2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/297

 

 

 

 

 

 

 

2025         01          27                                  2025/ШЦТ/297

 

                          

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

улсын яллагч М.Ариунцэцэг,

гэрч С.Ц, Ш.А,

хохирогч Ж.М, шүүгдэгч Б.Г, тэдгээрийн өмгөөлөгч Г.Учрал,

хохирогч, шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч С.Эрдэнэсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн О-ийн А, А овгийн Б-ын Г нарт холбогдох эрүүгийн *************** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн,

2. Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг:

Шүүгдэгч Б.Г нь 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах амралтын газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.Атэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхинд зулгаралт, 2 нүдний зовхи, баруун хацар, эрүү, цээж, 2 гарын бугалганд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч О.А нь 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах амралтын газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Гтой тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа хохирогч Ж.Мгийн биед халдаж тойгны дотор даруулган холбоос, өвдөгний дотор хажуугийн холбоосны хэсэгчилсэн урагдал, хаван, дотор жийргэвчийн арын эврийн урагдал, хамар ясны хугарал, хамар, баруун сарвууны сорви гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Ж.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Түлхүүлээд унахдаа өвдгөө гэмтээсэн. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хохирогч, шүүгдэгч О.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

Эрүүгийн *************** дугаартай хэргээс:

Улсын яллагч О.Аийн 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-26-р хуудас/, хохирогч Ж.Мгийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-42, 189-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 4830 дугаартай дүгнэлт /хх-ийн 72-73-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Д.Сэржидмаагийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5482 дугаартай дүгнэлт /хх-ийн 76-77-р хуудас/, гэрч С.Пын 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэг /хх-ийн 158-159-р хуудас/, гэрч Ш.Аийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэг /хх-ийн 162-163, 185-р хуудас/, гэрч Ц.Тын 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг /хх-ийн 166-167-р хуудас/, гэрч С.Цгийн мэдүүлэг /хх-ийн 187-р хуудас/, шинжээч эмч Д.Сэвжидмаагийн мэдүүлэг /хх-ийн 199-200-р хуудас/, яллагдагч О.Аийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 90-91-р хуудас/, яллагдагч Б.Гын өгсөн мэдүүлэг /хх-ийн 107-108-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч Ж.М, шүүгдэгч Б.Г нарын өмгөөлөгч Г.Учрал сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 53-р хуудас/-ыг шинжлэн судлуулав.

Хохирогч, шүүгдэгч О.Аийн өмгөөлөгч С.Эрдэнэсайхан О.Аийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/, Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох хүснэгт /хх-ийн 32-33-р хуудас/, хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 39-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 4830 дугаартай дүгнэлт /хх-ийн 72-73-р хуудас/, яллагдагч О.Аийн мэдүүлэг /хх-ийн 90-91-р хуудас/, иргэн О.Аийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 96-р хуудас/, Хэнтий аймгийн Батноров сумын Засаг Даргын тамгын газрын 2023 оны жилийн эцэст тоолуулсан малын тодорхойлолт /хх-ийн 101-р худас зэрэг нотлох баримтыг шинжлэн судалъя гэв.

Хохирогч Ж.М нь нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.      

Хохирогч, шүүгдэгч О.А нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.            

Шүүгдэгч Б.Г нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Б.Г, О.А нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

1.Гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч Б.Г нь 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах амралтын газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.Атэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхинд зулгаралт, 2 нүдний зовхи, баруун хацар, эрүү, цээж, 2 гарын бугалганд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч О.А нь 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах амралтын газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Гтой тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа хохирогч Ж.Мгийн биед халдаж тойгны дотор даруулган холбоос, өвдөгний дотор хажуугийн холбоосны хэсэгчилсэн урагдал, хаван, дотор жийргэвчийн арын эврийн урагдал, хамар ясны хугарал, хамар, баруун сарвууны сорви гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Нотлох баримтын талаар:

- Хохирогч О.Аийн: “...Би “Амгалан” зах дээр мах зардаг ажил эрхэлдэг юм. Манай зах дээр ажилладаг хүний төрсөн өдөр болоод зах дээр ажилладаг хүмүүсийг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах амралтын газар урьсан юм. Би нөхөр Батбаярын хамт уг амралтын газар өглөөний 10:00 орчим цагийн үед очсон. Бид нар очоод хоол хийж идээд архи уусан орой 20:00 орчим цагийн үед зах дээр ажилладаг Ц гэдэг эмэгтэй манай нөхөрт архи өгсөн бид хоёртой цуг явж байсан. Манай зээ охин Төгсцэцэн /3 настай, эмэгтэй/ өвөөгөө архи уулаа гэж уурласан. Би тэгэхлээр нь Цд хүүхэд уурлаад байхад яагаад манай нөхөрт архи өгөөд байгаа юм бэ гэж хэлсэн Ц чи нехрийгөө архи уулгахгүй дарамталдаг хэн бэ гэж хэлээд бид хоёр маргалдаж байтал хажуу бас мөн адил зах дээр наймаа хийдэг Г гэдэг залуу пизда чинь хүүхдээ дагуулж ирээд байх даа яадаг юм гэж хэлсэн би өөдөөс ширээн дээрээс усны авч шидсэн дараа нь Г бид хоёр барьцалдаж аваад хоорондоо зодолдсон Г миний нүүр, нүд толгой хэсэгт гараараа 3- 4 удаа цохисон би зөрүүлээд Гын толгой хэсэг рүү нь гараагаа 2-3 удаа цохисон. Бид хоёроос өөр хүн зодоонд оролцоогүй. Г урьд нь 2023 оны 10 сарын үед манай нөхрийг хэл амаар доромжилж маргалдаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

- Хохирогч Ж.Мгийн: “...Би “Амгалан” зах дээр хувиараа махны наймаа эрхэлдэг юм. 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр манай зах дээр наймаа хийдэг хүмүүс нийлээд төрсөн өдрөө тэмдэглэцгээсэн юм. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түр хурах” амралтын газар 11:00 орчим цагийн үед очсон. Амралтын газрын Монгол гэрт бид нар очоод 4 шил 1 литрийн “Finladia” гэдэг архи ойролцоогоор 10 орчим хүн хувааж уусан хүмүүс согтгож эхлээд байж байхад. Аийн зээ хүүхэд нь байсан ба Ц Аийн нөхөр Батбаярт архи хундагалаад өгтөл зээ хүүхэд /3 настай, эмэгтэй/ нь өвөө уухгүй гэж хэлэхэд Батбаяр өгсөн архийг нь шууд уусан чинь зээ охин нь өвөө архи уучлаа гэж уйлсан. А Батбаяр, Ц хоёр луу хүүхдийн хажууд архи уулаа гэж уурласан. Ц Ат хүүхдээ арын байшин луу оруулчих гэж хэлэхэд А дахиж бүүр их уурлаад хүмүүстэй маргалдаад байж байтал Г хажуугаас чи яах гэж хүүхдээ авчирсан юм бэ гэхэд А Г руу шууд дайраад нүүр лүү нь олон удаа цохисон Г гараараа нүүрээ хаасан би голоор нь ороод салгах гэтэл А миний 2 гар, хөл рүү гараараа, хөлөөрөө нэлээн олон удаа цохисон дараа намайг түлхэж унгаасан унахдаа би Монгол гэр дотор байсан зууханд баруун гарын ар хэсгээ түлсэн. А Г руу түлээний мод бариад цохих гэж дайрахдаа андуураад миний хамар луу цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 4830 дугаартай: “О.Аийн биед зүүн нүдний дээд зовхинд зулгаралт, 2 нүдний зовхи, баруун хацар, эрүү, цээж, 2 гарын бугалганд цус хуралт, нүүрний зөөлөн эздийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 72-73-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5482 дугаартай: “Ж.Мгийн биед тойгны дотор даруулган холбоос, өвдөгний дотор хажуугийн холбоосны хэсэгчилсэн урагдал, хаван, дотор жийргэвчийн арын эврийн урагдал, хамар ясны хугарал, хамар, баруун сарвууны сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76-77-р хуудас/,

- Гэрч С.Пын: “2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн “...О.А нөхөр Батбаяртаа хүүхдийн хажууд архи уулаа гэж уурлаад нөхрөө загнасан хажууд нь байсан Г архи уух айсан юм бол яах гэж хүүхдээ авчирсан юм гэж хэлэхэд О.А Г руу уурлаад муудалцаж байх шиг байсан юм. Тэгээд л би хүмүүс маргалдаад байхаар нь унтаад өгсөн цааш юу болсныг нь мэдэхгүй байна. Маргааш өглөө нь босоод харахад О.А шөнө яваад өгсөн байсан. Гын эхнэр Мгийн нүүр битүү хавдсан байсан болохоор яав юу болов гэж асуухад О.А, Г хоёрыг салгах гээд голоор нь орж байгаад О.А Мгийн нүүр лүү түлээний модоор цохисон гэж сонссон гэх мэдүүлэг /хх-ийн 158-159-р хуудас/,

- Гэрч Ш.Аийн: “...манай зах цуг наймаа хийдэг хүмүүс нийлээд гэр бүлээрээ Баянзүрх дүүргийн 11 манай 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Түр хурах” амралтын газар өглөөний 11:00 орчим цагийн үед очсон шиг санагдаж байна бид нар хоол хийж идээд архи ууж байгаад үдээс хойш гэхэд тэнд байсан хүмүүс нэлээн согтсон байсан О.Аийн зээ охин 3 настай жоохон хүүхэд ирсэн бид нар бөөндөө амралтын газрын гэрт ороод архи ууж байж байтал О.Аийн нөхөр Батбаяр архи уусан тэр үед 3 настай зээ охин нь хажууд байж таараад өвөө архи уулаа гэсэн О.А нөхөр Батбаяртаа хүүхдийн хажууд архи уулаа гэж уурлаад нөхрөө загнасан хажууд нь байсан Г архи уух байсан юм бол яах гэж хүүхдээ авчирсан юм гэж хэлэхэд О.А Г руу уурлаад хүүхдээ авчирлаа пизда минь гэж хэллээ гээд л шууд гүйж очоод л Гын дээр нь гараад цохиж аваал байх шиг байсан Гын эхнэр М араас очоод О.Аийн Дээрээс нь татаад авсан чинь О.А Мтай зууралдаад болиод дахиж зууралдаад О.А М хоёр цугтаа л 2-3 унаж босоод л байсан. О.А түлээний мод аваад Г руу шидээд байсан 3-4 мод шидсэн байх тэгж байгаад Мгийн нүүр лүү нь модоороо оносон. Өөр зүйл бол болоогүй М бол О.Аийн биед нь халдаж цохиж зодоогүй. Өөр хэн нэгэн хүнд зодоон болоогүй. Тухайн үед О.Аийн нүүр нь хавдсан байсан намайг Г цохилоо гээд ярьж байсан. Мгийн бол нүүр хавдсан, гар хөл нь шалбарч хавдсан нь байсан л О.А мод шидээд шалан унгаагаад гэмтээсэн л гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 162-163-р хуудас/,

- Гэрч Ц.Тын: “...2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр манай зах цуг наймаа хийдэг хүмүүс нийлээд гэр бүлээрээ Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Түр хурах” амралтын газар өглөөний 11:00 орчим цагийн үед очсон шиг санагдаж байна бид нар хоол хийж идээд архи ууж байгаад үдээс хойш гэхэд тэнд байсан хүмүүс нэлээн согтсон байсан О.Аийн зээ охин 3 настай жоохон хүүхэд ирсэн бид нар бөөндөө амралтын газрын гэрт ороод архи ууг байж байтал О.Аийн нөхөр Батбаяр архи уусан тэр үед 3 настай зээ охин нь хажууд байж таараад өвөө архи уулаа гэсэн О.А нөхөр Батбаяртаа хүүхдийн хажууд архи уулаа гэж уурлаад нөхрөө загнасан хажууд нь байсан Г архи уух байсан юм бол яах гэж хүүхдээ авчирсан юм гэж хэлэхэд О.А Г руу уурлаад шууд гүйж очоод л Г дээр очоод зууралдаж барьцалдаж эхэлсэн би О.Аийн араас нь болиулах гэж татаад дийлдэхгүй байсан Гын эхнэр М хажуугаас нь салгах гээд О.Аээс зуурсан ба О.А Мтай зууралдаад ноцолдоод шалан дээр унаж босоод л байсан. Тухайн үед би архи уусан байсан болохоор болсон асуудлын талаар сайн санахгүй байна. Маргаан болж Дууссаны дараа О.Аийн нүд хавдсан бас Мгийн хамар нь шалбарсан нь л байсан. Яг хэн хэнийг цохисон талаар бол мэдэхгүй хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 166-167-р хуудас/,

- Шинжээч эмч Д.Сэвжидмаагийн: “...би Ж.Мгийн учирсан гэмтлийн зэргийг тогтоосон дүгнэлтийг гаргахдаа андуурсан зүйл байхгүй. Намайг дүгнэлт гаргах үед Ж.Мгийн биед үүссэн гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байсан. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Өвдөгний гэмтэл нь унах үед чирэгдэх үүссэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 199-200-р хуудас/,

 Яллагдагч О.Аийн: “...2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Түр Хурах” амралтын газар Г намайг зодсон болохоор би зөрүүлээд Гыг цохих гэж байгаад Г руу түлээний мод авч шидэхдээ Гыг онож чадалгүй М эгчийг нүүрэнд оносон бас М эгч намайг дээрээс дараад байхлаар өөрөөсөө холдуулах гэж түлхэх үед М эгч газар унасан би санаатай биед нь халдсан зүйл байхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 90-91-р хуудас/,

- Яллагдагч Б.Гын: “...2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн *************** дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Тухайн хэрэг гарсан, би О.Аээс өөрийгөө хамгаалахдаа гараараа О.Аийг цохисон байж магадгүй, хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 107-108-р хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршиг болох хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хөнгөн хохирол учруулсан, тодорхой хувийн сэдэлт, маргаан, тохиолдлын үндсэн дээр бий болдог ба гэмт хэрэг үйлдэгчийн довтолгоон, үүний улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тодорхойлогдсоноор дээрх гэмт хэргүүдийн ердийн бүрэлдэхүүний шинж хангагдана.

Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Б.Г нь 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах амралтын газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.Атэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхинд зулгаралт, 2 нүдний зовхи, баруун хацар, эрүү, цээж, 2 гарын бугалганд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч О.А нь 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах амралтын газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Гтой тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа хохирогч Ж.Мгийн биед халдаж тойгны дотор даруулган холбоос, өвдөгний дотор хажуугийн холбоосны хэсэгчилсэн урагдал, хаван, дотор жийргэвчийн арын эврийн урагдал, хамар ясны хугарал, хамар, баруун сарвууны сорви гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч О.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г, О.А нар нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор Эрүүгийн хуульд тодорхойлсон бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Мгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч О.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учиржээ.

Хохирогч Ж.М нь эмчилгээний зардал нэхэмжилсэн талаарх баримтыг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргаж өгөөгүй ба хохирогч О.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад  эмчилгээний зардалд 190,000 төгрөг нэхэмжилсэн талаарх баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г нь дээрх хохирлыг бүрэн төлж барагдуулсан болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ж.М нь цаашид  эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Мгийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгчийн “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-аар /хх-ийн 53-р хуудас/ хоёрдугаар зэрэглэл гэж тогтоосон байх ба үүнийг хохирогч зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.3-т энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн тохиолдолд маягтад мөрдөгч гарын үсэг зуруулж хавтаст хэргийн материалд хавсаргахаар заажээ.

Гэтэл дээрх журмын 2.1-т заасан тухайлсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг хамаарахгүй байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Мгийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-аар тогтоосон нь үндэслэлгүй байх тул шүүхээс дээрх хууль зөрчсөн баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй тул хохирогч Ж.Мгийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгаа холбогдох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болно.

Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас хохирогч О.Аийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 2 дугаар зэрэглэлээр тогтоосон тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгөөр тооцож, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гоос гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хохирлыг нөхөн төлөх талаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаагүй тул эрүүгийн хариуцлага оногдуулах хурлыг үргэлжлүүлэн явуулав.

 2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Шүүгдэгч Б.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах,

шүүгдэгч О.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах” саналыг,

Хохирогч, шүүгдэгч Б.Гын өмгөөлөгчөөс “...хувийн байдлыг нь харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” саналыг,

Хохирогч, шүүгдэгч О.Аийн өмгөөлөгчөөс “...600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” саналыг тус тус гаргасан болно.

            Шүүх шүүгдэгч Б.Г, О.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, тэдгээрийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан тэдгээрт торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

            Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.

            Шүүгдэгч О.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял,

            Шүүгдэгч Б.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Год оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд, шүүгдэгч О.Ат оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/ /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулав.

            Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Г, О.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 1. Шүүгдэгч Х овгийн О-ийн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч А овгийн Б-ын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аийг 1,000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар,

Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.         

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш шүүгдэгч Б.Год шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд, шүүгдэгч О.Ат шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Б.Г, О.А нарын эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг тэдгээрийн оршин суугаа газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ж.М нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээж, гэмт хэргийн улмаас хохирогч О.Аийн сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгөөр тооцож, шүүгдэгч Б.Гоос гаргуулж, хохирогч О.Ат олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г, О.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ОЧБАДРАХ