Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/25

 

 

 

 

 

 

     2020            1              5                                       2021/ДШМ/25

    

 

С.Бод холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Ариунцэцэг,

шүүгдэгч С.Б,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/1880 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Бын гаргасан гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1906010692139 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11ий өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С.Б,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 337 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, нийт 3 жил 6 сарын хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 6 сарын хорих ял, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялыг нэмж, нийт 6 жил 6 сар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 196 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, /РД:УБ86011819/;

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбэ 5-133 тоотод оршин суух иргэн Л.Бын байшинд буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч түрийвчинд байсан бэлэн 50.000 төгрөг, гар утас, куртик, архи зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 490.890 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Тайжууд овгийн Сэдбазарын С.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгч С.Бод оногдуулсан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 196 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн нийт 2 жил 4 сар 8 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх нийт ялыг 6 жил 4 сар 8 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан шүүгдэгч С.Бын цагдан хоригдсон 47 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар С.Бод оногдуулсан 6 жил 4 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар С.Боос 490.890 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Бод олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдэлж байгаад 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хорих 419 дүгээр ангиас дуудлагаар ирж 461 дүгээр ангид цагдан хоригдсон. Миний бие 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд хийсэн хулгайн нэг үйлдлийг минь шийтгэх тогтоол дээр 2020 оны 2 дугаар сарын 2-ны өдөр гэж өөрчилж бичсэн байна. Энэ хэргийг би 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хийж, энэ хэрэг дээр 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч Хонгорзулд гэрчээр мэдүүлэг өгч байсан бөгөөд өөрийн хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээсээр байтал гэрчээр мэдүүлэг өгсөн үйлдлийг минь шийдэж өгөлгүй авч үлдэж 1 жил 9 сарын дараа дуудлагаар авчирч 4 жил хорих ял нэмж, миний өмнөх Чингэлтэй дүүргийн шүүхээс шийтгүүлсэн 4 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 8 хоногийн хорих ял дээр 4 жил нэмж, 6 жил 4 сар 8 хоног болсон.

Өөрийн хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээж мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн ажилд ямар нэгэн байдлаар саад болоогүй. Мөн уг хулгайн үйлдлээ нэмж нэгтгүүлэх хүсэлтээ удаа дараа мөрдөн байцаагч, прокурор, шүүхэд гаргаж байсан боловч хүлээж аваагүй байж, миний бие шүүхээс шийтгүүлсэн хорих ялаас 1 жил 9 сар биеэр суусан байхад дахин яллаж байгаад гомдолтой байна.

Миний бие шүүхээс өгсөн 6 жил 4 сар 8 хоногийн хорих ял дээр ямар нэгэн байдлаар маргахгүй байгаа бөгөөд өөрийн хийсэн хэрэгтээ маш их харамсаж байгаа.

Миний бие урьд шатны шүүхээс оногдуулсан ялыг нээлттэй хорих ангид эдэлж байсныг хаалттай болгон өөрчилж, мөн шүүх хурлыг хүндэлж, өөрийгөө ямар нэгэн байдлаар өмгөөлөөгүй, шүүх хуралд өмгөөлөгчгүй орсон. Мөн энэ хэргээ өмнө бүх шатандаа ямар нэгэн байдлаар нуугаагүй, үнэн зөвөөр хүлээж байсныг минь авч үзэлгүй мөн өмнөх биеэр эдэлж байсан хорих ял дээр дахин 4 жилийн хорих ялыг нэмж, хаалттай болгож өөрчилсөнд, мөн дуудлагаар ял нэмүүлж байгаа шүүгдэгчид ямар зүйл ангиас нь шалтгаалж хамгийн бага ялыг нэмж өгнө гэсэн байдаг байтал надад 4 жил нэмсэн.

Иймд миний бие эрхэм шүүгч та бүхнээс 6 жил 4 сар 8 хоногийн хаалттай хорих ялыг минь өөрчилж, эрх зүйн байдлыг минь харгалзан дэглэмийг өөрчилж нээлттэй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Ариунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...С.Б нь 2020 оны  2 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бусдын, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч 490.980 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Шүүгдэгч С.Б нь хохирогч Л.Бын 490.800 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй. Иймд өмнө нь 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 196 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж 6 жил 4 сарын 8 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Мөн хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэх нь шүүгдэгч С.Бын хувийн байдалд тохирч байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбэ 5-133 тоотод оршин суух иргэн Л.Бын байшинд буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч түрийвчинд байсан бэлэн 50.000 төгрөг, гар утас, куртик, архи зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 490.890 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Л.Б, С.Б нарын мэдүүлгүүд, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 16/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэр зураг /хх 17/, илтгэх хуудас /хх 20/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн №БЗ2-19-235 дугаар тайлан /хх 30-31/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн №БЗД2-20-953 дугаар тайлан /хх 34-35/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Мэдүүлгийн нотлох баримт нь хувь хүний гадаад мэдрэхүйгээр дамжин биежиж, дотоод ухамсраар илэрхийлэгддэг учир хэргийн ул мөр, эд мөрийн баримт, дуу дүрсний зураглал, баримт бичиг, бичлэг зэрэг баримт мэдээллээс хүний хүсэл зоригтой шууд холбоотой байдгаараа онцлог ялгаатай тул түүнийг үнэлэхдээ эх сурвалжийн баталгаа, агуулгын үнэн зөв байдлыг бодитойгоор шалган тооцдог. Энэ баталгааг гэрч, хохирогч, яллагдагчид хууль сануулснаар бүрэн бий болно гэж үздэг.

Нотлох ажиллагааны явцад цугларсан шүүхээр хэлэлцэгдэх нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлж түүнд үндэслэсэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах нотлох баримтын чухал байр суурь болдог учиртай.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Л.Бын “...би дэлгүүртээ ганцаараа байж байтал үл таних эрэгтэй лангууны араар орох гээд байхад нь би хараад “хүүе чи яаж байна” гэхэд зүгээр гээд гарсан. ... 50.000 төгрөг.., гар утас.., куртик.., архи... зэрэг эд зүйлс алдагдсан…” /хх 22, 24/, шүүгдэгч С.Бын “...нэг хайрцаг буюу 11 ширхэг архийг авсан. ...” /хх 26/, ...2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд байрлах дэлгүүрийн хашаагаар давж ороод дэлгүүрийн агуулах байсан байшин руу хаалга нь онгорхой байхад нь ороод орон дээр нь байсан маркийг нь мэдэхгүй 3 ширхэг гар утас авсан. Мөн хувцасны шүүгээнд байсан урт Аляска куртик байсныг авсан. ...” /хх 87/ гэх мэдүүлгүүдээс үзвэл тэд нэг цаг хугацаа, орчинд хэн аль нь өөрсдийн харсан, тухайн үеийн нөхцөл байдлыг дүрслэн мэдүүлснийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой байна.

Иймд шүүх дээрх этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж хэргийн үйл баримтыг зөв сэргээн тогтоожээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг шүүгдэгч С.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч С.Бын “...миний бие шүүхээс шийтгүүлсэн хорих ялаас 1 жил 9 сар биеэр суусан байхад дахин яллаж байгаад гомдолтой байна. ...хаалттай хорих ялыг минь өөрчилж, эрх зүйн байдлыг минь харгалзан дэглэмийг өөрчилж нээлттэй болгож өгнө үү.  ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журам нь ял оногдуулах институтийн нэг хэсэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа баримтлах үндэслэл нь шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө, эсхүл ял эдэлж байхдаа өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон байх явдал юм.

Шүүгдэгч С.Быг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоолоор хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, 4 жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, /хх 120-129/ уг ялаа эдлэх явцад түүний 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хулгайлах гэмт хэрэг нь илэрч, улмаар шүүхээс тухайн гэм хэргийг хянан шийдвэрлэх нөхцөл байдал үүсчээ.

Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмын баримтлана.

Шүүх хэргийн ниймийн аюулын хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх шалтгааны талаар бодитой зөв дүгнэлт хийж ял шийтгэлийг ялгамжтай, шударгаар оногдуулах явдал нь хуулийн цээрлүүлэх хүч чадал, үр нөлөөг илэрхийлдэг хүмүүжлийн өвөрмөц чухал хэрэглүүр юм.

Шүүгдэгч С.Бын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялын хэмжээ, дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэжээ.

Гэвч Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Ариунцэцэг 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол” /хх 80-81/-д хэрэг явдлын үйл баримтыг “...2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр...” гэж зөв тогтоосон атлаа 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1538 дугаар яллах дүгнэлт үйлдэхдээ “...2020 оны 2 дугаар сарын 2-ны өдөр...” гэж буруу, алдаатай бичснийг анхан шатны шүүх зөвтгөлгүй шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчилан зааж, тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохгүй бөгөөд шүүх хуралдааны явцад нотолдог болохыг зохицуулан хуульчилсан болно.

Дээрх зөрчлийг прокуророос мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар хянавал зохих асуудлуудыг бүрэн хянах үүргээ бүрэн биелүүлээгүйгээс гаргасан боловч нотлох баримт, түүгээр батлагдаж байгаа үйл баримтыг шүүх хуралдааны явцад зөв тодорхойлон, хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг тодорхойлон хуульчилжээ.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт шүүхийн шийтгэх тогтоолд хэрхэн тодорхойлсон нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх гол шалтгаан болдог тул шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож байгаа прокурор хууль зүйн дүгнэлтийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд үнэн зөв, бодитой дүгнэсэн байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд маш чухал үүрэгтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь анхан шатны шүүхэд хянагдаж буй хэргийн тухайд шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж болзошгүй шинж чанартай бол ноцтой зөрчилд тооцогдох ёстой.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Быг 2020 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж цаг, хугацааны хувьд буруу дүгнэсэн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж болзошгүй шинж чанартай ноцтой зөрчилд хамаарахгүй.

Шүүгдэгч С.Б иргэн Л.Бын байшинд буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр үйлдсэн буюу цаг хугацааны хувьд маргаагүй, түүнчлэн уг нөхцөл байдал хохирогч Л.Бын мэдүүлэг, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар давхар тогтоож байх тул давж заалдах шатны шүүх зөвтгөсөн болно.

Шүүгдэгч С.Бын үйлдсэн гэмт хэргийн цаг, хугацааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж тогтоож шийдвэрлэснээр шүүгдэгч эрх зүйн байдал дордохгүй, түүний хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдөхгүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, мөрдөгч, прокурор, шүүхийн шийдвэр нь хууль зүйн үр дагаврыг ямагт үүсгэж байдагт анхаарч ажиллах шаардлагатай.

Үүнээс гадна Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Б.Бүжинлхамын яллагдагч С.Боос мэдүүлэг авсан тэмдэглэлд “...прокурорын 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1906010692139 дугаартай тогтоолыг танилцууллаа...” гэж бичигдсэн хэдий ч уг тэмдэглэлийн огноог 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гэж зөрүүтэй бичсэн байна.

Мөрдөгчийн яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэлийн агуулгаас үзвэл мөрдөгч Б.Бүжинлхам уг тэмдэглэлийн огноог 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гэж буруу бичснийг техникийн шинжтэй алдаа гаргасан гэж үзнэ.

 Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/1880 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14  хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                М.АЛДАР

 

 

ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

           

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ