| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Очбадрах |
| Хэргийн индекс | 186/2025/0031/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/212 |
| Огноо | 2025-01-17 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | С.Сүрэнхорол |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/212
2025 01 17 2025/ШЦТ/212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Очбадрах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч С.Сүрэнхорол,
шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овгийн А-ийн Гт холбогдох эрүүгийн **************дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:
Шүүгдэгч А.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Хандгайт 14-192 тоотод хохирогч Г.Отэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг тохойлдон сандал дээрээс унагааж, толгой хэсэгт гараараа цохиж, цээж хэсэгт өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, цус хуралт, зүүн талын 4 дүгээр хавирга бага зэргийн зөрүүтэй, 5 дугаар хавирга зөрүүгүй шугаман хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн **************дугаартай хэргээс:
Улсын яллагч гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан талаарх 2024 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №5937 дугаартай тэмдэглэл /хх-ийн 8-р хуудас/, хохирогч Г.Оийн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/, хохирогч Г.Оийн дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/, гэрч П.Бямбасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/, гэрч З.Бын мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/, гэрч О.Эгийн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч С.Кийн гаргасан 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн №10015 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-32-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч А.Г нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч А.Гт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч А.Г нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.
1.Гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч А.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Хандгайт 14-192 тоотод хохирогч Г.Отэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг тохойлдон сандал дээрээс унагааж, толгой хэсэгт гараараа цохиж, цээж хэсэгт өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, цус хуралт, зүүн талын 4 дүгээр хавирга бага зэргийн зөрүүтэй, 5 дугаар хавирга зөрүүгүй шугаман хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Нотлох баримтын талаар:
- Хохирогч Г.Оийн: “...Би тэр шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б ахын гэрт ажлын газрын Г, Э гэх хүмүүстэй 0,75 литрийн Соёрхол нэртэй архи, 500 граммын 4 лааз пиво хувааж уусан. Тухайн үед мах шарж идэж байгаад би өөрийн ажлын газрын залуу болох Гөд хандаж чи дээр миний хүргэн ахыг дээр согтуу байх үед нь арай дэндүү зодсон байсан шүү гэж хэлсэн чинь намайг тохойлдож сандал дээрээс унагаад намайг унахад миний цээж хэсэгт өшиглөж зодсон. Тэр үед намайг зодуулах үед хүмүүс тэрнээс айгаад салгаагүй, архи уухаараа их агсам зантай хүн. Миний толгой манараад юу болсныг мэдэхгүй. Намайг Г тэр айлд зодчихоод гэрээс гаргаад аваад явсан юм шиг байсан. Би нэг ухаан ороход Баянмонгол хорооллын орчим алхаад явж байсан. Тэр үед миний цээж өвдөөд дүүгийнхээ гэрт очиж унтсан. Би тэр үед цагдаад дуудлага өгөх тэнхэлгүй байж байгаад хэдэн өдрийн дараа цагдаад хандсан. 2024 оны 07 дугаар сарын 21-нээс 22-ныг шилжих шөнө тус шинжээчийн дүгнэлт дээрх гэмтлүүдийг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт манай ажлын газрын залуу болох Г надад учируулсан, тухайн үед намайг гараараа цохиж, бас хөлөөрөө миний цээж, хавирга, толгой хэсэгт өшиглөсөн яг хэдэн удаа гэдгийг нь санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,
- Хохирогч Г.Оийн дахин мэдүүлсэн “...сэтгэцэд учирсан хор уршиг хохирол тогтоолгохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,
- Гэрч П.Бямбасүрэнгийн: “...Би тэр өдөр гэртээ амарч байх үед 20 цагийн орчим манай нөхөр Баасан болон ажлын газрынх нь Цэнгэл, Г нар ирсэн. Тэр өдөр Цэнгэлийн төрсөн өдөр гээд ирэхээр нь би гэртээ оруулаагүй юм. Цэнгэл намайг дахиад мах аваад ир гэж 21 цагийн орчим дэлгүүр явуулсан. Би өөрөө тэр хүмүүсийн архинаас уугаагүй эрүүл саруул байсан, гэтэл 21 цаг нэлээн өнгөрөөд байж байтал хашаан дотор О нь Гтэй маргалдаад бие биеэ цохиж авсан. Дараа нь эвлэрээд гарч явсан манай гэрээс. Тэр шөнө бараг 01 цагийн үед тэр хоёр эрүүл болчихсон манай гэрт ирээд банкны картаа мартчихсан гэж орж ирээд буцаад гарч явсан. Тэр хоёр маргалдахаа больчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
- Гэрч 3.Бын: “...Тус өдөр ажил дээрээ байж байтал орой 19 цагийн үед манай ажлын дүү О миний гар утасны кейс дотор байсан 20,000 төгрөг байхыг харчхаад ганц пиво ууя гээд байсан юм. Тэгээд манай ажлын газрын О, Г нар манайд ирж гахайн мах шарж идэж пиво ууцгаасан юм. Тухайн үед 0,5 литрийн цагаан архи, килограммын гахайн мах, дэлгүүрээс аваад манай хашаанд дэлгэдэг майхны үүдэнд архи хувааж ууцгаасан. О нь тэр өдөр өөрийнх нь төрсөн өдөр гэж надад хэлсэн юм, 22 цаг 30 минут хүртэл хамт байсан тухайн үед би согтуу байсан учир тэр хүмүүсийн маргалдсан эсэхийг мэдэхгүй би тасарчихсан юм. Манай ажлын дүү нар намайг гэрт оруулаад явцгаасан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,
- Гэрч О.Эгийн: “...Би он сар өдрийг нь бол сайн санахгүй байна ямар ч байсан тухайн өдөр О, Г бид нар Б ахын гэрт очиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Тухайн үед Б ах бол нэлээн согтоод гэртээ ороод унтаад өгсөн Б ахын хашаанд А. Г, Г.О бид гурав үлдээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд юм яриад сууж байтал А.Г, Г.О хоёр хоорондоо маргалдаад барьцалдаж авч байсан тэгээд юу болсон талаар би бол сайн санахгүй байгаа ямар ч байсан миний санаж байгаагаар А. Г, Г.О хоёрыг загнаад гэртээ харь гээд явуулж байсан. Тэгээд би маргааш Өглөө нь босоод Б ахын эхнэрээс А.Г, Г.О хоёрыг асуутал өчигдөр орой хоорондоо муудалцаад маргалдаад байхаар нь би хөөгөөд явуулчихсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 10015 дугаартай: “Г.Оийн биед зүүн талын 4 дүгээр хавирга бага зэргийн зөрүүтэй, 5 дугаар хавирга зөрүүгүй шугаман хугарал, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, цээж өвчүү, зүүн хөх, бугалга, баруун гуяны цус хуралт, баруун тохой, дагзны хуйхны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх зүүн 4-р хавирга бага зэргийн зөрүүтэй, 5-р хавирга зөрүүгүй шугаман хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул тус журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, тархи доргилт баруун нүдний дээд доод зовхины цус хуралт гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарнулах тул тус журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо, бусад цээж, өвчүү, зүүн хөх, бугалга, баруун гуяны цус хуралт, баруун тохой, дагзны хуйхны зулгаралт гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул тус журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-32-р хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч А.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Хандгайт 14-192 тоотод хохирогч Г.Отэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг тохойлдон сандал дээрээс унагааж, толгой хэсэгт гараараа цохиж, цээж хэсэгт өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, цус хуралт, зүүн талын 4 дүгээр хавирга бага зэргийн зөрүүтэй, 5 дугаар хавирга зөрүүгүй шугаман хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор Эрүүгийн хуульд тодорхойлсон бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Г.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учиржээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.О нь эмчилгээний зардал нэхэмжилсэн талаарх баримтыг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч А.Г нь эмчилгээний зардалд 6,000,000 төгрөгийг төлсөн талаарх баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Г.О нь гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 124,762 төгрөгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ /хх-ийн 62-р хуудас/ авсан байх бөгөөд шүүгдэгч А.Г нь дээрх төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 124,762 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг гаргасан болно.
Шүүх шүүгдэгч А.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчид бүрэн төлж барагдуулсан, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.
Иймд шүүгдэгч А.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдав.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овгийн А-ийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч А.Гийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 124,762 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЧБАДРАХ