| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Очбадрах |
| Хэргийн индекс | 194/2025/0168/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/358 |
| Огноо | 2025-02-03 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ш.Анужин |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/358
2025 02 03 2025/ШЦТ/358
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Ш.Анужин,
шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч Ц.Цэрмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Э-ын Ст холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Э.С нь 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, нийт 297,7 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн,
улмаар 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Гүнтийн шалган нэвтрүүлэх цэгт байхдаа тус 297,7 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг өөрийн ****УНЦ улсын дугаартай, Тоёота Приус - 20 маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн *********** дугаартай хэргээс:
Улсын яллагч гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэл, тэдгээрийг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8-р хуудас/, Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ч.Гын 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн илтгэх хуудас /хх-ийн 9-10-р хуудас/, ****УНЦ улсын дугаартай, Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 11-р хуудас/, хүний биеэс (Э.С) биологийн дээж авсан тухай 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 20-р хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн талаарх 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-26-р хуудас/, “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай” 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөгчийн саналууд, “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 81 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 30-33-р хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн мөрдөгчийн тогтоолууд /хх-ийн 34, 36-р хуудас/, Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ч.Гын энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 55-р хуудас/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 962 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 66-68-p хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын харьяа Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний химийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 5030 дугаартай дүгнэлт, тэдгээрийг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 69-71-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын харьяа Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний химийн шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 5031 дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 75-77-р хуудас/, ****УНЦ улсын дугаартай, Тоёота приус-20 загварын авто тээврийн хэрэгслийг үнэлсэн Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 24- 356 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 85-90-р хуудас/, гэрч Б.Аын мэдүүлэг /хх-ийн 46, 48-р хуудас/, гэрч Ч.Гын мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/, “Магна профит энд инвестмэнт ББСБ” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 24/4185 дугаартай албан бичиг, ЗГ-20231018001753 дугаартай зээлийн гэрээ /хх-ийн 12-16-р хуудас/, Э.Сийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 114,116-p хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн газарт ирүүлсэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Н/01 дугаартай “Зэрлэг олсны ургамал тархцын судалгаа”-ны талаарх албан бичиг, түүний хавсралтын хуулбар /хх-ийн 119-122-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.Сийн өмгөөлөгч Ц.Цэрмаа Тоёота приус-20 загварын авто тээврийн хэрэгслийг үнэлсэн Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 24- 356 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 85-90-р хуудас/, гэрч Б.Аын мэдүүлэг /хх-ийн 46, 48-р хуудас/, гэрч Ч.Гын мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.
Шүүгдэгч Э.С нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Э.Ст холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
1.Гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн мэдүүлэг болон шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Э.С нь “2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, нийт 297,7 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн,
улмаар 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Гүнтийн шалган нэвтрүүлэх цэгт байхдаа тус 297,7 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг өөрийн ****УНЦ улсын дугаартай, Тоёота Приус - 20 маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Нотлох баримтын талаар:
- Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8-р хуудас/,
- 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “...2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Гүнтийн постод үүрэг гүйцэтгэх хугацаандаа ****УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд жолооч Энхбаяр овогтой С (РД:ТЯ94022255), хамт явсан иргэн Балдорж овогтой А (РД:ТЯ95101111) нарыг шалгахад мансууруулах төрлийн ургамал болох Каннабисыг цагаан, цэнхэр өнгийн гялгар уутанд хийсэн, 1-2 кг орчмыг тээвэрлэж явсныг саатуулж, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн...” гэсэн илтгэх хуудас /хх-ийн 9-10-p хуудас/,
- ****УНЦ улсын дугаартай, Тоёота Приус - 20 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 11-р хуудас/,
- Хүний биеэс биологийн дээж авсан тухай 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 20-р хуудас/,
- Эд зүйлд үзлэг хийсэн талаарх 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “...хэргийн газрын үзлэгээр хураагдсан эд мөрийн баримт болох цэнхэр өнгийн ууттай, хурц үнэртэй өвслөг ургамлыг “Хьюндай” (Hyundai) гэх нэртэй цахилгаан жин хэмжигч дээр байрлуулан жинг үзэхэд 310 грамм жинтэй байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-26-р хуудас/,
- 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 81 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагaar хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоол /хх-ийн 30-33-р хуудас/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолууд /хх-ийн 34, 36-р хуудас/,
- 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн “...Цагдаа зохицуулагч Ч.Г нь Э.Сийг “Тээврийн хэрэгслээс бууж ачаагаа шалгуулна уу” гэснээр Э.Сийг буулгаж тээврийн хэрэгсэл дотор болон тээшний хэсэгт шалгалт хийв. Шалгалтын явцад цагдаа зохицуулагч Ч.Г нь тээврийн хэрэгслийн зөв талын арын суудлын хаалгыг нээж, зорчигчийн урд суудлын доороос цагаан уутанд хийсэн ногоон өнгийн ургамлыг гаргаж ирэн Э.С, Б.А нараас юу болох талаар асуухад Э.С нь “ганга байгаа юм” гэв. ... Цагдаа зохицуулагч Ч.Г нь Э.С, Б.А нарыг шалган нэвтрүүлэх байранд оруулж, амаар тайлбар авч байх ба Э.Сээс хаанаас түүсэн талаар нь тодруулахад “призэр гараад зам дагуу түүсэн” гэв. Түүнээс хэнтэй хамт түүсэн болохыг асуухад “бид хоёр хамт түүгээд хатаасан” гэж хэлсэн байв. Цагдаа зохицуулагч Ч.Г нь Б.Ааас “чи түүсэн юм уу” гэж асуухад Б.А нь “би түүгээгүй” гэж хэлснээр бичлэг дуусав...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 55-р хуудас/,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 10 дугаар сарын 17- ны өдрийн 962 дугаартай “...Э.С нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Э.С нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Э.С нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Э.С нь мансууруулах болон сэтгэц идэвхит эм бодисын хамааралтай (донтой) гэх шинж тэмдэг илрээгүй байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 66-68-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 5030 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. Ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 311,0 грамм, цэвэр жин нь 297,7 грамм болов...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 69-71-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 5031 дугаартай: “Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “...2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ЧД-ийн 24-р хороо Гүнтийн постод ****УНЦ улсын дугаартай Приус-20 автомашинд мансууруулах бодис тээвэрлэж явсан №2 дугаараар дугаарласан Энхбаярын С (РД: ********)-с авсан биологийн дээж (шээс) тусгай битүүмжилсэн савтай 1 ширхэг, гомдол мэдээллийн дугаар-6796, мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Сэргэлэн” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын ІІ жагсаалтад багтдаг болно” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 75-77-р хуудас/,
- “Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 24- 356 дугаартай "...шинжилгээний объектын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 6,860,000 (зургаан сая найман зуун жаран мянга) төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 85-90-р хуудас/,
- Гэрч Б.Аын: “...Миний бие өнөөдөр өглөө 10 цагийн үед багын найз Стэй утсаар ярьж байгаад Офицерын буудал дээр уулзсан юм. Тухайн үед С өөрийнхөө ****УНЦ улсын дугаартай автомашинтай явж байсан бөгөөд бид хоёр уулзаад хамт явсан. Бид замдаа өөр хүнтэй уулзаагүй, өөр газраар ороогүй, Офицероос шууд хойгуураа Цайз, Цагаан даваагаар дамжаад Гүнтийн пост дээр очсон. Тухайн үед бид хоёр ямар нэг шалтгаангүй, дэмий явсан ба Гүнтийн постоор цаашаагаа даваад орой дээр нь гарсан юм. Тэндээ нэг их удаагүй, буцаад хот руу орохоор Гүнтийн пост дээр ирэхэд замын цагдаа зогсоож шалгасан. Замын цагдаа машины багаж, суудлын хэсгүүдийг шалгахад жолоочийн хажуу талд буюу миний сууж байсан суудлын доороос ууттай юм гарч ирсэн. Тэгэхэд цагдаа тэр ууттай зүйлийг задалж харсны дараагаар миний биед байсан цүнхтэй эд зүйлсийг бас үзсэн. Тухайн үед шалгасан цагдаа гялгар ууттай зүйлийг мансууруулах төрлийн ургамал байгаа талаар мэдэгдээд тэндээ шалгаж эхэлсэн. ...Би мансууруулах төрлийн ургамлыг машинд нь байсныг мэдээгүй байсан. Цагдаа шалгаж байх үед л мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/,
- Гэрч Ч.Гын: “...Миний бие 2024 оны 8 дугаар сарын 29-ний өглөө 09 цагаас эхлэн 24 цагийн хугацаанд Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Гүнтийн шалган нэвтрүүлэх пост дээр дэд ахлагч Бөхтөмөрийн хамт ажиллаж байсан. Өдрийн 12 цаг 30 минутын үед ****УНЦ улсын дугаартай, приус-20 маркийн тээврийн хэрэгслийг шалгахад Э.С гэгч нь тээврийн хэрэгслийг жолоодож, хажуу суудалд нь Э.А гэгч хамт явж байсан. Тухайн үед зогсоогоод үзлэг хийн шалгахад жолоочийн эсрэг талын суудал доор нь цагаан цэнхэр өнгийн гялгар уутанд давхарлаж хийсэн каннабис төрлийн мансууруулах ургамал байсан тул 102-т дуудлага өгсөн. Үзлэг хийгээд энгэрийн камерын бичлэгээр баримтжуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/ зэрэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Э.Ст холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хөдөлбөргүй шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хор хөнөөл ихтэй, мөн сэтгэцэд нөлөөт бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж хараат байдлыг үүсгэж донтуулдаг учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон Улсын гэрээ, конвенцид заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан байхаар хуульд заажээ.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Э.С нь 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, нийт 297,7 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн,
улмаар 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Гүнтийн шалган нэвтрүүлэх цэгт байхдаа тус 297,7 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг өөрийн ****УНЦ улсын дугаартай, Тоёота Приус - 20 маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Сийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Тиймээс шүүгдэгч Э.Сийг гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Тус гэмт хэрэг нь сэтгэцэд нөлөөт бодисыг олж авах, түүж бэлтгэх, хадгалах нь хууль бус болохыг ойлгож ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байдаг тул гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна.
Тус гэмт хэрэг нь сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж байсан идэвхтэй үйлдэл таслан зогсоогдсон үеэс төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг бөгөөд хэлбэрийн шинжтэй гэмт хэрэгт бодит хохирол үл шаардах тул шүүгдэгч Э.Сийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Э.Сийн эзэмшлийн ****УНЦ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг үнэлсэн “Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 24-356 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангийн үнийн дүн болох 6,860,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, улсын орлого болгох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “шүүгдэгч Э.Сийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын төрөл, хэмжээ, хор хөнөөлт байдал, гэмт хэргийн шинж зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэж, шүүгдэгч Э.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дугаар хэсэг, 25.10 дугаар хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Сийн 4 настай хүүхдийн асран хамгаалах, харгалзан дэмжигчийг тогтоолгох болон хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг оршин суугаа газрын, дүүргийн Засаг даргад даалгах” саналыг,
Шүүгдэгч Э.Сийн өмгөөлөгч Ц.Цэрмаагаас “гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ миний үйлчлүүлэгч маргаагүй, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг анх удаа үйлдэж байгаа, мөн өрх толгойлсон эцэг зэрэг хувийн байдлыг харгалзан ялын төрөл хэмжээнээс зорчих эрх хязгаарлах ял, мөн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч Э.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлын жин болон түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Э.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж, шүүгдэгч Э.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураасан энгэрийн камерын бичлэг бүхий СиДи – 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа нийт 297,7 грамм цэвэр жин бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн тодорхойлолтоор шүүгдэгч Э.Сийн бага насны хүүхэд С.Гэгээнээ /4 настай, эмэгтэй/ нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр цэцэрлэгт суралцаж байгаа болох нь тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5, 25.10 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Сийн бага насны хүүхдийн асран хамгаалагч тогтоох асуудлыг шийдвэрлэхийг Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад даалгав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1, 4, 6 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Э-ын Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ст оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураасан энгэрийн камерын бичлэг бүхий СиДи – 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа нийт 297,7 грамм цэвэр жин бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Э.Сийн эзэмшлийн ****УНЦ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг үнэлсэн “Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 24-356 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангийн үнийн дүн болох 6,860,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, улсын орлого болгох албадлагын арга хэмжээ авсугай.
7. Шүүгдэгч Э.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5, 25.10 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Сийн бага насны хүүхэд С.Гэгээнээ /4 настай, эмэгтэй/-д асран хамгаалагч тогтоох асуудлыг шийдвэрлэхийг Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад даалгасугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЧБАДРАХ