| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 194/2025/0072/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/270 |
| Огноо | 2025-01-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/270
2025 01 23 2025/ШЦТ/270
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг
улсын яллагч Б.Мөнгөншагай,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Хын Мд холбогдох эрүүгийн 2411 00697 0890 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, 33 настай эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч дүү нарын хамт амьдардаг гэх, Төв аймгийн .................... тоотод оршин суудаг,
- Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял,
- Архангай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх ялаас нэмж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 01 сар 25 хоногийн хорих ял,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 625 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасаар 2 жил хорих шийтгүүлж ял эдэлж байгаа.
Х овогт Хын М /РД:...................../
Холбогдсон хэргийн талаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Маргах зүйл байгаа гэхдээ би энэ хэргээ хурдан шийдүүлээд ялаа хурдан дуусгамаар байна. Би гар утаснаас өөр зүйл аваагүй. Хохирогч мэдүүлэгтээ бэлэглэсэн гэж мэдүүлээд байгаа боловч би бэлэглээгүй. Намайг өшиглөхөөр нь би гарнаас нь бугуйвчийг нь авсан. Тухайн айлд би ганцаараа очоогүй, нийт 4 хүн очсон гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Эын өгсөн: “Би Чингэлтэй дүүргийн .............тоотод эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг юм. Би “.............” ХХК-д хамгаалалтын ажил хийдэг ба 24 цаг гараад 48 цаг амрах хуваарьтайгаар ажилладаг юм. Манай эхнэр хоёр хүүхдийн хамт 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дунд хүү болох Д-ийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байх гэрт нь очиж хоёр хоносон ба би тухайн өдөр ээлжийн ажилтай гарсан байсан. 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр би Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 13 дугаар хороололд байдаг ажлаасаа буугаад таньдаг найзтайгаа тааралдаад Ж........... ойролцоо байдаг Ж гэх нэршилтэй байрны орцонд хамгийн дээд талын давхарт /одоо сайн санахгүй байна/ байж байхад нэг үл таних 30 орчим насны туранхайвтар өндөр залуу гараад ирээд ирсэн. Тухайн үед тэр залуу миний танил А /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/-д нэг бугуйн цаг өгөөд, надад болохоор эрэгтэй хос гутал, нэг эрэгтэй хос гутал, нэг үзэг бэлэглэхээр нь би тухайн үед ууж байсан архинаасаа хийж тухайн залууд уулгасан юм. Тэгээд би тухайн залууд “манай гэрт очих уу” гэхэд тэр залуу зөвшөөрөөд бид хоёр тухайн газраасаа такси бариад Чингэлтэй дүүргийн .................... тоот манай хашаа байшинд ирсэн. Тухайн үед манай гэрт хүн байгаагүй ба бид хоёр хоёулхнаа байсан. Тэгээд би тухайн залууд хоол унд хийж өгөөд бид хоёр хамт нэг литрийн савлагаатай архи ууж дуусгачхаад, дахиад нэг шил 0.5 литрийн савлагаатай архи ууж байгаад би том өрөөндөө унтаад өгсөн байсан. Хэсэг хугацааны дараагаар манай жижиг унтлагын өрөөнд юм дуугараад байхаар нь би гайхаад хартал нөгөө залуу шкаф болон монгол авдарнуудыг онгойлгочихсон эд зүйлүүд ухаад байж байхаар нь би тухайн залууд хандаж “яаж байнаа, ямар өөдгүй юм бэ” гэхэд ууттай зүйл шүүрээд байшингаас гараад гүйчихсэн. Тухайн үед миний гар утсыг хүртэл аваад явчихсан байхаар нь би шууд доод айлын хүнээс гуйгаад утсаар нь Цагдаагийн байгууллагад хандсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дахь тал/
Гэрч Ч.Ю-гийн өгсөн: “... Би Чингэлтэй дүүргийн .............тоотод нөхөр Э, хоёр хүүхдийн хамт амьдардаг юм. Манай нөхөр Л.Э “.............” ХХК-д хамгаалалтын ажил хийдэг ба 24 цаг гараад 48 цаг амрах хуваарьтайгаар ажилладаг юм. Би хоёр хүүхдийн хамт 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дунд хүү болох Д-ийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байх гэрт нь очиж хоёр хоносон ба, манай нөхөр Л.Э мөн тухайн өдөр ээлжийн ажилтай гарсан байсан. Өчигдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр манай нөхөр Л.Э нь ажлаасаа буугаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр ............ дугаар хорооллын ойролцоо, үл таних хүнтэй танилцаад, тухайн хүнтэйгээ хамт Чингэлтэй дүүргийн .............тоотод очиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар нөхрөөсөө сонссон. Тэгээд тухайн хүн нь манай нөхрийг согтоод унтчихсан хойгуур нь манай байшингаас нөхрийн гар утас, мөнгөн аяга, хоёр ширхэг үстэй дээл, бэлнээр 80,000 төгрөг, нөхрийн хөөрөг зэрэг эд зүйлийг аваад зугтаасан байсан тул манай нөхөр Цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг /хх-ийн 15 дахь тал/
Дамно хөрөнгө үнэлгээний ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн ЧД2-24-239 дугаар хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-28 дахь тал/
Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлсэн хурууны хээг хэнийг болохыг тогтоолгоход Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 2 дугаар сарын 25- ны өдрийн 06/087 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 4 дугаартай гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. Харин 3 дугаартай гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцэх 1, 2, 4 дугаартай гарын мөрүүд нь санд MN000310021976, MN000710000097, MN000310025884, MN003120005775 дугааруудаар 4 удаа бүртгэгдсэн Х овогтой М /НТ92110611/-н зүүн гарын дунд, ядам хурууны өндөг хэсгээр ууссан байна. Харин эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-37 дахь тал/
Ялагдагч *******-ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 54-61 дэх тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч: “Шүүгдэгч Б.М нь 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн .............тоот иргэн Л.Эын гэрээс Самсунг A54 загварын гар утас 1 ширхэг, жижиг хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг, үзмэн ягаан торгон хээтэй, хурган дотортой дээл 2 ширхэг, чулуу, толгой, нуух хийц хэмжээ хэдий үеийнх болох нь тодорхойгүй ногоог толгойтой бор өнгийн хөөрөг, 1 ширхэг хөх гэртэй даалин, бэлэн 80,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч нийт 3,019,920 төгрөгийг хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Уг гэмт хэргийн улмаас хохирогчид 3,019,920 төгрөгийг хохирол учирсан ба шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна. гэх дүгнэлтийг гаргасан” гэв.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн .............тоот иргэн Л.Эын гэрээс Самсунг A54 загварын гар утас 1 ширхэг, жижиг хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг. Үзмэн ягаан торгон хээтэй, хөх өнгөтэй дугуй хээтэй, хурган дотортой дээл 2 ширхэг, чулуу, толгой, нуух, хийц, хэмжээ, хэдий үеийнх болох нь тодорхойгүй ногоон толгойтой бор өнгийн хөөрөг 1 ширхэг, хөх гэртэй даалин 1 ширхэг, бэлэн 80,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 3,019,920 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
Шүүгдэгч ******* нь иргэн Л.Эын гэрээс Самсунг A54 загварын гар утас 1 ширхэг, жижиг хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг. Үзмэн ягаан торгон хээтэй, хөх өнгөтэй дугуй хээтэй, хурган дотортой дээл 2 ширхэг, чулуу, толгой, нуух, хийц, хэмжээ, хэдий үеийнх болох нь тодорхойгүй ногоон толгойтой бор өнгийн хөөрөг 1 ширхэг, хөх гэртэй даалин 1 ширхэг, бэлэн 80,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 3,019,920 төгрөгийн хохирол учруулсан болох нь
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх 4/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 5-8/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Эын өгсөн: “Хэсэг хугацааны дараагаар манай жижиг унтлагын өрөөнд юм дуугараад байхаар нь би гайхаад хартал нөгөө залуу шкаф болон монгол авдарнуудыг онгойлгочихсон эд зүйлүүд ухаад байж байхаар нь би тухайн залууд хандаж “яаж байна аа, ямар өөдгүй юм бэ” гэхэд ууттай зүйл шүүрээд байшингаас гараад гүйчихсэн” гэх мэдүүлэг /хх 19-20/
Гэрч Ч.Юмчинмаагийн өгсөн: “Тэгээд тухайн хүн нь манай нөхрийг согтоод унтчихсан хойгуур нь манай байшингаас нөхрийн гар утас, мөнгөн аяга, хоёр ширхэг үстэй дээл, бэлнээр 80,000 төгрөг, нөхрийн хөөрөг зэрэг эд зүйлийг аваад зугтаасан байсан тул манай нөхөр цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг /хх 15/
Дамно хөрөнгө үнэлгээний ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн ЧД2-24-239 дүгээр дүгнэлт, /хх-23-26/
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 20224 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 06/087 дугаар дүгнэлт /хх 35-49/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дахь зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна.
Иймд *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад 3,019,920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчээс 3,019,920 төгрөг гаргуулж хохирогч Л.Эод олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт нийт 35 хоног цагдан хоригдсон ба уг хугацааг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй” гэв.
Шүүх шүүгдэгч *******д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл эдэлж байсан ухамсарлаж, өөртөө дүгнэлт хийгээгүй, шүүгдэгчийн хувийн байдал, хор уршгийн шинж чанар, энэ гэмт хэрэг нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 625 дугаар шийтгэх тогтоол гарахаас өмнөх үйлдэгдсэн үйлдэл зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял шийтгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 625 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, цагдан хоригдсон 49 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэжээ. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Яллагдагчийг шилжүүлэн хорих тухай захирамжаар шилжүүлэн хорих шийдвэр гарсан байна. /хх 98/. Ялтан *******-ын ялын тооцоо 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 1 жил 3 сар 15 хоногийн хорих ял үлдсэн байна. Үүнээс Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 625 дугаар шийтгэх тогтоолд уг хэрэгт цагдан хоригдсон 49 хоног хасаж тооцон, нийт 1 жил 1 сар 26 хоногийг ялын үлдэгдэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-гын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас үлдсэн 1 жил 1 сар 26 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 7 сар 26 хоногоор тогтоов.
Шүүгдэгч *******-гын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 461 дүгээр ангид цагдан хоригдсон 35 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Хын М--ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 625 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 26 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 7 /долоо/ сар 26 /хорин зургаа/ хоногоор хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******-ын эдлэх 1 жил 7 сар 26 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ас 3,019,920 /гурван сая арван есөн мянга есөн зуун хорь/ төгрөг гаргуулж хохирогч Л.Эод олгосугай.
6. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс цагдан хоригдсон 35 /гучин тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА