Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 121

 

 

 

 

 

 

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


          Хэргийн индекс: 166/2017/0146/Э/

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам,
Хохирогч ***,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт ***т холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201709000194 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1976 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймагт төрсөн, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, ***тоотод оршин суух, улсаас явсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх *** /

Холбогдсон хэргийн талаар: /Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр  23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, ***оотод ***г хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***ын хэрэг бүртгэлтэд өгсөн “...Би хотоос ирсэн 2 залуугийн нэг болох ***гийн хуурай дүү ***тай нь маргалдсан санагдаад байна. Гэхдээ сүйдтэй зүйл болоогүй. Гэртээ ороход *** “бас би ч гэсэн явахаа болилоо” гээд ороод ирсэн. Тэгээд тэрхэн үеийг сайн санахгүй байна. Бид хоёр нэг мэдэхэд маргачихсан сууж байсан. Миний бодлоор нилээд удаан маргасан. Чи наад дүүгийн хувцас тайл гээд байсан. Би ч хувцсыг нь тайлсан. Цааш нь юу болсон талаар бүр юу ч санахгүй байна. Гэрээс гараад захын араар уруудаад явж байснаа санаж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Өмнө нь хамт ажиллаж байсан хүндээ Дарханд өрлөгийн ажил байна гэж хэлсэн учраас 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр өмнө нь хамт ажиллаж байсан хүн ирээд бид өрлөгийн  ажлаа хүлээж аваад 2 шил архи уусны дараа бид Улаанбаатар хот руу явах болсон. Гэтэл  замын шатахууны мөнгө нэхсэн.Манай эхнэр ажил олж өгнө бас дээр нь замын зардал өгөх юм уу гээд хоорондоо маргалдсан. Тэгээд бид хоёр Улаанбаатар явахаа болиод гэртээ орсон. Би эхнэртэйгээ юунаас болж маргалдаж байгаад эхнэрээ цохисон боловч үүнийгээ санахгүй байгаа. Тухайн үед нилээн орой болсон байсан. Би гэрээсээ гарч яваад байрны орцонд хоноод өглөө сэрээд эхнэр рүүгээ ярихад намайг чи зодчихоод явсан гэж хэлсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, ахин ийм хэрэг хийхгүй, маш сайн ойлгож ухаарсан” гэх мэдүүлэг, 

Хохирогч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Хотоос 3 хүн манайд ирсэн. Би тэр хүмүүсийг ажил байна гэж дуудсан. Бид ажлаа хүлээж авчхаад 2 шил архи уусан. Тэд явахдаа шатахууны мөнгө нэхсэн. Түүнээс нь болж бид маргалдсан. Дараа нь нөхөр бид хоёр гэртээ ирсэн. Гэтэл манай нөхөр би явлаа гэж хэлэхээр нь би түлхүүрээ авъя гэж хэлсэн. Гэтэл түлхүүрээ ав гэж шидээд манай дүүгийн хувцсыг өмссөн байснаа хувцсаа ав гээд тайлсан. Дараа нь намайг үүдэнд байхад цохисон. Нэхэмжлэх зүйл болон гомдол саналгүй, ямар нэгэн дарамт шахалтгүйгээр сайн дураараа эвлэрсэн” гэх мэдүүлэг 

Шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 345 дугаартай “...***гийн биед дээд уруулын шарх зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал, зүүн хацар, дух, баруун гуяны цус хуралт, дух, чамархайн хуйхы зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн ГЗТЖурын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,

***ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр  23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, Залуус хотхоны 19-62 тоотод эхнэр ***г хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч ***гийн хэрэг бүртгэлтэд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,  шүүх эмнэлгийн дүгнэлт, шүүгдэгчийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн хангаж байх бөгөөд түүнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв байна.

Хохирогч *** нь 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр “... Бид учраа ололцсон. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, бид эвлэрсэн учраас Баатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд ***аас нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэж байх тул шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
 
Иймд шүүгдэгч ***ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул ***ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.

*** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураасан хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 298, 248 дугаар зүйлийн 248.1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ***ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасныг баримтлан ***т холбогдох эрүүгийн 201709000194 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар ***ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-т зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ***т авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.ГЭРЭЛТ-ОД