Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/95

 

 

 

 

 

    2021           1            19                                         2021/ДШМ/95                              

 

 

Ц.Нт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Онон,

шүүгдэгч Ц.Нын өмгөөлөгч А.Энхбуйр, 

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/1151 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйрын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ц.Нт холбогдох эрүүгийн 2005 02123 1165 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Цын Н, 19.... оны .... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ............... хамт ............. дүүргийн .... дугаар хороо, ... дугаар байрны .... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:........................../;

Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 397 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 40.000 төгрөгөөр торгох ял,

Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1, 146 дугаар зүйлийн 146.4, 147 дугаар зүйлийн 147.3-т зааснаар 15 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,

Шүүгдэгч Ц.Н нь 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sky car wash” авто угаалгын зогсоолоос саарал өнгийн “Toyota prius 30” загварын улсын дугаартай автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.От 13.000.000 төгрөгийн,

2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их-Орд” худалдааны төвийн автобусны буудал дээр асаалттай байсан 57-09 УНО улсын дугаартай “Toyota prius 20” загварын автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ц.Тид 8.490.910 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто худалдааны төвийн хашаан дотроос “Kia bongo 3” загварын улсын дугааргүй автомашиныг худалдан авна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан авч хохирогч Г.Хд 13.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ц.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Бэйсийнхэн овогт Цэрэнсодномын Ныг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилсан буюу Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.Ныг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нт оногдуулсан гурван жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нын энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт 113 /нэг зуун арван гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Наас 8.490.910 /найман сая дөрвөн зуун ерэн мянга есөн зуун арван/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Тид олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гурван ширхэг бичлэг бүхий компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Н нь хохирогч Б.О, Г.Х нарт төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд дурдсан дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй доорх үндэслэлүүд байх тул давж заалдах гомдол гаргаж байна.

Өөрөөр хэлбэл, түүнд холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн заалтыг болон мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй, тэр тусмаа хулгайлах гэмт хэргийг буюу хохирогч Ц.Тийн “Тоёото приус 20” загварын автомашиныг хэн хулгай хийсэн /хэзээ, хаана, яаж/ үйлдсэн, нотлогдож байх тул гэм буруутай гэж үзсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзсэн болон бусад 2 үйлдлийн хувьд хэргийг үйлдсэн, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийг хөнгөрүүлж, дээрх хулгайн үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

1. Гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын гол шинж болсон орон зай, цаг, хугацаа, нөхцөл байдлын хувьд түүний үйлдсэн гэх хулгайлах гэмт хэрэг гарах үед Дархан хотод байсан, найзындаа ирсэн байсан гэх мэдүүлгийг шалгаагүй, тухайн үед Хаан банкны АТМ-ээс мөнгө авсан гэх хүн нь мөн байна, түүнээс өөр картыг ашиглах хүн байхгүй, тухайн гүйлгээ хийсэн хүн дээрх автомашиныг зогсоолоос хулгайлан унаж яваа бичлэгтэй таарч байна гэсэн байдаг. Гэтэл мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн хийсэн “...өмгөөлөгч нарын урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүхийн шатанд гаргасан хүсэлт, дүгнэлт үндэслэлгүй” хэмээн гэмт үйлдэл, хор хохирлын хоорондох шалтгаант холбоотой байна гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна.

2. Яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлсэн тухайн өдөр Дарханд байсан эсэх болоод явсан маршрут, дүрс бичлэгээр гарч байгаа сэжигтэн өөрөө мөн эсэхэд дүгнэлт хийгээгүй мөн хулгайлсан гэх автомашин олдоогүй байгаа зэрэг /эрэн сурвалжлагдаж байгаа/ нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх гэдэгт нийцээгүй,

Иймд нэг талыг барьж нотлох баримтыг цуглуулсан, түүнд бодитой үнэлж дүгнэлт өгөөгүй гэж үзэн хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг баримтлан Ц.Нт холбогдох хэргийн үргэлжилсэн үйлдлээр хулгайлсан гэсэн 1 үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулан, хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ц.Т хариу тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс “...шүүгдэгч Ц.Н нь 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их-Орд” худалдааны төвийн автобусны буудал дээр иргэн Ц.Тийн эзэмшлийн 57-09 УНО улсын дугаартай, “Toyota prius 20” загварын автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:

Хохирогч Ц.Тийн “...2020 оны 6 дугаар сарын 28-ны шөнө 57-09 УНО улсын дугаартай “Toyota prius 20” загварын автомашинтай таксинд явж байгаад талбайн урд талд хүн буулгаад 1 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Их-Орд” худалдааны төвийн автобусны буудлын түцны урд машинаа унтраалгүй асаалттай нь үлдээгээд ундаа авах зорилгоор ортол миний машин хойшоо яваад өгөхөөр нь Цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх 198/,

эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /Хаан банкны 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн №50/7269 дугаартай албан бичгээр АТМ зураг болон камерын бичлэг/ /хх 182/,

шүүгдэгч Ц.Нын эзэмшлийн Хаан банкны депозит дансны хуулга /хх 180- 181/,

дүрс бичлэгт хийсэн тэмдэглэл /хх 183-188/, /хх 189-193/ зэрэг нотлох баримтуудаар гэм буруутай нь тогтоогдсон байдаг,

...Тухайлбал, дүрс бичлэгт “Хаан банкны АТМ-н дотор талын камерын бичлэгийн цагаар 23 цаг 59 минут 47 секунтэд хүрэн өнгийн саравчтай малгайтай, улаан өнгийн Carrick 16 дугаартай подволк, саарал өнгийн өмдтэй, бүсэлхийндээ хүрэн өнгийн цамц боосон, шар өнгийн гуталтай эрэгтэй хүн картаар бэлэн мөнгө авч гарч байгаа бичигдсэн байна,

шүүгдэгч Ц.Нын эзэмшлийн 5085108078 тоот дансны орлого, зарлагын гүйлгээний дэлгэрэнгүй хуулга,

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Их-Орд” худалдааны төвийн автобусны буудал дүрс бичлэгт “...2020 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 00 цаг 26 минут улаан өнгийн подволктой ардаа цагаанаар 16 дугаартай, хүрэн өнгийн малгайтай хүн хулгайд алдсан гэх 57-09 УНО улсын дугаартай, саарал өнгийн тээврийн хэрэгсэлд суугаад унаад явж байгаа бичлэг /хх 189-193/,

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Шуурхай Удирдлагын тасагт 2020 оны 6 дугаар сарын 28-ны 00 цаг 26 минут 52 секунтэд Ц.Тээс өгсөн дуудлага лавлагааны хуудас /хх 171/ зэргээр шүүгдэгч Ц.Ныг Ц.Тийн автомашиныг хулгайлж авсан үйлдэл нь тогтоогдож байна хэмээн үзсэн. Шүүхээс гэм буруутайг нь тогтоосоор байтал шүүгдэгч Ц.Н өнөөдрийг хүртэл миний хохирлыг барагдуулаагүй хохироосоор байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №2020/ШЦТ/1151 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйрын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Н нь:

1. 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sky car wash” авто угаалгын зогсоолоос саарал өнгийн “Toyota prius 30” загварын улсын дугаартай автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.От 13.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.Оын “...Би хувиараа Япон улсаас автомашин импортоор оруулж, худалдаалдаг. Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 79 дүгээр байрны урд талын “Sky car wash” авто угаалгын газрыг граш маягаар түрээсэлж, машинуудаа тавьж зардаг. 2020 оны 6 дугаар сарын 11-ны өдрийн 13 цагийн үед хүнд машин үзүүлэх гээд “Sky car wash” авто угаалгын зогсоол руу орсон. Тэгтэл байрлуулж тавьсан машинуудаас саарал өнгийн гаальтай “Toyota prius 30” загварын автомашин алга болсон байсан. ...Хяналтын камерыг шүүж үзтэл 08 цаг 50 минутын орчим улаан өмдтэй, ягаан масктай, улаан гуталтай, саарал цамцтай 40-45 орчим насны эрэгтэй граш руу ороод баруун гар талын буланд байрлуулж тавьсан уг машиныг унаад гарч байгаа бичлэг байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...” /хх 37-38/,

гэрч Э.Хаш-Эрдэнийн “...2020 оны 6 дугаар сарын 11-ны өглөө харуул Дэмчигдорж хоносон машинуудыг гаргаад байж байхад 08 цаг 54 минутын үед гаднаас танихгүй хүн орж ирээд Оын зарж байсан “Toyota prius 30” загварын машиныг А-2 дугаартай зогсоолоос аваад гарсныг өдөр 13 цагийн үед О мэдээд улмаар камер шүүхэд нүүрээ далдалж маск зүүсэн, улаан өмдтэй, саарал цамцтай, дунд зэргийн нуруутай хүн грашид орж ирээд нэг машиныг онгойлгоод эргэж гараад хажууд байсан “Toyota prius 30” загварын машин аваад гарч байгаа бичлэг харсан. Цагдаагийн байгууллагад дуудлага өгч, гомдол гаргасан...” /хх 16-17/,

гэрч Э.Атарбаярын “... 2020 оны 6 дугаар сарын 26-ны өглөө хотод хагалгаанд орохдоо Нтай яриад уулзсан. Эмнэлгээс гараад Н ирээд саарал өнгийн “Toyota prius 30” загварын, 14-95 УНН улсын дугаартай машин унаж явсан. Надаас энэ машиныг авах уу, охин маань Японоос оруулж ирсэн гэхээр нь үнийг сонирхоход 10 саяд зарна. Бичиг баримтгүй гэхээр нь 7 саяад авъя, бичиг баримттай болохоор нь мөнгийг нь өгнө гэж тохиролцоод Булган руу гэртээ хүргүүлсэн. Би Нт огт мөнгө өгөөгүй ...” /хх 50/,

шүүгдэгч Ц.Нын “...2020 оны 6 дугаар сарын 11-ны өглөө анх машин үзэж байсан “Sky car wash” угаалгын газар очиход хаалга нь онгорхой байсан. Тэгэхээр нь ороод саарал өнгийн “Toyota prius 30” загварын автомашины хаалга онгорхой байсан. Түлхүүр нь дотор голын хайрцагт байхаар нь асаагаад шууд гарсан... Э.Атарбаяр гэх хүнд машинаа 7 саяд өгөөд мөнгөө намар авахаар тохиролцсон. Булган аймгаас Улаанбаатар хотод ирээд буцаж Булган явах замдаа “Урьхан” хоолны газарт цагдаа нарт баригдсан...” /хх 96/ гэх мэдүүлгүүд,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 179 тоот “...“Toyota prius 30” загварын автомашин нь 2020 оны 6 дугаар сарын байдлаар Монгол улсын зах зээл дээр дунджаар 13.000.000 төгрөгийн үнэтэй...” гэх тодорхойлолт /хх 52/,

хэргийн газрын үзлэг хийсэн “...Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 41 дүгээр байрны урд талд байрлах “Sky car wash” гэх хаягтай бор өнгийн 8 давхар байшин байх ба зүүн хойд талаас орох граш байна. Дотогшоо ороход хойноос урд зүгт үргэлжлэх 1-4 гэсэн дугаартай багана, дугаар тэмдэглэл байхгүй нэг багана байв. 2 дахь баганаас 3 дахь баганы хооронд байсан автомашин алга болсон машин байрласан байсан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-7/,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “Баянгол дүүргийн 6 дугаар хороо “Sky car wash” угаалгын газраас “Toyota prius 30” загварын автомашин нь Булган аймаг, Тэшиг сум, Хужирт баг, Босгын дэнж гэх газарт Э.Атарбаяр гэх айлд байсан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-12/,

мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, авто зогсоолын түрээсийн гэрээ /хх 18-21, 65/,

камерын бичлэгт үзлэг хийсэн “...2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 09 цаг 05 минут 13 секундэд саарал цамцтай, амандаа масктай, улаан өнгийн өмдтэй, доогуураа улаан гуталтай этгээд доошоо граш руу алхаж ороод 3 дахь машин буюу цагаан өнгийн “Toyota aqua” загварын машины хаалгыг татсан, 09 цаг 06 минут 11 секундэд саарал өнгийн “Toyota aqua” загварын машины жолооч талын хаалгыг нээгээд суугаад, 09 цаг 07 минут 20 секундэд уг машины жолооч талын хаалгыг нээгээд буусан. 09 цаг 08 минут 41 секундэд саарал өнгийн “Toyota prius 30” загварын машины хаалгыг онгойлгож суугаад тээврийн хэрэгслийг жолоодон ухрааж 09 цаг 09 минут 34 секундэд грашийн хаалгаар гарч байна...” гэх тэмдэглэл /хх 25-34/,

2. 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их-Орд” худалдааны төвийн автобусны буудал дээр иргэн Ц.Тийн эзэмшлийн 57-09 УНО улсын дугаартай “Toyota prius 20” загварын автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ц.Тид 8.490.910 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ц.Тийн “...2020 оны 6 дугаар сарын 28-ны шөнө 57-09 УНО улсын дугаартай “Toyota prius 20” загварын автомашинтай таксинд явж байгаад талбайн урд талд хүн буулгаад 1 цаг цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Их-Орд” худалдааны төвийн автобусны буудлын түцны урд машинаа унтраалгүй асаалттай нь үлдээгээд ундаа авах зорилгоор ортол миний машин хойшоо чиглэлд хөдлөөд явчихсан. Гараад хартал маш хурдтай хойшоо яваад өгөхөөр нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх 198/,

“Дамно” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б31-20-1218, Б31-20-1219 тоот эд зүйл болон автомашин үнэлгээний тайлан: “эд зүйлс 290.910 төгрөг, “Toyota prius 20” загварын автомашин 8.200.000 төгрөг, нийт 8.490.910 төгрөг” гэх дүгнэлт /хх 201-204/,

эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /Хаан банкны 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 50/7269 дугаартай албан бичгээр АТМ зураг болон камерын бичлэг/ /хх 182/,

дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “Олимп плазагийн 1 давхарт байрлах Хаан банкны АТМ-н дотор талын камерын бичлэгийн цагаар 23 цаг 59 минут 47 секундэд хүрэн өнгийн саравчтай малгайтай, улаан өнгийн Carrick 16 дугаартай подволк, саарал өнгийн өмдтэй бүсэлхийндээ хүрэн өнгийн цамц боосон, шар өнгийн гуталтай эрэгтэй хүн 00 цаг 00 минут 15 секундэд картаар бэлэн мөнгө авч 00 цаг 01 минут 16 секундэд гарч байгаа бичигдсэн байна...” /хх 183-188/,

дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Их-Орд” худалдааны төвийн автобусны буудал хэсгийг харсан дүрс бичлэгийг эхлүүлэхэд ...улаан өнгийн урд талдаа АОN гэх бичигтэй подволктой, хүрэн өнгийн малгайтай, саарал өнгийн өмдтэй, шар өнгийн гуталтай, бүсэлхийндээ хүрэн өнгийн цамц уясан махлаг эрэгтэй хүн ертөнцийн зүгээр урд зүгээс “Их-Орд” худалдааны төвийн автобусны буудал чиглэлтэй алхаж байна... 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 00 цаг 26 минут улаан өнгийн подволктой ардаа цагаанаар 16 дугаартай, хүрэн өнгийн малгайтай хүн хулгайд алдсан гэх 57-09 УНО улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгсэлд суугаад унаад явж байна...” /хх 189-193/,

3. 2020 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто худалдааны төвийн хашаан дотроос “Kia bongo 3” загварын улсын дугааргүй автомашиныг худалдан авна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан авч хохирогч Г.Хд 13.300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Г.Хгийн “2020 оны 7 дугаар сарын 4-ний өдөр зүс таних хүн, үл таних хүний хамтаар Бонго машин үзэж байгаад мосттой Бонго машин байгаа юу гэхээр нь энд алга Авто худалдааны төв дээр байгаа гэж хэлэхэд машиныг үзэхээр болж Авто худалдааны төв явсан. Үл таних залуу ганцаараа ирж мосстой “Kia bongo 3” загварын машиныг үзүүлэхэд үзэж байгаад асааж тойрч үзье гэж хэлээд түлхүүр авч машиныг асааж тэр хавиар тойрч байгаад тэр чигтээ машин унаад алга болсон. Авто худалдааны төвийн камер шүүж үзэхэд миний машиныг унаад гарч явж байхаар нь цагдаад дуудлага өгсөн. 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас мотор нь эвдэрсэн байдалтай эргүүлэн олж авсан. Булган аймгаас машинаа 600.000 төгрөгөөр ачиж авчруулсан, моторыг 1.500.000 төгрөгөөр янзлуулсан. Энэ зардлаа нэхэмжилж байна...” /хх 131-132/,

гэрч Д.Гансайханы “2020 оны 7 дугаар сарын 5-ны өглөө босоход Булган аймгийн Сайхан сум, Дондогийн булаг гэх газарт эзэнгүй торхон байшингуудын дунд цэнхэр өнгийн “Kia bongo 3” загварын машин зогсож байсан. Би уг машиныг хэн барьж ирснийг хараагүй..." /хх 139/,

шүүгдэгч Ц.Нын яллагдагнаар өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Авто худалдааны цогцолбор дээр машин үзэж сонирхож явж байгаад цэнхэр өнгийн “Kia bongo 3” загварын автомашин зарж байхаар нь үнийг асуухад 12.5 сая гэхээр нь “хашаанаас гараад унаад үзэж болох уу” гэхэд болно гэсэн. Унаж гараад Хөвсгөл далай очиж үзмээр санагдаад Хөвсгөл руу явсан. Тэгээд Хөвсгөл аймаг руу явж байхад Булган аймгийн Сайхан сум, Дондогийн булаг гэх газарт машины ус халаад явахгүй байхаар нь тэнд нь орхиод замын унаанд суугаад Улаанбаатар хот руу явсан. Замдаа Урьхан хоолны газарт сууж байхад цагдаа нар ирээд барьсан. Машиныг зааж өгч эзэнд нь хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлгүүд /хх 159/

“Дамно” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн БГ2-20-831 тоот автомашин техникийн үнэлгээний тайлан: “Улсын дугааргүй, “Kia bongo 3” загварын тээврийн хэрэгсэл нь 2020 оны 8 дугаар сарын байдлаар зах зээлийн ханшаар 13.300.000 төгрөг...” гэх дүгнэлт /хх 140/,

хэргийн газрын үзлэг хийсэн “...Булган аймгаас 52 км-ийн заалттай самбарын ертөнцийн зүгээр зүүн талдаа 5 ширхэг торхон орхигдсон байшингийн “Өлзий цайны газар” гэх нэршилтэй торхон байшингийн хойд талд урагш харсан байрлалтай “Kia bongo 3” загварын машиныг байрлуулан тавьсан байв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 114-118/,

таньж олуулах ажиллагаа явуулсан “Хохирогч Г.Х нь машиныг авч явсан хүнийг танина гэсний дагуу 1-4 хүртэл дугаарлан гэрэл зургийг байрлуулахад Ц.Ныг таньж заасан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-12/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Ныг  үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ц.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүхээс шүүгдэгч Ц.Нын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйр нь “...Ц.Нт холбогдох хэргийн үргэлжилсэн үйлдлээр хулгайлсан гэсэн 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их-Орд” худалдааны төвийн автобусны буудал дээр асаалттай байсан 57-09 УНО улсын дугаартай “Toyota prius 20” загварын автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ц.Тид 8.490.910 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл нотлогдон тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, хүчингүй болгож, өөрчлөлт оруулан, хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Ныг тухайн хулгайн гэмт хэргийг үйлдсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Ц.Нын “...Би тухайн “Toyota prius 20” загварын автомашиныг хулгайлаагүй, 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн өглөө Дарханаас вагоноор гараад Улаанбаатар хотод өдөр ирсэн. Чингэлтэй дүүрэгт Батбаярын гэрт очиж хоносон. 2020 оны 2-3 сард картаа хаясан” гэх мэдүүлгийг нь шүүгдэгч Ц.Нын эзэмшлийн 5085108078 тоот дансны орлого, зарлагын дэлгэрэнгүй хуулга /хх 181/, Хаан банкны 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 50/7269 дугаартай албан бичгээр АТМ зураг болон камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 182/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “Олимп плазагийн 1 давхарт байрлах Хаан банкны АТМ-н дотор талын камерын бичлэгийн цагаар 23 цаг 59 минут 47 секундэд хүрэн өнгийн саравчтай малгайтай, улаан өнгийн Carrick 16 дугаартай подволк, саарал өнгийн өмдтэй бүсэлхийндээ хүрэн өнгийн цамц боосон, шар өнгийн гуталтай эрэгтэй хүн 00 цаг 00 минут 15 секундэд картаар бэлэн мөнгө авч 00 цаг 01 минут 16 секундэд гарч байгаа бичигдсэн байна...” /хх 183-188/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Их-Орд” худалдааны төвийн автобусны буудал хэсгийг харсан дүрс бичлэгийг эхлүүлэхэд ...улаан өнгийн урд талдаа АОN гэх бичигтэй подволктой, хүрэн өнгийн малгайтай, саарал өнгийн өмдтэй, шар өнгийн гуталтай, бүсэлхийндээ хүрэн өнгийн цамц уясан махлаг эрэгтэй хүн ертөнцийн зүгээр урд зүгээс “Их-Орд” худалдааны төвийн автобусны буудал чиглэлтэй алхаж байна... 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 00 цаг 26 минут улаан өнгийн подволктой ардаа цагаанаар 16 дугаартай, хүрэн өнгийн малгайтай хүн хулгайд алдсан гэх 57-09 УНО улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгсэлд суугаад унаад явж байна...” /хх 189-193/ зэрэг бусад нотлох баримтуудад тулгуурлан няцаалт хийж, түүнийг дээрхи хулгайн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйрын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хуульд заасан нэршил болох Эрүүгийн хуулийн ерөнхий болон тусгай ангийг тодорхой бичээгүй, орхигдуулсан, хайнга хариуцлагагүй алдаа гаргасан байгааг хойшид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/1151 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйрын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

 

           

                                    ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ

 

 

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ