| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2024/1246/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/117 |
| Огноо | 2025-01-09 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/117
2025 01 09 2025/ШЦТ/117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А,
улсын яллагч Д.Агар,
хохирогч Д.М, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П овогт Бын Гд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2403 00000 0840 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2005 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нагац ахын хамт Баянзүрх дүүргийн ................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй.
П овогт Бын Г /РД:................. /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 9 дүгээр сарын 07-ны шөнийн 23 цаг 34 минутын орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, И гардены баруун талын замд Тоёота приус маркийн ...........улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчин зам хөндлөн гарч байсан явган зорчигч Д.Мыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.М мэдүүлэхдээ: “Би 23 цаг өнгөрч байхад дугуйны замын хашлаган дундуур явж байгаад шүүгдэгчийг тойргоор гарч ирэхийг харсан. Тэгээд би зам хөндлөн гараад явж байгаад замаас 10 орчим метрийн зайд мөргүүлсэн. ******* хашлага нилээн өнгөрөөд зогссон байсан учраас би гараа сарвайлгаад дуудсан. Энэ хүүхэд намайг “ахаа, хоёулаа цагдаа шүүх гээд яахав дээ, эндээ тохиролцоё” гэж хэлсэн. Намайг үүрээд гаргах гэж байхад нэг машин ирж зогсоод дотроос нь 2 залуу бууж ирээд намайг жалганаас гаргалцсан. Сүүлд болсон хуралдаан дээр ах нь “намайг хэдэн төгрөг авах вэ” гэж асуусан. Би түүнийг авч болох эсэхээ мэдэхгүй байсан учраас өмгөөлөгчөөсөө асууж байгаад аваагүй” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 4-8 дахь тал/,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Мын өгсөн: “Би И гарден цогцолборт харуулын ажил хийдэг. 2024 оны 9 дүгээр сарын 07-ны орой 23 цагийн үед түц орж тамхи авчхаад ертөнцийн зүгээр замын баруун талаараа буюу хойд талаараа явж байгаад манай тэр хавьд явган хүний гарц байдаггүй бөгөөд машин харж байгаад зам урагшаа гараад замын хажуу талаар явган хүний замаар явж байхад зүүнээс баруун чиглэлтэй машин хурдтай ирж юу юуны тухандгүй баруун урд талын гүпер хэсгээрээ гэж бодож байна, миний баруун хөлийн шагайны дээд хэсэг рүү хальт мөргөхөд би цааш төмөр хашаа руу шидэгдсэн. Тэгээд тухайн машины жолооч залуу гарч ирээд “та зүгээр үү” гэж асуухаар нь “ахынхаа 2 гутлыг олоод ир” гэж хэлэхэд гутлыг хэсэг хугацааны дараа олж ирсэн. Миний хөлийн 2 гутал хоёулаа сугараад цаана унасан байсан. Тэгээд тухайн залуугийн машинд суугаад эмнэлэгт очиж үзүүлэхэд “зүүн хөлийн дунд чөмөг хугарсан байна” гэж хэлсэн. Тэгээд шууд эмнэлэгт хэвтсэн. Ойролцоо явган хүний гарц байдаггүй. Машин харж байгаад л зам хөндлөн гардаг. Би тухайн машиныг ирж явааг харсан бөгөөд замын хажуугаас гараад хөвөөгөөр явж байгаад ирээд намайг мөргөсөн” гэх мэдүүлэг, /хх-ийн 12 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Аын “Би тухайн тээврийн хэрэгслийг эзэмшдэг. Би 2021 онд 19,800,000 төгрөгөөр авч байсан. Г манай дүү юм. Би машинаа унадаггүй бөгөөд манай үеэл дүү Г тухайн тээврийн хэрэгслийг унаж ашигладаг. Эзэмшигчийн гэрчилгээний нэрийг л солиулаагүй болохоос дүүдээ машинаа өгч байгаа. Тухайн тээврийн хэрэгсэлд эвдэрч гэмтсэн зүйл байхгүй бөгөөд миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг, /хх-ийн 20 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч Д.Ггийн “Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.М нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,382,720 төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавлагааны бичгээр тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг, /хх-ийн 29 дэх тал/
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 11504763 дугаар “Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 2200cd, хол дээрээ 19300cd, баруун гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 15000cd хол дээрээ 31400cd (стандарт 10000-225000cd) байгаа нь зүүн талын ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна” гэх дүгнэлт, /хх-ийн 41-45 дахь тал/
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 11964 дүгээр “Д.Мын биед зүүн дунд чөмөгт ясны хүзүүний далд хугарал, баруун тохой, сарвуу, тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт, /хх-ийн 51-53 дахь тал/,
Шинжээч Ц.Б-с мэдүүлэг авсан тэмдэглэл,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1919 дүгээр “Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасны дагуу “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 12.3-т заасны дагуу “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол үйлдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Явган зорчигч Д.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-т заасны дагуу “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэх магадалгаа /хх-ийн 57 дахь тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь 2024 оны 9 дүгээр сарын 07-ны шөнийн 23 цаг 34 минутын орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, И гардены баруун талд Toyota prius 30 маркийн ...........улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчин зам хөндлөн гарч байсан явган зорчигч Д.Мыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Уг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хувьд шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүгээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой баримтаар зардал нэхэмжлээгүй, хохирогчийн ажилгүй байсан үеийн цалин 5,639,800 төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,580,000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулах саналтай байна” гэх
Хохирогчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва: “Шүүгдэгч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчснөөс үүдэн хохирол учирсан байна. Өөрөөр хэлвэл осол гаргасан жолоочийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн энэхүү гэмт хэрэг гарсан байна. Нэгэнт хүний эрүүл мэндэд хохирол учирсан байхад шударгаар хандаж хохирогчид туслалцаа үзүүлсэн бол гэм буруугаа хүлээж байна гэж үзэх байсан. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд явган зорчигч явган хүний замаар явна, хэрвээ энэ зам байхгүй бол замын хөвөө хэсгээр явна гэж хуульчилсан. Тиймээс улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Өмнөх шүүх хуралдаан дээр ажилгүй байсан үеийн цалин 4,799,800 төгрөг нэхэмжилсэн ба холбогдох баримтаа хавсаргасан. Өнөөдөр 840,000 төгрөг нэмж нэхэмжилж байгаа. Энэ нь цалингүй байсан үеийн цалин юм. Ниит 5,639,800 төгрөг, мөн сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилж байна” гэх
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар хохирогчийн өмгөөлөгч Х.Даваахүү: “Миний хувьд өмнө нь шүүхийн гэм буруугийн хуралдаан дээрх байр сууриа дэмжиж байна. Зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг тогтоодог 3 арга байдаг. А цэгийг худлаа тавьж буруу хийсэн гэж маргасан ба ингэхдээ хохирогчийн зүгээс 5 ширхэг зураг гаргаж өгсөн. Энэхүү зураг дээр замын хөвөөн дээр мөргөлдсөн гэж тэмдэглээд хохирогч гаргаж өгсөн. А цэг замын зорчих хэсэг дээр байгаа учраас хохирогч худлаа мэдүүлэг өгч байна. Мөн хохирогчийн зүгээс мөрдөгчийн магадлагааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол техникийн шинжээчийг дахин томилуулах шаардлагатай. А цэг дээр хэн нь эхэлж явах хэн нь давуу эрхтэйг хуульчилсан. Хохирогчийн зүгээс шүүгдэгчийн машиныг 50 орчим метрийн цаанаас харсан гэж байгаа боловч явган хүний гарцгүй газар тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй. А цэг маргаантай байгаа учраас тээврийн хэрэгслийн хурдыг тогтоогоогүй байна. Шүүгдэгч иргэний болон жолоочийн үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Мөн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр мөргөгдөх, шидэгдэх, дайрагдах үед үүссэн байх боломжтой гэж гарсан. Тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн тухайд шинжээчийн дүгнэлт ч гарсан. Шинэ гэмтэл биш дандаа хуучин гэмтэл байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан баримтууд эргэлзээтэй байх тул тусгай мэдлэг бүхий шинжээчийг томилоогүй, хохирогчийн мөргүүлсэн цэг зөрүүтэй байх тул хэргийг цагаатгаж өгнө үү. Өнөөдрийг хүртэл хохирогч худал мэдүүлэг өгч худал нотлох баримт гарган өгч байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
******* нь 2024 оны 9 дүгээр сарын 07-ны шөнийн 23 цаг 34 минутын орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, И гардены баруун талын замд Тоёота приус маркийн ...........улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчин зам хөндлөн гарч байсан явган зорчигч Д.Мыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 9 дүгээр сарын 07-ны шөнийн 23 цаг 34 минутын орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, И гардены баруун талын замд Тоёота приус маркийн ...........улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчин зам хөндлөн гарч байсан явган зорчигч Д.Мыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, /хх 4-8/,
Зам тээврийн осол дээр нөхөн тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Мын өгсөн: “...машин харж байгаад зам урагшаа гараад замын хажуу талаар явган хүний замаар явж байхад зүүнээс баруун чиглэлтэй машин хурдтай ирж юу юуны тухандгүй баруун урд талын гүпер хэсгээрээ гэж бодож байна миний баруун хөлийн шагайны дээд хэсэг рүү хальт мөргөхөд би цааш төмөр хашаа руу шидэгдсэн. ...Тэгээд тухайн залуугийн машинд суугаад эмнэлэгт очиж үзүүлэхэд “зүүн хөлийн дунд чөмөг хугарсан байна” гэж хэлсэн” гэх мэдүүлэг, /хх 12/
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Аын “Би машинаа унадаггүй бөгөөд манай үеэл дүү Г тухайн тээврийн хэрэгслийг унаж ашигладаг" гэх мэдүүлэг, /хх 20/
Иргэний нэхэмжлэгч Д.Ггийн “Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.М нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,382,720 төгрөгийн зардал гарсан” гэх мэдүүлэг, /хх 29/
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 11504763 дугаар дүгнэлт, /хх 41-45/
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 11964 дүгээр дүгнэлт, /хх 51-53/
Шинжээч эмч Бадралын мэдүүлэг: Д.Мад учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр мөргөгдөх, унах, цохигдох зэрэг аль ч үед үүсэх боломжтой....Дээрх хугарал нь тухайн хэсэг газар цохигдох болон биеийн жингийн аль хөл дээр тулгуур авснаас хамаарч дээрх гэмтлийг авах боломжтой. Хэрэв машинд баруун тал хэсгээрээ мөргүүлсэн гэж бодоход зүүн талын хөл дээр тулгуур авч унасан бол зүүн гуяны дунд чөмөгт хүзүүний хугарлыг авах боломжтой гэх мэдүүлэг
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1919 дүгээр магадалгаа /хх 57/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хохирогчийн мөргүүлсэн цэг зөрүүтэй байх тул хэргийг цагаатгаж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг гаргав.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ:
а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;
б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;
в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх;
г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, гэж заасан жолоочийн үүргийг биелүүлээгүй, үүний улмаас хэргийн газрын нөхөн үзлэгийг хийж, үйл явдлыг тогтоосон байна.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дахь зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна.
Иймд ******* нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд.... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцах арилгах, мөн хохирогчийн авсан эмчилгээ үйлчилгээ авсан зардлыг төлөх үүрэгтэй байна.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.8 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн нөхцөл байдал, хохирогчийн биед үүссэн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар харгалзан 3.4-т “...Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу гуравдугаар зэрэглэлд тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл гэж заажээ. Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо учруулсан гэм хор, хохирогчид учирсан мөрөг үр дагавар, хохирогчийн нас, гэм хор учруулагчийн гэм буруу, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хохирогчид гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хор уршигт Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.0 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоосон бөгөөд 660,000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,580,000 төгрөгөөр тогтоож, хохирогч Д.Мын буруутай үйлдлээс болж энэ гэмт гарах нөхцөл үүссэнийг харгалзан сэтгэцэд учирсан хохирлыг 2 дахин багасгаж шүүгдэгч *******гөөс 4,290,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. Учир нь мөрдөгчийн магадалгаагаар “явган зорчигч Д.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-т заасны дагуу “явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу 2 тийш сайн харагдах, хайс хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй гэсэн байх тул Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт заасан “Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ.”заалтыг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч нь хохирогчийн Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ үйлчилгээ авсан 1,382,720 төгрөгийг төлснийг дурдах нь зүйтэй байна.
Хохирогч Д.М нь эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байх үед гарсан зардлыг шүүгдэгчээс төлсөн бөгөөд эмчилгээ сувилгаатай холбоотойгоор гэм хорын хохирол нэхэмжлээгүй болно.
Хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн боловч Нийгмийн даатгал төлдөг байсан эсэх болон хөдөлмөрийн гэрээ бусад нотлох баримтаа ирүүлээгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулаагүй бөгөөд цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар жолоодох эрхийг хасаж 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх саналтай байна” гэх
Хохирогчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва: “Хохирогч талаас шүүгдэгчийг хохирол учруулсан гэм буруутай гэж үзсэн нь зүйтэй байх тул улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Хохирогчийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гэмт хэрэг гарсан гэж үзсэн нь зохисгүй байна. Хохирогч дан ганц цалин нэхэмжлээгүй ба эм тарианы мөнгө зэргийг гаргуулаагүйд харамсалтай байна. Шүүхийн шийдвэр гарсны дараа шийдвэрээ гаргана” гэх
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү: “Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байх тул эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргахгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх шүүгдэгч *******д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрийн тодорхой хэсгийг төлсөн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П овогт Бын Гг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ******* нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гөөс 4,290,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Мад олгосугай.
5. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА