2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/415

 

 

2025         02         07                                          2025/ШЦТ/415

 

 

                           

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,

улсын яллагч М.Сүхчулуун,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч овогт Т-ын Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2506 00000 0008 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 30-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ганцаараа, Баянзүрх дүүргийн ................ тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй.

Ч овогт Т-ын Б РД:/.................. / 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн .....тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурсан байх үедээ тус байранд байсан хохирогч П.Аын өмчлөлийн Айфоне-16 про макс загварын 5,291,100 төгрөгийн үнэтэй гар утас 1 ширхэг, хохирогч П.Аын эзэмшлийн Хаан банк дахь 51.......... дугаарын дансны виза картыг хулгайлан авч, тус данснаас 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 05 цагийн орчимд 6,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 51.......... дугаарын данс руу шилжүүлэн авсан буюу үргэлжилсэн үйлдлээр бусдын 11,291,000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дахь тал/

 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Аын өгсөн: “Би өчигдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 01-ний 14 цагийн үед найз Б-ийн гэрт байж байтал Б над руу залгаад байсан тухайн үед би хаана байгаагаа хэлээгүй, гэнэт гаднаас Б ороод ирсэн. Бид нар ярилцаж сууж байгаад 750 мл-ийн савлагаатай 2 шил архи 5-уулаа хувааж уугаад шөнийн 2 цагийн орчимд би амраад өгсөн. Өглөө сэрээд гар утсаа хайсан чинь байхгүй байсан. Надтай хамт байсан хүмүүсээс Бээ ганцаараа явчихсан байсан. Тэгээд өөрийн хуучин утсаараа Хаан банкны интернэт банк руу хандаад дансаа шалгасан чинь миний дансанд байсан 6,000,000 гаран төгрөгөөс 6,000,000 төгрөгийг өөрийнхөө данс руу АТМ-ээр шилжүүлж авсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Айфоне-16 про макс загварын гар утас 2024 оны 11 дүгээр сард Тэдигээс 5,800,000 төгрөгөөр авч байсан. Хар өнгийн утас, гадна талдаа хар өнгийн гэртэй байсан. ...Т-ын Б л авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дахь тал/

 Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, *******ээс хар өнгийн Айфоне-16 про макс загварын гар утас, А П гэх нэртэй Хаан банк дахь харилцах дансны виза карт 1 ширхэг зэргийг хураан авсан тэмдэглэл, дээрх эд зүйлсийг хохирогч П.Ат хүлээлгэн өгсөн /хх-ийн 9-10 дахь тал/,

 Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн шинжээчийн дүгнэлт хохирогчийн алдсан Айфоне-16 про макс загварын гар утсыг 5,291,000 төгрөгөөр үнэлсэн байна, /26-28 дахь тал/

Хаан банк дахь *******ий эзэмшлийн 51.......... дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга. Тус дансанд 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хаан банк дахь хохирогч П.Аын эзэмшлийн53................ дугаарын данснаас 6,000,000 төгрөгийн орлого орж ирсэн бөгөөд, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус данснаас Хаан банк дахь хохирогч П.Аын эзэмшлийн53................ дугаарын данс руу буцаан шилжүүлсэн байна. /хх-ийн 47 дахь тал/

 Яллагдагч *******ий өгсөн: “Би Атай холбогдоод байгаа газарт очсон тухайн газар Баянзүрх дүүргийн ........................ тоотод очсон намайг очиход 5-уулаа суугаад архи уугаад сууж байсан. Тэгээд би гаднаас Агар нэртэй архитай ороод 6-уулаа уусан. Тухайн үед цаг 14 цаг болж байсан. Миний авч ирсэн архийг ууж дуусгаад дахиж нэмж архи авахаар болоод Ука, А 2 архи авахаар дэлгүүр гараад Агар нэртэй архи аваад ирсэн. Тэгээд бид нар авч ирсэн архиа ууж дуусгаад бөөндөө Агийн машин засварт өгсөн байсан засварын газарт очоод А машинаа харсан чинь машиныг нь засаж эхлээгүй байсан. А тухайн хүмүүстэй уулзаад яаралтай хийлгэхээр болоод бид 6-уулаа буцаад байр луу очоод Агар нэртэй архи хэдэн пивотой аваад гэрт нь бид 6-уулаа ууж байтал гаднаас Маадаа гэх эрэгтэй орж ирээд бид нар 7-лаа архиа ууж дуусгаад дахин дэлгүүр орж хэдэн пиво аваад уугаад байж байтал би нэлээд согтсон байсан. Нэг мэдэхэд цагдаа орж ирээд удалгүй гараад явсан. Бид нар Аын утас өөр 1 эмэгтэйн утсыг хайж байгаад олдохгүй болохоор унтаж амрахаар болсон. Ука бид 2 Аын картыг аваад С ороод хэдэн пиво идэх зүйл аваад идэх зүйлээ уг С-д идэж дуусгаад 2, 2 пиво аваад уг .............. тоот руу орсон. Ука бид 2 авсан пивоны 1, 1-ийг ууж дуусгаад Аын утсыг хайж байгаад Ука “гэрт байгаа байх аа” гэж хэлээд унтаад өгсөн. Тухайн үед би ганцаараа сэрүүн үлдсэн байсан. Би унтах гэсэн чинь унтах газар байхгүй байсан болохоор Укагийн халаасанд Аын карт байхаар нь аваад, жижиг өрөөнд хувцсаа авч байтал хар өнгийн утас харагдахаар нь авсан чинь Аын утас байсан. Би үлдсэн 1 пивоо ууж дуусгаад карт болон Аын гар утсыг аваад тэндээс гарсан. Би алхаад зүүн 4 замын тэнд очоод Хаан банкны АТМ ороод Аын картыг харсан чинь дотор нь 6,200,000 төгрөг байхаар нь өөрийн 51.......... дугаартай данс руу 6,000,000 төгрөгийг шилжүүлж аваад такси барих гэсэн чинь такси баригдахгүй байсан ба алхаад Натурын ойролцоо байх С орж вэйб аваад гарч ирээд хажууд нь байсан саун руу ороод эхлээд 300,000 төгрөгөөр сауны үйлчилгээ авсан. Дараа нь 2 цаг сунгаад 600,000 төгрөгийг шилжүүлээд тэндээс гарсан чинь өглөө 07 цаг өнгөрч байсан. Би алхаад Алтай хотхоны ард байх гэртээ очоод унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь орой болоод харанхуй болчихсон байсан ба Ука над руу чат бичсэн байсан “цагдаад бүртгүүлчихсэн байгаа” гэсэн байсан. Би унтаж амраад маргааш өглөө Атай очиж уулзаад цагдаагийн газарт хамт ирсэн. Би Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сүхчулууны эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дахь тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав. 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болж байна. Хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан 11,291,000 төгрөгийн хохирлоос 5,291,000 төгрөгөөр үнэлэгдсэн гар утсыг биет байдлаар хохирогчид хүлээлгэн өгсөн. Шүүгдэгчийн дансанд хулгайн гэмт хэрэг үйлдэх замаар шилжүүлэн авсан 6,000,000 төгрөгөөс шүүгдэгч нь 1,000,000 төгрөгийг захиран зарцуулсан байсан. 5,000,000 төгрөгийг мөрдөгчийн саналыг үндэслэн прокурорын зөвшөөрлөөр шүүгдэгчийн эзэмшлийн дансанд хязгаарлалт тогтоож, гүйлгээг хязгаарласан. 5,000,000 төгрөгийг шүүгдэгчийн данснаас хохирогчийн эзэмшлийн Хаан банкны тоот данс руу шилжүүлсэн. Шүүгдэгчээс “300,000 төгрөгийг хохирогчид шилжүүлэн өгсөн. Үлдэгдэл мөнгийг хохирогч авахгүй гэсэн” гэдэг байдлаар тайлбараа өгсөн. Хохирогчоос энэ талаар мэдүүлэг авах гэхэд Өмнөговь аймагт уурхайд ажиллаж байгаа тул мэдүүлэг өгөх боломжгүй гэсэн. Шүүгдэгч нь өнөөдрийн байдлаар бусдад төлөх төлбөргүй байна” гэв.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн .....тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурсан байх үедээ тус байранд байсан хохирогч П.Аын өмчлөлийн Айфоне-16 про макс загварын 5,291,100 төгрөгийн үнэтэй гар утас 1 ширхэг, хохирогч П.Аын эзэмшлийн Хаан банк дахь 51.......... дугаарын дансны виза картыг хулгайлан авч, тус данснаас 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 05 цагийн орчимд 6,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 51.......... дугаарын данс руу шилжүүлэн авсан буюу үргэлжилсэн үйлдлээр бусдын 11,291,000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйл баримт тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч П.Аын өмчлөлийн Айфоне-16 про макс загварын 5,291,100 төгрөгийн үнэтэй гар утас 1 ширхэг, хохирогч П.Аын эзэмшлийн Хаан банк дахь 51.......... дугаарын дансны виза картыг хулгайлан авч, тус данснаас 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 05 цагийн орчимд 6,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 51.......... дугаарын данс руу шилжүүлэн авсан буюу үргэлжилсэн үйлдлээр бусдын 11,291,000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан болох нь

 Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/

 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Аын өгсөн: “Надтай хамт байсан хүмүүсээс Бээ ганцаараа явчихсан байсан. Тэгээд өөрийн хуучин утсаараа Хаан банкны интернэт банк руу хандаад дансаа шалгасан чинь миний дансанд байсан 6,000,000 гаран төгрөгөөс 6,000,000 төгрөгийг өөрийнхөө данс руу АТМ-ээр шилжүүлж авсан байсан” гэх мэдүүлэг /хх 6-7/

 Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /хх 9-10/,

 Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, /хх 26-28/

Хаан банк дахь *******ий эзэмшлийн 51.......... дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга, /хх 47/

 Яллагдагч *******ий өгсөн: “Би алхаад зүүн 4 замын тэнд очоод Хаан банкны АТМ ороод Аын картыг харсан чинь дотор нь 6,200,000 төгрөг байхаар нь өөрийн 51.......... дугаартай данс руу 6,000,000 төгрөгийг шилжүүлж аваад такси барих гэсэн чинь такси баригдахгүй байсан ба алхаад Натурын ойролцоо байх С орж вэйб аваад гарч ирээд хажууд нь байсан саун руу ороод эхлээд 300,000 төгрөгөөр сауны үйлчилгээ авсан. ....Хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх 56-57/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дахь зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна.

 

Иймд *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад 11,291,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

  

Хохирогч П.А нь гар утас, банкны виза картаа биет байдлаар буцаан авсан байна. /хх 10/, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөгийг  хохирогчид шилжүүлсэн /хх 47/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:  

Улсын яллагч: “Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 451 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, ял эдлэхээс зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар дүйцүүлэн сольж эдлүүлэх болохыг шүүгдэгчид сануулах. Шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг шийтгэх тогтоолд дурдаж өгөх саналуудыг тус тус гаргаж байна. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг гаргасан. 

Шүүх шүүгдэгч *******д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Ч овогт Т-ын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

             2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 450 /дөрвөн зуун тавь/ цаг нийтэд устай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

             4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

             5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

              6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.МӨНХТУЯА