2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/446

 

 

 

 

 

 

   2025        02        10                                    2025/ШЦТ/446

 

                          

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,

улсын яллагч С.Болорзул,

шинжээч эмч Ц.Бадрал,

хохирогч, шүүгдэгч И.Т, түүний өмгөөлөгч Б.Дамба,

хохирогч, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Б.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овгийн Э-ийн Б, Х овгийн И-ийн Т нарт холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн,

2. Монгол улсын иргэн,

Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг:

Шүүгдэгч И.Т нь согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа 2024 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Порт-28” гэх нэртэй караоке бааранд хохирогч Э.Бтой тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож хохирогчийн эрүүл мэндэд зүүн сарвууны ядам хурууны дунд шивнүүрийн суурь хэсгийн сэлтэрсэн далд хугарал, угийн болон дунд шивнүүрийн үений мултрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа 2024 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Порт-28 гэх нэртэй караоке бааранд хохирогч И.Ттэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож хохирогчийн эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алиманд цус харвалт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч, шүүгдэгч И.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Солонгос улсад ажиллаж байгаад ирсэн. Монгол Улсад ирээд Солонгос гоо сайхны барааны дэлгүүр ажиллуулдаг болсон ба тухайн хэрэг гардаг өдөр би ажлынхантайгаа шинэ жилийн баяр тэмдэглэх гээд мах шарж иддэг газар орсон. Тэгээд тэнд ганц, ганц пиво уучихаад гараад харих гэж явж байхдаа уг хэрэг гарсан ба караоке руу орсон. Тэнд ороод эмэгтэйчүүд нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, харин эрэгтэйчүүд нь хоёр, хоёр пиво уусан. Гарч ирээд тооцоо хийх гэж очиход текин дээр маш олон хүн байсан. Тэгээд барментай хэрүүл хийгээд гуйлгачин минь наадах чинь яагаад уншихгүй байгаа юм бэ гэж хэлсэн. Тэр үед манай ажилтан Ө ахаа наадах чинь шөнийн 03 цагт банк өндөрлөгөө хийдэг гэж хэлсэн. Тэгэхэд өөдөөс нь би өмнөөс чинь ажлыг чинь хийгээд өгөх үү гээд барменыг хэл амаар доромжлоод байсан. Би тайвшруулах гээд байж байтал хажуу талаас намайг цохисон. Тэгээд гурван хүн зодож байсан ба хажуу тийшээ харахад Өыг зодож байсан. Араас манай эгч гарч ирээд салгах гэхэд Э.Б жийж унагаасан. Тэгээд манай эгчийг бармен залуу болон манай ажлын Э нар босгоод буйдан дээр хэвтүүлсэн байсан. Нүдний шилтэй намхан, ногоон куртиктэй залуу миний дээр гараад намайг зодоод байсан. Миний хувьд Солонгост 5-6 жил болоод ирсэн.” гэв.

Хохирогч, шүүгдэгч Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Өмнөговь аймагт ажиллаж амьдардаг ба тухайн үед хотод орж ирээд удаагүй байсан. Орон нутагт байдаг учраас уулзаагүй удсан хоёр найзтайгаа уулзсан. Би болон манай найзууд бүгд санхүүгийн мэргэжилтэй ба банк хэзээ ямар өндөрлөгөө хийдгийг мэднэ. Монгол банк, Зоос банк зэрэг банкуудад ажиллаж байсан. Тэгээд найзуудтайгаа уулзаад 2-3 пиво ууя гээд тухайн газар орсон. Тооцоо хийх гэхээр яагаад удаад байсныг мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар 5 орчим минут болсон. Тэгээд араас баахан залуучууд ирээд яасан бэ, яагаад удаад байгаа юм гээд хэрүүлийн чанартай зүйл яриад байсан. Бид нар бол хүмүүстэй муудалцаад байхаар насны хүмүүс биш. Манай эхнэр бол тухайн үед архи уугаагүй. Манай эхнэр тооцоо хийх гээд зогсож байсан. 5 залуу гэж мэдүүлээд байгаа боловч тийм олон хүн байгаагүй. Манай хоёр найз нэг нь эхнэртэйгээ, би гээд тавуулаа явж байсан. Тухайн үед согтолттой байсан. Нэг өндөр залуу намайг гуулин шүдтэй гэж доромжлоод эхэлсэн. Хамт явж байсан эгч нь гээд байгаа эмэгтэй ирээд миний хувцаснаас зулгаагаад хэвтсэн. Тухайн үед манай эхнэр гинжээ алга болгосон байсан ба маргааш нь очиход тухайн газрын үйлчлэгч эгч текин дээрээ аваад тавьсан байсан. Согтуурлын зэрэг бол нэлээд өндөр байсан.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

Эрүүгийн ************ дугаартай хэргээс:

Улсын яллагч хохирогч Э.Бын мэдүүлэг /хх-ийн 9-10, 48-49-р хуудас/, хохирогч И.Тгийн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/, гэрч Р.У-Эийн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/, гэрч Э.Өын мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/, гэрч Д.Еийн мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/, гэрч И.Хгийн мэдүүлэг /хх-ийн 56-57-р хуудас/, гэрч Б.Тгийн мэдүүлэг /хх-ийн 65-р хуудас/, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 897 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-31-р хуудас/, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 813 дугаартай дүгнэлт /хх-ийн 35-36-р хуудас/, согтуурсан мансуурсан хүнийг саатуулах тогтоол /хх-ийн 41-р хуудас/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 60-р хуудас/, яллагдагч И.Тгийн мэдүүлэг /хх-ийн 76-77-р хуудас/, яллагдагч Э.Бын мэдүүлэг /хх-ийн 87-р хуудас/, яллагдагч нараас бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 219, 235-р хуудас/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч, шүүгдэгч И.Тгийн өмгөөлөгч Б.Дамба гэрч И.Хгийн мэдүүлэг /хх-ийн 56-57-р хуудас/, гэрч Г.Оын мэдүүлэг /хх-ийн 161-162-р хуудас/,  гэрч Б.Тгийн мэдүүлэг /хх-ийн 65-р хуудас/, шинжээч Ц.Бадралын мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 177-181-р хуудас/, шинжээчийн 807 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.

Хохирогч, шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч Б.Энхболд шинжээчийн дүгнэлт /1 хавтаст хэргийн  35-37 дугаар хуудас/, хохирогч Э.Бын мэдүүлэг /хх-ийн  48-49-р хуудас/, гэрч Д.Еийн мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 60-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 91-р хуудас/, шүүгдэгч Э.Бын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн  93-99-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.

Хохирогч, шүүгдэгч И.Т нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.            

Хохирогч, шүүгдэгч Э.Б нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч И.Т, Э.Б нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

1.Гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч И.Т, Э.Б нар нь 2024 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Порт-28” гэх нэртэй караоке бааранд тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож, И.Т нь Э.Бын эрүүл мэндэд зүүн сарвууны ядам хурууны дунд шивнүүрийн суурь хэсгийн сэлтэрсэн далд хугарал, угийн болон дунд шивнүүрийн үений мултрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, Э.Б нь И.Тгийн эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алиманд цус харвалт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

Нотлох баримтын талаар:

- Хохирогч Э.Бын: “...Миний бие 2023 оны 12 дугаар сарын 25-ны орой 23 цагийн цагийн орчим 50 дугаар дэлгүүрийн доод талд байрлах караоке бааранд З /*************/, У-Ээ, О /*************/ болон эхнэр Е нарын хамт орсон. Тэгээд тухайн баар караокегоор үйлчлүүлж байгаад гарах гээд тооцоо хийх гэтэл сүлжээ нь болохгүй байна гээд бид хэд 10 орчим минут хүлээсэн. Тэгээд юу болов яагаад удав гэж асуутал цаанаас нэг залуу загнаад эхэлсэн /би юу гэж загнаад байсан талаар нь санахгүй байна/. Тэгээд тухайн залуутай маргалдаад хоорондоо зодолдож байсан. Тэгсэн хамгаалалтын албаны хүмүүс нь ирж салгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.... Миний зүүн сарвууны ядам хурууны дунд шивнүүрийн суурь хэсгийн сэлтэрсэн далд хугарал, угийн болон дунд шивнүүрийн үеийн мултрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг учруулсан гэх залууг би харвал танина. Тухайн үед яг ямар хувцастай байсан талаар бол бага зэрэг санахгүй байна. Хэсэг хугацааны дараа санаж магадгүй гэж бодож байна. Тэр залуу миний санаж байгаагаар бол хар өнгийн нимгэн цамцтай байсан байх гэж бодож байна. Гэхдээ тэр залууг харвал илүү сайн санах байх. Би тэр хэдийн талаар бол сайн санахгүй байгаа бөгөөд тэр хүмүүс нь өөрсдөө тухайн үед ямар хувцастай явж байсан талаар бол мэдэх байх гэж бодож байна. Би бол тухайн үед малгайгүй, улаан хүрэн ноолуур нь цамцтай бор нааптай байсан гэдгээ мэдэж байгаа. Би гомдолтой байгаа бөгөөд тухайн үед би алтан гинжтэй байсан бөгөөд би тэр гинжээ тухайн үед алдсан. Миний тэр гинжийг миний хурууг хугалсан гэх залуу авсан байж магадгүй гэж бодож байна. Яагаад гэвэл тэр залуу намайг заамдаж аваад цохисон байгаа. Би уг алтан гинжээ 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотоос 2,080,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд уг гинж нь 8 граммын жинтэй байсан. Би одоо уг гинжээ 2,080,000 төгрөгөөр үнэлж байна. Мөн өмсөж явсан бор нэхий наапыг урсан байгаа. Би уг наапаа 2022 онд Улаанбаатар хотоос 1,800,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд одоо уг наапаа 1,500,000 төгрөгөөр үнэлж байна. Яагаад гэвэл уг наапыг өмсөх боломжгүй болтол нь урсан байсан. Мөн улаан хүрэн өнгийн Монгол кашмар брендийн цамцыг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бэсст шопоос 500,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би уг цамцаа одоо 500,000 төгрөгөөр үнэлж байна. Яагаад гэвэл уг цамцыг аваад удаагүй бөгөөд хэрэг болдог өдөр л анх удаа өмссөн байгаа.." гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 48-49-р хуудас/,

- Хохирогч И.Тгийн: “...Миний бие 2023 оны 12 дугаар сарын 25-ны шөнө 23 цагийн орчим Циркийн ард талын их дэлгүүр рүү явдаг уулзварын буланд в1 давхар руу ордог караокед Ариунболор, Ө, Х, Э нарын хамт орж Сэнгүүр нэртэй пиво уусан. Тэгээд дуулж байгаад 03 цаг 25 минутын орчим цаг дуусаж байсан бид нар гэр рүү гээ явах гээд тооцоо хийх гээд байж байтал олон согтуу хүмүүс бараг муудалцаад байсан. Би тухайн үед картаараа тооцоо хийж байсан. Тэгсэн тухайн залуучуудтай явж байсан улаан куртиктэй залуу миний нүд рүү цохисон, өөр мөн хамт явж байсан залуу толгой руу цохисон. Тэгээд цагдаа ирсэн, цагдаа ирэхэд намайг ийм болгочихлоо гэж хэлсэн. тэгсэн чи цагдаа руу орилдог хэн юм бэ гэж хэлсэн. Миний бие ямар нэг хүний биед халдсан зүйл байхгүй. Миний зүүн хавдаж хөхөрсөн, хөмсөг сэтэрсэн, толгой хавдсан, өөр ямар нэг гэмтэл шарх үүссэн зүйл байхгүй. Миний бие хар өнгийн куртик, хар өнгийн цамц, хар өнгийн өмдтэй явж...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

- Гэрч Р.У-Эий: “...Миний бие 2023 оны 12 дугаар сарын 25-ны орой 23 цагийн орчим 50 дугаар дэлгүүрийн порт 28 гэх нэртэй караокед нөхөр З, Б, түүний эхнэр Е. О нарын хамт орж караокед 2 цаг дуулж байгаад 2023 оны 12 дугаар сарын 26-ний шөнө 03 цагийн орчим тооцоогоо хийх өрөөнөөсөө гарсан. Тэгсэн тооцоо хийх гэсэн посс машин нь гацаад нөатийн баримт өгөхгүй удаад байсан. Тэгэхээр яагаад удаад байгаа талаар асуухад пос машин нь гацаад байна гэсэн. Тухайн үед ард хэд хэдэн залуучууд тооцоо хийх гээд байсан. Тэгсэн нэг өндөр шовгор царайтай залуу нь хэрүүл хийгээд дайраад байсан. Тэгээд хоорондоо зодолдсон. Тухайн үед би хол зогсож байсан. Тэгээд энд тэнд зодолдоод байсан учир хэн хэнийг хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. Миний бие тухайн зодоон руу ойртсон зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19, 201-р хуудас/,

- Гэрч Э.Өын: “...Миний бие 2023 оны 12 дугаар сарын 26-ны шөнө 00 цагийн орчим караокеных нь нэрийг санахгүй байна караокед эхнэр А, ax Т, ахын эгч Х, ажлын газрын дүү Э нарын хамт орж үйлчлүүлж байгаад 03 цалин орчим тухайн өрөөнөөс тооцоо хийх гээд бүгд гарсан. Тэгсэн урд тооцоо хийх гээд үл 3 эрэгтэй 2 эмэгтэй зогсож байсан. Тэгээд тооцоогоо хийх гээд урьд байсан хүмүүсийн карт нь уншихгүй байсан. Тэгээд 2-3 минут хүлээсэн. Тэгтэл карт уншихгүй байна гэж хэлээд хажуудаа байгаа удирдах албан тушаалтанд тайлбарлаж байсан. Тэгсэн тухайн залуучуудаас нүдний шилтэй ногоо хувцастай залуу болон нэг эмэгтэй нь хурдлалдаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би банкны өдөрлөгөө болдогшдээ хүлээж байлдаа ах нар гэж хэлсэн. Тэгсэн тухайн залуу нь над руу дээрэнгүй маягаар чи юу мэддэг юм бэ гэж хэлсэн, тэгэхэд манай хамт явж байсан ах Т юу гээд байна гэж хэлээд нүдний шилтэй ногоон хувцастай залуутай зодолдоод эхэлсэн. Тэгээд дээрээс нь нэмээд найзууд нь орж би хар нэхийтэй залуутай барьцалдаад текний хажуу талын буйдангийн хажууд дээр нь дараад хөдөлгөөнийг нь хориод байж байсан. Тэгээд цаана бол бөөн зодоон болж байсан. Би юу болж байгаа талаар харах боломжгүй байсан. Тэгсэн дахин нэг залуу над руу ирээд малгай дарж аваад нүүр рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгээд тухайн газрын 2 зөөгч салгаад хоёр тийшээ болгосон. Тэгсэн манай хамт явсан ах болох Т нь цус болсон хөмсөг нь сэтэрсэн байсан. Тэгээд нөгөө талаас мөн адил нэг залуу цус болсон байсан. Тэгээд тухайн газрын хамгаалагч нар нь ирээд болиулсан. Тэгээд араас нь цагдаа нар ирсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 22-23, 216-р хуудас/,

- Гэрч Д.Еийн: “...2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өөрийн нөхөр Э.Бын хамт түүний найзууд болох З, О, У бид нар Хүүхдийн 100 өнгөрөөд 50 дугаар дэлгүүр талдаа байдаг МВ караокед орж үйлчлүүлсэн юм. Тэгээд үйлчлүүлээд ороод 2-3 цаг суугаад гарсан. Тэгээд үүдний хэсэгт тооцоогоо хийгээд зогсож байсан ба ойролцоогоор 5 орчим минут хүлээлгэхээр нь касснаас нь яагаад ингээд удаад байгаа билээ гээд асуусан чинь баримт гарахгүй байна эгч гээд надад хэлсэн. Тэгэхээр нь баримт яахын хэрэггүй, тооцоогоо наанаасаа уншуулчих гээд тооцоогоо хийх гэтэл ард тооцоо хийхээр хүлээж байсан залуучууд яасан их уддаг юм гээд тэгэхээр нь бид нар удаагүй, энд баримт гарахгүй гээд удаад байна гээд хэлтэл нэг үл таних эрэгтэй намайг дуугүй бай гичий минь гээд над руу хэлсэн. Тэгээд хэлэхээр нь манай нөхөр чи яагаад эмэгтэй хүнийг гичий гэж хэлж байгаа юм гээд хэлсэн. Тэгтэл нөгөө намайг хэл амаар доромжилсон залуу нь хамт явж байсан өндөр биетэй залуугийн хамт манай нөхрийг гуйлан шүдтэй хөгшин писда гэх зэргээр доромжлоод эхэлсэн. Тэгэхээр нь манай хүн нөгөө залууг за зүгээр байгаарай мангар бацаан минь гээд хэлтэл нөгөө махлаг дунд зэргийн нуруутай залуу манай нөхрийн эрүүн тус газар нь цохиод авсан. Ингээд зодоон эхлээд зууралдаад эхэлсэн бөгөөд тухайн залуу манай нөхрийн зүүн талын гарын ядам хурууг нь базаад хойш нь мушгиж дарсан. Энэ үед тухайн залуучуудтай хамт явж байсан 25 орчим насны гэж хэлэхээр эмэгтэй манай нөхрийн цамцнаас нь зуураад газар хэвтээд өгсөн бөгөөд манай нөхрийн гарыг мушгисан байх үед тухайн эмэгтэй хувцас хунараас зуурах явцдаа алтан гинжийг тасалчихсан. Тэгээд зодооныг нь салгах хүн байгаагүй бөгөөд цагдаа дууд гэж хэлж байж дуудлага өгүүлсэн. Ингээд цагдаагийн хэлтэс дээр бид нарыг авчирсан бөгөөд манай нөхрийн хувцас биед халдсан эмэгтэй доор жижүүрийн хэсэг дээр цагдаагийн алба хаагчдыг хэл амаар доромжилж агсан тавиад байсан. Ийм зүйл болсон. Манай нөхрийн гарыг мушгиж гэмтээсэн залуу нь 165 см орчим өндөртэй, тарган махтай, үс нь халимаг ширүүн хар өнгийн үстэй, өтгөн хөмсөгтэй залуу байсан. Эмэгтэй нь 160 см өндөртэй, намхан, цайвар царайтай байсан. Тухайн хүмүүс нэлээн согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54, 204-р хуудас/,

- Гэрч А.Оын: “...Тухайн үед миний дээрээс хүн дарсан байсан учир нөгөө талд юу болж байгаа талаар би харж чадахгүй байсан бөгөөд тухайн газрын хамгаалагч нар салгасан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн бөгөөд цагдаа нар ирэх үед намхан махлаг залуу болон тухайн залуугийн эгч нь гэх эмэгтэй нар цагдаа руу хэл амаар доромжлоод агсам тавиад байсан. Тухайн Бын бөгжтэй хуруу байсан тэгэхээр би ядам хуруу шиг санаад байна хугарсан байсан. Тэгээд бид нар гэмтэл рүү яваад очтол бөгжтэй хуруу байсан учир Онцгой байдал руу очиж бөгжөө таслуул гээд тухайн газар очиж бөгжөө таслуулаад буцаад гэмтэл рүү очсон. Тэгсэн гэмтлийн эмнэлгээс боож өгөөд хэд хоногийн дараа хагалгаа хийлгэх шаардлагатай юм байна гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 161-162-р хуудас/,

- Гэрч Э.Эгийн: “...Миний бие 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хүүхдийн зуугийн нэг газарт Т ах. Х эгч, цуг ажилладаг нэг ах болон дахиад нэг эгч тэгээд би ингээд 5 уулаа мах шарж идчихээд тухайн газраас гараад дуулна гээд хүнсний 50 дугаар дэлгүүрийн орчим нэг караокед хэдэн цагийн алдад орсон талаараа санахгүй байна ороод дуулж байгаад гарах гээд Ариунболор эгч бид 2 түрүүлээд гарсан бөгөөд араас бусад нь гарч ирж байсан. Тэгээд тухайн А эгч буцаад орсон тэгэхээр нь би араас дагаад ортол тухайн газар хүмүүс хоорондоо орилолдоод муудалцаад байсан. Тэгээд би тухайн үед айгаад больцгоо гэж хэлсэн боловч болихгүй байсан. Тэгээд тухайн газар маргалдсан хүмүүс Х эгчид хаана нь гар хүрсэн талаар санахгүй байна нэг газар зохисон. Тэгсэн Т ах Х эгчийг өмөөрөөд чи яагаад эмэгтэй хүнд гар хүрч байгаа юм бэ гээд намхан бондгор ахтай зодолдоод байсан мөн тухайн Х эгчийг зохихоос өмнө маргалдсан байсан бөгөөд ямар шалтгааны улмаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Тухайн үед эмэгтэйчүүд нь архи согтууруулах ундаа хэрэглээгүй харин Т ах нэлээн их хэмжээний архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Миний хамт явсан хүмүүстэй маргалдсан хүмүүс мөн адил архи согтууруулах ундаа нэлээн хэрэглэсэн байсан. Тухайн үед харилцан зодолдоод байсан. Хэний биед хэрхэн халдсан талаар нь бол мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг хх-ийн 175-176-р хуудас/,

- Гэрч Б.Тгийн: “...Би Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Порт- 28 нэртэй караокед бармен ажилтай хүн байгаа юм. 2023 оны 12 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө ажил дээрээ байж байх үедээ хүн бага байсан учраас өөр юм хийгээд байж байсан юм. Тухайн үед манайхаар үйлчлүүлсэн хүмүүс гарах үедээ төлбөрөө төлөхөөр текэн дээр ирээд зогсож байхдаа манай зөөгч залуутай зүй бусаар харилцах байдлаар харилцаж, эндээс тооцоогоо авчих гуйлгачин минь гэж хэлээд картаа шидсэн. Тухайн үед би тэрийг нь сонсоод зөөгч залуу дээрээ яваад очтол ард нь тооцоо хийх гээд зогсож байсан залуучууд тухайн хүмүүст хандаад “ахаа орой болохоор банк өндөрлөгөө болоод гүйлгээ жоохон уддаг, та хүнтэй зөв боловсон харьцаачээ” гээд нэлээн зелдгээр хэлсэн. Тэгтэл нөгөө тооцоо хийх гэж байсан эрэгтэй нь “чи тооцоогоо хийж чадахгүй бол дуугай бай, би тооцоог чинь хийж өгөх үү” гэх зэргээр доромжлоод эхэлсэн. Тухайн үед тэр ахтай хамт явж байсан эмэгтэйчүүд асуудлыг дэвэргээд байсан. Тэгээд хоорондоо барилцаад авсан чинь нэг эмэгтэй нь нөгөө зөв шаардлага тавьсан арай залуухан эрэгтэйг хажуу талаас нь цохиод авсан. Тэгээд ер нь хоёр талаасаа бужигнаад зодолдоод эхэлсэн. Зөөгч залуу бид хоёр болиулах гээд чадаагүй. Ингээд хамгаалалтын алба руугаа дуудлага өгүүлсэн ба дуудлага өгчхөөд эргээд хартал тэр хэл амаар доромжлоод байсан ахыг буйдангийн хэсэгт дээрээс нь дараад суучихсан “та надад гай болно, зүгээр бай” гээд хөдөлгөөнийг нь хязгаарлаад сууж байсан. Нэг хэсэг хүмүүс нь текний урд хэсэгт хоорондоо зодолдоод байсан ба нэг эмэгтэй нь шалан дээр хэвтэж байсан. Ингээд хамгаалалтын алба ирээд салгаад байж байх үед цагдаа ирээд аваад явсан. Ер нь бол зодоон болсон бэ? гэхээр зөөгч залуутай муухай харьцсан асуудлыг нь хойно зогсож байсан эрэгтэй “та хүнтэй зөв боловсон харьцаач” гэсэн шаардлага тавьсны улмаас л хоорондоо маргалдаж эхэлсэн. Эхэнд тооцоо хийж байсан хүмүүс нэлээн нас тогтсон гэж хэлэхээр ах эгч нар байсан, ард тооцоо хийхээр зогсож байсан залуучууд арай нас залуу залуучууд байсан. Анх текний хэсэг дээр маргалдаж эхлэх үедээ бие биеийнхээ энгэрээс заамдалцаад эхэлсэн. Яг зодоон өрнөөд эхлэх үед бол хэн нь хэнийгээ цохиод байгаа нь мэдэгдэхээ больсон. Тухайн үед хяналтын камерын хард бичигч төхөөрөмж нь эвдэрсэн байсан учраас бичлэг хийгдээгүй. Одоо бол хяналтын камер зүгээр байгаа.. Тухайн залуу 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай форд 28 нэртэй караокед цагийн ажил хийж байсан. Манай байгууллага цагийн ажилтнуудтай ямар гэрээ байгуулдаггүй учир тухайн зөөгч залуугийн мэдээлэл манайд байхгүй би мэдэхгүй байна. Тус залуу ажлаас гарахдаа Австрали улс руу явлаа гэж хэлээд гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65, 216-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 897 дугаартай: “И.Тгийн зүүн нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алиманд цус харвалт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Зүүн нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алиманд цус харвалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун тохойд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 813 дугаартай: “Э.Бын биед зүүн сарвууны ядам хурууны дунд шивнүүрийн суурь хэсгийн сэлтэрсэн далд хугарал, угийн болон дунд шивнүүрийн үений мултрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36-р хуудас/,

- Шинжээч эмч Ц.Бадралын “...тухайн хэсэг газарт мохоо зүйлийн цохигдох болон юм цохих үед үүсэх боломжтой бөгөөд тус мултрах гэмтэл нь үений эсрэг хөших үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 179-180-р хуудас/,

- Согтуурсан мансуурсан хүнийг саатуулах тогтоол /хх-ийн 41-р хуудас/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 60-61-р хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршиг болох хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хөнгөн хохирол учруулсан, тодорхой хувийн сэдэлт, маргаан, тохиолдлын үндсэн дээр бий болдог ба гэмт хэрэг үйлдэгчийн довтолгоон, үүний улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тодорхойлогдсоноор дээрх гэмт хэргүүдийн ердийн бүрэлдэхүүний шинж хангагдана.

   Шүүгдэгч И.Т болон түүний өмгөөлөгч нарын зүгээс хохирогч Э.Бын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг хохирогч нь өөрөө өөртөө учруулах боломжтой буюу хохирогч Э.Б нь И.Тгийн биед халдаж зодож цохих явцдаа мохоо зүйлд цохиж учруулсан байж болзошгүй гэх дүгнэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт танилцуулсан ба хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тухайн маргаан болсон гэх цаг хугацаанд хохирогч Э.Бын биед өөр хүн халдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр Э.Бын биед учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл болох нь тогтоогдож байна.

   Мөн шинжээч эмч нь шүүхийн хэлэлцүүлэгт оролцож хохирогч Э.Бын биед учирсан зүүн сарвууны ядам хурууны дунд шивнүүрийн суурь хэсгийн сэлтэрсэн далд хугарал, угийн болон дунд шивнүүрийн үений мултрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь хүн цохих болон өөр хатуу мохоо зүйлд цохих үед өөртөө учруулах боломжтой гэх мэдүүлгийг өгсөн хэдий ч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар уг үйл баримт тогтоогдохгүй байх тул шүүгдэгч И.Т болон түүний өмгөөлөгч нараас гаргасан дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.  

Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч И.Т нь 2024 оны 12 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө 03 цагийн орчимд согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Порт-28 гэх нэртэй караоке бааранд хохирогч Э.Бтой тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож хохирогчийн биед зүүн сарвууны ядам хурууны дунд шивнүүрийн суурь хэсгийн сэлтэрсэн далд хугарал, угийн болон дунд шивнүүрийн үений мултрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Э.Б нь 2024 оны 12 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө 03 цагийн орчимд согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Порт-28 гэх нэртэй караоке бааранд хохирогч И.Ттэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож хохирогчийн нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь зүүн нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алиманд цус харвалт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатан учруулсан болох нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч И.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Т, Э.Б нар нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор Эрүүгийн хуульд тодорхойлсон бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Э.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч И.Тгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учиржээ.

Хохирогч Э.Б, И.Т нар нь эмчилгээний зардал нэхэмжилсэн талаарх баримтыг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч Э.Б, И.Т нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн хохирогч Э.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Дамно” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлтээр гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг буюу бусдад зодуулах явцад зүүсэн байсан монетон гинж, өмсөж явсан хувцас зэрэгт учирсан 2,340,800 төгрөгийг нэхэмжилсэн ба хэргийн үйл баримтаар тухайн хор уршгийг И.Тгийн үйлдлээс болж учирсан болох нь хангалттай тогтоогдохгүй байна.  

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч И.Т, Э.Б нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас учирсан хор уршгаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Шүүгдэгч Э.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах,

Шүүгдэгч И.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах” саналыг,

Хохирогч, шүүгдэгч Э.Бын өмгөөлөгчөөс “...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан торгох ялыг бага хэмжээгээр оногдуулах...” саналыг,

Хохирогч, шүүгдэгч И.Тгийн өмгөөлөгчөөс “...Миний үйлчлүүлэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд торгох ялыг биелүүлэх бүрэн боломжтой тул торгох ялын хэмжээг багасгаж оногдуулах...” саналыг тус тус гаргасан болно.

            Шүүх шүүгдэгч Э.Б, И.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болон тэдгээрийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан тэдгээрт торгох ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

            Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.

            Шүүгдэгч И.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял,

            Шүүгдэгч Э.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бод оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд, шүүгдэгч И.Тд оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/ /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулав.

            Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч И.Т, Э.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт хохирогч Э.Бын эмчилгээ хийлгэсэн дүрс оношлигооны бичлэг бүхий СиДи – 1 ширхгийг хавсаргаж ирүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 1. Шүүгдэгч Х овгийн И-ийн Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч З овгийн Э-ийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Тг 1,000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар,

Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Быг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.         

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш шүүгдэгч Э.Бод шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд, шүүгдэгч И.Тд шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Э.Б, И.Т нарын эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг тэдгээрийн оршин суугаа газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Э.Б, И.Т нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хохирогч Э.Бын эмчилгээ хийлгэсэн дүрс оношлигооны бичлэг бүхий СиДи – 1 ширхгийг хавсаргаж ирүүлснийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б, И.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ОЧБАДРАХ