Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 131/ШШ2018/00650

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух реигстрийн дугаар ВГ 89041613 тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ЗДТГ-т холбогдох

Архитекторчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нэг сарын цалин 446857 төгрөг гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн гомдлыг 2018 оны 06 дугаар сарын 05- ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч байгууллагын төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Сайннямбуу нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газарт 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс Баянхонгор сумын архитекторчоор ажилд орж, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл тасралтгүй 4 жил 9 сар ажиллахдаа өөрийн чиг үүргээ хангалттай биелүүлж, ирсэн. 2016 оны улс төрийн сонгуулиас хойш тус засаг даргын тамгын газрын албан хаагчдыг халах асуудал хавтгайрсан бөгөөд, өмнө нь сахилгын ямар нэгэн алдаа, зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч ******* намайг өрөөндөө дуудаж, Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр чамайг ажлаас халж байгаа гэж хэлж, уг тушаалыг гардаж авсан. Иймд Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 68 тоот тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан албан тушаал болох Баянхонгор сумын Архитекторчийн албан тушаалд томилж, ажилгүй байсан хугацааны нэг сарын цалин 446857 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллагын бүтэц орон тоогоо оны эхээр батлагддаг. Энэ бүтэц орон тоог баталсан баримтыг манай байгууллагын тэр жилдээ мөрдөх хууль гэж ойлгож байгаа. Гэтэл тухайн бүтэн орон тоог 4 сарын дараа өөрчлөөд миний ажлын байрыг байхгүй болгоод намайг ажлаас халсанд гомдолтой байна. Тэгээд ямар үндэслэлээр ажлаас халсан бэ гэж асуухад Мэргэжлийн хяналтын дүгнэлтээр ажлаас халсан гэсэн үндэслэлээр ажлаас халсан байсан. Гэтэл би тухайн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлттэй танилцаагүй. Мөн надад нэг мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт танилцуулсан боловч тухайн дүгнэлтэд миний нэр албан тушаал байхгүй байсан. Иймд үндэслэлгүйгээр халсан Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Баянхонгор сумын архитекторчин албан тушаалд томилж, Ажилгүй байсан хугацааны цалин олгож, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

 ...2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 123 дугаар тушаалаар 3 сар цалингийн 20 хувийг хасах сахилгын шийтгэл авахуулж байсан гэж ярьж байна. Энэ нь мөсний баяр дээр гэр бариагүй болон ажлын гадаа амьд моднуудыг тайраагүй гэсэн үндэслэлээр цалингийн 20 хувийг хассан. Энэ нь мөн хууль бус гэж үзэж байгаа. Учир нь би тухайн үед амьд мод тайрч чадахгүй гэж саналаа хэлсэн.

...Тухайн зурагнуудыг тогтоогоогүй биш тогтоосон. Намайг ийм жижигхэн зүйлүүдээс шалтаглаж халсан нь анхнаасаа намайг хална гэж төлөвлөж байсан гэж бодож байна. Мөн Баянхонгор сумын 60 жилийн ойн баяраар намайг ажил хийгээгүй гэж ярьж байна. Гэтэл би байгууллагын гадна байдлыг засахад би зургийг нь зурж баталсан төсөвт нь тааруулж материал авч байгууллагынхаа гадна талыг янзалсан гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.Уг ажлын байрыг 2013 онд сумын ЗДТГ-ын бүтэц орон тоонд нэмж төсвийн хэмнэлт үүсгэн цалинжуулахдаа Архитекторчийн ангилал,зэрэглэлээр цалинжаагүй байсан нь илүү орон тоо болохыг нотолдог.Би хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд бүтэц орон тооны өөрчлөлтийг хийж уг албан тушаалыг байх шаардлагагүй гэж үзсэн.ЗГ-ын 2017 оны 253 тоот тогтоолыг баримталж, хэрэгжүүлэх үүднээс уг орон тоог байлгах шаардлагагүй тул илүү орон тоог цалинжуулах боломжгүй, төрийн алба улс төрөөс хараат бус гэдгийг анхаарах нь зүйтэй гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь архитекторчийн албан тушаалд томилогдон 4 жил болсон байдаг. Энэ хугацаанд Засгийн газраас тогтоосон архитекторчийн цалингийн шатлал зэрэглэлээр тогтоосон цалингаар цалинждаггүй, тухайн орон тоо Засаг даргын Тамгын газарт байх орон тоо биш, цалингийн хэмнэлтээр цалинжиж байсан. Өөр өөр хэлбэл ТҮ-5 дугаар зэрэглэл болох 4468547 төгрөгөөр цалинжиж байсан. Уг нь жинхэнэ архитекторчин албан тушаал нь ТҮ-7 дугаар зэрэглэлээр цалинждаг. Тийм учраас энэ албан тушаал нь манай байгууллагад байх орон тоо биш гэдэг нотлогддог. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ажиллах хугацаандаа алдаа дутагдал гаргаж байгаагүй бичсэн байсан боловч ******* нь өгсөн үүрэг даалгавар цаг тухайд нь биелүүлдэггүй, ажлын цаг баримталдаггүй, удаа дараа шаардлага тавихад хэрэгжүүлдэггүй, 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 123 дугаар тушаалаар 3 сар цалингийн 20 хувийг хасах сахилгын шийтгэл авахуулж байсан, ажилдаа хариуцлагагүй ханддаг албан хаагч. Мөн Мэргэжлийн хяналтын дүгнэлтийг ярьж байна. Энэ дээр Засгийн газрын 2017 оны 29 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж ажиллахад Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд 8000000 орчим төгрөгийн акт тавигдсан байдаг. Төсвийн шууд захирагч хуульд заагдсан эрх хэмжээнийхээ хүрээнд Засаг даргын Тамгын газарт байх шаардлагагүй албан тушаалуудыг цомготгосон. Мөн нэхэмжлэл дээрээ улсын төрийн шалтгаанаас болж халсан гэж ярьж байгаа боловч төрийн алба улс төрөөс ангид байдаг хууль тогтоомжтой учраас тийм асуудал байхгүй. Тийм учраас дээрх байдлуудыг үндэслэн шийдвэрээ гаргасан гэв.

 ... Би Г.Амгаланбаярт ажлын цаг баримтлаж ажиллах шаардлага тавьсан боловч шаардлага биелүүлээгүй. Түүнийг нотлох баримт байгаа шаардлагатай бол гаргаж өгч болно. Мөн Баянхонгор сумын ойн үеэр үе үеийн удирдлагуудын зургийг байгууллагын хананд тогтоогоод өгөөч гэхэд ой өнгөрсөнөөс хойш тогтоосон. Тийм учраас тухайн сахилгын шийтгэлийг ногдуулсан гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч талын санал болгосон хавтаст хэргийн 4,7,10,11,14, хариуцагч талын санал болгосон хэргийн 7,10,1126 талуудад авагдсан нотлох баримтуудыг дэлгэцэнд тусган нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******ын архитекторчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нэг сарын цалин 446857 төгрөг гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн гомдлыг хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* зөвшөөрөөгүй, татгалзсан байна.

******* нь 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн ЗДТГ-т архитекторчийн ажилд орж 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь 0691524 тоот нийгмийн даатгалын дэвтэр, Баянхонгор сумын ЗДТГ-ын даргын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 68 тоот тушаал зэргээр тогтоогдсон байна. /Хэргийн 10,14-15 дугаар тал/

... намайг улс төрийн шалтгаанаар ажлаас чөлөөлсөн бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг үндэслэн ажлаас чинь халлаа гэж хэлсэн боловч сүүлдээ орон тоо хасагдсан гэж хэлж байгааг би сайн ойлгохгүй байна.Би ажил үүргээ сайн гүйцэтгэж ирсэн,өдөр тутмын жижиг зүйлүүдээр шалтаглаж ажлаас халсан... гэж нэхэмжлэгч *******,

...Би ЗГ-ын 19 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж ажилласан, байх ёсгүй орон тоо байсан учраас орон тоог нь хасаж шийдвэрлэсэн... гэж хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* нь харилцан маргаж байх ба Баянхонгор сумын ЗДТГ-ын даргын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн бүтэц орон тоо,цалин шинэчлэн тогтоох тухай 66 тоот тушаалаар архитекторчийн орон тоог хассан байна./хэргийн 7-9 дүгээр тал/

Ажил олгогч байгууллага нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн бүтэц орон тоо,цалин шинэчлэн тогтоох тухай 01 тоот тогтоолоор сумын архитекторчийн орон тоог батлан ажиллуулж байгаад 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн бүтэц орон тоо,цалин шинэчлэн тогтоох тухай 66 тоот тушаалаар архитекторчийн орон тоог хассан байна./хэргийн 4-9 дүгээр тал/

Харин *******ыг ажлаас чөлөөлсөн тухай 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 68 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хассан үндэслийг зааж ажлаас чөлөөлсөн цаг хугацаа нь бүтэц орон тоог хассан цаг хугацаатай давхцан гарсан байдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан орон тоог хасаж хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байх бөгөөд сумын архитекторчийн орон тоог ямар шалтгаан, шалгуураар хасах болсноо хамт олны хурлаар хэлэлцүүлээгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн ******* нь миний орон тоог хасаж байгаа гэдгийг мэдээгүй, орон тоог хассан талаархи 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн бүтэц орон тоо,цалин шинэчлэн тогтоох тухай 66 тоот тушаал гарсныг мэдээгүй, ажил дээр гардаг жижиг зүйлээр л шалтаглан ажлаас чөлөөлсөн гэж ойлгож байсан гэж тайлбарлаж байгаагаар илэрхийлэгдэнэ.

Ажил олгогч байгууллага нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн бүтэц орон тоо,цалин шинэчлэн тогтоох тухай 66 тоот тушаалыг ажлаас чөлөөлөх тушаал гаргахаас сарын өмнө хамт олныхоо хурлаар хэлэлцүүлэн гаргаж улмаар ажлаас чөлөөлөх тушаал гаргах байжээ.

*******т Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1- д зааснаар 3 сарын дундаж цалин хөлстэй тэтгэмж олгохоор шийдвэрлэж, 2 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийн 893714 төгрөгийг *******т ажил олгогч байгууллага олгосон энэ талаар маргаангүй байх тул нэг сарын цалин хөлс гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд *******ыг Баянхонгор сумын архитекторчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нэг сарын цалин 446857 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус байгууллагын санхүүд даалгаж тус тус шийдвэрлэв.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан *******ыг Баянхонгор сумын архитекторчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан *******ын нэг сарын цалинтай тэнцэх олговрын 446857 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1ийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ЗДТГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ