2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/111

 

  

 

 

 

 

 

 

    2025        01         08                                     2025/ШЦТ/111

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

хохирогч Г.Х

шүүгдэгч Ш.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овгийн Ш-ийн Мэд холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

   Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ш.М нь 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 03 цаг 05 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Төв номын сангийн автобусны буудлын замд Тоёота Приус маркийн ****УЕУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, мөн дүрмийн 10.2. Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас мотоциклтой мөргөлдөж, мотоциклын жолооч Г.Хийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хохирогч Г.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тухайн гэмтлийн дараа зургийг нь авхуулсан байгаа. 24-25 хоногийн хугацаанд биеэ эмчлүүлээд ажилдаа орсон. Осол гаргасан жолооч маань өмнө нь хамт ажилладаг байсан хүн таарсан. Надад шаардлагатай зардлуудыг төлсөн байгаа. Одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүгдэгч Ш.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

 

Эрүүгийн ************* дугаартай хэргээс:

 

Улсын яллагч зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6-р хуудас/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 9-р хуудас/, хохирогч Г.Хийн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/, иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.Сын мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр №11957 дугаартай дүгнэлт /хх-ийн 33-34-р хуудас/, “Ашид билгүүн” ХХК-ийн Yamaha MT-07 маркийн **** УУУ улсын дугаартай мотоциклийн эвдрэл хохирлыг 8,845,000 төгрөгийн хөрөнгийн хохирлын үнэлгээ /хх-ийн 53-р хуудас/, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 437 дугаартай дүгнэлт /хх-ийн 41-42-р хуудас/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Золбоогийн гаргасан магадлагаа /хх-ийн 59-60-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч Г.Х нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв. 

Шүүгдэгч Ш.М нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.            

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Шүүгдэгч Ш.Мэд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ш.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.

 

1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхээс тогтоосон үйл баримт:

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч Ш.М нь 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 03 цаг 05 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Төв номын сангийн автобусны буудлын замд Тоёота Приус маркийн ****УЕУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, мөн дүрмийн 10.2. Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас мотоциклтой мөргөлдөж, мотоциклын жолооч Г.Хийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Нотлох баримтын талаар:

 

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6-р хуудас/,

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 9-р хуудас/,

- Хохирогч Г.Хийн “...Би 2024 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 00 цагийн үед Зайсанд байрлах Бэлла Веста хотхоноос мотоциклоо аваад Сүхбаатар дүүрэгт байрлах ажлынхаа грашинд аваачиж байрлуулах гээд явсан. Тэгээд би Төв номын сангийн баруун замаар явж байх үед Төв номын сангийн автобусны буудал дээрээс нэг саарал өнгийн автомашин миний мотоциклийн урдуур гэнэт дараад үргэлжилсэн цагаан шугам даваад зогсчихсон. Тэгээд сандраад тормозоо гишгэсэн ч зогсож амжилгүй тэр машины хойд талыг мөргөсөн. Тэгээд би газарт унаад ухаан алдсан байсан. Тэгсэн нэг хүн ирээд миний малгайг тайлж авсан, тэр үед би осолд орсон байна гэж мэдсэн. Тэгээд л эмнэлгийн машин ирээд намайг шууд эмнэлэг рүү аваад явсан. Гомдол санал байхгүй. Мотоциклоо үнэлгээнд оруулсан байгаа үнэлгээний дагуу хохирлоо барагдуулах хүсэлттэй байна. Би эмчилгээний зардал нэхэмжлэх шаардлагагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.Сын “...2023 онд бид 2 энэ машинаа банк бусын зээлээр авсан. Тэгээд манай нөхрийн нэр дээр өөр зээл өөр зээл байдаг болохоор би өөрийн нэр дээрээ машины зээлээ гаргуулаад авчихсан юм. Тэгээд манай нөхөр энэ машинаа байнга унаж явдаг юм. Миний нэр дээр байдаг гэр бүлийн хэрэгцээний тээврийн хэрэгсэл. Би гомдолгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр №11957 дугаартай “Г.Хий биед баруун өвдөгний урд чагтан холбоос, саран жийргэвчийн урагдал, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, төмсөгний хуухнагт няцарсан шарх, баруун ташаа, зүүн гуя, шилбэнд баруун зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 33-34-р хуудас/,

- “Ашид билгүүн” ХХК-ийн Yamaha МТ-07 маркийн **** УУУ улсын дугаартай мотоциклийн эвдрэл хохирлыг 8,845,000 төгрөгийн хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 53-р хуудас/,

- Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 437 дугаартай дүгнэлт /хх-ийн 41-42-р хуудас/ зэрэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн буюу гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг юм.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Ш.М нь 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 03 цаг 05 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Төв номын сангийн автобусны буудлын замд Тоёота Приус маркийн ****УЕУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, мөн дүрмийн 10.2. Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас мотоциклтой мөргөлдөж, мотоциклын жолооч Г.Хийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Мийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

 Шүүгдэгч Ш.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд гэмт хэргийн улмаас Г.Хийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Ш.М нь хохирогч Г.Хд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт 6,500,000 төгрөгийг төлж барагдуулсан талаарх баримтыг гаргаж өгсөн ба хохирогч Г.Х нь цаашид хохирол төлбөр нэхэмжлэхгүй, шүүгдэгчид гомдол санал байхгүй талаараа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ дурдсан тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох  ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналыг гаргасан.

Шүүх шүүгдэгч Ш.Мэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ болон хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, мөн анх удаа гэмт хэрэгт холбогдсон хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх хэдий ч шүүгдэгч Ш.Мийн хувьд мөрдөн шалгах ажиллагаанд анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт 6,500,000 төгрөгийн зардлыг нөхөн төлсөн болон цаашид хохирогчийн гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлөхөд санаачлагатай хандаж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно.

 Иймд шүүгдэгч Ш.Мэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдав.

Шүүгдэгч Ш.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мэд оногдуулсан торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулан, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллах үүргийг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ш.Мэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч З овгийн Ш-ийн Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуу мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.         

            3. Шүүгдэгч Ш.Мэд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мэд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Ш.Мийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор тогтоолыг гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Мэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ОЧБАДРАХ