| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Очбадрах |
| Хэргийн индекс | 194/2025/0273/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/512 |
| Огноо | 2025-02-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Төгсжаргал |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/512
2025 02 17 2025/ШЦТ/512
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Л.Төгсжаргал,
шүүгдэгч Л.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Л-ын Тад холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:
Шүүгдэгч Л.Т нь 2024 оны 06 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байрны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Ттой тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд нь хамрын нуруу, баруун чихний дэлбэнд зулгаралт, зүүн дээд доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед барнаас гараад гэр лүү орох гэж байсан. Гэр лүү орохын өмнө тамхи татаад зогсож байсан. Гэтэл тэр гурван залуу ирээд баранд байсан гурван халтар байна гэж хэлсэн. Тэгээд ийм зүйл болсон” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн ************ дугаартай хэргээс:
Улсын яллагч Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас /хх-ийн 12-р хуудас/, Б.Тын мэдүүлэг /хх-ийн 16-17, 30-31-р хуудас/, гэрч Г.Гийн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/, гэрч Д.Бын мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 7724 дугаартай дүгнэлт /хх-ийн 37-38-р хуудас/, шинжээч Д.Дунгаамаагийн мэдүүлэг /хх-ийн 61-р хуудас/, Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний талаарх баримт /хх-ийн 47-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Л.Т нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Л.Тад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч Л.Т нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.
1.Гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч Л.Т нь 2024 оны 06 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байрны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Ттой тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд нь хамрын нуруу, баруун чихний дэлбэнд зулгаралт, зүүн дээд доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Нотлох баримтын талаар:
- Хохирогч Б.Тын: “...Би 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр би Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 10 дугаар байрны гадаа 01 цагийн орчим 2 найз болох Заяа, Зоригоо нартай дөрөв дөрвөн лааз пиво уугаад дахиж уух гээд Баянзүрх дүүргийн 7 хороо Баянцээлийн 24 дүгээр байрны 3 дугаар орцны гадаа дэлгүүр хайгаад явж байтал 3 үл таних залуу “өө нөгөө бааранд байсан 3 пязда байна гээд” хэрүүл маргаан өдөөд хоёр нь намайг барьж аваад зодсон. Цагдаа нар ирээд нэгийг нь барьж аваад эрүүлжүүлэх рүү ачсан. 2 залуу нь л зодсон, нэгийг нь эрүүлжүүлсэн, одоо харвал танина. Миний толгой өвдөж байна. Нэг шүд хугарсан, нүд ам, хамар, чих хөх няц болсон байна. Нүүр нүдгүй унагаад өшиглөж дэвсэж зодсон. Миний халаасанд байсан самсунг А-14 маркийн гар утсыг нэг нь авчихсан байсан. Цагдаа ирэнгүүт нь буцааж авсан. Би тэр гуравт гар хүрээгүй ээ. Харилцан зодолдоогүй, хүрээд ирэхээр нь ах нь юм яриагүй шүү гэж л хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,
- Хохирогч Б.Тын: “...Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 7724 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон хамрын нуруу, баруун чихний дэлбэнд зулгаралт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтлийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нэг үл таних залуу намайг зодож миний биед дээрх гэмтлийг учруулсан. Намайг цохиж зодсон залуу намайг атгасан гараараа цохисон. Мөн толгой, нүүр хэсэгт хэд хэдэн удаа атгасан гараараа цохисон... миний шүд хугараагүй...эмнэлэгт үзүүлсэн зүйл байхгүй болохоор надад холбогдох бичиг баримт байхгүй...” гэсэн дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,
- Гэрч Г.Гийн: “...Тын гэрт нь бид 3 пиво уугаад сууж байгаад орой 22 цаг өнгөрөөгөөд гарцгаасан. Сансарын “Банана” нэртэй бааранд орж бас л лаазтай пиво уугаад тэндээ сууж байгаад шөнө тэр баарнаас 02-03 цагийн орчимд гарсан юм. Тын гэр рүү орох гээд явж байтал яг хажуугаар зөрж байсан 3 залуу бид гурав руу хараад энэ нөгөө бааранд явж байсан 3 залуу мөн байна гээд бид нар дээр ирж хэрүүл өдөөд байсан. Нэг намхан махлаг залуу нь намайг шууд цохиод авсан. Би газарт унахдаа яг хажууд нь байсан залууг татаад газарт цуг уначихсан юм. Миний араас Т орж ирээд тэр залууг хэд хэдэн удаа өшиглөөд авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,
- Гэрч Д.Бын: “...орцных нь үүдэн дээр нэг тамхи татчихаад орцгооё гээд тамхи татаад зогсож байтал яг хажуугаар зөрж байсан 3 залуу бид гурав руу хараад энэ нөгөө бааранд явж байсан 3 халтрууд мөн байна гэхээр нь би тэр 3 залуу дээр очоод юу гээд байгаа юм бэ гээд дөхөөд очсон. Тэгтэл нэг залуу нь шууд Гийг цохиод авсан. Тэгтэл Г нэг залууг нь шууд тэврээд газарт хамт дараад унасан. Тэгтэл Т ирээд тэр хамт тэврээд унасан залууг нь хэд хэдэн удаа цохиод авсан... Би тэр 3 залуугийн нэгэнд нь ч гар хүрээгүй Т нэг залуугийн нүүр хэсэгт нь хэд хэдэн удаа цохиод авсан цагдаа дуудлаа гэхээр нь зугтаагаад яваад өгсөн. Г бид хоёр гар хүрээгүй. Харин Г тэр залууг нь газар тэврээд унасан араас нь Т цохиод авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 7724 дугаартай “Б.Тын биед хамрын нуруу, баруун чихний дэлбэнд зулгаралт, зүүн дээд доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38-р хуудас/,
- Шинжээч Д.Дунгаамаагийн: “...Тын биед 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн үзлэгээр хамрын нуруун зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоох боломжтой хамрын ясны хугаралыг оношлоход толгой КТГ-ын шаардлагатай байдаг. Үзүүлэгч эмнэлгийн баримт бичиг ирүүлээгүй тул дүгнэлт гаргасан...бүгд нийлээд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...хоорондоо ноцолдох унах үед үүсэх боломжгүй. Зөвхөн цохих үед үүснэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-р хуудас/,
- Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний талаарх “...Гэмтэл согог судлалын үндэсний төв... яаралтай тусламж... 124,762... 2024.06.05...” гэсэн лавлагаа тодорхойлолт /хх-ийн 46-р хуудас/,
- Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн банкны ********* дугаарын дансанд 124,800 төгрөг төлсөн талаарх баримт /хх-ийн 47-р хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон шүүх хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Л.Т нь 2024 оны 06 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байрны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Ттой тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд нь хамрын нуруу, баруун чихний дэлбэнд зулгаралт, зүүн дээд доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Л.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Л.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч Б.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Т нь хохирол, эмчилгээний зардал нэхэмжилсэн талаарх баримтыг гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч Б.Т нь гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 124,800 төгрөгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ /хх-ийн 46-р хуудас/ авсан байх бөгөөд шүүгдэгч нь төлж барагдуулсан болох нь банкны гүйлгээний баримт /хх-ийн 47-р хуудас/-аар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг гаргасан болно.
Шүүх шүүгдэгч Л.Тад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болон түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан үзээд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Л.Тад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Тад оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулан, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллах үүргийг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Тад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Л-ын Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Тад шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Л.Тын эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Тад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЧБАДРАХ