Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2022/0741

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Ж.А**** /РД: ********/,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч: Хотын стандарт, хяналтын газар хооронд үүссэн барилгыг байнгын ашиглалтад оруулах комиссыг ажиллуулах эсэхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.А**** нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Л*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О****, хариуцагч Хотын стандарт, хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б***, гэрч Т.Б****, Д.Ч****, М.Б****, Н.Ж****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.А**** нь “...Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Маахуур толгойд баригдсан 81 айлын орон сууцны барилгыг байнгыг ашиглалтад оруулах комиссыг Хотын стандарт, хяналтын газраас ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, барилгын байнгын ашиглалтад оруулах комисс ажиллуулахыг Хотын стандарт, хяналтын газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба Хотын стандарт, хяналтын газрын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01/77 дугаар албан бичгээр “Тус орон  сууцны барилгад айл оруулж ашигласан тул Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалтын дагуу шүүхээр шийдвэрлүүлж ирүүлнэ үү” хэмээн хариуг авснаар 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тус шүүхэд ханджээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь “хамтран хариуцагч татан оролцуулах тухай” хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргыг хамтран хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.

3. Нэхэмжлэгч Ж.А**** нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “...Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Маахуур толгойд байрлах өөрийн эзэмшлийн газар дээр “Ш****” ХХК-тай хамтран 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр №05 дугаартай “Бусдын газар дээр барилга барих гэрээ” байгуулан 9 давхар 81 айлын орон сууцны барилгыг дахин төлөвлөлтөөр барьсан.

Энэхүү орон  сууцны барилгыг барьж байх хугацаанд Дэлхий дахиныг хамарсан цар тахал гарч, хил гааль хаагдсаны улмаас барилгын материал хомсдол үүсэж, үнэ нь маш ихээр өссөн ч бид аль болохоор барилгаа ашиглалтад оруулахаар өөрсдийн хүчээр чармайн ажилласны үр дүнд барилга маань баригдаж дууссан.

Барьсан орон сууцаа байнгын ашиглалтад оруулах Улсын комисс ажиллуулах хүсэлтээ 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гаргасан боловч цар тахал, хорио цээрийн дэглэм гэх зэрэг шалтгаануудаас болж улсын комисс одоог хүртэл ажиллаагүй байгаа бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хандсан хүсэлтэд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хотын стандарт, хяналтын газар 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “... шүүхээр шийдвэрлүүлж ирүүлнэ үү...” гэсэн хариуг өгсөн.

Улмаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.С***-т дээрх утга бүхий хүсэлтийг гаргасан боловч Хотын стандарт, хяналтын газарт шилжүүлсэн бөгөөд өмнөх хариу өгсөн. Үүгээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хангасан.

Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна”, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Барилга байгууламжийн түвэгшлийн ангиллаас хамааран барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг дараах байгууллагад хүргүүлнэ”, 2.2.1-т “Барилгын тухай хуулийн 32.1.5-д заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтээ барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад”, 2.2.2-т “энэ дүрмийн 2.2.1-т зааснаас бусад барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг аймаг, нийслэлийн Засаг даргад” гэж зааснаар хүсэлт хүлээн аваад холбогдох ажиллагааг хийж, комисс ажиллуулах үүрэгтэй байтал шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн нь хууль бус бөгөөд үндэслэлгүй эс үйлдэхүй байна.

Иймд өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж Ж.А***-ийн “Баянзүрх дүүргийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Маахуур толгойд баригдсан 81 айлын орон сууцны барилгыг байнгын ашиглалтад оруулах комиссыг Хотын стандарт, хяналтын газраас ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, барилгын байнгыг ашиглалтад оруулах комисс ажиллуулахыг Хотын стандарт, хяналтын газарт даалгаж өгнө үү” гэв.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Л**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... нэхэмжлэгч Ж.А*** Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Маахуур толгойд байрлах өөрийн эзэмшлийн газар дээр 2018 онд “Ш****” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан 9 давхар 81 айлын орон сууцыг барьсан. Барилгын гүйцэтгэлийн ажил болон борлуулалтын ажил 2018 оноос эхэлсэн ба 2019 оны сүүл 2020-2021 оны эхэн үед дэлхий нийтийг хамарсан Коронавирусын улмаас барилгын ажил үндсэн хугацаанаасаа жаахан хойшилсон. Тэгээд захиалагч иргэдийн зүгээс барилгын ажил удааширч, гэрээнд заасан хугацаандаа орохгүй байна гэж гомдол саналыг тухай бүр гаргаж ирсэн. Ингээд үндсэндээ барилгын ажлыг 2021 оны 08 дугаар сар гэхэд бүрэн дуусгасан. Тэгээд 2021 оны 09 дүгээр сараас барилга ашиглалтад оруулах хүсэлтээ Коронавирусын улмаас цахимаар өгч эхэлсэн ба “Ш” ХХК-ийн борлуулалтын менежер М.Б****-ын зүгээс е-mongolia системд нийт 4 удаа илгээсэн байдаг. Эхний 3 удаагийн хүсэлт буюу 9, 10 болон 12 дугаар сарын хүсэлтэд татгалзсан хариу цахим төлөвөөр өгсөн байдаг. Энэ бүх процессын явцад  2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 09 дүгээр сар хүртэл нийт бүх байр захиалгын дагуу борлуулагдаж дууссан байдаг ба захиалагчийн зүгээс байраа хугацаанд нь оруулах талаар “Ш****” ХХК болон Ж.А***-ээс шаардаж байсан. Тухай бүр захиалагчид янз бүрийн шалтгаан хэлж, түрээсийн төлбөр болон зарим хүмүүс эрүүл мэндийн шалтгааны улмаас хүч түрэх буюу аргагүй нь эрхэнд зарим айлуудыг байранд нь оруулсан. Ингээд сүүлийн хүсэлтийн дагуу хотын стандарт, хяналтын газраас барилгын ажилтай танилцаж үзлэг хийж Монгол улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 103 дахь хэсэгт зааснаар ашигласан буюу дагуу айлууд орсон учраас комисс ажиллуулах боломжгүй, шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өгсөн. Нэхэмжлэгчийн хувьд оршин суугчдыг байранд оруулсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж бодож байгаа. Энэ нь дэлхий нийтийг хамарсан Ковидын улмаас барилгын ажил удаашрах нөхцөл байдал бий болж гэрээний дагуу хугацаандаа ашиглалтад оруулаагүй учраас оршин суугчдын зүгээс гомдол санал их гарах болсон. Ингээд тухайн иргэдийг байранд оруулахаас өөр аргагүй байдалд орсон. Цаашлаад захиалагчид маань орон сууцыг ашиглалтад оруулаагүй учраас өмчлөх эрх үүсэх боломжгүй цааш цаашдын олон асуудал үүссэн.

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 103-д зааснаар энэхүү асуудлыг шүүх шийдвэрлэхээр зохицуулсан ба бид нэхэмжлэгчийн энэ оршин суугчдыг байранд оруулсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэж байгаа. Энэ хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж “... Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Маахуур толгойд баригдсан 81 айлын орон сууцны барилгыг байнгыг ашиглалтад оруулах комиссыг Хотын стандарт, хяналтын газраас ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, барилгын байнгын ашиглалтад оруулах комисс ажиллуулахыг Хотын стандарт, хяналтын газар, Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

5. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “.... Ж.А****-ээс 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн В99-2201-001400 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд баригдсан зоорьтой 9 давхар, 81 айлын орон сууцны барилгад тус газрын Стандартын хэрэгжилт хяналтын хэлтсийн барилгын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Б*** 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр газар дээр нь очиж барилгын ажлын гүйцэтгэлийг үзэхэд орон сууцны барилгыг ашигласан гэдэг нь нэгдүгээрт, Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно”, хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 10.3 дахь заалт “Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна” гэсэн энэ заалтуудыг баримтлаад  Ж.А****-ийн барьсан 81 айлын орон сууцанд комисс ажиллуулаагүй ба энэ асуудыг шүүхээр шийдвэрлэсний дараа комисс ажиллуулна гэсэн хариу тайлбарыг өгсөн байгаа. Түүнээс биш бид уг барилга дээр өөр үндэслэлээр комисс ажиллуулахгүй гэх тайлбар байхгүй. Сүүлийн хэдэн барилга дээр ийм асуудлууд үүсээд байгаа учраас шүүх шийдвэрлэсний дараа комисс ажиллаад явж байгаа” гэв.

6. Хариуцагч Хотын стандарт, хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б**** шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Тус газар нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”, Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” А/239 дүгээр захирамжийн дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Ж.А****-ийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн В99-2201-001400 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд баригдсан 81 айлын орон сууцны зориулалттай барилгад тус газрын Стандартын хэрэгжилт, хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Б 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр газар дээр нь очиж барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцахад орон сууцны барилгыг ашигласан байгаа нь “Барилгын тухай” хуулийн 37.6 дахь /дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно/ заалт, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын 10.3 дахь заалтыг зөрчсөн тул  хүсэлт ирүүлсэн иргэн Ж.А****-т 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01/77 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

2. Маргааны үйл баримтад хамаарах “...барилгыг байнгын ашиглалтад оруулах комиссыг Хотын стандарт, хяналтын газраас ажиллуулахгүй байгаа хууль бус эс үйлдэхүй” тогтоогдохгүй байна гэж шүүх үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэ хэсэгт хамаарах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

3. Хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн тухайд

3.1. Нэхэмжлэгчийн зүгээс “...2021 оны 09 дүгээр сараас барилгаа ашиглалтад оруулах хүсэлтээ цахимаар өгч эхэлсэн мөн борлуулалтын менежер М.Б****-ын зүгээс е-mongolia системд нийт 4 удаа илгээсэн. Эхний 3 удаагийн хүсэлт буюу 09 дүгээр сар, 10 дугаар сар, 12 дугаар сарын хүсэлтэд татгалзсан хариу цахим төлөвөөр өгсөн” гэж тайлбарлаж байна. Энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж зааснаар цахимаар хандсан хүсэлтэд цахимаар татгалзсан хариу өгч, уг хариу нь татгалзсан төлөвтэйгөөр мэдээлэл нь орсон, үүнийг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрч шүүх хуралдаан дээр няцаахгүй байгаа нь хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй байхгүй болохыг харуулж байна.

3.2. Тодруулбал, нэхэмжлэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хүсэлтийн хариуг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хүсэлтийн хариуг 2021 оны 10 дугаар сарын 13-ны /тэр өдөртөө авсан/ өдөр, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хүсэлтийн хариуг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хүсэлтийн хариуг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тус тус захиргааны байгууллага өгч байсан, энэ талаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан ойлголцож маргаагүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын татгалзсан хариуг эс зөвшөөрч дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргасан, шүүхэд хандсан үйл баримт тогтоогдохгүй, хариуцагч захиргааны байгууллагын тухайн татгалзал хууль болон зорилгодоо нийцсэн талаар хянуулсан баримт байхгүй байна.

3.3. Үүнээс гадна шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас тодруулсан “... комисс ажиллуулахаас татгалзсан хариуг хууль бус болохыг тогтоолгох” гэсэн шаардлагыг мөн хангах үндэслэлгүй байна. Учир нь Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д “нутаг дэвсгэртээ барилгын салбарт баримтлах бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хяналт тавих” бүрэн эрх нь хариуцагч нарын тухайд Засгийн газрын 212 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах, өөрөөр хэлбэл, “ашигласан нь тогтоогдсон барилгад комисс ажиллуулахыг хориглох” талаарх хатуу зохицуулалтыг зөрчих эрхгүй байна.

4. Иймээс, хариуцагч Хотын стандарт, хяналтын газрын хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байна, мөн татгалзсан хариу нь хуулийн хүрээнд байна, үүгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж шүүх дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт хамаарах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Нэхэмжлэгч Ж.А**** Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Маахуур толгой нэртэй газарт байрлах, газар эзэмших эрхийн ****** дугаар гэрчилгээтэй, ********* дугаар нэгж талбарын дугаартай, 2420 м.кв талбайтай газар дээрээ 9 давхар 81 айлын орон сууцны барилгыг архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилгажих талбайн схем зургийн дагуу барьжээ.

6. Хариуцагч Хотын стандарт, хяналтын газраас нэхэмжлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт”-ийн дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд баригдсан 81 айлын орон сууцны барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцах явцад тус орон сууцны барилгад айл оруулж ашигласан нь Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан дүрэмд заасны дагуу шүүхээр шийдвэрлүүлэх хариуг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01/77 дугаар албан бичгээр өгсөн.

7. Дээрх албан бичгээр өгсөн хариуг эс зөвшөөрч нэхэмжлэгч нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дээд шатны албан тушаалтан болох Нийслэлийн Засаг даргад хандсан ба 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “...шүүхээр шийдвэрлүүлж ирүүлэхийг удаа дараа албан бичгээр болон биечлэн уулзаж зөвлөгөө өгч, шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу комиссын үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж ажиллахаа мэдэгдсэн” гэсэн хариуг авчээ.

8. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах харилцааг зохицуулж, Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна”, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д “Энэ хуулийн 32.1.5, 33.1.23-т зааснаас бусад барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах” гэж зааснаар маргаан бүхий энэ тохиолдолд хариуцагч Нийслэлийн Засаг даргаас Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Засгийн газар барилгын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 32.1.7-д “барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийг батлах” гэж заасны дагуу Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Дүрэм шинэчлэн батлах тухай” 212 дугаар тогтоол, уг тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахаар байна.

9. Дээрх дүрмийн 10 дугаар зүйлийн 10.3-д “Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна” гэж заажээ.

10. Нэхэмжлэгчийн барьсан байнгын ашиглалтад аваагүй байгаа 81 айлын орон сууцанд айлууд орж ашиглаж байсан, амьдарч байсан нь үйл баримтаар болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож, хариуцагчийн “дээрх дүрмийн заалт болон Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан хугацаа дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламж ашиглахыг хориглох тухай заалт зөрчигдсөн гэх тайлбар шууд үгүйсгэгдэхгүй байгааг дурдах нь зүйтэй.

11. Шүүх, хариуцагч нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эс үйлдэхүй гаргаж зөрчсөний үр дагаврыг буюу “даалгах” шаардлагыг хангах гэхээсээ илүүтэй үүссэн нөхцөл байдал, хүндэтгэн үзэх шалтгаан юу байв гэдэгт дүгнэлт өгч, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “Барилгын асуудал эрхэлсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллага нь барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хүлээж” анх барилгын ажлын зөвшөөрлийг олгохдоо харгалзан үзсэн байгааг, коронавируст халдварын цар тахлын улмаас нийгмийн эрүүл мэндийг хамгаалахын тулд хүний тодорхой эрхэд хязгаарлалт тавих зэргээр эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэрийн дагуу хорио цээр, хязгаарлалтын дэглэмд барилга байгууламжийг шинээр барих ажлыг эрхэлж байсан нэхэмжлэгч, барилгын үйл ажиллагаанд хяналт тавих, эрх олгох шийдвэр гаргах үүрэг бүхий хариуцагч захиргааны байгууллага хэн аль нь тодорхой хэмжээнд байсныг, орон сууцыг худалдах худалдан авах гэрээний дагуу захиалга хийсэн гуравдагч этгээдүүдийн зүгээс тус тусын хүндэтгэн үзэх шалтгаанаа тоочиж, нэхэмжлэгчид захирагдахгүйгээр дууссан боловч ашиглалтад аваагүй барилгад орж суурьшсан байгааг тус тус харгалзан даалгах шаардлагыг хангах нь зүйтэй байна. Түүнчлэн шүүхийн шийдвэр биелэгдэхүйц байх шаардлагад нийцүүлж, зөвхөн нэхэмжлэгч, хариуцагчийн эрхээс гадна гуравдагч этгээд болох нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөс сэргийлж барилгыг байнгыг ашиглалтад оруулах комисс ажиллуулахыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.А*****-ээс Нийслэлийн Засаг дарга, Хотын стандарт, хяналтын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Маахуур толгой нэртэй газарт байрлах 9 давхар 81 айлын орон сууцны барилгыг байнгыг ашиглалтад оруулах комисс ажиллуулахыг хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Хотын стандарт, хяналтын газарт даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох “...хариуцагч Хотын стандарт, хяналтын газрын 81 айлын орон сууцны барилгыг байнгыг ашиглалтад оруулах комиссыг ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, комиссыг ажиллуулахаас татгалзсан хариу хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нийтдээ 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             У.БАДАМСҮРЭН