2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/214

 

                                                           

 

 

 

 

 

 

     

 

 2025        01          20                                    2025/ШЦТ/214

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхтамир,

улсын яллагч М.Батзаяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нэ,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт А овгийн Б-ийн Бод холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн,

 Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*********” ХХК-ийн байранд хохирогч Ч.Этай уулзаж “Орос улсаас  марганц гэх бодис оруулж ирж “*********” ТӨҮГ-т нийлүүлэх гэж байгаа” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өөрийн эзэмшлийн Хаан банкны ********* тоот дансаар 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 53,000,000 төгрөгийг, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 7,000,000 төгрөгийг буюу нийт 60,000,000 төгрөгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нэ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний нөхрийн нас барсан шалтгаан энэ хүнтэй холбоотой гэж үзэж байна. Б.Бын Банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн төлбөрийг төлсөн. Б.Б нь манай нөхөртэй холбогдоогүй байсан бол амь насаа алдахгүй байсан. Б.Б нь манай нөхрөөс мөнгө зээлж авчихаад холбоо барилгүй алга болсон. Манай нөхөртэй холбоо барихгүй утсыг нь авахгүй байснаас болж сэтгэл санааны дарамтад орж бие нь муудсан. Б.Бын өрийг төлж явснаар бид нарын амьдралд маш их ачаалал бий болсон. Банк бус санхүүгийн байгууллагатай уулзахад зээлийн хугацааг хойшлуулах боломжгүй гэсэн. Харин жилийн 3 удаагийн буюу 36 сарын зээлийн хугацаанд өөрчлөлт оруулж өгье гэсэн. Энэ хүн манай нөхрийг эмнэлэгт байхад нэг ч удаа холбогдоогүй. Өглөө өмгөөлөгчөөрөө дамжуулж 10,000,000 төгрөг өгсөн. Энэ хүн миний нөхрийн үхэлд шууд бусаар нөлөөлсөн. Тухайн 72,000,000 төгрөгийн 12,000,000 төгрөгийг би зээлийн хүү гэж үзэхгүй байгаа. Дахиад хэлцэл хийгдсэн гэж үзэж байгаа” гэв.

 

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

Эрүүгийн ********* дугаартай хэргээс:

Улсын яллагч гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 17-18-р хуудас/, хохирогч Э.Нийн мэдүүлэг /хх-ийн 19-24-р хуудас/, гэрч Ч.Эрдэнэбатын мэдүүлэг /хх-ийн 31-32, 35-р хуудас/, Б.Бын эзэмшлийн Хаан банкны ********* дугаартай дансны хуулга /хх-ийн 55-60-р хуудас/, Б.Бын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны *********дугаартай дансны хуулга /хх-ийн 78-84 дүгээр хуудас/, Б.Бын эзэмшлийн Голомт банкны *********дугаартай дансны хуулга /хх-ийн 85-117 дугаар хуудас/, Ч.Эын эзэмшлийн Хаан банкны ********* дугаартай дансны хуулга /хх-ийн 61-69 дүгээр хуудас/, Ч.Эын эзэмшлийн Хаан банкны ********* дугаартай дансны хуулга /хх-ийн 61-69 дүгээр хуудас/, “Экокредит ББСБ” ХХК-ний дугаар барьцаалсан зээлийн гэрээ, тодорхойлолт /хх-ийн 71-76 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-р хуудас/, шүүгдэгчийн хохирол төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нэ Хаан банкны дансны хуулга /хх-ийн 66-р хуудас/, гэрч Ч.Эын мэдүүлэг /хх-ийн 132-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.

Шүүгдэгч Б.Б нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.           

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хассан, хязгаарласан байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй гэж үнэлсэн болно. 

Шүүгдэгч Б.Бод холбогдох хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

1.Гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч Б.Б нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*********” ХХК-ийн байранд хохирогч Ч.Этай уулзаж “Орос улсаас  марганц гэх бодис оруулж ирж “*********” ТӨҮГ-т нийлүүлэх гэж байгаа” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өөрийн эзэмшлийн Хаан банкны ********* тоот дансаар 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 53,000,000 төгрөгийг, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 7,000,000 төгрөгийг буюу нийт 60,000,000 төгрөгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

Нотлох баримтын талаар:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 17-18-р хуудас/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ний: “...Манай нөхөр Ч.Э 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэнэт бие нь муудаж ТТАХ-н эмнэлэг дээр ирж эмчлүүлж байгаад тархинд цус харвалт өгч зүрх нь зогссон, улмаар амьсгалын аппаратад орж комын байдалд орж Улсын төв нэгдүгээр эмнэлэг руу шилжүүлсэн. 2023 оны 07 дугаар сарын 29-оос өнөөдрийг хүртэл УТНЭ-н Эрчимт эмчилгээний тасагт ухаангүй, өөрийн амьсгал байхгүй байдалтай байгаа.... Б гэх хүнтэй холбоотой асуудал нь манай нөхөр Ч.Э надад мэдэгдэлгүйгээр өөрийн ********* дугаараа ББСБ-т барьцаанд тавьж зээл авч найз гэх Бод 60,000,000 төгрөг өгсөн байсан. Би энэ асуудлыг 2023 оны 07 дугаар сарын эхээр мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-24 дүгээр хуудас/,

- Гэрч Ч.Эын: “...найз Б.Б нь 2022 оны 11 дүгээр сарын дундуур надтай уулзахдаа “Би Орос улсаас марганц гэх бодис оруулж ирээд ********* ТӨҮГ-т нийлүүлэх гэж байгаа юм.. Марганцыг Монгол улсад оруулж ирэх тээврийн зардал, гаалийн татварт 60-70 сая төгрөг хэрэгтэй байна. 2022 12 дугаар сарын 20-ны өдөр гэхэд авсан мөнгөө эргүүлж өгөөд, цаашдаа танай эхнэрийн нэр дээр байх компанийн нэрээр хамтарч ажиллах боломжтой гэж хэлсэн.” Үүнээс хойш хэд хоногийн дараа Б.Б надтай уулзахдаа “Орос улсаас Марганц гэх бодис Монгол улсад орж ирсэн. Гаалийн татвар, тээврийн зардлыг төлөх хэрэгтэй байна. Туслаач, яаралтай мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн.” 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өөрийнхөө ашигладаг ********* дугаарыг "****************” ХХК-д 14,800 ам.доллароор барьцаанд тавьж, өөрийнхөө эрхэлж байсан бизнесийн үйл ажиллагаанд ашиглаж байсан мөнгөнөөс 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өөрийн ашигладаг Хаан банкны ********* дугаарын данснаас Б.Бын Хаан банкны ********* дугаарын данс руу 3 удаагийн гүйлгээгээр нийт 53,000,000 төгрөгийг, 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 7,000,000 төгрөг нийт 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Би Б.Бод мөнгө шилжүүлэх үед “өөрийнхөө гар утсыг барьцаанд тавьчихсан байгаа. Тэр мөнгөнөөс чамд өгч байна шүү. 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр авсан мөнгөө эргүүлж заавал өгөөрэй гэж хэлэхэд” би найдвартай авсан мөнгөө эргүүлж төлнө. Орос улсаас оруулж ирсэн марганц гэх бодисыг Орхон аймагт байрлуулсан байгаа. ********* ТӨΥΓ-Τ хүлээлгэж өгөөд авсан мөнгөө эргүүлж өгнө гэж хэлсэн.... Үүнээс хойш Б.Б нь 2023 оны 03 сар хүртэл ********* ТӨҮГ-т Орос улсаас оруулж ирсэн марганц гэх бодисыг хүлээлгэн өгөх гэж байна. Хүнээр яриулж байна. Үйлдвэрээс марганцын тендер авсан компани надаас худалдаж авахаар болсон гэж удаа дараа худлаа хэлж хугацаа авч байсан..... Тухайн үед Б.Б нь 2022 оны 12 дугаар сарын 02-оос 20-ны өдрийн хооронд Орос улсаас оруулж ирсэн марганц гэх бодисыг ********* ТӨҮГ-т нийлүүлж өгсний дараа чамаас зээлсэн мөнгө нь дээр олсон ашгаас 20,000,000 төгрөгийг нэмж өгнө. Мөн танай эхнэрийн нэр бүртгэлтэй компанийн нэрээр цаашид Эрдэнэ үйлдвэр ТӨҮГ-с гарах тендерт оролцож, хамтарч ажиллана гэж хэлсэн. Б.Б нь надаас мөнгө авахын тулд дээрх зүйлийг ярьж итгэл төрүүлсэн гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32, 35 дугаар хуудас/,

- Б.Бын эзэмшлийн Хаан банкны ********* дугаартай дансны хуулга /хх-ийн 55-60 дугаар хуудас/,

- Б.Бын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны *********дугаартай дансны хуулга /хх-ийн 78-84 дүгээр хуудас/,

- Б.Бын эзэмшлийн Голомт банкны *********дугаартай дансны хуулга /хх-ийн 85-117 дугаар хуудас/,

- Б.Бын Хаан банкны ********* дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 200-201 дүгээр хуудас/

- Ч.Эын эзэмшлийн Хаан банкны ********* дугаартай дансны хуулга /хх-ийн 61-69 дүгээр хуудас/,

- “Экокредит ББСБ” ХХК-ний дугаар барьцаалсан зээлийн гэрээ, тодорхойлолт /хх-ийн 71-76 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Б.Б нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*********” ХХК-ийн байранд хохирогч Ч.Этай уулзаж улмаар “Орос улсаас  марганц гэх бодис оруулж ирж “*********” ТӨҮГ-т нийлүүлэх гэж байгаа” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өөрийн эзэмшлийн Хаан банкны ********* тоот дансаар 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 53,000,000 төгрөгийг, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 7,000,000 төгрөгийг буюу нийт 60,000,000 төгрөгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулж залилсангэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас 60,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн ба уг хохирлоос шүүгдэгч нь 10,000,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нэд төлсөн болох нь шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирол хүлээлцсэн талаарх бичиг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Боос нийт 72,000,000 төгрөгийг нэхэмжилсэн ба хэрэгт цугларсан нотлох баримтуудаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь 60,000,000 төгрөг болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Боос 50,000,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нэд олгуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бусад хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Боос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хохирлыг нөхөн төлөх талаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаагүй тул эрүүгийн хариуцлага оногдуулах хурлыг үргэлжлүүлэн явуулав.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгуулагад эдлүүлэх” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Миний үйлчлүүлэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан зарим хохирлыг төлсөн, цаашид хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорих ялаас тодорхой хэсийг хасах” саналыг тус тус гаргасан.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, шунахайн сэдэлтээр гэм буруугийн санаатай хэлбэрээр залилах гэмт хэргийг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Б.Бын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийилэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овгийн Б-ийн Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулж залилсангэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Бод 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Боос 50,000,000 /тавин сая/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нэд олгуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нэ нь бусад хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М. ОЧБАДРАХ

           

                                   

арна" хэм тө