Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 119/ШШ2022/0064

 

                                                             Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,                                                                          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг би ОАПГ-ын ХП Л.О-ийн аймгийн АТ-ийн АТХУБ И.И-д холбогдуулан гаргасан “Улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 0051573 дугаартай шийтгэлийн хуудасны олсон хэсэгт “холбогдогч Л.Б-ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах гэсэн өөрчлөлт оруулах” прокурорын дүгнэлттэй захиргааны хэрэгт хариуцагчийн гаргасан тайлбарыг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

ОАПГ-ын ХП Л.О шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “ОАПГ-ын ХП Л.О би Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1,18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу ОААТТ-ийн УБ И.И-ийн зөрчлийн 0051573 дугаартай 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн иргэн Л.Б нь гэрээгүй хууль бус такси үйлчилгээ эрхэлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг аймгийн ерөнхий прокурорын баталсан удирдамжийн дагуу шалгалтаар 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хянав.

Иргэн Л.Б нь 2022 оны 08 сарын 10-ны өдөр тээвэрлэлтийн гэрээгүй нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлсэн зөрчсөн зөрчил үйлдсэн нь нотлогдсон үйлдсэн нь зөрчлийн хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон тул шийтгэл оногдуулах нь гарцаагүй байна.

Эрх бүхий албан тушаалтан нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 0051573 дугаартай шийтгэлийн хуудсаар Л.Б-д Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудасны олсон хэсэгт хэнд, Зөрчлийн тухай хуулийн ямар зүйл, хэсгээр шийтгэл оногдуулсныг бичээгүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна” мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шийтгэлийн хуудаст “зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэж заасныг зөрчсөн нь шийтгэлийн хуудас хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй хэдий ч холбогдогч Л.Б нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн нь нотлогдсон, торгох шийтгэл биелэгдсэн байна.

Прокурор нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “зөрчлийн хэрэг бүртгэлт хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхэд хяналт тавих” бүрэн эрхийг хэрэгжүүлдэг субъектийн хувьд хяналтын харьяа зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж буй эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудын Зөрчлийн тухай хууль буруу хэрэглэсэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчлийг хяналтаар илрүүлж, засуулах, зөвтгөх, дахин зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үүрэгтэй. Энэ эрх үүргийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Захиргааны хэргийн шүүхэд дүгнэлт бичих ажиллагаа юм.

Иймд Монгол улсын зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ОААТТ-ийн УБ И.И-ийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 0051573 дугаартай шийтгэлийн хуудасны Олсон хэсэгт “холбогдогч Л.Б-ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах“ гэсэн өөрчлөлт оруулж Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангуулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ. 

Хариуцагч Орхон аймгийн АТ-ийн АТХУБ И.И шүүхэд гаргасан тайлбартаа: “ОААТТ-ийн УБ И.И миний хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн зөрчлийн 0051573 дугаартай 2022 оны 08 дугаар сарын 10-нд иргэн Л.Б-д шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт гаргасан.

Зөрчил шалган шийдвэрлэх явцад шийтгэлийн хуудасны олсон хэсэгт хэнд, Зөрчлийн тухай хуулийн ямар зүйл, хэсгээр шийтгэл оногдуулсныг бичээгүй, шийтгэлийн хуудас албан ёсны байх шаардлагыг хангаагүй нь үнэн болно. Иймд 2022 оны 10 дугаар сарын 24-нд гаргасан 63/А дугаарын прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

ОАПГ-ын ХП Л.О аймгийн АТ-ийн АТХУБ И.И-д холбогдуулан “Улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 0051573 дугаартай шийтгэлийн хуудасны олсон хэсэгт “холбогдогч Л.Б-ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах гэсэн өөрчлөлт оруулах” дүгнэлтийг тус шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон

  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх заалтыг баримтлан ОАПГ-ын ХП Л.О-ийн аймгийн АТ-ийн АТХУБ И.И-д холбогдуулан гаргасан “Улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 0051573 дугаартай шийтгэлийн хуудасны олсон хэсэгт “холбогдогч Л.Б-ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах гэсэн өөрчлөлт оруулах тухай”  2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 63/А дугаартай дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, уг дүгнэлтэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар дүгнэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

 

ШҮҮГЧ                  П.УУГАНЦЭЦЭГ