| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Очбадрах |
| Хэргийн индекс | 194/2025/0139/Э/220/2024/1058 |
| Дугаар | 2025/ШЦТ/378 |
| Огноо | 2025-02-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Баасанжаргал |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/378
2025 02 04 2025/ШЦТ/378
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Э.Баасанжаргал,
шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ж.Чимэг /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Ж-ийн Бд холбогдох ************ дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд хамтран амьдрагч Н.Агийн толгой хэсэгт архины шилээр цохиж, зодох зэргээр биед нь халдаж, түүний эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, зүүн зовхи, бугалга, баруун шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 03 дугаар сарын 21-ний өдөр айлд очсон байсан. Надаас хамтран амьдрагч болох хүн хүүхдийг минь аваад салаад явсан байсан. Намайг хот руу орж ирэхэд намайг “ирээд аваач” гээд залгасан. Цаанаа маргалдаад гар утсыг нь булааж аваад утас нь унтарсан байсан. Тэгээд манай нэг таньдаг айлд сууж байхад нөгөө залуутайгаа орж ирсэн. Би тэр залуу руу нь архины шил шидсэн. Тэгээд хохирогчийг оночихсон” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн ************ дугаартай хэргээс:
Улсын яллагч хохирогч Н.Агийн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4212 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-46-р хуудас/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 04/1584 дугаартай лавлагаа /хх-ийн 104-105-р хуудас/, яллагдагч Ж.Бын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 59-102-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ж.Б нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хассан, хязгаарласан байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Ж.Бд холбогдох хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд хамтран амьдрагч Н.Агийн толгой хэсэгт архины шилээр цохиж, зодох зэргээр биед нь халдаж, түүний эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, зүүн зовхи, бугалга, баруун шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Нотлох баримтын талаар:
- Хохирогч Н.Агийн: “...2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Туул гэх эгчийн амьдардаг нийтийн байранд хамтран амьдрагч Ж.Б нь архины шилээр миний зүүн талын хөмсөг орчимд нэг удаа цохисон, үсдэж дарж байгаад толгой, гар луу цохиж тухайн гэмтлүүдийг учруулсан юм... намайг Туул эгчийн гэрт очиход Ж.Б нь орон дээр сууж байгаад “Муу янхан чинь хүрээд ирсэн юм уу” гэж хэлээд нэг зүйлээр миний хөмсөг орчимд цохихоор нь яаж байгаа юм, юугаар цохичихов гээд харсан чинь архины шилээр цохисон байсан... Одоогоос 2-3 жилийн өмнө намайг 2 удаа зодож шүүхээр баривчлах шийтгэл хүлээж байсан. Ж.Б бид хоёр тусдаа амьдраад 2 сар гаруй болж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4212 дугаартай: “Н.Агийн биед зүүн хөмсөгт шарх, зүүн зовхи, Бугалга, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн ийн 45-46-р хуудас/,
- Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 14- ний өдрийн 04/1584 дугаартай “Иргэн Нэргүйн Агийн эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж, үйлчилгээ авсан төлбөрийн талаарх мэдээллийг хүргүүлж байна...” гэх лавлагаа /хх-ийн 104-105-р хуудас/ зэрэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон шүүх хэлэлцүүлэгт хянан хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар хамтран амьдрагч нь дээрх хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд мөн байна.
Уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заасан ба хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Б нь тухайн үеийн хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар хохирогч Н.Агийн бие махбодид халдсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд хамтран амьдрагч Н.Агийн толгой хэсэгт архины шилээр цохиж, зодох зэргээр биед нь халдаж, түүний эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, зүүн зовхи, бугалга, баруун шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Бын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ж.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор Эрүүгийн хуульд тодорхойлсон бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Н.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.А нь уг гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгахтай холбоотой баримт гаргаж өгөөгүй ба “...гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Н.А нь гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 209,000 төгрөгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ /хх-ийн 105-р хуудас/ авсан байх бөгөөд шүүгдэгч Ж.Б нь дээрх төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгчээс 209,000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх саналыг тус тус гаргасан.
Шүүх шүүгдэгч Ж.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.
Иймд шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Б нь Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн боловч уг ялыг бүрэн эдэлж дуусаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Бын хорих ял эдэлж буй Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 425 дугаар нээлттэй хорих ангийн ялын тооцооны хуудас /хх-ийн 151-р хуудас/-аар шүүгдэгчийн эдлээгүй үлдсэн ялыг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 2 жил 9 сар 13 хоног гэж дурджээ.
Гэвч хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Ж.Быг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээлгэн өгч, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЗ/01-с дугаартай шүүгчийн захирамжаар 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байх тул уг өдрөөс эхлэн түүний эдлээгүй үлдсэн ялын тооцоог гаргах үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Ж.Бд Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/25 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 13 хоногийн хорих ял дээр, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 10 сар 13 хоног хугацаагаар тогтоох нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс нийт 131 хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар уг хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ж.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Ж-ийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Быг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/25 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 9 /ес/ сар 13 /арван гурав/ хоногийн хорих ял дээр, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 2 /хоёр/ жил 10 /арав/ сар 13 /арван гурав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бын цагдан хоригдсон нийт 131 /зуун гучин нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгчээс 209,000 /хоёр зуун мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЧБАДРАХ