Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2021/ДШМ/57

 

 

 

 

 

 

     2021            1            12                                        2021/ДШМ/57

    

 

             Б.А, С.Б нарт холбогдох

              эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Яндаг,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч П.Дэлгэр,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж, шүүгч Д.Ренченхорол, С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШТ/102 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Яндагийн бичсэн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 67 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Б.А, С.Б нарт холбогдох эрүүгийн 1908006430464 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21ий өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.А,

С.Б,

Шүүгдэгч С.Б нь ганцаараа 2 удаагийн үйлдлээр, шүүгдэгч Б.Атой бүлэглэн 12 удаагийн үйлдлээр 2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

Шүүгдэгч Б.А нь ганцаараа 2 удаагийн үйлдлээр, шүүгдэгч С.Бтэй бүлэглэн 12 удаагийн үйлдпээр 2019 оны 1 дүгээр сарын 4-нөөс 2019 оны 3 дугаар сарын 14-ний хооронд Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.А, С.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...хохирогч С.Даваадуламын шүүхийн хэлэлцүүлэгт хууль сануулан өгсөн мэдүүлгээр “...Манай гэрт 2 удаа хулгай орсон. Эхний удаад мөнгөн аяга, бүс монетен бөгж алдагдсан. Сүүлийн удаад хөөрөг алга болсон...”, мөн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Манай гэрт хулгай ороод эд зүйл алдагдсан талаар анх хохирогчоор мэдүүлэг өгөхдөө дурдсан ба сүүлд Цагаан сар болох гээд эд зүйлсээ үзэж байтал нөхрийн цайвар шаргал өнгийн хөөрөг, цагаан өнгийн гэж харагддаг, улаан толгойтой сүүлийн үеийн чулуун хөөрөг байгаа ба 2016 онд “Хархорин” захаас 150.000 төгрөгөөр авч байсан. Одоо тухайн үнээр үнэлж байна. Мөн нөхрийн монетон бөгж 5.9 грамм сорьцтой 2016 онд “Мөнгөн завьяа” дэлгүүрээс 320.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо тухайн үнээрээ үнэлж байгаа ба алдагдсан эд зүйлс дээрээ нэмж бүртгүүлэх гэсэн юм. ...” /4хх 99/ гэж зөрүүтэй мэдүүлж байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хохирогч С.Даваадуламын гэрт нэг удаагийн үйлдлээр хулгай орсон мэт харагдаж байна. Тиймээс хохирогч С.Даваадуламын гэрт хэдэн сарын хэдний өдөр, хэн хэн нэвтэрч, хэдэн удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн/, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн зэрэг нотолбол зохих байдлыг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж нарийвчлан тогтоох шаардлагатай гэж шүүх дүгнэв.

Мөн хохирогч С.Даваадуламд хулгайн гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлын хэмжээ нь хэдэн удаагийн үйлдлээр үүсгэгдсэн, аль үйлдэл нь шүүгдэгч нарын гэмт үйлдэлтэй холбоотойг тогтоох нь тус хэргийн хохирлын хэмжээ өөрчлөгдөхөд нөлөөлнө гэж шүүх үзлээ.

Иймд дээрх ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шүүгдэгч Б.А, С.Б нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлээд, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.А, С.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Яндаг бичсэн эсэргүүцэл, болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан дүгнэн шүүх хуралдааны явцад хохирогч, яллагдагч нараас эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодруулах замаар хохирогч С.Даваадуламын гэрт хэдэн сарын хэдний өдөр, хэн хэн нэвтэрч, хэдэн удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, С.Даваадуламд хулгайн гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлын хэмжээ нь хэдэн удаагийн үйлдлээр үүсгэгдсэн, аль үйлдэл нь шүүгдэгч нарын гэмт үйлдэлтэй холбоотойг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзэж байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх дэх заалтад “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, 2 дахь хэсэгт “...шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно. ...” мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн/, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасангэмт хэргийг хэн үйлдсэн” зэрэг нотолбол зохих байдлыг “...хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад...нотолж болохоор хуульчилсан тул анхан шатны шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлтийг хийн хэргийг хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 102 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хохирогч Даваадулам шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “манайд 2 удаа хулгай орсон. Нэг нь 2019 оны 1 дүгээр сард, нөгөө нь 1 дүгээр сарын сүүлээр буюу цагаан сарын өмнө орсон. Цагаан сарын өмнө орсон хулгайн үйлдлээс болж хөөрөг алдагдсан” гэсэн. Мөн хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ эхлээд 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хулгай орсон гэдэг. Харин хоёрдахь удаагаа мэдүүлэг өгөхдөө он, сар өдрөө хэлэхгүй “цагаан сарын өмнө үзэхэд хөөрөг алдагдсан байна” гэсэн. Мөн “2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хулгайн үйлдэлд цонхны хохирлыг тооцоогүй байгаа тул гомдолтой байна” гэж хохирогч анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж надад холбогдолгүй 2019 оны 1 дүгээр сарын 4-ний үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч П.Дэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүхийн тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй. Хохирогч анхан шатны шүүх хуралдаанд биечлэн ирж “манайд 2 удаа хулгай орсон. Хохирлын тооцоо зөрүүтэй байна” гэж мэдүүлсэн. Иймд хэргийг прокурорт буцаасан шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.А, С.Б нарт холбогдох хэргийг хянаад нотолбол зохих байдлыг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж нарийвчлан тогтоох шаардлагатай, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай хэмээн дүгнэж хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасан нь хууль зүйн хувьд үндэслэл муутай болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчилан зааж, тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохгүй бөгөөд шүүх хуралдааны явцад нотолдог болохыг зохицуулан хуульчилсан болно.

Шүүх аливаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутэй эсэх, ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийдэг учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, Шүүхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Шүүх шүүн таслах ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангахдаа шүүх хуралдаанд талууд, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон улсын яллагчид асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоно” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан бөгөөд прокурор энэ үүргээ хэрэгжүүлэхдээ, шаардлагатай оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаж, хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргээ хэрэгжүүлэх боломжтойг дурдаж байна.

Мэдүүлгийн нотлох баримт нь хувь хүний гадаад мэдрэхүйгээр дамжин биежиж, дотоод ухамсраар илэрхийлэгддэг учир хэргийн ул мөр, эд мөрийн баримт, дуу дүрсний зураглал, баримт бичиг, бичлэг зэрэг баримт мэдээллээс хүний хүсэл зоригтой шууд холбоотой байдгаараа онцлог ялгаатай тул түүнийг үнэлэхдээ эх сурвалжийн баталгаа, агуулгын үнэн зөв байдлыг бодитойгоор шалган тооцдог. Энэ баталгааг гэрч, хохирогч, яллагдагчид хууль сануулснаар бүрэн бий болно гэж үздэг.

Нотлох ажиллагааны явцад цугларсан шүүхээр хэлэлцэгдэх нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлж түүнд үндэслэсэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах нотлох баримтын чухал байр суурь болдог учиртай.

Хавтаст хэрэгт хохирогч С.Даваадуламын “...2 ширхэг ямар нэгэн бичээсгүй, хээгүй, цулгуй мөнгөн аяга, 585-ын сорьцтой, 5,6 грамм жинтэй дундаа жижиг гоёлын шигтгээтэй, тольтой монетон бөгж 1 ширхэг, ...эрэгтэй хүний суран бүс алдагдсан байна. ...”, “...цайвар шаргал өнгийн хөөрөг, муу харвал цагаан өнгийн гэж харагддаг, улаан толгойтой сүүлийн үеийн чулуун хөөрөг байгаа. ...” /4хх 99, 108-109/, шүүгдэгч С.Бийн “...2019 оны 1 дүгээр сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангаар өөрийн хам Аюурын хамтаар явж байгаад ...том өрөөнөөс нь нэг ширхэг эмэгтэй хүний монетон ээмэг, цагаан өнгийн чулуун хөөрөг, хулгайлж гарсан. ...” /4хх 106/, шүүгдэгч Б.Аын “...2019 оны эхээр 1 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, 65 дугаар сургуулийн хажууд жалганы ойролцоо хашаанд ...баруун талын жижиг цонхоор нэвтэрч 1 ширхэг цагаан өнгийн чулуун хөөрөг ил байхаар нь авсан. ...С.Б бид хоёр хамт орсон бөгөөд буцаад цонхоор гарсан. ...” /4хх 120/, гэх мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлд Б.А: “шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, санал хүсэлт байхгүй.” гэж тэмдэглэн гарын үсэг зурж баталгаажуулсан зэргээс үзвэл шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нөхөн тогтоож, нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох боломжтой байна гэж дүгнэлээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэнтэй нийцэх юм.

Шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгийн агуулга нь мэдүүлэг өгч буй этгээдийн байршил, согтуурлын түвшин, болсон явдлыг хэрхэн тусгаж ойлгосон болон санаж байгаа зүйлээ хэрхэн илэрхийлэх чадвар зэрэгтэй холбоотой байдаг тул хэргийн нэг үйл баримтын талаар өгсөн мэдүүлгүүдийн хооронд зөрүү гарч болно. Зөрүүтэй мэдүүлгүүдийн үнэн эсэхийг магадлан тогтоохдоо энэ бүгдийг тооцох ба агуулгад илүү анхаарч хэл зүйн илэрхийллийн шинжээр ялгаатай байгаа нь тэдгээрийн нотолгооны ач холбогдлыг бууруулахгүй гэдгийг анхаарах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно.” гэж заасан байхад хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэсэн зорилго, зарчимд нийцэхгүй байна.

Хэдийгээр хохирогч С.Даваадуламын мэдүүлэгт зөрүү гарч байгаа боловч шүүхээс гарах шийдвэрт хэрхэн сөргөөр нөлөөлөх, эсхүл нөлөөлж болзошгүй талаар болон оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдөж байгаа эсэх, хэргийн зүйлчлэл хэрхэн яаж өөрчлөгдөх зэрэгт анхан шатны шүүхээс огт дүгнээгүй байна.

 Шүүгдэгч Б.А, С.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодитой тогтоож, түүнд хууль зүйн дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Анхан шатны шүүхийн хийгээгүй дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс нөхөн тайлбарлах, бодит бус, үндэслэлгүй таамаг, төсөөлөлд үндэслэж хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэртэй холбогдуулан гаргасан талуудын гомдол, эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэнэ...” гэж заасантай нийцнэ.

Иймд шүүгдэгч Б.А, С.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг цугларсан нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт өгч хянан шийдвэрлэх боломжтой байх тул прокурор Г.Яндагийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Үүнээс гадна шүүгдэгч Б.А, С.Б нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд “улсын яллагч Н.Яндаг”, шүүхийн тогтоолд “улсын яллагч Г.Яндаг” гэж түүний овгийн үсгийг зөрүүтэй бичигдсэн нь ноцтой алдаа биш боловч цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23ы өдрийн 2020/ШТ/102 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.А, С.Б нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Б.А, С.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

 

 

ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                        ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ