| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Очбадрах |
| Хэргийн индекс | 194/2025/0130/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/440 |
| Огноо | 2025-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Баасанбаяр |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/440
2025 02 10 2025/ШЦТ/440
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Э.Баасанбаяр,
шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овгийн Ц-ийн Од холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:
Шүүгдэгч Ц.О нь 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Моника” зочид буудалд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Г.Бтай маргалдан түүний толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алиманд цус харвалт, зүүн зовхи уруулд цус хуралт, баруун зовхи уруулд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн ************ дугаартай хэргээс:
Улсын яллагч хохирогч Г.Бгийн мэдүүлэг /хх-ийн 21, 23-р хуудас/, гэрч Н.Эгийн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын, Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14767 дугаартай дүгнэлт /хх-ийн 43-44-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.О нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Ц.Од холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.О нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.
1.Гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч Ц.О нь 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Моника” зочид буудалд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Г.Бтай маргалдан түүний толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алиманд цус харвалт, зүүн зовхи уруулд цус хуралт, баруун зовхи уруулд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Нотлох баримтын талаар:
- Хохирогч Г.Бгийн: “...Би найз болох Эрдэнзаяатай утсаар яриад манай найз залуу ирж байгаа 3-лаа юм яриад хамт хонох уу гэж хэлээд би дуудсан. Тэгээд 20 цагийн үед сансрын колонк дээр бид гурав хоолонд ороод тэндээсээ орой 23 цагийн үед 801 автобусны буудлын ард байх Моника нэртэй зочид буудлын 210 тоот өрөөнд ороод юм яриад пиво уугаад сууж байхад шөнийн 00 цагийн орчимд О араас орж ирсэн. Тэгээд бөөнөөрөө юм яриад сууж байхад манай найз залуу Тулга орой 12 өнгөрөөгөөд явсан. Явахдаа Эд би наад хүүхнийг чинь ашиглах гэж уулздаг ямар ч харилцаа холбоо байхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь Э намайг өмөөрөөд чи яв гэж хэлээд явуулсан. Тэгээд явсных нь дараа О СьЮ-гээс 2 ширхэг Сэнгүр нэртэй 2,5 литрийн пиво аваад орж ирээд сууж байгаад намайг хэл амаар доромжлоод чи угаасаа янхан биз дээ гэж хэлсэн. ТэгсэнЭ чи ингэд биеэ үнэлээд мөнгө олоод сурчихсан юм уу ажил олж өгч байхад хийж чадахгүй гэж хэлээд бид маргалдаад Ц. О шууд “Чи янхан” гэж хэлээд миний толгой хэсэгт шууд цохиод эхэлсэн. тэгээд би зодуулчхаад цагдаа дуудсан. Тухайн хэрүүл болж байхад Ц.О нь намайг зодож, би өөрөөсөө салгах гээл түлхээд зууралдсан. Тэр үед н.Э миний толгой руу салгах гээд түлхэж байсан. тэрнээс өөрөөр намайг цохиж зодоогүй, миний биед гар хүрээгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 21, 23-р хуудас/
- Гэрч Н.Эгийн: “...2023 оны 11 дүгээр сарын 22-ны орой 20 цагийн үед.... Бид нар буцаж буудлынхаа 210 тоот өрөө рүү ороод авсан пиво, сөжүгээ ууж эхэлсэн. Бид нар пивоо уугаад ярилцаад сууж байтал Б нь надад “...чи Батхүү ахтай унтсан...” гээд юм ярихаар нь би тэр үед Б ах руу фейсбүүкээр залгаад ярилцахад “... үгүй, тийм зүйл болоогүй...” гэж хэлсэн. Тэгээд би Бг худлаа хэллээ гэж хэлээд Бтай маргалдаж эхэлсэн. Маргалдаж байтал О нь маргааныг салгасан. Тэгтэл Б нь О рүү дайраад маргалдаж эхэлсэн. Маргалдах үед О нь Бгийн нүүр рүү нь 1 удаа цохихоор нь Б зөрүүлээд Огийн толгойн үснээс нь зулгаасан. Тухайн үед би согтсон байсан болохоор болсон зүйлийн талаар сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар О нь Бгийн нүүрэн тус газарт нь хэд хэдэн удаа цохиж, харин Б нь Огийн үснээс зулгааж, маажаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14767 дугаартай: “Г.Бгийн биед баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алиманд цус харвалт, зүүн зовхи уруулд цус хуралт, баруун зовхи уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-44-р хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон шүүх хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Ц.О нь 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Моника” зочид буудалд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Г.Бтай маргалдан түүний толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алиманд цус харвалт, зүүн зовхи уруулд цус хуралт, баруун зовхи уруулд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ц.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч Г.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Б нь хохирол, эмчилгээний зардал нэхэмжилсэн талаарх баримтыг гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг гаргасан болно.
Шүүх шүүгдэгч Ц.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Ц.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Од оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулан, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллах үүргийг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овгийн Ц-ийн Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Од шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Ц.Огийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЧБАДРАХ