2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/151

 

 

 

 

 

 

 

 

 

  2025        01        13                                     2025/ШЦТ/151

 

 

                          

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа, 

улсын яллагч Д.Пүрэврагчаа,  

шүүгдэгч О.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн О-ийн Өт холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч О.Ө нь согтууруулах ундаа хэрэглсэн байхдаа 2024 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо нутаг дэвсгэрт хохирогч Б.Бэтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар гараараа түүний нүүр, толгой хэсэгт хэд хэдэн удаа цохиж, эрүүл мэндэд нь дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр такси бариад явж байсан. Тэгээд таксинд уучихаад эмийн сан ороод ирэх хооронд нэг залуу хамт таксинд суусан. Тэгээд тэр залуу 17 руу явж хамт ууя гэсэн. Замдаа явж байгаад явахаа болилоо гэж хэлсэн. Тэгээд маргаан үүссэн. Миний толгой руу цохиод бид хоёр машин дотор гар зөрүүлсэн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

Эрүүгийн ************ дугаартай хэргээс:

Улсын яллагч хохирогч Б.Бийн мэдүүлэг /хх-ийн 7-8, 11, 45-р хуудас/, гэрч А.Гийн мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №12190 дугаартай дүгнэлт /хх-ийн 20-21-р хуудас/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /28-30-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч О.Ө нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.          

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч О.Өт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

Шүүгдэгч О.Ө нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.

1.Гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч О.Ө нь согтууруулах ундаа хэрэглсэн байхдаа 2024 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо нутаг дэвсгэрт хохирогч Б.Бэтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар гараараа түүний нүүр, толгой хэсэгт хэд хэдэн удаа цохиж, эрүүл мэндэд нь дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Нотлох баримтын талаар:

- Хохирогч Б.Бий: “...2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 23 цагийн үед Соёл дэлгүүрийн урдаас такси бариад шинэ зам орох гэж байсан тэгээд хар өнгийн приус-20 загварын машин байсан цагаа сайн санахгүй байна. Тэгээд машинд суухад жолоочоос гадна урд хажууд нь нэг хүн байсан. Тэгээд урагшаа шинэ зам руу явж байгаад 32-ын тойргоор буцаж эргэхээр нь хайчих гэж байгаа юм гэж асуухад хажууд нь сууж байсан залуу нүд рүү цохиод утсаа өг гээд миний утсыг булааж аваад халаасандаа хийгээд өгөхгүй байсан тэгээд зүүн нүд рүү олон удаа алгадаад байсан тэгээд цүнх булааж аваад цүнхэнд байсан ухаалаг цаг, гэрийн түлхүүр, голомт банкны ************ гэдэг дансны картыг авсан данснаас мөнгө уншуулаагүй байна лээ. Тэгээд би элэг рүүгээ цохиулаад шоконд ороод хаана юу болсныг мэдэхгүй байна тэгээд би элэг шилжүүлэх хагалгаанд орох гэж байгаа хүн болохоор битгий намайг зодооч гэсэн чинь элэг рүү дахиж зодоогүй. Тэгээд элэг рүүгээ цохиулснаас хойш юу болсныг сайн санахгүй байна. Тэгээд би тэр өдрөө нэг мэдэхэд далан дундуур явж байсан, Засмал замаар дамжаад дүүгийндээ очихоо болиод гэртээ харьсан гэрт хүн байгаагүй. Тэгээд зодуулсан өдрөөс хойш босч явж чадахгүй байж байгаад өнөөдөр гайгүй болоод өргөдөл гаргаж байна...”, “...Би өөрийн гар утас бусад эд зүйлээ гэрээсээ олж авсан. Хэрэг гарсан өдөр би нилээн согтсон байсан учир гэртээ ирээд гар утас бусад эд зүйлээ хувцасны шүүгээндээ хийсэн байсан. Дараа нь олж авсан. Одоо харин зодуулсан асуудал дээрээ гомдолтой байна. Алдагдаагүй байсан. Би согтуудаа гэртээ очоод шүүгээндээ хийсэн байна. Өчигдөр гэрээсээ олж авсан. Санал гомдолтой байна. Гэмтлээ эмчлүүлмээр байна...”. “...миний сэтгэл санаанд ямар нэгэн хор хохирол учраагүй хохирлын хэмжээ тогтоолгох шаардлагагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8, 11, 45-р хуудас/,

- Гэрч А.Гийн: “...Тухай өдөр 22 цаг өнгөрөөгөөд 21 дүгээр хороололд байрлах ажлаасаа 1786УНА улсын дугаартай Тоёота марк 2 маркийн автомашинтай Дарь-эхэд байрлах гэр лүүгээ харих гэж яваад Хайлааст орчимд 40 гаран насны намхавтар нуруутай эрэгтэй ганцаараа такси барих гээд гараа өргөөд зогсож байхаар нь зогсоод авахад, суугаад 32-ын автобусны буудал оръё гэхээр нь явж байхад 17-ын автобусны буудал дээр явж байгаад өө энэ манай найз байна буцаад эргэчих гэхээр нь 17-ын Колонкийн харалдаа буцаж эргээд Соёл дэлгүүрийн үүдэнд очсон. Нөгөөх урд сууж байсан залуу Соёл хүнсний дэлгүүр лүү араас нь ороод тэгээд хамтдаа гарч ирээд машинд суугаад, 17, 32-ын автобусны буудал дээр 5-10 минутын хугацаатай зогсолт хийгээд тэр 2 Хараа нэртэй жижиг шилтэй архи хувааж уугаад, Хангай хотхон оръё гээд явж байх замдаа Шинэ замын урагшаа явах чиглэл талдаа байрлах хүнсний дэлгүүрээс анх машинд суусан эрэгтэй нь бууж архи авч ирэхээр болсон түүнийг Мөөжиг гэж дуудаж байсан. Дэлгүүрээс архиа аваад шинэ замын урагшаа явах автобусны буудал дээр зогсоод архиа хувааж ууж байснаа сүүлд суусан эрэгтэй нь 17-00 орж манай эзэнгүй байшинд очиж архи ууя гээд 17 дугаар сургуулийн хөдөлсөн. Тэгээд Мөөжиг нь замдаа хүнтэй уулзалдаадахъя гээд 17-оос Дарь эх орох шинэ замд байрлах Тэс петролиум ШТС-ын харалдаа нөгөө 2 үлдэгдэл архи хувааж ууж суугаад хоорондоо маргалдаад эхлэхээр нь би хоёуланг нь далан руу гаргаад хөөгөөд буулгасан. Мөөжиг гэдгийгээ эхлээд 2-3 удаа цохиод удалгүй, цохилцох чимээ гараад, ноцолдоод эхэлсэн. Тэгээд Мөөжигөө чи тэгэхгүй шүү энэ тэр гэж хэлж байсан. Яг хаашаа нь хэдэн удаа хэн нь цохисон гэдгийг анзаараагүй, Мөөжиг гэдгээ эхлээд шанаа хэсэг рүү нь цохиод авсан. Хоёулаа гар утастай байсан. Тэр хоёр машины хойно сууж байхдаа нэг нь нэг хар өнгийн гар утас урд суудал руу шидэхээр нь би шалан дээр унасан гар утсыг нь хойно нэгэнд нь авч өгөөд, битгий маргалдаад бай гэдгийн хэлсэн. Сүүлд суусан эрэгтэй нь машинд анх суухдаа надаас цэнэглэгч аваад гар утсаа голын хайрцаг дээр тавьж цэнэглэж байгаад удалгүй буцаагаад авчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 12190 дугаартай: “Б.Бийн биед тархи доргилт, дагзны хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, дух, бугалга, шуу, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, эрүү, чих, хүзүү, бугалга, мер, шуу, цээж, нуруу, бүсэлхийд цус хуралт, хэвлийд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21-р хуудас/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 28-30-р хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон шүүх хэлэлцүүлэгт хянан хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч О.Ө нь согтууруулах ундаа хэрэглсэн байхдаа 2024 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо нутаг дэвсгэрт хохирогч Б.Бэтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар гараараа түүний нүүр, толгой хэсэгт хэд хэдэн удаа цохиж, эрүүл мэндэд нь дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Өын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О.Өыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

   Шүүгдэгч О.Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бэ нь хохирол, эмчилгээний зардал нэхэмжилсэн талаарх баримтыг гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч Б.Бэ нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг гаргасан болно.

Шүүх шүүгдэгч О.Өт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

            Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.

            Шүүгдэгч О.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийдвэрлэв.

            Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Өт оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулан, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллах үүргийг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. 

            Шүүгдэгч О.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн О-ийн Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч О.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Өт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч О.Өын эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Бэ нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий Сиди - 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ОЧБАДРАХ