| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Очбадрах |
| Хэргийн индекс | 194/2025/0190/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/318 |
| Огноо | 2025-01-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.11.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/318
2025 01 28 2025/ШЦТ/318
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэлгэрсайхан,
улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,
хохирогч Э.Ч,
шүүгдэгч Д.Ч, түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Д-ын Чт холбогдох эрүүгийн************дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө 07 цаг 20 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв номын сангийн уулзварт **** УЕС улсын дугаартай Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг дадлага хийхээс бусад тохиолдолд) жолоодох эрхгүй (жолоодлогын согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж замын голд зохицуулагч хийж байсан цагдаа зохицуулагч Э.Чийг мөргөж, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч Э.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр 06 цаг 50 минут гээд пост хүлээж авч ээлж хүлээлцсэн. Постон дээр зогсоох гэтэл зогсохгүй зугтаагаад явчихлаа гэж дамжуулаад Цэцэг төвийн уулзвар дээрээс энэ хүнийг зарласан. Энэ хүн Цэцэг төвийн уулзвараар урагшаа эргээд 417 дугаар постон дээр дахин зогсоогүй. Тэгээд хязгаарлалт хийж байтал автобусны жолооч ах цагаасаа хожигдох гээд байна гэхээр нь 2 дугаар эгнээгээ хязгаарлаад автобусыг явуулж байхад автобусны урдуур шууд гарч ирээд мөргөсөн. Намайг гэнэт гарч ирсэн гэж байна. Би тухайн үед хязгаарлалт хийгээд зогсож байсан. Одоо бол нэхэмжлээд байх зүйл байхгүй. Чыг шүд хийлгээд өгчих л гэж хэлсэн. Би өөрөө хөлөндөө төрийн тусгай эмнэлгээр эмчилгээгээ хийлгээд явж байгаа” гэв.
Шүүгдэгч Д.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ажлынхаа ахаар машинаа бариулаад цуг явдаг байсан. Тэр өдөр нөгөө ах маань ажилтай байсан учраас машин барьж явж өгөөгүй, би өөрөө ажлаасаа хожигдох гээд байсан учраас машинаа бариад явсан. Тэгээд эхний цагдаа дохихоор нь 2 дугаар эгнээ рүү орсон. Тэгээд дараагийн цагдаа миний цонх руу цохисон тэгээд би маш их айсан. Миний нүдэнд 14 хоногийн баривчилгаа харагдсан. Тэгээд автобусны урдуур дараад ортол урдаас цагдаа гараад ирсэн. Ээжтэйгээ ярих гээд зугтаасан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн************дугаартай хэргээс:
Улсын яллагч хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9-р хуудас/, жолоочийг согтуурлыг шалгасан тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас/, хохирогч Э.Чийн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үндэсний хүрээлэнгийн 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 471 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-48-р хуудас/, Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-71-р хуудас/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 522 дугаартай магадлагаа /хх-ийн 82-83-р хуудас/, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 34 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 242-247-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ эд зүйл /баримт, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 107-р хуудас/, хохирол төлсөн талаарх дансны хуулга /хх-ийн 108-110-р хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын тээврийн цагдаагийн албаны албан бичиг /1 дүгээр хх-ийн 116-р хуудас/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчийн үзлэгийн хуудас /2 дугаар хх-ийн 10-20-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.
Хохирогч Э.Ч нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүгдэгч Д.Ч нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Д.Чт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
1.Гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч Д.Ч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө 07 цаг 20 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв номын сангийн уулзварт **** УЕС улсын дугаартай Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг дадлага хийхээс бусад тохиолдолд) жолоодох эрхгүй (жолоодлогын согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж замын голд зохицуулагч хийж байсан цагдаа зохицуулагч Э.Чийг мөргөж, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Нотлох баримтын талаар:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 4-9-р хуудас/,
- Жолоочийг согтуурлыг шалгасан “...Жолооч Д.Ч-г драйгер багажаар үлээлгэн шалгахад 0.00% үзүүлэлттэй...” гэсэн тэмдэглэл /1-р хх-ийн 10-р хуудас/,
- Хохирогч Э.Чийн: “...Би Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтэст 2023 оны 11 дүгээр сард ажилд орсон бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 04- ний өглөө 07.00 цагийн үед хүүхдийн ордны баруун уулзвар буюу 414-р постонд үүрэг гүйцэтгэж байх үед станцаар зөрчил гаргасан жолооч зогсохгүй зугтаагаад байна гэж хэлэхээр нь тухайн тээврийн хэрэгслийг хайгаад ертөнцийн зүгээр хойноосоо ирж байгаа хөдөлгөөнийг хязгаарлаад зогсож байх үед явган хүний гарц хэсэгт зогсож байсан манай алба хаагчийн хажуу талаар зугтаагаад миний зогсож байсан хэсэгт ирэхээр нь би урд нь явсан тээврийн хэрэглийг зогсоосон байх үед тухайн тээврийн хэрэгслийг тойрч ирээд намайг урд хэсгээр мөргөж би газар унасан. Тэгээд би босох гэсэн чинь босож чадахгүй байх үед хүмүүс ирж туслаад түргэн тусламжын машинаар ГССҮТ-рүү хүргэгдэж ирсэн. Эмнэлэгт үзүүлэхэд баруун өвдөг чагтан холбоос гэмтсэн, баруун тохой хөхөрсөн, дээд талын үүдэн 3 шуд хугарсан, эрүү доод хэсэгт зулгарсан байсан....... Би осол гарах үед зорчих хэсгийн 2-р эгнээнд зогсож байсан бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл намайг 2-р эгнээний ойролцоо мөргөж гэмтээсэн....... Намайг мөргөж гэмтээсэн жолооч ослын дараа ямар нэгэн тусламж үзүүлээгүй ослын дараа машинаасаа буугаад зугтаасан гэж тэр хавьд байсан цагдаа нар хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 14-р хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Энхтайваны Ч /РД: ************/ нь 2024 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмнэлгийн анхны тусламж үйлчилгээ авсан байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 313,000 / гурван зуун арван гурван мянган төгрөг гарсныг яллагдагч Д.Ч-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 27-р хуудас/,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 471 дугаартай: “Э.Чийн биед баруун өвдөгний урд чагтан холбоосны урагдал, тойгны дотор даруулган холбоосны суналт, тойгны дотор урд хэсэгт болон шаантны гадна булууны ясны эдийн хаван, зүүн дээд үүдэн 2-р шүдний хугарал, зүүн дээд үүдэн 1-р шүдний эмтрэл, 3-шүдний сулрал, эрүү, баруун өвдөг шилбэнд зулгаралт, баруун өвдөгний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид зүүн дээд үүдэн 2-р шүдний хугарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 46-48 хуудас/,
- Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 67-71-р хуудас/,
- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 522 дугаартай магадалгаа /1-р хх-ийн 82- 83-р хуудас/,
- Хан-Уул дүүргийн Замын Цагдаагийн хэлтсийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн талаарх баримтууд /1-р хх-ийн 117-130-р хуудас/
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 34 дугаартай: “2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн №4629 тоот дүгнэлтэнд 2024 оны 4 дүгээр сарын 04-ний Толгойн КТГ, 2024 оны 4 дүгээр сарын 05-ны баруун өвдөгний КТГ, 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрүүдийн СРТ-н шинжилгээний хариуны өөрчлөлтүүд тусгагдаагүй, харин 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн нэмэлт тогтоолоор хийсэн №471 дугаартай дүгнэлтэнд дээрх шинжилгээгээр илэрсэн гэмтлүүд тусгагджээ. 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн №471 дугаартай дүгнэлттэй санал нэг байна. Э.Чийн биед баруун өвдөгний урд чагтан холбоосны суналт, тойгны дотор даруулган холбоосны хэсэгчилсэн урагдал, суналт, гадна даруулган холбоосны суналт, хоёр талын мөгөөрсөн жийргэвчийн их биеийн урагдал, тойгны дотор урд хэсэгт болон шаантны гадна булууны ясны хэмт эдийн хаван, зүүн дээд үүдэн 2 дугаар шүдний хугарал, зүүн дээд үүдэн 1-р шүдний эмтрэл, 3 дугаар шүдний сулрал, эрүү, баруун өвдөг шилбэнд зулгаралт, баруун өвдөгний зөөлөн эдийн гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр мөргөх үйлдлээр үүсгэгдэнэ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 2024 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр авто ослын үед мөргөх үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Э.Чийн биед өмнөх дүгнэлтэнд дурьдагдсан гэмтлээс өөр гэмтэл тогтоогдсонгүй. Дээрх гэмтлүүд нэг цаг хугацаанд нэг үйлдлээр үүсгэгдсэн тул хохирлын зэргийг тус тусад нь тогтоохгүй. Эдгээр гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн баруун өвдөгний СPT-H шинжилгээнд илэрсэн гэмтлийн өөрчлөлтүүд 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн баруун өвдөгний СРТ-н шинжилгээнд илэрсэн ба дээрх шинжилгээний өөрчлөлтүүд нэг гэмтэл байна” гэсэн дахин гаргасан шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 242-247-р хуудас/ зэрэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх гэмт хэргийн үндсэн шинжийг заасан бол мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг юм.
Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Д.Ч нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ /0,21%/ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3.1-т заасан зөрчилд холбогдон улмаар, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0239163 дугаартай шийтгэлийн хуудас /1-р хх-ийн 126-р хуудас/-аар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгүүлж байсан болох нь тогтоогдож байна.
Улмаар шүүгдэгч Д.Ч нь дээрх 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасуулсан байх хугацаандаа буюу 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө 07 цаг 20 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв номын сангийн уулзварт **** УЕС улсын дугаартай Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг дадлага хийхээс бусад тохиолдолд) жолоодох эрхгүй (жолоодлогын согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж замын голд зохицуулагч хийж байсан цагдаа зохицуулагч Э.Чийг мөргөж, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Д.Чын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч Д.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Э.Чийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Ч нь эмчилгээний зардалд 608,357 төгрөгийг, гэмт хэргийн улмаас хохирогч нь эмчилгээ, үйлчилгээ авсан 313,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас тус тус нэхэмжилжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Ч нь хохирогч Э.Чт 2,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байх ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь энэ талаар маргаагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэн, шүүгдэгчээс 313,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах нь зүйтэй байна.
Харин хохирогч Э.Ч нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Чийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгчийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар” /1-р хх-ийн 132-р хуудас/-аар “Гуравдугаар” зэрэглэл гэж тогтоосон байх ба үүнийг хохирогч зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.3-т энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн тохиолдолд маягтад мөрдөгч гарын үсэг зуруулж хавтаст хэргийн материалд хавсаргахаар заажээ.
Гэтэл дээрх журмын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “Дөрөвдүгээр” зэрэглэлд хамаарахаар заасан байхад мөрдөгч нь хохирогчийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг бууруулж “Гуравдугаар” зэрэглэлээр тогтоосон байх тул уг хууль, журам зөрчсөн баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй тул хохирогч Э.Чийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгаа холбогдох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Д.Ч, түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хохирлыг нөхөн төлөх талаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаагүй тул эрүүгийн хариуцлага оногдуулах хурлыг үргэлжлүүлэн явуулав.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 10 сарын хугацаагаар тогтоож, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах” саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...зорчих эрхийг хязгаарлах ялыг бага хэмжээгээр оногдуулах...” саналыг тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгч Д.Чт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн буюу түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Д.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар дээрх оногдуулсан ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялын хэмжээг 1 жил 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Чт зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоож, оршин суух газар, ажлаа өөрчлөх тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон албадлагын арга хэмжээг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргасан СиДи – 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Д-ын Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Чын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялын хэмжээг 1 /нэг/ жил 10 /арав/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Чт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хүрээг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоож, оршин суух газар, ажлаа өөрчлөх тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон албадлагын арга хэмжээг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Чын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Д.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Ч нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээж, шүүгдэгч Д.Чаас 313,000 /гурван зуун арван гурван мянган/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргасан СиДи – 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЧБАДРАХ