Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
Хэргийн индекс | 123/2022/0042/З |
Дугаар | 123/ШШ2022/0032 |
Огноо | 2022-11-03 |
Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 123/ШШ2022/0032
2022 11 03 123/ШШ2022/0032
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Иргэн Б.Нямнордов
Хариуцагч: Эрдэнэсант сумын Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/69 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У, Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Н нь Э сумын Засаг даргад холбогдуулан Төв аймгийн Э сумын Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/69 дугаар захирамжийг хүчингүй болгуулах -аар маргаж байна.
2. Э сумын Засаг даргын 2019 оны 11 сарын 05-ны өдрийн А/148 дугаар захирамжаар Оргиочсайхан ХХК-ийн эзэмшиж байсан, тус сумын Зүүн Эрээн Ухаа гэх газарт байршилтай нэгж талбарын 4129000472 дугаартай үр тариа тариалалт зориулалт бүхий 133 га газраас 77 га /775235 мкв/ газрын эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаагаар нэхэмжлэгч Б.Нямнордовт шилжүүлэн эзэмшүүлж, газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 4129050942 дугаарт бүртгэн, 2020 оны 4 сарын 30-ны өдөр газар эзэмших эрхийн 000057109 дугаартай гэрчилгээг олгож, газар эзэмшүүлэх 04179-2020/00047 дугаартай гэрээг байгуулжээ.
Хариуцагч Э сумын Засаг дарга нь нэхэмжлэгчийг Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 сарын 30-ны өдрийн 08 дугаар тогтоолоор батлагдсан Газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар бодлого-ын 1-8 дахь хэсэгт тосны ургамал /рапс/-ыг тариалахыг хориглоно гэж заасныг зөрчиж тосны ургамал тариалсан, Газар эзэмших гэрээний 6.4 дэх заалтыг зөрчиж, газрын хэмжээнд өөрчлөлт оруулж, атар газар хагалсан зөрчил гаргасан гэж буруутган 2022 оны 5 сарын 16-ны өдрийн А/69 дугаар захирамжаараа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 сарын 30-ны өдрийн 08 дугаар тогтоолын 1-8 дахь хэсэгт заасныг үндэслэн Б.Нямнордовын эзэмшлийн нэгж талбарын 4129050924 дугаар бүхий 775235 м.кв /77 га/ газраас 500000 м.кв /50га/ газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
3. Б.Н нь Э сумын Засаг даргын 2022 оны 5 сарын 16-ны өдрийн А/69 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар Төв аймгийн Засаг даргад гомдол гаргаж, 2022 оны 7 сарын 26-ны өдрийн 04/1266 дугаар албан бичгээр ...танаас ирүүлсэн гомдлын хүрээнд сумын Засаг даргын 2022 оны 5 сарын 16-ны өдрийн А/69 дугаар захирамжийг хүчингүй болгох боломжгүй гэх хариуг авч 2022 оны 8 сарын 03-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
1/ Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 сарын 30-ны өдрийн 08 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт заасан Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм, хэмжээний актын эмхэтгэлд-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ гэх шаардлагыг хангаагүй, захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгээгүй актыг үндэслэж газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй,
2/ Газрыг зориулалтын дагуу ашигласан, газрын төлбөрийг хугацаанд бүрэн төлж эрхийн зөрчил гаргаж байгаагүй байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэгт энэ хуулийн 67.2-д заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй гэх хуулийн зохицуулалттай.
3/ Эрдэнэсант сумын Засаг дарга нь газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Захиргааны Ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар сонсох ажиллагааг явуулаагүй, түүнээс тайлбар санал гаргах эрхийг хязгаарлаж захиргааны акт гаргасан, Б.Нямнордовын хууль ёсны эрх, ашгийг ноцтой зөрчсөн,
4/ Нарт Монгол ХХК нь Б.Н эзэмшлийн газарт хуулийн хүрээнд уринш бэлтгэсэн ба энэ талаар холбогдох хууль тогтоож зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт хандсан, тус газрын 2021 оны 11 сарын 15-ны едрийн 355 дугаар албан тоотоор Нарт Монгол ХХК-ийн бэлтгэсэн уринш нь Тариалангийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолыг зөрчөөгүй талаар тодорхойлтыг өгсөн гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Нямнордов нь Эрдэнэсант сумын Засаг даргын захирамжаар өөрийн эзэмшлийн Оргиочсайхан ХХК-ийн нэр дээрх 4 нэгж талбар бүхий нийт 461 га газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч газар эзэмшсэн. Тус захирамжаар олгосон газар тус бүрт газар эзэмших гэрчилгээ олгосон ба тус сумын 02 дугаар баг, Эрээн ухаад байрлах 4129050924 тоот нэгж талбарын дугаартай 775235 м2 буюу 77 мкв газрыг эзэмшиж байсан. Б.Нямнордов нь өөрийн эзэмшлийн газрыг 2021 онд Нарт Монгол ХХК-д түрээсийн гэрээгээр ашиглуулсан. Нар Монгол ХХК нь түрээсээр ашиглаж байсан газарт уринш бэлтгэх зориулалтаар буурцагт ургамал буюу рапсаар ногоон бордуурт уринш хийсэн. Гэвч Эрдэнэсант сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/69 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 08 дугаар тогтоолыг үндэслэн газар эзэмших гэрээний 6.4-д заасныг зөрчиж атар газар хагалсан, мөн тосны ургамал тариалсан гэх үндэслэлээр 4129050924 нэгж талбарын дугаартай 77 га газраас 50 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэж газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа хууль зүйн үндэслэлгүй. Мөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 08 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-д заасан шаардлагыг хангаагүй захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгээгүй тул эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй гэдгийг мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т заасан. Энэ хуулийн зохицуулалтыг зөрчсөн захиргааны хэм хэмжээний актыг үндэслэж захиргааны акт гаргаж байгаа нь хууль бус байна. Гэрээний 6.4-д зориулалтын дагуу ашиглаагүй болон газрын төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй гэж шийдвэрлэсэн. Гэвч Б.Н газрыг зориулалтын дагуу ашигласан, газрын төлбөрийг хугацаанд бүрэн төлж эрхийн зөрчил гаргаж байгаагүй байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Эрдэнэсант сумын Засаг дарга нь газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар Б.Нямнордовт сонсох ажиллагааг явуулаагүй, түүнээс тайлбар санал гаргах эрхийг хязгаарлаж захиргааны акт гаргасан Б.Нямнордовын хууль ёсны эрх, ашгийг ноцтой зөрчсөн. Нарт Монгол ХХК нь Б.Нямнордовын эзэмшлийн газарт хуулийн хүрээнд уринш бэлтгэсэн ба энэ талаар холбогдох хууль тогтоож зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт хандахад 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 355 албан тоотоор Нарт Монгол ХХК-ийн бэлтгэсэн уринш нь Тариалангийн тухай хууль, Монгол Улсын Их хурлын тогтоолыг зөрчөөгүй тодорхойлт өгсөн. Б.Нямнордовын 77 га газар дээр гэрээнд заасныг зөрчөөгүй, 2.5 га газрыг илүү хагалсан, хагалаагүйг бид нар мэдэхгүй. Гэхдээ 2.5 га газрыг хагалсан гэх асуудал нь тусдаа эрхийн гэрчилгээтэй, тусдаа нэгж талбарын дугаартай өөр газарт хагалсан байх боломжтой нөхцөл байдал хэргээс харагдаж байгаа. Зөвхөн 77 га газар дээр нэгж талбараас илүү хагалсан, атар газар хагалсан гэсэн үйл баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Рапс тариалж болно. Энэ нь тухайн газрын үржил шимийг сайжруулах сайн талтай. Дандаа тариалаад байвал сөрөг үр дагавартай гэдгийг бид нар мэднэ. Гэхдээ энэ нь Тариалангийн тухай хууль, Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан тогтоолын хүрээнд бордуурт ургамал тариалсан нь хууль зөрчөөгүй байна гэсэн Хүнс, хөдөө аж ахуйн албан тоотоор Б.Нямнордов болон түрээсэлж байгаа Нарт монгол ХХК нь хууль зөрчөөгүй гэдгийг нотолж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар захиргааны байгууллага тухайн нөхцөл байдлыг үнэн зөв тогтоох үүрэгтэй. Ямар үйл баримт тогтоогдож байгаа талаар тогтоож чадаагүй. Хавтаст хэрэгт өгсөн гэрэл зургаас харахад рапс тариалсан гэсэн нь тодорхой харагдахгүй, талбай дээр комбайн явж байгаа зураг байгаа. Үүгээр рапс тариалсан гэдгийг тогтоосон гэж үзэж байгаа бол энэ нь хуульд нийцээгүй байна. Захиргааны актыг гаргасны дараа нөгөө этгээдэд мэдэгдэх үүргээ огт хэрэгжүүлээгүй. Иймд Эрдэнэсант сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 16-ны едрийн А/69 дугаартай газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Э сумын Засаг дарга Т.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Н өөрийн эзэмшлийн Оргиочсайхан ХХК-ийн нэр дээрх 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/144 дугаар захирамжаар олгосон газарт Нарт Монгол ХХК 386 га-д тосны ургамал рапс тариалсан, мөн 2 га атар газрыг хагалсан байсныг ажлын хэсэг 2 удаа хяналт тавьж шалгав. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 5 дугаар хуралдааны 02 дугаар тогтоолоор Тариалангийн газрыг эзэмшигч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан бодлого шийдвэрийг зөрчсөн тул иргэн Б.Н эзэмшлийн Зүүн эрээн ухаагийн 383 га ур тарианы талбайг хураахыг зөвлөсөн үүний дагуу 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/69 дугаар захирамжаар 4129050924 нэгж талбарын дугаартай 77 га газраас 50 га газрыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн. Атар газар хагалсан мөн тосны ургамал (рапс) тариалсантай холбогдуулж Б.Н 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 05/206 тоот албан бичгээр сонсох ажиллагааг явуулах, санал, тайлбар авах тухай мэдэгдэл хүргүүлсэн. Сонсох ажиллагааг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 17 цагт Засаг даргын өрөөнд явуулахад түрээслэгч Нарт Монгол ХХК-ийн захирал С.Э, Засаг дарга Т.М, сумын Хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн Б.Ч нар оролцож сонсох ажиллагаа явуулсан боловч С.Э тэмдэглэлд гарын үсэг зураагүй, тухай шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй болно гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сумын хөгжлийн төлөвлөгөө, бодлогоо сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулдаг. Суманд баримтлах газар тариалангийн бодлогыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр батлуулж 4-8 жилийн хугацаагаар мөрддөг. Тийм учраас сум орон нутгийн иргэд сум орон нутгаас барьж байгаа бодлогыг хэрэгжүүлэх нь зөв гэх үндэслэл гаргаж тогтоолын 1.8-ыг зөрчвөл газар эзэмших эрхийг хүчингүй болгоно гэсэн заалтыг үндэслэсэн. Манай сум рапс гэх ургамлыг тариулахгүй байна гэхээр улсын хэмжээнд 20%, аймгийн хэмжээнд 10% гэх бодлогыг баримталдаг. Эрдэнэсант сум огт тариулахгүй гэдэг шийдвэр гаргаж болдоггүй юм бэ гээд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэртээ тусгасан. Хууль зүйн яаманд бүртгүүлэх асуудлыг судалж үзээгүйгээс бүртгүүлж амжаагүй байсан. 77 га газар нь манай сум Дашинчилэн сум хоёрын заагт байгаа, сумын хилийн зах болохоор түүнд арга хэмжээ авсан. Атар газар илүү хагалсан 162 га газарт арга хэмжээ аваагүй, дахин 50 га үлдээгээд өөр тийшээ явах гэж хэцүү байх болов уу гээд 77 га газарт арга хэмжээ авсан гэж газрын даамал хэлсэн. Хүчингүй болгосон талбай дээр рапс тарьсан. Хууль, гэрээнд заасныг зөрчсөн гэх үндэслэлээр захирамж гаргасан. Манайх 162 га газарт арга хэмжээ авч болох байсан. Захын талбайн 77 га газарт арга хэмжээ авъя гэж зөвлөлдөөд 50 га газарт арга хэмжээ авсан, Илүү хагалсан талбай нь нэгж талбарын 4129050787 дугаартай талбайгаас хагалсан гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Эрдэнэсант сумын газрын даамал Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны Эрдэнэсант сумын Иргэдийн Төлөөлөгч нарын тогтоол гаргаад сумандаа мөрдөж болохгүй гэж үү. Энэ тогтоол байхгүй бол тариалан эрхлэгчид рапс гээд ургамлыг хязгааргүй тарих болно. 2020 онд Б.Н газар эзэмших гэрээ хийсэн. Гэрээнд заасан талбайг сунгаж илүү талбай хагалсан. 2021 оны 06 дугаар сарын 25-нд тариалалт хийхэд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бид нарын гаргасан тогтоол, шийдвэрийг зөрчиж рапс тарьсан байна, энэ хүнд арга хэмжээ ав гээд бичиг ирсэн. Рапс тарьсан, илүү хагалсан гэдэгт нь арга хэмжээ авахдаа сумын хилтэй залгаа 50 га газарт авсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Хоёр. Нэхэмжлэгч тал дараахь үндэслэлээр маргасан байна. Үүнд:
1/ Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 08 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт заасан Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм, хэмжээний актын эмхэтгэлд-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ гэх шаардлагыг хангаагүй, захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгээгүй актыг үндэслэж газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй,
2/ газрыг зориулалтын дагуу ашигласан, газрын төлбөрийг хугацаанд бүрэн төлж эрхийн зөрчил гаргаж байгаагүй байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэгт энэ хуулийн 67.2-д заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй гэх хуулийн зохицуулалттай.
3/ Эрдэнэсант сумын Засаг дарга нь газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Захиргааны Ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар сонсох ажиллагааг явуулаагүй, түүнээс тайлбар санал гаргах эрхийг хязгаарлаж захиргааны акт гаргасан, Б.Н хууль ёсны эрх, ашгийг ноцтой зөрчсөн,
4/ Нарт Монгол ХХК нь Б.Н эзэмшлийн газарт хуулийн хүрээнд уринш бэлтгэсэн ба энэ талаар холбогдох хууль тогтоож зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт хандсан, тус газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 355 дугаар албан тоотоор Нарт Монгол ХХК-ийн бэлтгэсэн уринш нь Тариалангийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолыг зөрчөөгүй талаар тодорхойлтыг өгсөн,
5/ 2.5 га газрыг хагалсан гэх асуудал нь тусдаа эрхийн гэрчилгээтэй, тусдаа нэгж талбарын дугаартай өөр газарт хагалсан байх боломжтой нөхцөл байдал хэргээс харагдаж байгаа. Зөвхөн 77 га газар дээр нэгж талбараас илүү хагалсан, атар газар хагалсан гэсэн үйл баримт хавтаст хэрэгт авагдаагүй гэж тайлбарлан маргасан.
Гурав. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд:
- Эрдэнэсант сумын Засаг даргын 2019 оны 11 сарын 05-ны өдрийн А/148 дугаар захирамжаар Оргиочсайхан ХХК-ийн эзэмшиж байсан, тус сумын Зүүн Эрээн Ухаа гэх газарт байршилтай нэгж талбарын 4129000472 дугаартай үр тариа тариалах зориулалт бүхий 133 га газраас 77 га /775235 мкв/ газрын эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаагаар Б.Н шилжүүлэн эзэмшүүлсэн, тухайн газрыг газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 4129050924 дугаарт бүртгэсэн,
- Эрдэнэсант сумын 1-р баг, Зүүн Эрээн Ухаа гэх газарт байршилтай нэгж талбарын 4129050924 дугаартай, 77 га /775235 мкв/ газрын эзэмших эрхийн 000057109 дугаартай гэрчилгээг 2020 оны 4 сарын 30-ны өдөр Б.Н олгож, түүнтэй газар эзэмшүүлэх 04179-2020/00047 дугаартай гэрээг байгуулсан. Гэрээний 6.4-т газраа зориулалтын дагуу эзэмшээгүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, зохих зөвшөөрөлгүйгээр газрын хэмжээнд өөрчлөлт оруулсан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох арга хэмжээ авна гэж заасан.
- Э сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 ны 4 сарын 30-ны өдрийн 08 дугаартай Бодлого батлах тухай тогтоолын хавсралтаар Газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар баримтлах бодлого-ыг баталж, 1.8 дугаарт тосны ургамал /рапс/ тариалахыг хориглоно. Хэрэв тариалсан тохиолдолд газар эзэмших эрхийг цуцлана гэж заасан,
-Хууль зүй дотоод хэргийн яамны 2022 оны 10 сарын 06-ны өдрийн 3-2/103 дугаар албан бичигт Эрдэнэсант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 4 сарын 30-ны өдрийн 08 дугаар тогтоол нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй байна гэсэн,
-2019 оны 5 сарын 10-ны өдрийн 10 дугаартай Б.Нямнордов, Нарт Монгол ХХК нарын хооронд байгуулсан Түрээсийн гэрээнд Б.Н нь өөрийн эзэмшлийн Э сумын 1-р багт байршилтай 556 га газрыг 2019 оны 1 сарын 01-нээс 2023 оны 1 сарын 1 хүртэл хугацаагаар ашиглуулахаар тохиролцсон,
- Эсумын Засаг даргын 2021 оны 4 сарын 09-ний өдрийн А/92 дугаар тушаалаар байгуулагдсан Тариалалт зохион байгуулах ажлын хэсгийн гишүүдийн 2021 оны 6 сарын 25-ны өдрийн Илтгэх хуудас-т 2021 оны 6 сарын 25-ны өдөр төв зам дагуу байдаг талбайг илүү хагалж байна гэсэн мэдээллийн дагуу Засаг даргын орлогч Л.Атарбаяр, газрын даамал Н.Уугантуяа нар ... газар дээр очиж үзэхэд Б.Нямнордовын талбайд Нарт монгол ХХК нь тосны ургамал тариалж үрлэж байсан. ...комбайнчийг ажлаа зогсоохыг шаардаж илүү хагалсан талбайг хэмжиж үзэхэд 2,5 га орчим гарч байсан. Тариаланч Б.Нямнордов болон Нарт монгол ХХК-ийн захирал С.Энхжаргал нартай утсаар холбогдож гарсан зөрчлийг нэн даруй арилгах талаар мэдэгдсэн гэсэн,
- Эрдэнэсант сумын газрын даамал Э.Мөнхзаяагийн гарын үсэг, тамгаар баталгаажуулсан иргэн Б.Нямнордовын тариалангийн талбайнуудын зураглалд маргаан бүхий нэгж талбарын 4129050924 дугаартай талбайг ногоон өнгөөр, нэгж талбарын 4129050787 дугаартай талбайг улбар шар өнгөөр, уг талбайтай зэрэгцүүлэн илүү хагалсан 2,5 га талбайг шар өнгөөр тэмдэглэсэн,
- Эрдэнэсант сумын Засаг даргын 2021 оны 8 сарын 13-ны өдрийн 05/206 тоот албан бичигт Б.Нямнордовт та өөрийн эзэмшлийн 386 га-д тосны ургамал тариалж Газрын тухай хуулийн 40.1.1, сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2019 оны тогтоолыг ноцтой зөрчсөн тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг мэдэгдэж байна... тайлбар, саналаа бичгээр ирүүлнэ үү гэсэн,
- Нарт монгол ХХК-иас Эрдэнэсант сумын Засаг даргад гаргасан 2021 оны 9 сарын 03-ны өдрийн 28 тоот албан бичигт Б.Нямнордовын эзэмшлийн 300 га-д хамтран ажиллах гэрээ байгуулж, ногоон бордуурт уринш хийсэн... тосны ургамал тариалсан явдал биш... гэсэн,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын 77 га газар нь манай сум Дашинчилэн сум хоёрын заагт байгаа, сумын хилийн зах болохоор түүнд арга хэмжээ авсан. Атар газар илүү хагалсан 162 га газарт арга хэмжээ аваагүй. Хүчингүй болгосон талбай дээр рапс тарьсан. Хууль, гэрээнд заасныг зөрчсөн гэх үндэслэлээр захирамж гаргасан. Манайх 162 га газарт арга хэмжээ авч болох байсан. Захын талбайн 77 га газарт арга хэмжээ авъя гэж зөвлөлдөөд 50 га газарт арга хэмжээ авсан, Илүү хагалсан талбай нь нэгж талбарын 4129050787 дугаартай талбайгаас хагалсан ...гэсэн зэрэг нотлох баримтуудаар маргаан бүхий газар болох нэгж талбарын 4129050924 дугаартай 77 га газарт тосны ургамал тариалсан, нэгж талбарын 4129050787 дугаартай талбайгаас гадна талд 2,5 га газар илүү хагалсан нь тогтоогдож байна.
Дөрөв. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ. гэж, 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно., 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ, 27 дугаар зүйлийн 27.2-т Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ: 27.2.1.хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, 67 дугаар зүйлийн 67.2-т Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ., 67.3-т Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй. гэж,
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.1. эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн... гэж, 60 дугаар зүйлийн 60.2-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.3-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ. гэж тус тус заасан байна.
Тав. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар:
5.1. Хариуцагч нь нэхэмжлэгчийг Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 сарын 30-ны өдрийн 08 дугаар тогтоолоор батлагдсан Газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар бодлого-ын 1-8 дахь хэсэгт тосны ургамал /рапс/-ыг тариалахыг хориглоно гэж заасныг зөрчиж тосны ургамал тариалсан, Газар эзэмших гэрээний 6.4 дэх заалтыг зөрчиж, газрын хэмжээнд өөрчлөлт оруулж, атар газар хагалсан зөрчил гаргасан гэж буруутган түүний эзэмшлийн нэгж талбарын 4129050924 дугаар бүхий 775235 м.кв /77 га/ газраас 500000 м.кв /50га/ газрын эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг Нарт Монгол ХХК-д түрээсийн гэрээгээр ашиглуулж байсан нь хэрэгт авагдсан баримт 2019 оны 5 сарын 10-ны өдрийн 10 дугаар түрээсийн гэрээ, хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байх бөгөөд хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй болно.
5.3. Нэхэмжлэгчийн газрыг түрээсээр эзэмшиж ашиглаж байсан Нарт монгол ХХК нь маргаан бүхий газар болох нэгж талбарын 4129050924 дугаартай 77 га газарт тосны ургамал тариалсан нь Эрдэнэсант сумын Тариалалт зохион байгуулах ажлын хэсгийн гишүүдийн илтгэх хуудас, хариуцагчийн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд зэргээр нотлогдож байна.
Эрдэнэсант сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 ны 4 сарын 30-ны өдрийн 08 дугаар тогтоолын хавсралтын 1.8 дугаарт тосны ургамал /рапс/ тариалахыг хориглоно. Хэрэв тариалсан тохиолдолд газар эзэмших эрхийг цуцлана гэж заасан байх боловч уг 08 дугаар тогтоол Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдээгүй болох нь Хууль зүй, дотоод хэргийн яамны 2022 оны 10 сарын 06-ны өдрийн 3-2/103 тоот албан бичгээр нотлогдож байх тул Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй. гэж зааснаар нэхэмжлэгчид дээрх 08 дугаар тогтоолыг зөрчсөн үндэслэлээр хариуцлага хүлээлгэх боломжгүй болно.
Үүнээс гадна Эрдэнэсант сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 ны 4 сарын 30-ны өдрийн 08 дугаар тогтоолоор тосны ургамал тариалахыг хориглосон боловч энэ талаар газар эзэмшигчид мэдэгдсэн, тодруулбал газар эзэмшүүлэх гэрээнд энэ талаар заасан, түүнд энэ талаар үүрэг хүлээлгэсэн гэх байдал нотлох баримтаар нотлогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгчтэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээнд тосны ургамал тариалахыг хориглоно гэх агуулгатай зохицуулалт тусгаагүй байна.
Газрын тухай хууль болон Тариалангийн тухай хуулиар үр тарианы зориулалттай газарт тосны ургамал тариалахыг хориглосон зохицуулалт тусгагдаагүй байна. Иймд нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй байна.
5.3. Нэхэмжлэгчийн газрыг түрээсээр эзэмшиж ашиглаж байсан Нарт монгол ХХК нь маргаан бүхий газар болох нэгж талбарын 4129050924 дугаартай газраас өөр газарт буюу нэгж талбарын 4129050787 дугаартай газрын талбайн гадна, уг талбайн захаас гадагш үргэлжлүүлэн 2,5 га газрыг зөвшөөрөлгүйгээр хагалж, газрын хөрсөнд гэмтэл учруулсан нь Эрдэнэсант сумын Тариалалт зохион байгуулах ажлын хэсгийн гишүүдийн илтгэх хуудас, хариуцагчийн төлөөлөгч нарын тайлбар, газрын зураглал зэргээр нотлогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан энэхүү зөрчилтэй, түүний нэгж талбарын 4129050787 дугаартай газрыг эзэмших эрх, үүрэгтэй нь холбогдуулан түүнд хуульд заасан хариуцлага хүлээлгээгүй, харин уг талбайгаас өөр талбайд буюу маргаан бүхий нэгж талбарын 4129050924 дугаартай 77 га газраас 50 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг газар эзэмшүүлэх гэрээний 6.4 дэх заалтыг зөрчиж, газрын хэмжээнд өөрчлөлт оруулж атар газар хагалсан гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасныг зөрчсөн, 24 дүгээр зүйлийн 24.1, 24-т зааснаар шийдвэр гаргахад шаардлагатай бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн нэгж талбарын 4129050924 дугаартай газар эзэмших эрхийг хууль бусаар зөрчсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудаар нэхэмжлэгч нь нэгж талбарын 4129000472 дугаартай газрыг эзэмшиж ашиглахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан зөрчил гаргаагүй нь тогтоогдож байх тул Эрдэнэсант сумын Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/69 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
5.4. Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлд заасан журмаар нэхэмжлэгч Б.Нямнордовт сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн, сонсох ажиллагаанд нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг түрээсээр эзэмшиж буй Нарт монгол ХХК-ийн захирал оролцож, бичгээр тайлбар гаргасан байх тул нэхэмжлэгч талын Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа явуулаагүй, нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төв аймгийн Э сумын Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/69 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Н олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН