2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/337

 

 

  2025         01         30                                     2025/ШЦТ/337

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,

улсын яллагч Д.Энхбаяр,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г овогт Б-ийн Ут холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  2406 04605 3511 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1983 оны 7 дугаар сарын 29-ний өдөр, Булган аймгийн Булган суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй,  ................. машинист ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ..................  тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 Г овогт Б-ийн У /РД...................  /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Б.Итой маргалдаж улмаар түүний толгой руу цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тухайн үед хэрүүл маргаан хийсэн шалтгаан бол эхнэр хүүхдээ агаар салхинд гаргая гэж бодсон боловч эхнэр гараад явсан. Тэгээд би их дэлгүүрийн урдаас очиж аваад Дүнжингаравын урд явж байсан чинь өөдөөс хашгичаад, машин барих боломжгүй болоод зам дээр зогссон. Би толгой руу нь цохиогүй. Нарийн шинжилгээ хийж үзсэн үгүйг сайн мэдэхгүй байна” гэв.

   Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Игийн өгсөн: “... Би 2024 оны 6 дугаар сарын 28-ны 12 цагийн орчимд Улсын их дэлгүүрийн урд талд байх үед нөхөр У машинтайгаа ирж аваад Хонхор явна гээд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр машиндаа явж байхдаа намайг "амарсан өдрөө гэртээ байсангүй, гадуур гарч явсан" гэх мэтээр хэрүүл маргаан гарч, намайг машины арын суудал дээр сууж байх үед баруун гарын бугуй хэсгээр мушгиж улмаар цамцны захаар хүзүү боох үед нь хэсэг манарч байгаад сэрсэн. Тэгээд би “машинаас бууя, би Хонхор явахгүй” гэхэд нөхөр У намайг “ганцаараа яв, чамд охиноо өгч явуулахгүй” гээд машинаас буулгахгүй маргалдаад байхаар нь цагдаад дуудлага өгөх үед дахин машин аа хөдөлгөж Дунжингаравын замаар цааш 3-4 км явж байгаад машинаа зогсоогоод дахин намайг “явах гэж байгаа бол чи өөрөө л яв” гээд толгой, баруун эгэм рүү гараараа 2-3 удаа цохиж зодсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 13 дахь тал/

Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч С.Чулуунсүхийн 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 8760 дугаар шинжээчийн  

  1. Игийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих өшиглөх үйлчлэлээр 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.  

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт, /хх-ийн 24-25 дахь тал/

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, /хх-ийн 14 дэх тал/

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 33 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Итой маргалдаж улмаар түүний толгой руу цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Итой маргалдаж, улмаас толгой руу нь цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо баримтаар нэхэмжлээгүй учир шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх саналтай байна.” гэв.

            Шүүгдэгч ******* нь хохирогч И-нүүр хэсэгт цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, улмаар түүний эрүүл мэндэд баруун хацарт зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь: 

     Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх 9/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Игийн өгсөн: “... Би 2024 оны 6 дугаар сарын 28-ны 12 цагийн орчимд Улсын их дэлгүүрийн урд талд байх үед нөхөр У “машинтайгаа ирж аваад Хонхор явна” гээд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр машиндаа явж байхдаа намайг “амарсан өдрөө гэртээ байсангүй, гадуур гарч явсан” гэх мэтээр хэрүүл маргаан гарч намайг машины арын суудал дээр сууж байх үед баруун гарын бугуй хэсгээр нь мушгиж улмаар цамцны захаар хүзүү боох үед нь хэсэг манарч байгаад сэрсэн. Тэгээд би “машинаас бууя, би Хонхор явахгүй” гэхэд нөхөр У намайг “ганцаараа яв, чамд охиноо өгч явуулахгүй” гээд машинаас буулгахгүй маргалдаад байхаар нь цагдаад дуудлага өгөх үед дахин машин аа хөдөлгөж Дунжингаравын замаар цааш 3-4 км явж байгаад машинаа зогсоогоод дахин “намайг явах гэж байгаа чи өөрөө л яв” гээд толгой, баруун эгэм рүү гараараа 2-3 удаа цохиж зодсон...” гэх мэдүүлэг, /хх 13/

Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 8760 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 25/

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, /хх-ийн 14 дэх тал/

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 33 дахь тал/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

            Хохирогч баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Улсын яллагч: “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй” гэв.

            Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн  хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэх шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв. 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэсэг 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Б-ийн Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******т 600 нэгж буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА