| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Очбадрах |
| Хэргийн индекс | 194/2025/0305/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/463 |
| Огноо | 2025-02-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | П.Болормаа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/463
2025 02 11 2025/ШЦТ/463
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч П.Болормаа /томилолтоор/,
өсвөр насны шүүгдэгч А.Аэ, түүний хууль ёсны төлөөлөгч Л.А , түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч З овгийн А-ийн Аэд холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч А.Аэ нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуулчны гудамж, Арт хаус центрийн гадна орхисон байсан хохирогч Р.Сий эзэмшлийн “Тмик” /Tmik/ загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч А.Аэ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн *********** дугаартай хэргээс:
Улсын яллагч хохирогч Р.Сийн мэдүүлэг /хх-ийн 6-р хуудас/, эд зүйл хүлээн авч хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 10-11-р хуудас/, “Дамно” ХХК-ийн алдагдсан гэх унадаг дугуйны зах зээлийн үнийг тогтоосон 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №ЧД1-24-1087 дугаартай “...зах зээлийн үнээлгээ нийт 350,000 төгрөг...” гэсэн үнэлгээ /хх-ийн 13-16-р хуудас/, яллагдагч А.Анар-Эдрэнийн насыг тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 37-38-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Өсвөр насны шүүгдэгч А.Аийн өмгөөлөгч Ш.Бадмаараг “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Өсвөр насны шүүгдэгч А.Аийн хууль ёсны төлөөлөгч Л.А нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Өсвөр насны шүүгдэгч А.Аэ нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хассан, хязгаарласан байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй гэж үнэлсэн болно.
Өсвөр насны шүүгдэгч А.Аэд холбогдох хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
1.Гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “өсвөр насны шүүгдэгч А.Аэ нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуулчны гудамж, Арт хаус центрийн гадна орхисон байсан хохирогч Р.Сий эзэмшлийн “Тмик” /Tmik/ загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Нотлох баримтын талаар:
- Хохирогч Р.Сий: “...2024 оны 9 дүгээр сарын 10-ны орой Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Жуулчны гудамж Арт хаус центрийн гадна хашаан дотор өөрийнм эзэмшлийн Tmik загварын саарал өнгийн унадаг дугуйгаа орой 22 цагийн үед дугуйн зогсоол дээр тавьсан бөгөөд 1 цагийн дараа буцаж гарч ирэхэд миний унадаг дугуй хулгайд алдагдсан байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-р хуудас/,
- Эд зүйл хүлээн авч хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 10-11-р хуудас/,
- “Дамно” ХХК-ийн алдагдсан гэх унадаг дугуйны зах зээлийн үнийг тогтоосон 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №ЧД1-24-1087 дугаартай “...зах зээлийн үнээлгээ нийт 350,000 төгрөг...” гэсэн үнэлгээ /хх-ийн 13-16-р хуудас/,
- Өсвөр насны яллагдагч А.Аий насыг тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 37-38-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, өсвөр насны шүүгдэгч А.Аэ нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуулчны гудамж, Арт хаус центрийн гадна орхисон байсан хохирогч Р.Сий эзэмшлийн “Тмик” /Tmik/ загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч А.Аийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр шүүгдэгч А.Аэ нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
1.1 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Р.Сэд 350,000 төгрөгийн хохирол /хх-ийн 13-16-р хуудас/ учирсан байна.
Өсвөр насны шүүгдэгч А.Аэ нь хохирлыг барагдуулсан болох нь эд зүйл хүлээн авч хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 10-11-р хуудас/-ээр тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгч А.Аийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 180 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэх саналыг,
Өсвөр насны шүүгдэгч А.Аийн өмгөөлөгч Ш.Бадмаарагаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах” гэх саналыг тус тус гаргасан.
Шүүх өсвөр насны шүүгдэгч А.Аэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг биет байдлаар хүлээлгэн өгч хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч А.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ авч хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Аийг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, амьдрах зөв арга барилд сургах, зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, түүний хэрэгжилтэд хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Аийг хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч Л.А д даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулах нь зүйтэй.
Өсвөр насны шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, өсвөр насны шүүгдэгч А.Аэ нь энэ хэрэгт 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 18 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, өсвөр насны шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Өсвөр насны шүүгдэгч З овгийн А-ийн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч А.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Аэд оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 2 /хоёр/ жилийн хугацаанд амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүний хэрэгжилтэд хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Аийг хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч Л.А д даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд өсвөр насны шүүгдэгч А.Аэ нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Өсвөр насны шүүгдэгч А.Аэ нь энэ хэрэгт 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба нийт 18 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
7. Өсвөр насны шүүгдэгч А.Аэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг нэн даруй сулласугай.
8. Өсвөр насны шүүгдэгч А.Аэ нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогдоогүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч А.Аэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЧБАДРАХ