Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2020/ДШМ/63

 

 

 

 

 

 

     2021           01            12                                          2020/ДШМ/63                              

 

 

Я.Б, П.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Галав,

шүүгдэгч П.Огийн өмгөөлөгч Д.Цолмон,

шүүгдэгч Я.Бын өмгөөлөгч Н.Золжаргал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/1893 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Я.Бын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2006 02387 1594  дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Яийн Б, 1956 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн байгаль орчинд байгаль хамгаалагч ажилтай, ам бүл 5, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 37 дугаар гудамж, 733 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн Хадатын задгай тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:............../;

 

2. Б овгийн Пийн О, 1973 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархад 24 дүгээр гудамж, 335 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн Хадатын задгай тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:........................ /;

 

Шүүгдэгч Я.Б нь 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Дтай маргалдан түүний нүүр хэсэг рүү 2-3 удаа цохиж улмаар тархины доргилт, зүүн нүдний зовхи, хацрын дээд хэсэг, зүүн гарын эрхий хуруу, алганы хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч П.О нь 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Я.Быг өөрийн эхнэр А.Дыг алгадаж, цохисон гэх шалтгаанаар түүнтэй маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт 3-4 удаа цохиж духны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгний язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: П.О, Я.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Пийн О, Б овогт Яийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ог 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,  шүүгдэгч Я.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд шүүгдэгч П.О нь сар тус бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн, шүүгдэгч Я.Б нь 150.000, 150.000, 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О, Я.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч П.О, Я.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Я.Б /РД:......................../-аас шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 120.000 /нэг зуун хорин мянган/ төгрөг гаргуулан хохирогч А.Д /РД:......................./-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.О, Я.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Я.Б давж заалдах гомдолдоо: “...Янжинсүрэн овогтой Б миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/1893 дугаар шийтгэх тогтоолд заасны дагуу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэснийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргаж байна.

Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитой тогтоохгүйгээр намайг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гомдлынхоо агуулга, үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Тодруулбал:

1. Миний хувьд 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өрийн гэртээ амарч байсан бөгөөд манай гэрт худгийн зөвшөөрөл авах гээд хүмүүс бас ирсэн байсан. Тухайн үед У.Эрдэнэцагаан, Э.Доржпүрэв, Ч.Цэнд-Аюуш, Н.Чинзориг, Б.Хатантуул нар манай гэрт надтай цуг байсан. Энэ үед хохирогч болох А.Д нь миний гэрт орж ирээд хэрүүл маргаан өдсөн бөгөөд намайг заамдан авч, хоолойг минь боох зэргээр миний амгалан тайван байдлыг алдагдуулснаас гадна хэд хэдэн удаа толгой болон нүүр лүү минь цохисон. Энэ үед би өөрийгөө хамгаалах зорилгоор А.Дын гарыг мушгихад нөхөр болох П.О эхнэртэйгээ нийлж миний нүүр лүү автомашины түлхүүрээр цохисон бөгөөд энэ үед миний хөмсөг сэтэрч нүүр маань тэр чигтээ цус болсон. Ингээд хүүхдүүд минь айж орилсон тул гэрийнхээ гадаа гартал хохирогч А.Д нь дахин дахин миний цамцнаас зууран намайг үг хэл амаар доромжилж надтай зууралдаж эхэлсэн. Миний хувьд эмэгтэй хүнд гар хүрэх хүн биш бөгөөд олон удаа одоо боль гэх үг хэлсэн боловч хүлээн авахгүй байсан бөгөөд би арай хийж авто машиных нь түлхүүрийг аван гэртээ орж гэрээ цоожлон цагдаад дуудлага өгсөн.

2. Хохирогч А.Д болон шүүгдэгч П.О нарын маргах болсон уг үхэр нь өөрсдийнх нь үхрийн тугал биш гэдгийг миний бие прокурор мөрдөгчийн аль аль шатанд мэдүүлж жинхэнэ эзэн болох хүнээс тайлбар мэдүүлэг авахуулах, мөн манай гэрт байсан дээрх хүмүүсээс тайлбар мэдүүлэг авахуулах хүсэлтийг амаар гаргасан боловч энэ талаар хавтаст хэрэгт хавсаргалгүй хохирогч, шүүгдэгч хоёрын тайлбар мэдүүлгээр намайг буруутгаж байгаад гомдолтой байна.

Учир нь тухайн болсон процессыг миний хүүхэд өөрийн утсан дээр бичлэг хийн авсан байсан бөгөөд энэхүү бичлэгээ мөрдөгчид болон прокурорт аль алинд өгсөн боловч дээрх эд мөрийн баримтыг хавтаст хэрэгт хавсаргаагүйд гомдолтой байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж тухайн хэрэг маргааныг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Иймд гомдлыг минь хүлээн авч хэргийн бодит байдлыг үнэн зөв, шударгаар хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийн тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитой тогтоож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэл журмын дагуу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Я.Бын өмгөөлөгч Н.Золжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлд заасан үндэслэлээр прокуророос ирүүлсэн хавтас хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Хохирогч А.Д болон шүүгдэгч П.О нарын 3 удаагийн тайлбар, гэрч, хохирогч, шүүгдэгч нарын тайлбар, мэдүүлгээр шүүгдэгч Я.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч Я.Б болсон асуудлын талаар мэдүүлэхдээ “2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өөрийнхөө гэртээ худгийн зөвшөөрөл авах гээд ирсэн иргэн Эрдэнэцагаан, Доржпүрэв, Цэнд-Аюуш, Насанжаргал, Чинзориг гэсэн хүмүүсийн хамтаар гэртээ байж байхад А.Д орж ирж танхайрсан үйлдэл гаргасан. Би өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага өгч энэ асуудлыг таслан зогсоосон” гэсэн байдаг. Энэ талаараа хэрэг бүртгэлт болон прокурорын шатанд хэлж, СД бичлэгийг өгсөн. Прокурорын яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд зааснаар хууль ёсны үндэслэлтэй байх шаардлагыг бүрэн дүүрэн хангаагүй. Энэ талаар Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс захирамж гарган хэргийг прокурорт буцаасан. Прокурор эсэргүүцэл бичиж анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байдаг. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд “Шүүх, прокурор, мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Монгол Улсын Үндсэн хууль буюу энэ хуулийн заалтыг чанд сахина” гэж заасан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд “хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж болно” гэж заасан. Гэтэл шүүгдэгч П.О болон шүүгдэгч Я.Б нар хамтран хэд хэдэн гэмт хэрэг үйлдээгүй байна. Я.Бын хувьд нэг болон түүнээс дээш гэмт хэрэг үйлдээгүй байна. Гэтэл яллах дүгнэлт өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд зааснаар “хууль ёсны байх” зарчмыг ноцтой зөрчиж гарсан. Дээрээс нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар уг гэмт хэргийг үйлдэх болсон сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нарийвчлан тодорхойлж гаргаж өгөөгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Шүүгдэгч Я.Б мэдүүлэхдээ “А.Дын үйлдлийг таслан зогсоохын тулд өөрийгөө хамгаалж гэрээсээ гаргасан” гэдэг. Иймд гэм буруугийн хэлбэрийг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын шатанд буцааж, дахин шалгуулах хүсэлтэй байна.” гэв.

 

Шүүгдэгч П.Огийн өмгөөлөгч Д.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон. Шүүгдэгч Я.Бын гаргасан давж заалдах гомдолд дурдсан гэрчүүдийг асуулгах, гар утсан дээрх бичлэгийг хэрэгт хавсаргуулах ажиллагааг нэмж хийлгүүлэх шаардлагагүй юм. Учир нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаагүй гар утасны бичлэгийг нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүгдэгч Я.Б нь хохирогч А.Дын эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч П.О нь хохирогч Я.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь хавтас хэрэгт авагдсан шинжээчийн 5742, 5748 дугаартай дүгнэлтүүд болон хохирогч А.Дын мэдүүлэг, шүүгдэгч П.О, Я.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Иймд анхан шатны шүүхийн 1893 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн хүсэлтэй байна.” гэв.

 

Прокурор Л.Галав тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт хохирогч А.Д гэрчээр нэг удаа, хохирогчоор 2 удаа нийт 3 удаа мэдүүлэг өгсөн байдаг. Мэдүүлэхдээ “...маргалдаж байхад Я.Б ах миний нүүрэн тус газар хоёроос гурван удаа алгадаж цохисон. Тухайн үед манай нөхөр П.О намайг өмөөрч 2-3 удаа нүүрэн тус газарт цохисон” гэж тууштай, эх сурвалжаа шууд зааж мэдүүлсэн. Энэ мэдүүлэг нь П.Огийн мэдүүлгээр давхар нотлогддог байгаа. П.Огийн хувьд гэрчээр 1, яллагдагчаар 2 удаа нийт 3 удаа мэдүүлэг өгсөн. Мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэж заасан. Шүүгдэгч П.Огийн мэдүүлэг, хохирогч А.Дын мэдүүлгээр давхар нотлогдож байгаа. 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр уг гэмт хэрэг гарсан байдаг. Хохирогч А.Д нь гэмт хэрэг гарсан өдрийн орой 22 цаг 12 минутад Гэмтэл Согог судлалын үндэсний төвд үзүүлсэн баримт хэргийн материалд авагдсан. Мөн маргааш өдөр нь буюу 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Натур” эмнэлэгт томографын зураг авахуулсан байдаг. Эдгээр баримтуудыг үндэслээд шүүгдэгч А.Дын биед үзлэг хийсэн шинжээчийн 5748 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар дээрх хохирогчийн мэдүүлгүүд давхар нотлогдож байна. Утсаар хийсэн бичлэгийг нотлох баримтаар үнэлээгүй гэсэн байна. Уг бичлэг хууль заасан үндэслэл журмын дагуу авагдаагүй тул нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлгүй юм. Мөрдөгч болон прокурорт СД бичлэгийг гаргаж өгсөн гэдэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч болон прокурорт уг бичлэгийг гаргаж өгсөн удаа байхгүй. Хэрэг шүүхэд хянагдаж байх үед прокурорт хүсэлт гаргасан байдаг. Тухайн хүсэлтийг хүлээж авах боломжгүй, хэрэг шүүхэд хянагдаж байна гэх хариуг өгсөн. Гэмт хэрэг гарах болсон шалгаан нөхцөл нь хохирогч Я.Бын буруутай үйлдлээс болсон гэж үзэж байна. Шүүгдэгч П.О хохирогч Я.Бын биед хөнгөн хохирол санаатай учруулаад байгаа гэмт хэрэг гарах болсон шалгаан нөхцөл нь шүүгдэгч Я.Б хохирогч А.Дын эрүүл мэндэд халдаж биед нь хөнгөн гэмтэл учруулж буй үйлдлээс болж П.О нь Я.Бын биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Бын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Я.Б нь 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Дтай маргалдан түүний нүүр хэсэгт 2-3 удаа цохиж, улмаар тархины доргилт, зүүн нүдний зовхи, хацрын дээд хэсэг, зүүн гарын эрхий хуруу, алганы хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч П.О нь 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Я.Быг өөрийн эхнэр А.Дыг алгадаж, цохисон гэх шалтгаанаар түүнтэй маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт 3-4 удаа цохиж духны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгний язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч А.Дын “...Манай гэрийн доор байдаг зүс таних өндөр эгч энд нэг тугал байхаар нь би гэртээ аваачаад угжаад байгаль хамгаалагч Бямбаад хэлсэн. Бямбаа ирээд манай гэрээс аваад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь өчигдөр орой нөхөр Огийн хамт Бямбаагийн гэрт очоод манай тугал байна гэсэн чинь бид хоёрт өгөөд явуулсан. Өнөөдөр би өглөө ажилдаа явчихаад өдөр гэртээ ирэхэд манай тугал байхгүй байсан. Бямбаа ах ирээд тугал аваад явсан гэж хэлэхээр нь нөхрийн хамт Бямбаагийн гэрт 14:00 цаг орчмын үед очоод би ганцаараа дотогш гэрт нь ороод “сайн байна уу, сонин юу байна” гэсэн чин дуугарахгүй байхаар нь Бямбаа ах яагаад тугал аваад явчихваа гэсэн чинь “ Чиний тугал гэж юу байдаг юм. Тугаллахаар гунж үхэр биш байна лээ гэж хэлэхээр нь юу гэсэн үг бэ та очоод харалдаа” гээд тэрнээс маргаан үүсээд чи муу манай гэрээс зайл, манай гэрт орж ирдэг хэн бэ гээд надтай маргалдаад Бямбаа миний зүүн хацар луу 2-3 удаа цохиод авсан, тухайн үед манай нөхөр Очироо хажууд байсан бөгөөд манай эхнэрийг цохидог хэн бэ гээд Бямбаагийн нүүр хэсэг рүү 2-3 удаа цохисон, тэнд байсан хүмүүс салгасан...” /хх 9/,

шүүгдэгч Я.Бын “...Зүс таних П.О эхнэр А.Дын хамт манай гэрт ирээд “яагаад тугал аваад явсан бэ?, манай тугал” гэж хэлсэн. Тухайн тугал нь Уранчимэг гэх эмэгтэйн тугал байсан тул би “та нарын тугал биш ээ, эзэн нь ирээд аваад явсан” гэж хэлсэн. Тэгээд би П.О, хохирогч А.Д нартай маргалдаж эхэлсэн. Улмаар хохирогч А.Д надтай барьцалдаж авсан. Гэрт байсан жоохон хүүхдүүд айгаад уйлаад байхаар нь би А.Дыг хоёр гараараа заамдаж авсан. 5-10 орчим минут А.Дтай барьцалдаж төд удалгүй Дын нөхөр П.О гараараа миний нүүр хэсэгт 2-3 удаа цохиж гэмтээсэн. Хохирогч А.Дын биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь надтай барьцалдаж байхад үүссэн байх. Хүний тугалыг өөрийнхөө тугал гээд надаас нэхээд хэрүүл маргаан эхлүүлсэн. А.Д, П.О бид гурав эрүүл байсан. Манай хүүхдүүд болон О байсан. Би хийсэн хэргээ хүлээж байна. Миний буруу...” /хх-53-55/,

шүүгдэгч П.Огийн “...2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улиастайн хадатын амны задгай тоот болох хохирогч Я.Бын гэрт тугалын асуудлаас болж маргаан үүссэн. Тухайн үед манай эхнэр Д хамт явж байсан ба хохирогч Я.Б нь эхнэр Дтай маргалдаж улмаар нүүр хэсэгт 3 удаа цохисон. Миний уур хүрээд хохирогч Я.Бын нүүр хэсэгт нь баруун зүүн гараараа ээлжлээд 3-4 удаа цохиж гэмтээсэн. Би хохирогч Я.Быг мэдээд болоод 2 жил болж байна. Б манай гэрийн тэр хавьд мал маллаж амьдардаг. Манай эхнэр Дыг цохиж зодсон тэгэхээр нь уур хүрээд нүүр хэсэгт нь 3-4 удаа цохисон юм. Хохирогч Я.Б, эхнэр А.Д бид гурав эрүүл байсан. Манай эхнэр Д байсан. Би хийсэн хэргээ хүлээж байна миний буруу...” /хх-60-62/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №5748 дугаартай: “...А.Дын биед тархины доргилт, зүүн нүдний зовхи, хацрын дээд хэсэг, зүүн гарын эрхий хуруу, алганы хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүүний баруун үе орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэн боломжтой. Дээрх гэмтлүүдээс тархины доргилт, зүүн нүдний зовхи, хацрын дээд хэсэг, зүүн гарын эрхий хуруу, алганы хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” /хх 24/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч №5748 дугаартай: “...Я.Бын биед духны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгний язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо ба ирмэгтэй зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна...” /хх 25-26/ гэх дүгнэлтүүд зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс Я.Б, П.О нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Я.Б, П.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч П.Ог 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж энэ гэмт хэргийг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх болон зорчих эрхийг хязгаарлах ялын аль нэгийг сонгон ял шийтгэл оногдуулах боломжтой байдлаар хуульчилжээ.

Анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Я.Б, П.О нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохируулан торгох ялыг сонгож шийтгэл оногдуулсан байх боловч шүүгдэгч П.Ог 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр, шүүгдэгч Я.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулах болсон шалтгаан, торгох ялын хэмжээг сонгосон үндэслэлийг тусгаагүй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “...эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл;”-ийг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт тусгана гэж заасныг зөрчсөн байх боловч уг зөрчил нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй бөгөөд анхан шатны шүүх цаашид анхаарвал зохино.

Шүүгдэгч Я.Б нь “...Уг тугалын жинхэнэ эзэн болох хүнээс тайлбар мэдүүлэг авахуулах, мөн манай гэрт байсан дээрх хүмүүсээс тайлбар мэдүүлэг авахуулах хүсэлтийг амаар гаргасан боловч энэ талаар хавтаст хэрэгт хавсаргалгүй хохирогч, шүүгдэгч хоёрын тайлбар мэдүүлгээр намайг буруутгаж байгаад гомдолтой байна. ...тухайн болсон процессыг миний хүүхэд өөрийн гар утсан дээр бичлэг хийн авсан байсан бөгөөд энэхүү бичлэгээ мөрдөгчид болон прокурорт аль алинд өгсөн боловч дээрх эд мөрийн баримтыг хавтаст хэрэгт хавсаргаагүйд гомдолтой байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Я.Бын үйлдэл нь бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Я.Бын үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдсон, хохирогчид учирсан дээрх гэмтэл нь Я.Бын үйлдлийн улмаас үүссэн гэх хохирогч А.Д, гэрч П.О нарын мэдүүлгийг худал гэж үгүйсгэх боломжгүй бөгөөд түүнд учирсан гэмтэл нь шүүгдэгч Я.Бын гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хүсэлтийг тухайн ажиллагаа явуулж байгаа шүүх, прокурор, мөрдөгчид гаргах ба гомдлыг хуульд заасны дагуу хяналт тавих, шийдвэр гаргах эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргана.”,

мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Хүсэлт, гомдлыг амаар, эсхүл бичгээр гаргах ба амаар гаргасан бол тэмдэглэлд тусгаж, хүлээн авсан албан тушаалтан, хүсэлт, гомдол гаргагч гарын үсэг зурна.” гэж тус тус заасан байх бөгөөд шүүгдэгч Я.Б дээрхи хүсэлтийг гаргасан болон хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан талаар шүүгдэгч гомдол гаргаагүй, хүсэлт шийдвэрлэсэн эсэхтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байх тул уг гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Я.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/1893 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/1893 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Я.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ