Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2021/00065

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           2021 01 06

101/ШШ2021/00065

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г ХХК

Хариуцагч: Б.Б

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 81,195,865.98 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.О, Н.Б, хариуцагчийн төлөөлөгч Ү.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээрднүүд овгийн Батжаргал овогтой Б нь 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Гтай ЗГ1605021686 тоот зээлийн гэрээ байгуулж, 87,582,000 төгрөгийн зээлийг жилийн 12.0 хувийн хүүтэйгээ, 240 сарын хугацаатай орон сууцны зээл авсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин 221 хоног зээлийн төлбөрөө төлөхгүй банкийг хохироож байна. ЗГ1605021686 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ЗБ1605021686 тоот ипотекийн гэрээгээр Б овогтой Б ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол /13311/ Их Монгол улсын гудамж 416 байр 174 тоот хаягт байршилтай 71.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлийн төлбөрөө төлөхгүй банкийг хохироож байгаа тул зээлдэгч Батжаргал овогтой Б -д холбогдуулан дараах шаардлагыг гаргаж байна. 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар ЗГ1605021686 тоот зээлийн гэрээний үүрэгт:

  • Зээлийн үндсэн төлбөрт- 74,971,707.16 төгрөг,
  • Зээлийн хүү- 6,210,826.13 төгрөг,
  • Нэмэгдүүлсэн хүү- 13,332.70 төгрөг

Бүгд 81,195,865.98 төгрөгийг Батжаргал овогтой Б -с гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иргэн Батжаргал овогтой Б с Г-тай байгуулсан ЗГ1605021686 тоот зээлийн гэрээний үүрэгт 81,195,865.98 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн хамт Ганд олгуулж өгнө үү.

ЗГ1605021686 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ЗБ1605021686 тоот ипотекийн гэрээгээр барьцаалсан Батжаргал овогтой Б ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол /13311/ Их Монгол улсын гудамж тоот хаягт байршилтай 71.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хууль тогтоомжийн дагуу худалдан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Булганчимэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн зээл 74 971 707.16 төгрөг, хүү 6 210 826.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13 332.70 төгрөг, нийт 81 195 8565.98 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хохироож байгаа тул гэрээг цуцалж, төлбөр шаардаж байгаа юм. Төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараас харахад зээл авснаа зөвшөөрч байна. 8 хувьд хөрвүүлэх байсан гэж байна. Тухайн үед мөрдөгдөж байсан орон сууцны журмаас харахад шаардлагыг хангаагүй. 8 хувийн зээлд ороход байраа барьцаалах эсвэл 30 хувийн урьдчилгаа өгөх ёстой. Гэтэл хариуцагч нь 20 хувийн урьдчилгаа төлсөн. 8 хувийн зээлд хөрвүүлэх хүсэлт ирээгүй. Ирсэн байлаа гэхэд 30 хувийн төлөлт төлөгдсөн байх ёстой. 2019.10.27-нд л 30 хувьдаа хүрсэн. Мөн хугацаа хэтрэлтийн үлдэгдэлгүй байх ёстой. Гэтэл 2017 оноос эхлэн хугацаа хэтэрсэн ба нэхэмжлэгчийг очиход гадаад явсан байсан. Тухайн байгууллагад 1 жил ажилласан байх шаардлагыг хангаагүй. Залуу гэр бүлийн зээл гэдэг нь энэ зээлээс өөр зээл юм. Иймд зээлийг хөрвүүлэх боломжгүй гэв.

 

Хариуцагч Б.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа: Г нь Б.Б надад холбогдох иргэний хэрэгт хариуцагч би энэ хариу тайлбарыг гаргаж байна. Банкнаас ЗГ1605021686 дугаартай зээлийн гэрээний үүргийн 81,195,865.98 төгрөгийг гаргуулах, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол /13311/ Их Монгол улсын гудамж тоот хаягт байршилтай 71.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Миний хувьд уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэмэлт нотлох баримт зэрэг зүйлсийг гаргах болно гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ү.Ч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Бөд холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгч Ү.Ч би энэ нэмэлт тайлбарыг гаргаж байна. Б.Б нь маргаан бүхий зээлийг анх 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ЗГ1605021686 дугаартай зээлийн гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их Монгол улсын гудамж тоотод байрлах, 2 өрөө 71.8 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан. Уг зээлийг гаргуулахдаа эхний ээлжид банкны ердийн зээлээр гаргаад дараа нь МИК-н залуу гэр бүлийг дэмжих орон сууцны 8 хувийн зээлд хамруулж өгнө гэсэн учир 80 м.кв талбай хүрэхгүй байх ёстой шаардлагад нийцүүлэн энэ орон сууцыг зээлээр худалдаж авсан. Гэтэл өнөөдрийг хүртэл хугацаанд банкны ажилчдын хэлсэн хөнгөлөлттэй, урт хугацаатай зээлд хамруулж өгөхгүй байсан учир, зээлийн гэрээний үүргээ өөрийн боломжтой хэмжээнд төлсөн ирсэн бөгөөд дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал, цар тахал гараад орлого буурсан учир зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн. Иймд миний бие уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хөнгөлөлттэй урт хугацааны зээлд хамруулсан бол өнөөдрийн байдлаар миний төлсөн төлөлт хангалттай байх ёстой, мөн банк зээлийн гэрээг цуцлаагүй зэргийг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрөхгүй. Учир нь хариуцагч нь зээлийн харилцаанд орж зээл авснаа зөвшөөрнө. Харин анх зээлийг 12 хувиар авсан боловч цаашид 8 хувийн зээлд шилжүүлэх сонирхолтойгоор авсан. Гэтэл зээлийг хөрвүүлэлгүйгээр хохироосон. Үүнээс болж зээлээ төлөх боломжгүй болж хугацаа хэтэрсэн. 8 хувьд шилжсэн бол банкийг хохироогоогүй илүү төлбөртэй байгаа юм. Мөн хугацаа хэтрэлттэй байгаад төлөөд 8 хувьд оруулахыг хүссэн боловч оруулаагүй. Зээлийн төлбөр хэрхэн төлөгдөж байсан талаар цар тахал гарсантай холбоотойгоор төлбөр төлөх боломжгүй болсон. Зээл хэвийн болоход 8 хувьд шилжүүлэх журмаа зөрчсөн гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 81,195,865.98 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.Б нь зээлийн гэрээ байгуулж, зээл авсан талаар маргаагүй боловч зээлийн гэрээг 8 хувийн зээлд шилжүүлэх ёстой байсан боловч шилжүүлээгүй, шилжүүлэх хүсэлтийг хангаагүй, мөн цар тахалтай холбоотойгоор төлбөр төлөх боломжгүй болсон гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Зохигчид 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ЗГ1605021686 дугаар зээлийн гэрээ байгуулсан байна. /хэргийн 17-21 дүгээр тал/

Зээлийн гэрээгээр 87,582,000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэйгээр, 240 сарын хугацаанд зээлүүлэхээр тохиролцжээ. Улмаар гэрээнд дурдсан зээл олгогдсон болох нь хариуцагч, түүний төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зээлийн дансны хуулгаар тогтоогдсон. /хэргийн 10 дугаар тал/ Энэхүү үйл баримтын талаар зохигч маргаагүй.

Иймд зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Зээлийн гэрээг 20 жилийн хугацаатай байгуулсан боловч хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн болох нь хариуцагчаас 2020 оны 05 дугаар сарын 04-ны өдөр нэхэмжлэгчид гаргасан хүсэлт /хэргийн 38 дугаар тал/, шүүхэд гаргасан тайлбар, хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон. Улмаар хариуцагч нь энэхүү хүсэлтийг гаргаснаас хойш удаа дараа эргэн төлөх хуваарийг зөрчиж байсан нь хүү тооцооллын хүсэлтээр тогтоогдсон бөгөөд хариуцагч тал энэ тооцооллын талаар маргаагүй. Үүний улмаас нэхэмжлэгч нь 2020 оны 07 дугаар сарын 21-ны өдөр гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д нийцсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь маргаж буй зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сард 8 хувь болгон өөрчлөхөөр тохиролцсон боловч ийнхүү өөрчлөх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй, өөрийн журмыг зөрчсөн гэж маргасан. Харин нэхэмжлэгчийн төлөөлөгч нь зээлийн гэрээний хүүг 8 хувь болгохоор хүсэлт гаргаж байгаагүй гэж маргаж байна.

Хариуцагч, түүний төлөөлөгч нь энэхүү тайлбарт дурдсанаар холбогдох хүсэлтийг хэзээ гаргасан талаар тайлбарлаж чадаагүй бөгөөд баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй. Мөн Г ХХК-ний гүйцэтгэх захирлын 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 143 дугаар тушаалаар баталсан 8,0 /+/-1/ хөтөлбөрийн орон сууцны зээлийн нөхцөлийн 17-д өмнө олгосон зээлийг хөрвүүлэх нөхцөлийн 1.1-д зээлийн хэвийн төлөлттэй, график хугацаа хэтрэлт байхгүй гэж заасныг хариуцагч биелүүлээгүй болох нь дээрх үндэслэлээр тогтоогдсон. /хэргийн 100-102 дугаар тал/ Түүнчлэн дээрх ЗГ1605021686 дугаар зээлийн гэрээнд зээлийг хөрвүүлэх талаар тусгагдаагүй байна. Иймд хариуцагчийн төлөөлөгчийн зээлийг 8 хувийн хүүд шилжүүлэх хүсэлтийг хангаагүй, холбогдох журмыг зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй.

Түүнчлэн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээг талууд чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлдог болохыг дурдах нь зүйтэй.

Хариуцагчийн төлөөлөгч нь цар тахалтай холбоотойгоор Засгийн газраас бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал зарласан тул зээлийг төлөх боломжгүй байсан гэж тайлбарласан. Гэвч энэхүү нөхцөл нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлд шууд хамаарахгүй бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн гэрээ зөрчсөн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнөх хугацаанд аливаа үйл ажиллагааг хориглоогүй байсан нь нийтэд илэрхий үйл баримт юм.

Зээлийн гэрээний дагуу зээл олгосноос хойш нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл нийт 97 сар, 13 хоног хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд бодоход хариуцагчийн зээлийн гэрээний хүүгийн үүргийг тооцвол:

Гэрээг сарын 1 хувийн хүүтэй байгуулсан тул сард 875,820 төгрөг, 97 сард 84,954,540 төгрөг, 1 хоногт /875,820*12/365/ 28,794.08 төгрөг, 13 хоногт 374,323.04 төгрөг, нийт 85,328,863.04 төгрөгийн хүү тооцогдсон байна.

Харин нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцалсан байх тул нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй. Учир нь нэмэгдүүлсэн хүүг гэрээний нийт хугацаатай уялдуулан тооцох ёстой юм.

Улмаар үндсэн зээл болон түүний хүүг нэмж тооцвол хариуцагчид зээлийн гэрээний дагуу үүссэн үүрэг нь нийт 172,910,863.04 төгрөг байна.

Нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд хариуцагчийг нийт 86,003,065.04 төгрөг төлсөн гэж тайлбарлаж, холбогдох тооцоог шүүхэд ирүүлсэн. Хариуцагч, түүний төлөөлөгч нь энэхүү төлсөн гэх төлбөрийн талаар маргаагүй тул шүүх нотлох шаардлагагүй.

Дээрхээс хариуцагчид үүссэн үүргээс төлсөн төлбөрийг хасвал 86,907,798 төгрөг болох боловч нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт нийт 81,195,865.98 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Зохигчид 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ипотекийн гэрээ буюу барьцааны гэрээ байгуулсан байна. Улмаар уг гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагыг хангаж, хүчин төгөлдөр болсон болжээ.

Хэдийгээр нэхэмжлэгч нь барьцааны гэрээний зүйл болох Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол /13311/, Их Монгол улсын гудамж, 416 дугаар байр, 174 тоот хаягт байрлах, 71,8 м.кв талбайтай, 2 өрөө, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нотлох баримтын шаардлага хангаж ирүүлээгүй боловч барьцааны гэрээ хүчин төгөлдөр болсон бөгөөд хариуцагчийн төлөөлөгч нь уг орон сууцыг хариуцагч дангаар өмчилдөг талаар тайлбар хийсэн. Иймд зохигчийн маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй гэж үзлээ.

Эдгээр үндэслэлээр үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Б.Бөөс зээлийн гэрээний үүрэгт нийт 81,195,865.98 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.
  2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол /13311/, Их Монгол улсын гудамж, дугаар байр, тоот хаягт байрлах, 71,8 м.кв талбайтай, 2 өрөө, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 634,130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бөөс 634,130 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ГАНБОЛД