Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/97

 

 

 

 

 

 

   2021            01             19                                           2021/ДШМ/97                              

 

 

М.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Цэрэндалай,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баясгалан даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 41 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Цэрэндалайн бичсэн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаартай эсэргүүцлийг үндэслэн М.Бт холбогдох эрүүгийн 2007 00077 0085 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ө овгийн М-ын Б, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр ..... төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, харуулчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ............ хамт ....... дүүргийн ... дүгээр хороо, ..... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:........................../;

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

М.Б нь Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Өндөртолгой хотхон, 3 дугаар байрны 59 тоотод 2020 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 11 цагийн үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б.Оийн толгойн тус газарт нь гараараа цохих, үснээс нь зулгааж шал мөргүүлэх зэргээр хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 19 цагийн үед Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Үнэгтэй 1-9 тоот хашаанд иргэн Г.Баын нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 19 цагийн үед Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Үнэгтэй 1-9 тоот хашааны гадна эхнэр Б.Оийн нүүрэн тус газар нь гараараа удаа дараа цохих, өшиглөх, үснээс нь зулгааж хашаа мөргүүлэх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: М.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ямар ч хүнийг үйлдсэн гэмт хэрэгт нь шүүхээс хуулийн дагуу эцэслэн шийтгэсэн буюу цагаатгасан тохиолдолд тэрхүү гэмт хэргээр нь дахин шүүх буюу шийтгэхийг хориглодог Эрүүгийн эрх зүйн зарчмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангидаа “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж тусгасан нь Эрүүгийн хуулиар тогтоосон гэмт хэрэгт шүүхээс шийтгүүлсэн эсхүл цагаатгагдсан тохиолдолд шүүхээс, эсхүл өөр шүүхээс дахин шийтгэхийг хориглосон агуулгыг илэрхийлсэн.

Гэвч урьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт шийтгэл оногдуулсан дахин тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа байнгын шинжтэй болсон үйлдэл давтагдах зүй тогтлоороо өөр гэмт хэрэгт шилжүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн зарчимд хамаарахгүй байна.

Дээрх зарчим нь хууль бус үйлдлийн цаана хамгаалагдаж буй харилцааг Эрүүгийн хуулиар хамгаалах зорилгыг хязгаарлах үндэслэл болохгүй.

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн хамгаалагдаж буй харилцааны агуулга нь “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн “гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх”-д оршино гэсэн зорилгоор тодорхойлох бөгөөд уг хуулийг зөрчсөн этгээдэд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх асуудлыг үйлдлийн давтамжийг харгалзан шат дараалж хүндрүүлсэн нь хууль тогтоогчийн үзэл санаа юм.

Эрх зүй нь зүй бус, хууль бус үзэгдлийг ямагт хүлээн зөвшөөрч болохгүй бөгөөд түүнд хариуцлага хүлээлгэх асуудлыг эрэмбэлж, илэрч буй аюултай түвшин, зүй тогтлоос нь шалтгаалан эрүүлжүүлэх, хариуцлагыг хүндрүүлэх зарчим, бодлого цөөнгүй бөгөөд энэхүү ойлголт, ухагдахууныг хууль тогтоогч тооцож, хуульчилсан байна.

Яллагдагч М.Б нь:

- 2019 оны 5 дугаар сард, 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрүүдэд эхнэр Б.Оийг зодсон,

- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 14 цагийн үед Багахангай дүүргийн 1 дүгээр хороо 3-59 тоотод эхнэр Б.Оийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 11 цагийн орчимд эхнэр Б.Оийн толгойн тус газарт нь гараараа цохих, үснээс нь зулгааж шал мөргүүлэх зэргээр хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 19 цагийн орчимд Багахангай дүүргийн 1 дүгээр хороо Үнэгтэйн 1-9 тоот хашаанд болон хашааны гадна эхнэр Б.Оийн нүүрэн тус газар нь гараараа удаа дараа цохих, өшиглөх, үснээс нь зулгааж хашаа мөргүүлэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Хохирогч Б.О, насанд хүрээгүй гэрч Б.Нямбаяр, Б.Пүрэвбаяр, гэрч Л.Аагийванчигмаа, гэрч, хохирогч Г.Ба нарын өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд яллагдагч М.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Оийг байнга харгис хэрцгий харьцан, догшин авирлаж зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, эдгээр үйлдлүүд нь дахин давтагддаг, тогтвортой шинжтэй болсон байна.

М.Бын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Отэй харгис хэрцгий харьцан, догшин авирлаж, байнга зодсон гэх үйлдлийг шалган, түүний гэмт үйлдэлд тохирсон Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэхийг тогтоон яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэх шаардлагатай тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд М.Бт холбогдох эрүүгийн 2007 00077 0085 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол М.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Цэрэндалай бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 41 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжид:

Нийслэлийн Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч танилцаад яллагдагч М.Б нь 2019 оны 5 дугаар сард, 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрүүдэд эхнэр Б.Оийг зодсон,

- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр мөн эхнэр Б.Оийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 11 цагийн орчимд эхнэр Б.Оийн толгойн тус газарт гараараа цохих, үснээс нь зулгааж шал мөргүүлэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 19 цагийн орчимд эхнэр Б.Оийн нүүрэн тус газар гараараа удаа дараа цохих, өшиглөх, үснээс нь зулгааж хашаа мөргүүлэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлүүд нь “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис, хэрцгий харьцан, догшин авирлаж, зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бөгөөд дээрх үйлдлүүд нь дахин давтагддаг, тогтвортой шинжтэй болсон байх тул түүний гэмт үйлдэлд тохирсон Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэхийг тогтоон, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэх шаардлагатай” гэж дүгнэн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Тус прокурорын газраас яллагдагч М.Бын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Оийг 2019 оны 5 дугаар сард, 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрүүдэд зодсон, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр дахин зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх дээрх хэргийг хүлээн авч 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүний 2019 оны 5 дугаар сард, 2019 оны 9 дүгээр сарын 15, 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд эхнэр Б.Оийг зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгож яллагдагч М.Бын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн.

Гэтэл шүүх 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 34 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжид шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор яллагдагч М.Бын 2019 оны 5 дугаар сард, 2019 оны 9 дүгээр сарын 15, 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрүүдийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон үйлдлийг дурдаж яллагдагчийн эрх зүйн байдлыг хүндрүүлсэн байна.

Прокурор шүүхийн дээрх шийдвэрт эсэргүүцэл бичиж Нийслэлийн давж заалдах шатны шүүх М.Бт холбогдох хэргийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд “...М.Бт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоожээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд урьд нь прокуророос яллагдагч М.Бын 2019 оны 5 дугаар сард, 2019 оны 9 дүгээр сарын 15, 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд эхнэр Б.Оийг зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар,

2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Оийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлж байжээ.

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр М.Бт холбогдох хэргийг хянан хянан хэлэлцээд 2019 оны 5 дугаар сард, 2019 оны 9 дүгээр сарын 15, 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд эхнэр Б.Оийг зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. Гэтэл шүүх 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 34 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай захирамжид өмнөх шийтгэх тогтоолоор хэрэгсэхгүй болгосон үйлдлүүдийг хамааруулан зүйлчлэлийг өөрчлүүлэхээр хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв. Түүнчлэн дээрх 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолд хэргийн оролцогч нар болон талууд гомдол гаргаж, эсэргүүцэл бичээгүй тул тус шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Өөрөөр хэлбэл, яллагдагч М.Б нь 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээж, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байхад уг үйлдэлд дахин эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй байна...” гэж дүгнээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, М.Бт холбогдох эрүүгийн 2007 00077 0085 дугаартай хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасан байна.

 Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ДШМ/1334 дугаартай магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд магадлалыг биелүүлэхийг хуулиар зохицуулсан байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол” мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “Тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал хүчинтэй байгаа” гэж тодорхой заасан байна. Өөрөөр хэлбэл Багахангай дүүргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор М.Бт холбогдох 2019 оны 5 дугаар сард, 2019 оны 9 дүгээр сарын 15, 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд эхнэр Б.Оийг зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон тул дээрх үйлдлүүдийг дахин шалгаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүссэн байна.

Түүнчлэн анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтай шийдвэрлэх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасныг зөрчиж М.Бын үйлдэл, холбогдлыг хүндрүүлэхээр удаа дараа прокурорт буцааж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүхийн дээрх захирамж нь Эрүүгийн хуулийг хуулийг буруу хэрэглэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйл, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна.

Иймд Нийслэлийн Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны12 дугаар сарын 01-ний өдрийн 41 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.

М.Бын үйлдэл Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 8 сар цагдан хоригдсон байна.

Иймд түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой асуудлыг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхаарч, таслан сэргийлэх арга хэмжээнд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхээс “М.Бын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Отэй харгис хэрцгий харьцан, догшин авирлаж, байнга зодсон гэх үйлдлийг шалган, түүний гэмт үйлдэлд тохирсон Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэхийг тогтоон яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэх шаардлагатай” гэсэн үндэслэлээр М.Бт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал:

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр М.Бт холбогдох хэргийг хянан хэлэлцээд, 2019 оны 5 дугаар сар, 2019 оны 9 дүгээр сарын 15, 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд эхнэр Б.Оийг зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б.Оийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байх бөгөөд тус шүүхийн шийтгэх тогтоолд хэргийн оролцогч нар болон талууд гомдол гаргаж, эсэргүүцэл бичээгүй тул тус шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Тус шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 34 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжид өмнөх шийтгэх тогтоолоор хэрэгсэхгүй болгосон үйлдлийг хамааруулан зүйлчлэлийг өөрчлүүлэхээр хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй болохыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1334 дугаартай магадлалд тодорхой заасан. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж хуульчилжээ.

Гэвч шүүхээс 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 41 дугаартай шүүгчийн захирамжаар 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 34 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжид заасан мөн дээрхи үндэслэл болох шийтгэх тогтоолоор хэрэгсэхгүй болгосон үйлдлийг хамааруулан дахин зүйлчлэлийг өөрчлүүлэхээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. 

Тодруулбал, “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг” нь гэр бүлийн харилцаа бүхий хамааралтай хүнийг өөрийн эрхшээлд байлгах, бие махбодид нь халдах, эсхүл айлган сүрдүүлэх, заналхийлэх, доромжлох, нэр төр алдар хүндийг нь гутаах, ах дүү, хамт олноос нь тусгаарлах, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийлгэхийг албадах, тулган шаардах зэргээр үг яриа, үйл хөдлөлөөрөө сэтгэл санааны дарамтад оруулах байдлаар байнгын шинжтэй идэвхтэй үйлдлээр илэрдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд гэмт үйлдлийн байнгын шинж гэдэгт хууль бус үйлдлийг гурав ба түүнээс дээш удаа хийсэн байхыг ойлгодог. 

Прокурорын газраас М.Бын гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Оийг 2019 оны 5 дугаар сар, 2019 оны 9 дүгээр сарын 15, 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг анхан шатны шүүхээс гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд тус шийдвэрийг үгүйсгэж М.Бын гэмт үйлдлийг дахин давтагддаг, тогтвортой шинжтэй буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг агуулсан, түүний гэмт үйлдэлд тохирсон зүйлчлэлийг тогтоон яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хуульд заасан “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн зарчимд харшилж байна.

Тус шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд дээр дурдсан 2019 оны 5 дугаар сар, 2019 оны 9 дүгээр сарын 15, 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн үйлдлүүдтэй нь холбогдуулан яллах талын байр суурьнаас давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар М.Бт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

            Иймд прокурор С.Цэрэндалайн бичсэн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 41 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, М.Бт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Шүүхээр гэм буруугийн талаар эцэслэн шийдвэрлээгүй учир давж заалдах шатны шүүхээс яллагдагч М.Бт авсан таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх боломжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9 дэх заалтад зааснаар прокурор нь “яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах саналыг шүүхэд хүргүүлэх;” бүрэн эрхтэй байх тул таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх эсэх асуудлаар шүүхэд хүсэлт гаргах боломжтой болохыг дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 41 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч М.Бт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл М.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.АЛДАР

 

 

     ШҮҮГЧ                                                                      Д.ОЧМАНДАХ

 

 

     ШҮҮГЧ                                                                       Б.АРИУНХИШИГ