талд танихгүй хүүхдүүд нэг баг болоод сагс тоглож эхэлсэн, тоглолтын явцад эсрэг багт байсан үл таних хүүхдүүд маш дээрэлхүү тоглож байсан, түлхэх зэрэг нэг үгээр бол бохир тоглоод байсан, тоглож дуусаад байж байтал эсрэг талд тоглож байсан хүүхдүүд сагсны талбайн нэг талд бөөгнөрч юм яриад байх шиг байсан. М бид 2 хэсэг хугацаанд талбайн сандал дээр сууж байгаад “гэр лүүгээ оръё” гэж ярилцаад талбайн хашаанаас гарах үед, тэр үл таних хүүхдүүд бид 2-ыг дуудсан, бид 2 очиход шууд дээрэлхэж эхэлсэн, “... яаж тоглоод байгаа юм бэ”, “...аятайхан байгаарай” гэх зүйлийг яриад байсан, М хариуд нь “за уучлаарай” гэж хэлээд гар барих гээд гараа явуулахад тэр үл таних хүүхэд гар барингуутаа шууд Мыг гараараа нүүр хэсэгт нь цохисон, үл таних хүүхдийн хажууд зогсож байсан нэг хүүхэд нь Мын нүүр лүү бөмбөг шидсэн, тэр үл таних хүүхэд бид 2-т хандан ”...дахиад уучлалт гуй ингэж гуйхгүй” гэх зэргээр дээрэлхэж байсан, намайг 4-5 хүүхэд аваад сагсны нөгөө буланд очоод хананд шахсан, удалгүй М над дээр доголсон байдалд алхаад хүрээд ирсэн, тэгээд бид 2 сагсны талбайгаас гараад гэр, гэр лүүгээ орцгоосон” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дахь тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 6303 дугаар шинжээчийн

1. Н.Мын дээд уруулын дотор салст, зүүн төмсөгт шарх, зүүн төмсөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” дүгнэлт /хх-ийн 23-24 дэх тал/

Насанд хүрээгүй гэрч Бгийн мэдүүлэг /1 хх-ийн 20 дахь тал/,

Эмнэлгээс гарах үеийн зөвлөгөө өгөх хуудас /1 хх-ийн 25 дахь тал/,

Өсвөр насны шүүгдэгчийн төрсний гэрчилгээний лавлагаа /1 хх-ийн 31 дүгээр хуудас/,

Нас тоолсон тэмдэглэл /1 хх-ийн 32 дугаар хуудас/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав. 

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

           Өсвөр насны шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь Баянзүрх дүүргийн ......................... хотхоны сагсны талбай дээр 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Н.Мтой хэрүүл маргаан хийх явцдаа түүний нүүр болон төмсөг хэсэгт гар болон хөлөөрөө цохиж, эрүүл мэндэд нь дээд уруулын дотор салст, зүүн төмсөгт шарх, зүүн төмсөгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өсвөр насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах саналтай байна” гэв.

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар: “Миний үйлчлүүлэгч анх мэдүүлэг өгөх үеэсээ эхлэн гэм буруугаа хүлээж мэдүүлсэн. Мөн нүүр хэсэг рүү нь цохисон гэдгийг гэрч нар ч нотолдог. Тиймээс нүүрэнд учирсан гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Баримтаар хохирол нэхэмжлээгүй учир хохирол төлбөр дээр хэлэх зүйл алга. Харин сэтгэцэд учирсан хохирлыг барагдуулна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ирээдүйд учирч болох хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэв.

Өсвөр насны шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй Н.Мтой хэрүүл маргаан хийх явцдаа түүний нүүр болон төмсөг хэсэгт гар болон хөлөөрөө цохиж, эрүүл мэндэд нь дээд уруулын дотор салст, зүүн төмсөгт шарх, зүүн төмсөгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

Өсвөр насны шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй Н.Мтой хэрүүл маргаан хийх явцдаа түүний нүүр болон төмсөг хэсэгт гар болон хөлөөрөө цохиж, эрүүл мэндэд нь дээд уруулын дотор салст, зүүн төмсөгт шарх, зүүн төмсөгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь  

 

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Н.Мын өгсөн: “Би муудалцахгүйг хичээж “одоо ингэж муудалцахаа больё” гэж хэлээд гар барих гээд гараа өргөхөд Б гар бариад шууд миний бэлэг эрхтэн рүү баруун өвдгөөрөө өвдөглөсөн. Маш хүчтэй өвдсөн үүний дараа хэн цохисныг мэдэхгүй, миний нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 55 дахь тал/

Насанд хүрээгүй гэрч Н.Тийн өгсөн:  “М бид 2 хэсэг хугацаанд талбайн сандал дээр сууж байгаад “гэр лүүгээ оръё” гэж ярилцаад талбайн хашаанаас гарах үед, тэр үл таних хүүхдүүд бид 2-ыг дуудсан, “бид 2 очиход шууд дээрэлхэж эхэлсэн, “... яаж тоглоод байгаа юм бэ”, “...аятайхан байгаарай” гэх зүйлийг яриад байсан, М хариуд нь “за уучлаарай” гэж хэлээд гар барих гээд гараа явуулахад тэр үл таних хүүхэд гар барингуутаа шууд Мыг гараараа нүүр хэсэгт нь цохисон, үл таних хүүхдийн хажууд зогсож байсан нэг хүүхэд нь Мын нүүр лүү бөмбөг шидсэн, тэр үл таних хүүхэд бид 2-т хандан”...дахиад уучлалт гуй, ингэж гуйхгүй” гэх зэргээр дээрэлхэж байсан, намайг 4-5 хүүхэд аваад сагсны нөгөө буланд очоод хананд шахсан, удалгүй М над дээр доголсон байдалд алхаад хүрээд ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дахь тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 6303 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24 дэх тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

Насанд хүрээгүй хохирогч нь гэмт хэргийн улмаас хохирол баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байна. Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээж шийдвэрлэлээ.

Мөн хавтас хэргийн 56 дахь тал насанд хүрээгүй хохирогч Н.Мын сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэл тогтоогдсон байна.

 Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.8 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн нөхцөл байдал, хохирогчийн  биед үүссэн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар харгалзан 3.4-т “...Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу хоёрдугаар зэрэглэлд тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл гэж заажээ. Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо учруулсан гэм хор, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, гэм хор учруулагчийн гэм буруу, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж  насанд хүрээгүй хохирогчид гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хор уршигт Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.0 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоосон бөгөөд  660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгийг өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс гаргуулж насанд хүрээгүй хохирогч Н.М, түүний хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй байна. Шүүх хуралдааны үед шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчид 1 сая төгрөг төлсөн тул 2.300.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

            Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй” гэх.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “Хэлэх зүйлгүй” гэв

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба шүүхээс гарах шийдвэрийг хүндэтгэн үзнэ гэдгээ илэрхийлсэн. Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэж үг байдаг. Зүгээр байсан хүнийг очоод цохиж зодоогүй байх. Гэнэн томоогүй байдлаасаа болж гэмт хэрэг үйлдсэн, цаашид шалгалт өгөх асуудал маш их байгаа. Өмгөөлөгчийн зүгээс хохирлоос төлөх хэдэн төгрөг бэлдээд ирээрэй гэсний дагуу бэлдээд ирсэн байна. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Өсвөр насны шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, өсвөр насны шүүгдэгч нь ерөнхий боловсролын сургуулийн суралцдаг хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын тодорхой хэсгийг нөхөн төлсөн, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.  

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өсвөр насны шүүгдэгч нь шүүх хуралдааны үед насанд хүрээгүй хохирогчид 1,000,000 төгрөг өгснийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болтол өсвөр насны шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэсэг 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Х овогт Ёийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг  журамлан *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,503 дугаар зүйлийн 503.5, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар *******ийн хууль ёсны төлөөлөгч П.Ё, өсвөр насны шүүгдэгч ******* нараас 2,300,000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгчид олгосугай.

4. Насанд хүрээгүй хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогчид 1,000,000 /нэг сая/ төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өсвөр насны шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА