| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/01549/И |
| Дугаар | 101/ШШ2017/01795 |
| Огноо | 2017-05-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2017/01795
2017 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2017/01795
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.А холбогдох,
Автобусны засварын үнэ болох 16 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ..... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дашзэвэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон захирал С.Сүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 3-р сарын 30 өдөр иргэн Э.Ааас автобус худалдаж авсан. Анх гэрээ байгуулахдаа хариуцагч Э.А нь 2016 оны 12-р сарын 31-ний өдөр дуустал автобус саадгүй явна гэж зээлээр 20 сая төгрөгөөр автобусаа үнэлж зарсан билээ. Уг автобус анх шугамд гарсан цагаасаа эвдэрч эхэлсэн.
Хариуцагч энэ байдлыг сайн мэдэж байсан тул үнийг бууруулж төлбөр авах мөнгөнөөсөө хасах тухай амаар хэлцэж тохирч байсан. 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Гурвантэс сумын чиглэлд явж байхдаа мотор цохиж эвдэрсэн. Одоо уг автобусны мотор шинээр авч тавьсан 14,500,000 төгрөг, мөн мотор тавих ажлын хөлс 2,000,000 төгрөг, нийт 16,500,000 төгрөг хариуцагч Э.Ааас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.А шүүхэд болон төлөөлөгч Т.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дээрх компанид өөрийн эзэмшлийн 2004 онд БНСУд үйлдвэрлэгдсэн Арео Спесс маркийн ....... улсын дугаартай автобусыг 20,000,000 төгрөгөөр худалдсан.
Талууд худалдах, худалдан авах гэрээг хуулийн дагуу байгуулсан. Худалдагч миний бие хуульд зааснаар гэрээний үүргээ бодитойгоор биелүүлж худалдан авагчийн өмчлөлд гэрээний зүйлийг шилжүүлэн өгсөн. Харин худалдан авагч дээрхи компани гэрээнийхээ үүргийг шударгаар биелүүлэхгүй байсан тул Э.А миний бие Бумбан-Хайрхан компанийн оршин суугаа шүүхийн харъяллын дагуу нэхэмжлэл гаргаж 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн ханган шийдвэрлэсэн байдаг. Миний бие 2016 оны 03-р сарын 25-ны өдөр худалдах-худалдан авах гэрээг байгуулахдаа автобус энэ оныг хүртэл саадгүй явна гэж хэлж баталгаа гаргаж өгч байгаагүйн зэрэгцээ гэрээ байгуулагдсанаас хойш худалдагч надад автобусны эвдрэл, гэмтлийн талаар нэг ч удаа мэдэгдэж байгаагүй боловч гэрээ байгуулагдсанаас хойш 1 жилийн дараа автобус эвдрэл, гэмтэл, засварын хөлсийг надаас нэхэмжлэж байгаа нь үндэслэлгүй байна.
Худалдан авагч нь худалдан авсан зүйлээ яаж ашиглах, юунд захиран зарцуулах нь худалдагчид хамааралгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б ХХК, хариуцагч Э.Ат холбогдуулан автобусны засварын үнэ 16,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, нэхэмжлэгчид ямар нэг баталгаа гаргаж өгөөгүй гэжээ.
Нэхэмжлэгч, хариуцагчаас Hyuindai Aerospace маркийн ...... улсын дугаартай автобусыг 20,000,000 төгрөгөөр худалдан авсан талаар маргаагүй, зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.
Нэхэмжлэгчийн худалдан авсан тус автобус 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Гурвантэс сумын чиглэлд хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд явж байхдаа хөдөлгүүрт нь гэмтэл гарч эвдэрсэн тухай нэхэмжлэгч тайлбар гаргаж автобусны хөдөлгүүрийг солиход 14,500,000 төгрөг, ажлын хөлсөнд 2,000,000 төгрөг шаардлагатай, хариуцагч тус автобусыг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал эвдрэл, гэмтэл гарахгүй баталгаа гаргасан тул тус мөнгийг гаргуулахаар шаардлага гаргажээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчид худалдах үүрэгтэй боловч нэхэмжлэгч нь автобусны хөдөлгүүрийн гэмтэл нь шинэ, эсхүл автобусыг худалдан авах үед байсан хуучин гэмтэл эсэхийг шүүхэд нотлоогүй, Б ХХК нь зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд боловч автобусыг худалдан авах үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцох үеийн аюулгүй байдал, засвар үйлчилгээ хийх шаардлагатай эсэхийг нягтлан шалгах үүргээ биелүүлээгүй буюу Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т зааснаар аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй байна.
Мөн хариуцагч .... улсын дугаартай автобусыг 2016 оныг дуустал хот хоорондын авто тээврийн үйлчилгээнд саадгүй оролцох, гэмтэл гарахгүй талаар баталгаа гаргасныг нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэл бүхий байдлаар нотлоогүй, нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байна.
Иймд хариуцагч Э.А нь нэхэмжлэгч Б ХХК-д доголдолтой автобус худалдсан болох нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Ааас 16,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,450 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ