Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 119/ШШ2022/0065

 

                                                  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,                                                                        

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг би Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О-ийн аймгийн АТТ-ийн АТХУБ У.О-т холбогдуулан гаргасан “Улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 0051564 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Ч.П-д Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” прокурорын дүгнэлттэй захиргааны хэрэгт хариуцагчийн гаргасан тайлбарыг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О би Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1,18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу Орхон аймгийн АТТ-ийн УБ У.О нь зөрчлийн 0051564 дугаартай 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн иргэн Ч.П нь гэрээгүй хууль бус такси үйлчилгээ эрхэлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг аймгийн ерөнхий прокурорын баталсан удирдамжийн дагуу шалгалтаар 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хянав.

Иргэн Ч.П нь 2022 оны 06 сарын 09-ний өдөр Орхон аймгаас Улаанбаатар хот руу тээвэрлэлтийн гэрээгүй нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлсэн зөрчил үйлдсэн нь зөрчлийн хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон тул шийтгэл оногдуулах нь гарцаагүй байна.

Эрх бүхий албан тушаалтан нь 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 0051564 дугаартай шийтгэлийн хуудсаар Ч.П-д Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудасны олсон хэсэгт Зөрчлийн тухай хуулийн зүйлийн хэсгийг 14.6.12, шийдвэрлэх хэсэгт 14-р бүлэг 14.6.12 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн тухай хуульд байхгүй хуулийн зүйл заалтаар шийтгэл оногдуулж хуулийн зүйл заалтыг буруу бичсэн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна” мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шийтгэлийн хуудаст “зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэж заасныг зөрчсөн нь шийтгэлийн хуудас хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй хэдий ч холбогдогч Ч.П нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн нь нотлогдсон, торгох шийтгэл биелэгдсэн байна.

Прокурор нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “зөрчлийн хэрэг бүртгэлт хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхэд хяналт тавих” бүрэн эрхийг хэрэгжүүлдэг субъектийн хувьд хяналтын харьяа зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж буй эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудын Зөрчлийн тухай хууль буруу хэрэглэсэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчлийг хяналтаар илрүүлж, засуулах, зөвтгөх, дахин зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үүрэгтэй. Энэ эрх үүргийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Захиргааны хэргийн шүүхэд дүгнэлт бичих ажиллагаа юм. 

Иймд Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон Орхон аймгийн АТТ-ийн УБ У.О-ын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 0051564 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Ч.П-д Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулж, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ. 

Хариуцагч Орхон аймгийн АТТ-ийн АТХУБ У.О шүүхэд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн АТТ-ийн УБ У.О миний хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн зөрчлийн 0051564 дугаартай 2022 оны 06 дугаар сарын 09-нд иргэн Ч.П-д шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт гаргасан.

Зөрчлийн тухай хуулийн зүйлийн хэсгийг 14.6.12, шийдвэрлэх хэсэгт 14-р бүлэг 14.6.12 дахь хэсэгт зааснаар Зөрчлийн тухай хуульд байхгүй хуулийн зүйл заалтаар шийтгэл оногдуулж хуулийн зүйл заалтыг буруу бичсэн нь үндэстэй байх болно. Иймд 2022 оны 10 дугаар сарын 24-нд гаргасан 67/А дугаарын прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О-ийн аймгийн АТТ-ийн АТХУБ У.О-т холбогдуулан “Улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 0051564 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Ч.П-д Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” дүгнэлтийг тус шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон

  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх заалтыг баримтлан Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О-ийн аймгийн АТТ-ийн АТХУБ У.О-т холбогдуулан гаргасан “Улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 0051564 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Ч.П-д Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай”  2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 67/А дугаартай дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, уг дүгнэлтэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар дүгнэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

 

ШҮҮГЧ                П.УУГАНЦЭЦЭГ