| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Сарангэрэл |
| Хэргийн индекс | 119/2022/0060/з |
| Дугаар | 119/ШШ2022/0066 |
| Огноо | 2022-11-14 |
| Маргааны төрөл | Бусад, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 119/ШШ2022/0066
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл би Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О-ийн аймгийн ТХ-ийн ТУБ Б.Б-т холбогдуулан гаргасан “2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 0063261 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Г.Ө-д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.7 дэх хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” үндсэн шаардлага,
“улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 0063261 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Г.Ө-д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг өөрчилж Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж өөрчлөлт оруулах” прокурорын өөрчилсөн дүгнэлттэй захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О шүүхэд гаргасан дүгнэлтээ өөрчлөхдөө: “Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О би Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1,18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу Орхон аймгийн ТХ-ийн ТУБ Б.Б-ийн зөрчлийн 20220048 дугаартай 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хялбаршуулсан журмаар шалгаж холбогдогч Г.Ө-д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-20-30 тоотод оршин суух хувиараа хөдөлмөр эрхлэгч Г.Ө нь иргэнд төлбөрийн баримт олгоогүй зөрчил үйлдсэн нь холбогдогчийн мэдүүлэг, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тэмдэглэл бусад нотлох баримтаар нотлогдсон тул шийтгэл оногдуулах нь гарцаагүй байна.
Эрх бүхий албан тушаалтан нь холбогдогч Г.Ө-д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт заасан “төлбөрийн баримтыг татварын нэгдсэн системийн санд илгээх үүргээ биелүүлээгүй” зөрчилд шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй хэдий ч шийтгэл биелэгдсэн байна.
Прокурор нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “зөрчлийн хэрэг бүртгэлт хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхэд хяналт тавих” бүрэн эрхийг хэрэгжүүлдэг субьектын хувьд хяналтын харьяа зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж буй эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудын Зөрчлийн тухай хууль буруу хэрэглэсэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчлийг хяналтаар илрүүлж, засуулах, зөвтгөх, дахин зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үүрэгтэй.
Энэ эрх үүргийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Захиргааны хэргийн шүүхэд дүгнэлт бичих ажиллагаа юм.
Иймд Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7, 7.2 дугаар зүйлийн 8, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон Орхон аймгийн ТХ-ийн УБ Б.Б-ийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 0063261 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Г.Ө-д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг өөрчилж Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Орхон аймгийн ПГ-ийн ХП Л.О-ийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх” тухай татварын улсын байцаагч Б.Б-ийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0063261 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэх хүсэлтийг үүгээр илэрхийлж байна. Тус 0063261 дугаарт шийтгэлийн хуудсаар оногдуулсан зөрчилд холбогдогч зөрчлөө хүлээн зөвшөөрч торгуулиа төлсөн” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О нь аймгийн ТХ-ийн ТУБ Б.Б-т холбогдуулан гаргасан дүгнэлтээ “улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 0063261 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Г.Ө-д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг өөрчилж Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж өөрчлөлт оруулах” гэж өөрчилсөн дүгнэлтийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х-аас прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тэр тухайгаа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 28 дугаар зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийг эдэлж оролцуулахаар ТХ-ийн ХАХТУБ Ц.Х-д итгэмжлэн, шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг олгосон байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” заасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х нь Орхон аймгийн ПГ-ын ХП-ын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 41/А дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн ПГ-ийн ХП Л.О-ийн “улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 0063261 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Г.Ө-д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг өөрчилж Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж өөрчлөлт оруулах”-ыг хүссэн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 41/А дугаартай өөрчилсөн дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, уг дүгнэлтэд холбогдох 119/2022/0060/з тоот индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн ТХ-ийн ТУБ Б.Б-т холбогдуулан гаргасан “улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 0063261 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Г.Ө-д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг өөрчилж, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах” гэх өөрчлөлтийг оруулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
4. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч нар нь тус шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.
ШҮҮГЧ Д.САРАНГЭРЭЛ