| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Очбадрах |
| Хэргийн индекс | 105/2025/0052/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/156 |
| Огноо | 2025-01-15 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/156
2025 01 15 2025/ШЦТ/156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овгийн Б-ы Ат холбогдох эрүүгийн *************дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:
Шүүгдэгч Б.А нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Дд Орсын холбооны улсаас “Тоёота Ланд крузер 200 загварын тээврийн хэрэгсэл авчирч зарна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүнээс 42,000,000 төгрөг өөрийн эзэмшлийн Хаан банкны *************тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн *************дугаартай хэргээс:
Улсын яллагч хохирогч Э.Ды мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/, хохирогч Э.Ды дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/, хохирогч Э.Ды Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх-ийн 12-р хуудас/, хохирогч Э.Ды Худалдаа хөгжлийн банкны дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 11-р хуудас/, яллагдагч Б.Аын “Хаан” банкны *************дугаартай Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-р хуудас/, яллагдагч Б.Аын “Хаан” банкны *************дугаартай Хаан банкны дансны хуулга /хх-ийн 14-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.А нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Б.Ат холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.А нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.
1.Гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн мэдүүлэг болон шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.А нь “2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Дд Орсын холбооны улсаас “Тоёота Ланд крузер 200 загварын тээврийн хэрэгсэл авчирч зарна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүнээс 42,000,000 төгрөг өөрийн эзэмшлийн Хаан банкны *************тоот дансаар шилжүүлэн авч хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Нотлох баримтын талаар:
- Хохирогч Э.Ды: “...Би байрныхаа ойролцоо явж байгаад 10-н жилийн ангийн хүүхэд болох Атай тааралдсан. А явж байгаад 10-н Хотхонд амьдарч байгаа гэж ярьсан ба үүнээс хойш бид хоёр хааяа хааяа уулздаг болсон. А нь өөрийгөө Оросын Холбооны Улсаас машин оруулж ирж зардаг гэж хэлээд надад зарж байгаа машинуудаасаа зураг үзүүлж, мөнх модны наймаа эрхэлж байгаа гээд л ярьж байсан. Тэгээд надад нэг “Ланд-200” машины зураг үзүүлээд “чи наад машинаа томруулаад том жийп болгооч, би иймэрхүү машинууд хямдхан оруулж ирж байгаа шд гэж хэлсэн ба тухайн үед би угаасаа машин томруулах санаатай байсан юм. Тэгээд би өөрийнхөө эзэмшлийн 13-63 УНД улсын дугаартай “Лексус Арикс” тээврийн хэрэгслээ 2021 оны 10 дугаар сард 57,000,000 төгрөгт зарсан. Тухайн үед А надад үзүүлсэн “Ланд-200” тээврийн хэрэгслүүдээ 80-100 сая төгрөгийн хооронд маш хямдхан оруулж ирж байгаа гэж хэлж ярьж байсан болохоор би Ааас “Ланд-200” авъя гэж хэлээд өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны *************дугаартай данснаас Аын “Хаан” банкны *************дугаартай данс руу урьдчилгаа болгож 42,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш удалгүй Ковид-19 цар тахал болоод хил хаагдсан. Ааас машин яасан бэ гэж асуухаар “Хил хаалттай юун чиний машин мантай байна” гэх зэргээр ярьсан Түүнээс хойш А хааяа залгахаар утсаа авахаа больж, гэрт нь очихоор гэртээ байхгүй эхнэртэй нь уулзахаар та хоёрын асуудал надад хамаагүй гэх зэрэг зүйл ярьсаар өдийг хүрсэн. Би 2024 оны 02 дугаар сарын сүүлээр очиж уулзахад “Надад мөнгө байхгүй, өгөх боломжгүй байна” гэх зэрэг зүйл хэлээд ерөөсөө тоохгүй байсан учраас би цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,
- Хохирогч Э.Ды дахин өгсөн: “...удахгүй нэг Ланд орж ирнэ тэгэхээр нь би чамд зургийг нь үзүүлье чи эхлээд мөнгөө өгчих гэхээд байхаар нь арван жилийн найзууд болохоор Ат итгээд “Ланд 200” машины урьдчилгаа гэх утгатай 42,000,000 төгрөг шилжүүлсэн юм. Түүнээс Ат мөнгө, төгрөг зээлсэн юм бол байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,
- Хохирогч Э.Ды Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх-12-р хуудас/,
- Хохирогч Э.Ды Худалдаа хөгжлийн банкны дансны дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 11-р хуудас/,
- Яллагдагч Б.Аын “Хаан” банкны *************дугаартай Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-р хуудас/,
- Яллагдагч Б.Аын “Хаан” банкны *************дугаартай Хаан банкны дансны хуулга /хх-ийн 14-33-р хуудас/ зэрэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ, буцаагаад өгье гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.
Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Б.А нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Дд Орсын холбооны улсаас “Тоёота Ланд крузер 200 загварын тээврийн хэрэгсэл авчирч зарна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүнээс 42,000,000 төгрөг өөрийн эзэмшлийн Хаан банкны *************тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Аын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Э.Дд 42,000,000 төгрөгийн хохирол /хх-ийн 11-13 дугаар хуудас/-оос шүүгдэгч Б.А нь бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч Э.Ды бичгээр гаргасан гомдол, саналгүй талаарх хүсэлт /хх-ийн 99-р хуудас/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгргөөөр торгох ял оногдуулах” саналыг гаргасан.
Шүүх шүүгдэгч Б.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн буюу түүний хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзээд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд мөн нийцнэ.
Шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулав.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овгийн Б-ы Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 1,500 /мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Б.Аын эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЧБАДРАХ