| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2017/0175/Э |
| Дугаар | 155 |
| Огноо | 2017-05-25 |
| Зүйл хэсэг | 181.2.1, 181.2.5., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2017/0176/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Оюунсувд, Д.Номин-Эрдэнэ,
Шүүгдэгч***** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т заасан хэрэгт *****, *****нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201709000145 дугаартай эрүүгийн хэргийг хэргийг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1995 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 21 настай, яс үндэс-халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, аав ээж, ах нарын хамт Дархан-Уул аймгийн******оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *****, регистрийн дугаар
Монгол улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, яс, үндэс-халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ээж, дүү, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн*****оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,***** регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч***** нар нь согтуурсан үедээ бүлэглэж 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 17 цагийн үед Дархан-Уул аймгййн Дархан сум, 1 дүгээр багийн нутаг “Зургаагийн буудал” гэх газрын орчимд “Сонота-6” маркийн 9779 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн О.*****ыг гэрт нь хүргэж өгөхөөр явах замдаа илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, гэрийн хаягаа буруу зааж өглөө гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож, бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *****мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 14 цагийн үед найз хүүхэн**** ах,*****ахын найз ***** гэдэг ахын хамт караокед оръё гээд бид нар хуучин Дарханд байдаг “Ариг” гэдэг баарны караокед орсон юм. Тэгээд бид нар цуг караокед ороод сууж байхад бид нарын хажууд нэг ширээн дээр 3 залуу үйлчлүүлж байсан. Бид нар ширээнд суугаад юмаа захиалаад сууж байгаад баарны үйлчлэгчээс “цэвэр ус байна уу” гэж асуухад зөөгч “ус байхгүй” гэж хэлсэн. Тэгээд байж байтал хажуу ширээны 3 залуугийн нэг нь цэвэр ус авчирч өгсөн юм. Бид нар тэр залуутай танилцаж ганц хоёр хундага архи хийж өгөхөд тэр уусан юм. ***** манайх Ширээ нуруунд байдаг гэж хэлсэн. Тэгэхээр нь би “тэгвэл чамайг танай гадаа хүргэж өгөнгөө дэлгүүрээс авсан архиа танай гадаа чинь уугаад бид нар явъя” гэж хэлсэн. Тэгээд Ширээ нуруу руу чигээрээ явж байгаад нэг нэг айлын гадаа очсон чинь нэг настай эгч гарч ирсэн. Бид нар машинхаа цонхыг онгойлгоод “тэнд танайд байдаг хүн мөн үү” гээд *****ыг харуулахад “танихгүй юм байна” гэж хэлсэн. 6-н буудал руу явж байхад ***** ах машин зогсоолгоод *****ыг ”одоо энд буу” гэж хэлээд машинаас буугаад хойд хаалгыг онгойлгоод тэр ***** гэдэг залууг машинаас гуд татаад буулгасан юм. Би тэгэхээр нь араас нь машинаас буусан чинь ***** газар уначихсан байсан. Би *****ыг хөл тавь гэж хэлсэн, Тэгсэн ***** миний хөлийг тавихгүй зуураад байхаар нь би *****ын толгой руу нь нэг удаа өшиглөсөн юм. Тэгээд би хөлнөөс зуурчихсан байсан гарыг нь тавиулаад машиндаа суусан. Тэгээд бид нар машиндаа суугаад яваад өгсөн юм. ...Бид нар Тосгон луу явж байгаад *****ын гадаа очоод хашааных нь гадаа байж байхад ***** *****ыг нүүрэн тус газар нь 4-5 удаа цохиж авч байсан. Ширээ нурууны тэнд очоод *****ын гэр нь биш буруу айл байхаар нь бид нар буцаад явсан. Ширээ нуруунд бид нар буцаж эргэх гээд машинтайгаа гудамжны цаана очоод эргэх гэж байхад ***** Эрдэнэжаргалыг машины урд суудлын түшлэгээ хойшлуулж буулгаад “чи гэрээ буруу заагаад явуулаад байх юм. Бензин тос үрээд пизда минь” гэж хэлээд 3-4 удаа нүүрэн тус газар нь цохиод авсан юм. Тэгээд эргэж хараад “*****аа пизда минь чамайг ална шүү” гээд байсан. ...Тосгоны 6-н буудлын тэнд явж байгаад ***** ах машинаа зогсоогоод *****ыг машинаас гуд татаж буулгасан. Би араас нь машинаас буугаад очсон чинь ***** нүүрэн хэсэг газар луу нь 2-3 удаа цохиж байсан. Би явж очоод ***** ахыг холдуулж байтал ***** миний хөлнөөс бариад авахаар нь би хөлөө мулталж авах гээд *****ын мөр хавьцаа нь нэг удаа өшиглөөд авсан юм. Тэгээд ***** ах бид нар машинд суугаад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58, 59, 61-62, 117 дугаар хуудас/,
Шүүгдэгч О.*****ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр 14 цагийн үед *****, ***** нарын хамт караокед оръё гээд бид нар хуучин Дарханд байдаг “Ариг” гэдэг баарны караокед орсон. Караокед ороод сууж байхад бид нарын хажууд нэг ширээн дээр 3 залуу үйлчлүүлж байсан. Хажуу ширээнд үйлчлүүлж байсан 3 залуугийн нэг залуу нь цэвэр ус авчирч өгсөн юм. Тэр залуу төрсөн өдөр нь болж байгаа гэж хэлээд бид нартай танилцсан. ...Бид нар гарах болоод бааранд танилцсан залуу бид нартай цуг явах болоод замдаа *****, бааранд танилцсан залуу хоёр “S” маркет дэлгүүрээс 0.5 литрийн “Хараа” архи, бас нэг том пиво, жижиг ундаатай хамт аваад тосгон руу явсан. Бааранд танилцсан *****ын гэр нь Ширээ нуруунд байдаг гэхээр нь тийшээ хүргэж өгөхөөр болоод явсан. Тэр залуу Ширээ нуруунд очоод нэг гудамж зааж нэг айлын хашааны гадаа очсон юм. Хашаан дотор байсан байшингаас нэг эгч гарч ирээд бид нар луу дөхөж ирсэн. Бид нар цонхоо буулгаад тэр эгчээс энэ залууг таних уу, танай хүн мөн үү гэж асуусан. Тэгсэн тэр эгч танихгүй, биш гэж хэлсэн. Буцаад явж байхдаа би тэр залууд худлаа хэллээ гэж маргаж, муудалцаад явсан, ... явж байхад ***** манайх 39 дүгээр байранд байдаг юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаж чи яасан тоглоомтой юм бэ? энд буулга, бензин тосгүй байхад гэж хэлээд машин зогсоолгож би машинаас буугаад хойд хаалга онгойлгоод ***** гэдэг залууг машинаас гуд татаж буулгасан. Тэгээд ***** бид 2 маргаж би *****ын нэг удаа нүүр лүү алгадсан, мөн түлхэж унагаасан, ***** машинаас бууж ирээд “Энэ даварсан пизда худлаа яриад байх юм. Өчнөөн тэвчлээ шүү дээ гэж хэлээд газар хажуу тийшээ хараад хэвтэж байсан *****ын нүүр лүү нь өшиглөөд авсан юм. Тэгэээд бид нар хөдлөөд яваад өгсөн. Би машин дотор ороод *****д “Чи яах өшиглөж байгаа юм бэ, одоо гай болноо” гэж хэлсэн юм. Тэгсэн “зүгээрээ, зүгээр явъя” гэж хэлсэн Тэгээд бид нар хөдлөөд явсан, ***** тэр газраа хэвтсэн чигээрээ үлдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65, 66, 119 дүгээр хуудас/,
Хохирогч О.*****ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр 14 цагийн үед би хуучин Дарханд байдаг Ариг гэдэг бааранд ганцаараа пиво уух гэж орсон. Гаднаас 3 залуу нэг эмэгтэй орж ирсэн. Тэр хүмүүс миний сууж байсан ширээний ойролцоо суусан юм. Тэр хүмүүсийн мөнгө нь хүрэхгүй байна гэхээр нь би өөрийнхөө мөнгөөр цэвэр ус авч өгсөн. Тэд нар яагаад ус авч байгаа юм гэхээр нь би миний төрсөн өдөр болж байгаа юм гэж хэлсэн. Тэд нар төрсөн өдөр чинь юм бол ширээгээр ороод гараач гээд ширээн дээр нь очсон чинь надад нэг хундаганд архи хийж өгсөн. Би тэр архинаас нь нэг татаж уугаад ширээн дээрээ очиж суусан. Сууж байтал хажуу ширээний залуучуудын нэг өндөр залуу нь гарч тамхилах гээд гарахад нь би бас тамхилах гээд гарсан. Тэр өндөр залуу өөрийгөө ***** гэж хэлсэн Тэгсэн ***** “Төрсөн өдөр чинь юм чинь анд нь ийшээ орж 2 пиво аваад өгье гэж хэлсэн. Би зөвшөөрч бид 2 хажуугийн хүнсний дэлгүүр орж ***** 2 лаазтай пиво аваад мөнгөө мартчихаж гэхээр нь би “өө би төлчихье’’ гэж хэлээд тэр дэлгүүрээс авсан хоёр пивоны мөнгийг нь төлсөн. Дэлгүүрээс гараад гадаа пиво ууж дуусчихаад бид 2 буцаж баар луу орсон. Тэгсэн бааранд орсон чинь тэр *****той цуг явж байсан намхан, эхнэртэйгээ явж байгаа гэх залуу /*****/ нь хэнд нь юм авч өгчөөд хэнд нь юм авч өгдөггүй юм” гэж хэлээд би тэгэхээр нь би чамд нэг пиво аваад өгчихье л дөө гэж хэлээд тэр залуу бид хоёр караокеноос гараад дэлгүүр ороод би юу авах юм гэж *****гаас асуухад “өө яах юм. Чи манай эхнэрт дэлгүүрээс нэг шоколад аваад өгчих” гэж хэлсэн. Би нэг шоколад аваад буцаж баар луу тэр эмэгтэйд авсан шоколадаа өгсөн юм. Тэр намхан залуутай би баарны гадаа орж гараад тамхилаад юм ярьж байхад баарны гадаа байсан 9779 ДАР улсын дугаартай саарал өнгийн соната-7 маркын машиныг заагаад “энэ миний машин” гэж хэлсэн. Тэгэхээр нь чи “архи уучихсан согтуу машин бариад явж болох юм уу” гэж асуусан. Тэгсэн манай эхнэр жолоодод явчихнаа гэж хэлсэн Тэгээд чи ганцаараа явж байгаа бол төрсөн өдөр чинь болж байгаа юм чинь хэдүүлээ залуу хүмүүс байна даа цуг ууж идье гэж хэлсэн. Би зөвшөөрч тэд нартай цуг баарнаас гарсан. Тэгээд явж байхад би энд манай аавын найзынх байдаг юм. Намайг тийшээ хүргээд өгчих гэж хэлсэн. Тэгээд Ширээ нуруунд байдаг аавынхаа ***** гэдэг найзынд нь явж очоод хашааных нь гадаа очсон чинь тэдний хөгжлийн бэрхшээлтэй дүү нь хашааны гадаа гарч ирсэн. Тэгээд тэрнээс асуусан чинь хүн байхгүй гэж хэлэхээр нь би тэд нарт хүн алга байна гэж хэлсэн“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,
...Бид нар тосгон луу явж байгаад ***** гэдэг залуу нэг хашааны гадаа очоод нохой гаргаж ирж салхилуулж байхдаа надтай маргалдаад нохойгоо “барь” гэж туулгаж байсан. Буцаад тосгон руу явж байсан чинь ***** “Чи муу яасан их тоглоомтой пизда вэ. Чамайг алаад хаячихъя л даа. Бензин тосны мөнгө үрээд” гэж хэлээд сандлаа хойш нь болгоод миний эрүү, толгой, нүүр лүү цохьсон юм. Тэгсэн *****, *****ыг “болио боль” гэж хэлээд *****аа хоёулаа бууя гэж хэлээд Ширээн нурууны замын хажуу руу зогссон. ...Тэгээд явж байгаад нэг дэлгүүрийн ойролцоо явж байсан чинь “намайг ***** гэдэг чи мэдэх үү?” гэж хэлсэн. Тэгээд ***** машинаас буугаад миний сууж байсан талаар ирээд машины хаалга онгойлгоод намайг машинаас гуд татаж буулгаж ирсэн. ***** миний куртканаас хоёр гараараа зуурч бариад авахаар нь би намайг цохих гэж байна гэж бодоод *****ыг хоёр гараараа энгэрээс нь зуураад авсан юм. Тэгсэн чинь ***** миний нүүр, толгой руу цохиод байсан. Би хичнээн удаа цохьсоныг нь мэдэхгүй байна. Би нүүрээ дараад тонгойсон чинь ***** миний мөрнөөс барьж байгаад гуд татаж газар унагаасан. Тэгж унагааж байхад миний амнаас цус гарч байсан. Тэгсэн чинь нэг хүний хөл миний толгойн ойролцоо ирэхээр нь би *****ын хөл нь байна гэж бодсон хөлийг зуураад тэврээд авсан. Сүүлд нь санахад тэр гутал их содон гутал байсан, Тэрнээс хойш би тэр гутлыг хараад *****гийн өмсөж явсан гутал байхыг мэдсэн. Тэгээд дараа нь юу болсоныг би санахгүй байна. Би цохиулсанаас хойш тэрхэн хооронд юу болсоныг санахгүй байна. Би газар хэсэг хэвтэж байгаад босоод иртэл миний амнаас цус гарч байсан” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,
...газар унахдаа нэг гуталтай хөл байхаар нь тэр хөлийг тэврээд авсан. Намайг цохиж магадгүй гэж бодоод. Тэгсэн удаагүй миний эрүү рүү тас хийгээд өшиглөөд авсан юм. Би газраа хэвтэж байгаад босоод ирсэн чинь миний амнаас цус гарч байсан. Миний тэвэрч авсан гуталтай хөл нь *****гийн хөл байсан байна лээ. Би тэр хөл тэвэрч байхдаа гутлыг сайн анзаарч харсан юм. Тэгсэн тэр гутал нь *****гийн өмсөж байсан гутал байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 113 дугаар хуудас/,
Гэрч*****тийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 09-ний орой 18 цагийн үед намайг гэртээ байж байхад манай хадам аав ***** надруу залгаад ***** хүнд зодуулсан байна. Нүүр ам нь хавдчихсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би” юу гэж тийм юм байдаг юм. Би 1 цагийн үед таарахад зүгээр байсан шүү дээ” гэж хэлсэн. Би тэгээд тэрнээс хойш 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хадам аавын гэрт нь 39 дүгээр байранд очиход ***** нүүр ам нь хавдчихсан орноос босч чадахгүй хэвтэж байсан. Би тэгээд юу болсон юм. Чи санота-7 машинтай хүмүүстэй явж байсан уу? гэж асуусан чинь тэгсэн гэж хэлсэн. ...Манай нөхрийн эрүүний хагалгаанд эмчилгээний зардал 1,215,000 төгрөг болсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,
Гэрч ***** мөрдөн байцаалтад өгсөн: “...явж байхдаа бид нар “чи худлаа хэллээ” гэж тэр ***** гэдэг залууд хэлж маргаж муудалцаж явсан. Тэгсэн чинь тосгонд 6-н буудал дээр ирсэн чинь ***** “Манайх 39 дүгээр байранд байдаг” гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд “Чи худлаа яриад яваад байх юм энд буу” гэж хэлсэн. Машин зогссон чинь ***** урд сууж явснаа машинаас буугаад хойд хаалга онгойлгоод тэр залууг гуд татаж буулгасан юм. Удаагүй араас нь ***** машинаас буусан. Машин дотор намайг Болормаатай юм яриад сууж байтал Болормаа надад “Наадуул чинь муудалцаад байх шиг байна. Чи гараач гэж хэлсэн. Би машинаас буугаад гараад очтол тэр бааранд танилцсан залуу газар хэвтчихсэн *****, *****ыг нэг гараараа хойш нь болгож нөгөө гараараа газар хэвтэж байгаа ***** гэдэг залууг татаж босгож байсан юм. Би *****ыг хойноос нь татаж машинд суулгаад *****г машинд суу гэж хэлсэн” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/
Гэрч***** 3 дахь удаагаа дахин байцаасан “...***** *****ыг машинаас буулгаад өшиглөөгүй. ***** машины хаалга хаахад ***** хаалга онгойлгож буусан юм. Тэгэхэд ***** *****ыг өшиглөх боломж гараагүй юм. Машин дотор явж байхад ***** ***** руу уурлаж нүүр лүү алгадахад хохирогч *****ын ам хамарнаас ямар нэгэн байдлаар цус гараагүй байсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 36 дугаар хуудас/
Гэрч*****мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 14 цагийн үед *****, ***** найз ***** гэдэг залуучуудын хамт караокед орьё гээд тэгээд бид нар хуучин Дарханд байдаг Ариг гэдэг баарны караокед орсон юм. Тэгээд караокед ороод сууж байхад нэг ширээн дээр 3 залуу үйлчлүүлж байсан. Бид нарыг сууж байхад нэг өндөр бор залуу ирээд бид нартай танилцаад цэвэр ус бариад хүрээд ирсэн. Бид нар хэрэггүй гэж хэлж байсан. Тэгсэн надтай цуг явж байгаа *****, *****, ***** нар тэр залуутай танилцаад гарч ороод тамхи татаад байж байсан. ...тосгонд орж ирээд замаар явж байтал ***** ийшээ ороод зогсчих гээд гудамжинд ороод зогссон чинь ***** машинаас буугаад хойд хаалга онгойлгоод *****ыг машинаас татаад буулгасан. Араас нь ***** буусан. Ширээн нуруунаас буцаж явах замдаа ***** уурлаж, пизда худлаа яриад байх юм гээд *****тай элдэв юм яриад байсан. Тэгээд ***** уурлаж, би “чи зүгээр байлдаа” гэж хэлж хориглож байсан юм. Тэр ***** *****, ***** нар бүгд л уурлаж байсан. Эхлээд ***** *****ыг өмөөрөөд сүйд л байсан. Сүүлдээ ***** *****д уурлаад байсан. Миний нүдэн дээр ямар нэгэн зодоон цохион болоогүй, харин машин зогсох үед тэд нар машинаас буугаад шээж байхдаа юу болсныг нь би хараагүй ээ” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,
ШШҮХүргээлэнгийн шинжээчийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 237 дугаартай “...О.*****ын биед доод эрүүний баруун булангийн хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 40 дугаар хуудас/,
ШШҮХүргээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 362 дугаартай “О.*****ын биед доод эрүүний хоёрлосон хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Уг гэмтэл нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,,
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,
“Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,
Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хавтаст хэргийн 101 дүгээр хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хавтаст хэргийн 107-113 дугаар хуудас/,
Хохирогч О.*****ын эмчилгээний зардалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 142-156 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 71-75 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч***** нар нь согтуурсан үедээ бүлэглэж 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 17 цагийн үед Сонота-6 маркийн 9779 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн О.*****ыг гэрт нь хүргэхээр явах замдаа Дархан-Уул аймгийн Дархан сум, 1 дүгээр багийн нутаг “Зургаагийн буудал” гэх газрын орчимд “гэрээ буруу зааж өглөө” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож, бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан хохирогч О.*****, гэрч Б.*****, Э.Болормаа нарын мэдүүлэг, ШШҮХүргээлэнгийн шинжээчийн 237, 362 дугаартай дүгнэлтүүд болон шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Аймгийн прокурорын газраас***** нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.
Иймд***** нарыг бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар “хохирогчийн гэрээ буруу зааж өгсөн буруутай үйлдэл хэрэг гарахад нөлөөлсөн, хувийн таарамжгүй харьцааны улмаас хэрэг гарсан, зүйлчлэл тохироогүй, бүлэглэн үйлдээгүй” гэж мэтгэлцсэн боловч дээрх хэргийг танхайн сэдэлтээр бүлэглэж үйлдсэн гэх хангалттай үндэслэл байна.
Хохирогч гэрээ буруу зааж өгсөн нь түүнийг зодох шалтгаан биш ба хохирогчийн зүгээс шүүгдэгч нартай зүй бус харьцсан зүйл тогтоогдохгүй байна.
Бүлэглэж үйлдэх гэдэгт урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэн оролцсоныг ойлгох ба дээрхи хэргийн тухайд шүүгдэгч О.***** хохирогчийг машинаас татаж буулгаснаас хойш хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учрах хүртэл хугацаанд танхайрах гэмт хэрэг үргэлжилсэн байх ба “эрүүний хугарал” гэмтлийг шүүгдэгч нарын хэн учруулснаас үл хамааран уг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж ойлгох ба “хүндэвтэр” гэмтэл учруулсан байдал нь эрүүгийн хариуцлага ялгамжтай байдлаар хүлээлгэхэд хамаарах ойлголт болно.
Шүүгдэгч***** нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, энэ хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Хохирогч О.***** нь 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “... Одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй, эмчилгээ хийгдэж байх явцад 160,000 төгрөг нэмж өгсөн болно” гэх ба эмчилгээний зардал болон бусад хохирол төлбөрийн талаар хэн аль нь маргаагүй байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.
Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биелэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч “*****” гэсэн бичигтэй 2 ширхэг сиди, рентген зураг зэргийг шийтгэх тогтоол хичин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгож, Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, 21 дүгээр хорооллын 5/88 тоот 18 мкв орон сууц битүүмжилсэн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *****, *****нарыг бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****д 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сар, Боржигон овгийн Отгонжаргалын *****т 3 /гурав/ жил, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч***** нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “*****” гэсэн бичигтэй 2 ширхэг сиди, рентгэн зураг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгож, ЭБШХ-ийн 134-р зүйлийн 134.10-т зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, 21 дүгээр хорооллын 5/88 тоот 18 мкв орон сууцыг битүүмжилсэн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар энэ шийтгэх тогтоолоор 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*****д оногдуулсан 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сар, шүүгдэгч О.*****т оногдуулсан 3 /гурав/ жил, 10 /арав/ хоног хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, шүүгдэгч Г.*****г 2 /хоёр/ жил, шүүгдэгч О.*****ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүгчийн захирамжаар шийдвэрлэх болохыг***** нарт мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол***** нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тэнсэгдсэн ялтан нар, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч***** нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД