2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/159

 

 

 

 

 

 

 

 

   2025       01         13                                  2025/ШЦТ/159

                                    

 

                          

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа, 

улсын яллагч Б.Өнөбат,

хохирогч Ж.Гэ,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Ч.Мөнх-Ачит нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овгийн Б-ын Тд холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч Б.Т нь 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ж.Гийг “...гэр бүлийн зориулалт бүхий тээврийн хэрэгслийг Япон улсаас захиалга хийж авч өгнө...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ************** тоот дансаар 28,210,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Ж.Гэ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бид хоёр 2017-2021 он хүртэл хөршүүд байсан. Манай эхнэр болон Тгийн эхнэр хоёр сайн найзууд байсан. Тгийн амьдрал Эрдэнэтэд байхад тийм сайн байгаагүй. Эгч нар нь нэхий ченж хийдэг гээд хот руу нүүгээд явсан. Нүүж явахдаа миний машиныг худалдаж аваад явж байсан. Бид хоёр хоорондоо итгэлтэй харилцаатай байсан. Би дандаа тусалдаг байсан. Улаанбаатарт ирээд японоос машин оруулж ирж зараад амьдрал дажгүй байгаа гэж хэлж байсан. Би дүү нараа дэмжээд машин захиалъя гэж бодсон. Надад анх 2 сар хагас болно гэж хэлсэн. Тухайн үед над руу машины зураг явуулаагүй. Эхнэр нь манай хүнээс гуйгаад байхаар нь шилжүүлсэн. Би одоо анхнаасаа машин байхгүй байсан болов уу гэж бодож байгаа. Тэгээд би ирээд уулзахад мөнгөө алдсан гэж хэлсэн. Би одоо үлдэгдэл 28,210,000 төгрөг нэхэмжилж байна. Мөн наашаа, цаашаа ирэх явах зардал болон банк бусаар авсан машиныхаа хүүг нэхэмжлэхээр баримтаа бүрдүүлж байгаа” гэв.

Шүүгдэгч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2021 оноос хойш машин оруулж ирж зарсан. Гэрэлээ ах бид хоёр хөршүүд байсан. 2020 онд хотод орж ирээд 2023 оны намраас эхлээд тоглоом тоглоод ийм зүйл болсон. 12 дугаар сараас эхлээд хүмүүсээс хүүтэй мөнгө зээлж машин оруулж ирж нааш цааш нь зардаг байсан. 4 дүгээр сарын 22-ны өдөр хүүтэй мөнгө нэхэгдээд байсан. Гэрэлээ ахын эхнэр нь манай эхнэр лүү залгаад машин захиад өг гэж хэлсэн. Тэгээд би машин захиад өгье гэж хэлсэн. Хүүтэй мөнгөний өрөө дарах гээд эхнэртээ хүртэл худлаа хэлсэн. Лагерийн байшингаа зараад машиныг нь захиад өгье гэж бодсон. Тэгээд чадаагүй. Сүүлдээ аргаа бараад 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс ажил хийж эхэлсэн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

Эрүүгийн ************** дугаартай хэргээс:

Улсын яллагч гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/, иргэн Ж.Гээс цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 8-р хуудас/, хохирогч Ж.Гийн мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/, Өлзийбаатар овогтой Агийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкин дахь **************тоот дансны дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 27-29-р хуудас/, Баатар овогтой Тгийн нэр дээр бүртгэлтэй Худалдаа хөгжлийн банкин дахь ************** тоот дансны дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 31-33-р хуудас/, гэрч Ө.Агийн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/, гэрч Л.Сайжрахын мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь яллагдагч Б.Тгийн мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтуудыг шинжлэн судлуулав.

Хохирогч Ж.Гэ нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.        

Шүүгдэгч Б.Т нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.           

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Б.Тд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

1.Гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч Б.Т нь 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ж.Гийг “...гэр бүлийн зориулалт бүхий тээврийн хэрэгслийг Япон улсаас захиалга хийж авч өгнө...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ************** тоот дансаар 28,210,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Нотлох баримтын талаар:

- Хохирогч Ж.Гий: “...Би энэ оны буюу 2024 оны 06 дугаар сард гэр бүлийн зориулалт бүхий автомашин худалдан авахаар судалж байсан юм тэгтэл өмнө манай хөрш байсан Т гэх залуу Улаанбаатар хотод автомашин Япон улсаас оруулж ирэн худалдан борлуулж байгаа талаар сонссон тэгээд Тгийн гар утасны дугаарыг олоод түүнтэй ярихад одоо бол бэлэн машин байхгүй харин захиалж өгч болно гэсэн ер нь бол 3 сар болдог замын үүдээр бол 2 сар хагас болдог гэсэн тэгэхээр нь би замын үүдээр авъя гэж тохирсон тэгж байтал 06 дугаар сарын 10-ны өдөр Т над руу холбогдоод яг одоо Япон улсад болж байгаа дуудлага худалдаанд цахимаар оролцож байна 2012 онд үйлдвэрлэгдсэн 48 үнэлгээтэй “Тоёота VELLFIRE” загварын тээврийн хэрэгсэл гэж хэлсэн тэгээр нь би за тэгвэл чи худалдаад авчих тэгээд гар утсаараа зургийг нь дараад явуулчих би мөнгийг нь шилжүүлье гэсэн ингээд авчихлаа гэсэн та нийт үнэ нь 43,000,000 төгper одоо 28.210.000 төгрөг шилжүүл гэсэн зургийг нь харъя гэсэн чинь дандаа интернэт сайт дээр байдаг зураг явуулаад байсан тэгтэл эхнэр нь болох Сайжрах нь манай эхнэр лүү залгаад бид 2 байр авах гэж байсан мөнгөөр машин авсан мөнгө шилжүүл гээд залгаад байхаар нь эхнэрийн дүү болох Ад хэлээд тэр мөнгийг шилжүүлсэн анх ярьж байснаар бол 8 дугаар сарын сүүлээр машин ирэх ёстой байсан боловч машин нь ирээгүй ярьж асуухаар Монгол руу машин хөдөлсөн гэж ярьдаг сүүлд бүүр Замын Үүдээс машин унаад гарлаа гэсэн боловч утас нь холбогдохгүй алга болсон. Дараа нь машин зардаг хүргэн ахыг нь олоод Т ийм машин зарна гээд захиалж авчирсан эсэх талаар асуухад тийм юм байхгүй гэж хэлсэн ингээд ер нь залилуулсан байна гэж ойлгосон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

- Өлзийбаатар овогтой Агийн эзэмшлийн Хаан банкны **************тоот дансны дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 27-29 хуудас/,

- Баатар овогтой Тгийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ************** тоот дансны дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 31-33-р хуудас/,

- Гэрч Ө.Агийн: “...Ж.Гэ нь энэ 06 дугаар сард Япон улсаас гэр бүлийн зориулалт бүхий тээврийн хэрэгсэл захиалж авахаар бусдад мөнгө шилжүүлж залилуулсан гэсэн Гомдол гаргасан гэхдээ тухайн шилжүүлсэн гэх мөнгийг дүү болох А би Сүхбаатар дүүргийн 1-р хороо “Гэрэгэ” оффис дээрээс шилжүүлсэн тэгээд дараа нь 21 би дээрх мөнгийг дүү Ад өгсөн байгаа гэж мэдүүлсэн энэ үнэн үү? Үнэн бол хэзээ хэдэн төгрөгийг хэн гэдэг хүний данс руу шилжүүлсэн талаар ярина уу? Хариулт: Энэ үнэн тухайн үед хүргэн ах Гэ нь над руу яриад Япон улсаас гэр бүлийн зориулалттай тоёота Альфард загварын машин авах гэж байна дуудлага худалдаа нь болж байна яаралтай мөнгөний хэрэг болоод гэж надад хэлсэн тэгээд надад Т гэх хүний нэртэй ************** гэсэн худалдаа хөгжлийн банкны дансны дугаарыг өгсөн ингээд би 6 удаагийн гүйлгээгээр нийт 28,210,000 /хорин найман сая хоёр зуун арван мянган/ төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн, харин дараа нь миний шилжүүлсэн мөнгийг Гэ ах удалгүй буцаан шилжүүлсэн..." гэх мэдүүлэг, /хх-ийн 20-21-р хуудас/,

- Гэрч Л.Сайжрахын: “...Ж.Гэ нь манай нөхөр Б.Ттэй яриад авто машин авах захиалга өгсөн байсан, захиалга өгсний дараа мэдсэн. Учир нь манай нөхөр Б. Т нь надад хэлэхдээ Ж.Гэ гэр бүлийн Велл файр авто машин авах талаар захиалга өгсөн юм, машины урьдчилгаа төлбөрөө өгөхгүй байна, тийм учир Ж.Гийн эхнэр Алтаннавчид хэлээд өгөөч ээ, машины төлбөрөө яаралтай хийгээд өгөөч гэж хэлүүлсэн, ингээд би Алтаннавчид машины урьдчилгаа төлбөрөө хийхгүй бол захиалга нь цуцлагдах гээд байна гэж дамжуулан хэлж өгсөн, үүний дагуу Ж.Гэ нь авто машины урьдчилгаа төлбөр 28 сая 200 мянган төгрөг гэсэн байх шилжүүлэн өгсөн байсан. Яг хэдэн төгрөг хийх ёстой талаар би сайн мэдээгүй юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/ зэрэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ, буцаагаад өгье гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.

            Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Б.Т нь 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ж.Гийг “...гэр бүлийн зориулалт бүхий тээврийн хэрэгслийг Япон улсаас захиалга хийж авч өгнө...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ************** тоот дансаар 28,210,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 Шүүгдэгч Б.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Гэд 28,210,000 төгрөгийн хохирол /хх-ийн 31-35 дугаар хуудас/-оос шүүгдэгч Б.Т нь 5,200,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримт болох дансны хуулгуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Тгээс 23,010,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Гэд олгох нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тгээс 23,010,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Гэд олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болох Орхон аймгаас Улаанбаатар хот руу ирж, очсон зардал, банк бус санхүүгийн байгууллагаас автомашин зээлээр худалдан авсны улмаас төлж байгаа зээлийн хүү зэрэг бусад зардлаа холбогдох баримтуудаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаагүй тул эрүүгийн хариуцлагын хурлыг үргэлжлүүлэн явуулав.

 2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг гаргасан.

            Шүүх шүүгдэгч Б.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болон түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан үзээд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

            Учир нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх хэдий ч шүүгдэгч Б.Тгийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ж.Гэд 5,200,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн зэрэг цаашид хохирогчийн гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, мөн хохирлыг нөхөн төлөхөд санаачлагатай хандаж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно.

            Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.

            Шүүгдэгч Б.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 сарын хугацаанд гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол уг шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулав.

            Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овгийн Б-ын Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тг 3,000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая гурван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Тд 4 /дөрөв/ сарын хугацаанд гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

6. Шүүгдэгч Б.Тгийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тгээс 23,010,000 /хорин гурван сая арван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Гэд олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болох Орхон аймгаас Улаанбаатар хот руу ирж, очсон зардал, банк бус санхүүгийн байгууллагаас автомашин зээлээр худалдан авсны улмаас төлж байгаа зээлийн хүү зэрэг бусад зардлаа холбогдох баримтуудаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмлэх эрхийг нээлттэй

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ОЧБАДРАХ