2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Цагаатгах тогтоол

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар     2025/ШЦТ/62

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Оджаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Анхцэцэг,

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Үнэгэд овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2310000001980 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн ...тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Үнэгэд овогт *******ийн ******* /РД:..../

 

          Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* хотхоны ******* дугаар байрны 16 тоотод П.*******той маргалдан нүүр рүү нь цохих, хүзүүг нь боох зэргээр зодож, эрүүл мэндэд нь 35 дугаар шүдний хугарал, зүүн зовхи, хамар, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би П.*******ыг түрүүлж цохиогүй. Хохирогч П.******* хэтэрхий согтолттой, архиа асгаад байсан тул би түүнд “архи битгий асгаад бай” гэж хэлэхэд шууд намайг цохисон. Тэгээд би аргагүйн эрхэнд өөрийгөө хамгаалж түлхэж босохоос өөр арга байгаагүй. П.******* нь Д.*******ын гэрийн бурхан, тахилга эд зүйлийг асгаж, самраад дээр нь гарч суугаад  “намайг болон Хадаа ахыг чиний барлаг биз дээ” гээд байсан.П.******* над руу аяга авч шидэхээр нь миний уур хүрээд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаагийн ажилтан П.*******ыг ******* хотхоны гаднаас авч явсан. Миний хувьд даралт ихэссэн байдалтай байсан. Миний хувьд шүүх эмнэлэгт үзүүлсэн гэв. 

 

Хоёр. Эрүүгийн 2310000001980 дугаартай хавтаст хэргээс:

Хохирогч П.*******ын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, хавсралт /хавтаст хэргийн 5-6 дахь тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 7 дахь тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 8-10 дахь тал/,

Хохирогч П.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-16, 20 дахь тал/,

          Гэрч Д.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-25 дахь тал/,

          Гэрч Д.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-30 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 13931 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 79-87 дахь тал/

Шүүгдэгч Д.*******ы мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 52-54 дэх тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хавтаст хэргийн ******* дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 57 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 58 дахь тал/, иргэнд олгох татварын тодорхойлолт /хавтаст хэргийн 59 дэх тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хавтаст хэргийн 60 дахь тал зэрэг болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт: 

 

2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* хотхоны ******* дугаар байрны 16 тоот гэрч Д.*******ын гэрт  Д.*******, П.******* нар ирж, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа хохирогч П.******* нь согтуурхан ууж байсан архиа асгахад шүүгдэгч Д.******* нь П.*******од хандан “айлын гал голомтыг хүндлэх ёстой, архи асгахаа боль” гэж хэлэхэд П.******* нь Д.*******ы нүүр рүү цохиж унагаахад Д.******* нь хохирогч П.*******той ноцолдож, цохисны улмаас  П.*******ын биед “35-р шүдний хугарал, зүүн зовхи, хамар, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан, П.******* нь Д.*******ы биед “зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, цус хуралт бүхий” хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч П.*******ын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, хавсралт /хавтаст хэргийн 5-6 дахь тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 7 дахь тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: хохирогч ******* гэрч ******* нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хоорондоо юм ярьж буй дүрс байх бөгөөд хохирогч ******* нь “чи миний гарын аяыг даахуу” гэхэд Д.******* “би чиний гарын аяыг даагаад ингээд сууж байна. 01 минут 27 секунтэнд Д.******* “чи энэ цохисон нүүрээ хардаа” гэж *******од хандаж хэлж байгаа харагдана. 01 минут 33 секунтэнд П.******* нь “2-лаа зодолдох уу, үзэх үү” гээд босож ирж байгаа харагдана. 04 минут 26 секунтэнд Д.******* “миний нүүрийг хардаа” гээд П.*******од хандаж хэлж буй дүрс бичлэг /хавтаст хэргийн 8-10 дахь тал/,

Хохирогч П.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 18 цагийн орчимд найз ******* намайг “гэрт хүрээд ирээч” гэхээр нь “би завгүй байна” гэж хэлсэн чинь 20 цагийн орчимд дахиж над руу утсаар залгаад “хүрээд ирээч” гэхээр нь би “хүнтэй уулзаад жаахан архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна” гэж хэлсэн чинь “хамаагүй, такси бариад хүрээд ирээч, би таксины мөнгийг нь өгнө” гэж хэлсэн. ******* надад 22.430.000 төгрөг өгөх ёстой байсан. Уулзахаас хэд хоногийн өмнө ******* надад “10 дугаар сарын 25-ны өдөр мөнгө орж ирнэ” гэж хэлж байсан болохоор надад өгөх гэж байгаа мөнгө нь бүтсэн юм болов уу гэж бодоод *******ын амьдарч байгаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хотхонд байрны дугаар нь санахгүй байна, ямар ч байсан 4 давхарт тоот нь санахгүй байна. Ингээд би тухайн гэрт нь очтол *******ын эхнэр болон зээ охин мөн Хадаа гээд ахынхаа хамт байсан. Намайг ороход ширээн дээр нэг том шилтэй архи байсан ба эхнэр нь хөл дээрээ тогтож чадахгүй согтуу байсан. Зээ охиноос бусад нь бүгд согтуу байсан. Ингээд надад архи хийж өгөөд бид нар архи уугаад ууж байхад урьд өмнө харж байгаагүй, танихгүй ******* гэдэг хүн орж ирээд хамт архи уугаад юунаас болоод маргалдсанаа санахгүй байна. ******* гэдэг хүн эхлээд миний эрүүн тус газарт гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон чинь ******* миний хүзүүг гараараа бооход миний баруун талд хэн байсныг нь санахгүй байна. Миний араас цохиод гэдэс рүү бас гараараа цохих шиг болсон. Ингээд би ухаан алдаад унасан. Яаж сэрсэнээ мэдэхгүй байна. Би нэг сэрсэн чинь хөл хөндүүр миний эрүү бас хөндүүр болоод өөр газар суусан. ******* миний зүүн талд сууж байхаар нь би *******д “чи яагаад намайг ингэж цохиж зодож байгаа юм бэ” гээд асуусан чинь ******* надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Би ******* болон Хадаа гэх хүмүүстэй огт маргалдаагүй. Миний бодлоор *******тай маргалдсанаас болсон юм болов уу гэж бодож байна. Удалгүй цагдаа нар орж ирээд намайг аваад явахаар нь ахынх нь толгой болон хөл өвдөөд байна. Намайг цохисон хүмүүсийг яагаад үлдээж байгаа юм бэ? гэж хэлж байсан. Ингээд Цагдаагийн хэлтэс дээр эхнэр ******* ирээд намайг аваад явсан. ...Миний зүүн талын шүд хөдөлсөн, буйл язарч хавдсан, дээд шүдний араа хөдөлсөн, миний зүүн нүд зулгарсан. Миний хүзүүг боосон тул улайж хөхөрч зулгарсан, хамар, толгой бас хөндүүртэй болсон байна. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-16, 20 дахь тал/,

Гэрч Д.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өөрийн амьдардаг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэсвгэрт байрлах ******* хотхоны ******* дугаар байрны 16 тоот гэртээ байж байсан чинь найз ******* над руу утсаар “найз нь гэрээ бариад архи уусан байна” гэж хэлэхээр нь би “манайд хүрээд ирээч” гэж дуудсан. Би өөрөө тухайн үед бас архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Удалгүй ******* такси бариад ирэхээр нь би таксины мөнгийг өгсөн юм шиг байна лээ, бодвол би өгсөн юм шиг байгаа юм. Яг давхцаад найз ******* гаднаас архи согтууруулах ундаа аваад орж ирсэн. Ингээд бид нар хоорондоо танилцаад архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэгтэл ******* гаднаас орж ирэхдээ согтуу орж ирсэн учраас гэрийн маань хойморьт гарч суучихаад эхнэр болон *******, мөн миний хуурай ах Хадхүү нар руу “эд нар чиний барлагууд биз дээ” гээд *******тай маргалдаад хоорондоо барьцалдаж аваад зууралдаад байсан. Би өөрөө нэлээн согтуу байсан болохоор зарим үйл явдлыг нь санахгүй байна. Миний санаж байгаагаар бол бие биенээ боогоод байсан. Удалгүй ******* Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөд цагдаа нар ирээд *******, ******* 2-ыг аваад явсан. Би ******* гэдэг хүнд 5.000.000 төгрөгний асуудал байгаа, өөр ямар нэгэн өр авлаганы асуудал байхгүй. ******* над руу утсаар яриад “би танай гэрт очиж болох уу, хөгшин нь архи уусан байна” гэхээр нь би “хүрээд ирэх гээд байгаа бол хүрээд ирээч” гэж хэлсэн чинь “за” гэж хэлээд ******* манай гэрт ирсэн. Би өөрөө согтуу байсан учраас зарим үйл явдлыг санахгүй байна. Миний санаж байгаагаар бол ******* *******ыг боож унагаасныг л санаж байна, бусдыг нь сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь *******ы хацар нь цус болсон байсан. ******* надтай утсаар ярихаас өмнө ******* надтай яриад “танай гэрт очиж болох уу” гэж байсан. Тэгээд манай гэрт ирэхэд нь *******той яг таарч ******* гаднаас орж ирсэн...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-25 дахь тал/,

Гэрч Д.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: 2023 оны 10 дугаар сарын 15-наас 16-ны шилжих шөнө миний дугаар руу шөнө 02 цагийн орчимд нэг цагдаа утсаар яриад “Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн жижүүр дээр таны нөхөр ******* согтуу найзындаа очиж архи ууж, маргаан үүсгээд ирсэн байна. Та ирэх үү” гэхээр нь “би очиж яах билээ” гэсэн чинь “та ирж нөхрөө авах уу” гэхээр нь би “за” гээд гэрээсээ гараад Цагдаагийн хэлтэс дээр ирсэн чинь манай нөхөр 1 давхарт сандал дээр сууж байсан ба нэлээн согтуу байсан. Тэгээд надад “би зодуулсан шдээ” гээд үглээд суугаад байсан. Ингээд би нөхрөө аваад машинд суулгаад аваад явсан чинь нөхөр дуугүй суугаад байсан. Гэрийн гадаа очоод нөхөр маань машинаас буусан чинь “хөл өвдөөд байна” гэж хэлсэн. Би өглөө нь ажилтай байсан учраас ажилдаа явсан. Нөхрийн өмсөж байсан фудволк нь урагдаад хүзүү нь улайсан байдалтай байсан. Надаа хэлэхдээ “хамт архи уугаад сууж байхдаа зодуулсан, нэг мэдсэн чинь ухаан алдсан” гэсэн. Согтуу байсан учраас би сайн лавлаж асуугаагүй. Ямар ч байсан хоолой хүзүү нь улайгаад зулгарсан байсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-30 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 13931 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: П.*******ын биөд 35-р шүдний хугарал, зүүн зовхи, хамар, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлдлээр үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

Шүүгдэгч Д.*******ы мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: 2023 оны 10 дугаар сарын 15-ны орой найз *******ын гэр болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэсвгэрт байрлах ******* хотхоны ******* дугаар байрны 16 тоотод очсон чинь миний урьд өмнө харж байгаагүй *******ын найз нь гээд нэг залуу байсан, одоо бол энэ хэрэгт хохирогч ******* гэдэг залуу байсан. Ингээд бид нар юм яриад, танилцаад архи согтууруулах ундаа хэрэглээд удаагүй байж байсан чинь ******* гэх залуу айлын гэрт архи асгаад байхаар нь “одоо боль, согтсон байна, айлд байж ингэж болохгүй шүү” гэж хэлсэн чинь босож ирээд намайг цохиод миний дээр гараад хоолойг маань боосон. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалж зөрүүлээд түлхэж хоолойг нь түлхээд боссон. Би ариун цэврийн өрөө ороод нүүр, гараа угаах гэсэн чинь миний зүүн талын хацар шалбараад цус гарсан байсан. Тэгэхээр нь би *******од хандаж “яаж байгаа юм бэ? айлд ирчихээд ингэж болж байгаа юм уу, айлын гал голомтыг хүндлэх хэрэгтэй” гэдэг зүйл ярьсан чинь намайг дахиад цохиж авахаар нь би Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 52-54 дэх тал/ 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 79-87 дахь тал/

болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

         

          2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* хотхоны ******* дугаар байрны 16 тоот гэрч Д.*******ын гэрт  Д.*******, П.******* нарын зодолдсон нэг үйл баримтад Прокурорын байгууллагаас Д.*******ы гомдлоор П.*******од холбогдуулан эрүүгийн 2310000001913 дугаартай хэрэг үүсгэж, энэ хэргээс тусад нь шалгаж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/137 дугаартай шийтгэх тогтоолоор П.*******ыг хохирогч Д.*******ы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар П.*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ. 

         Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Анхцэцэг нь 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эрүүгийн 2310000001980 дугаартай хэрэг үүсгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.*******ыг яллагдагчаар татаж, 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагчаас мэдүүлэг авч, /хэргийн 50-54 дэх тал/   2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 784 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Д.******* нь Улаанбаатар хот, .. тоотод оршин суух хаягтай бөгөөд мөрдөн байцаалтаас оргон зайлсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр П.*******од холбогдох эрүүгийн 2310000001913 дугаартай хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд Д.******* нь хохирогчоор оролцож байжээ. Гэтэл прокуророос Д.*******д холбогдох хэрэгт 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 784 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн атлаа 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хэргийг тус шүүхэд шилжүүлсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд “Аргагүй хамгаалалт”-ын талаар заасан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн ...амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж заасан.  

Хууль зүйн хувьд тодруулбал аргагүй хамгаалалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “...амьд явах, халдашгүй чөлөөтэй байх...” болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах үйлдэл ба халдлага нь аюултай буюу амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан үйлдэл, довтолгооны эсрэг хийж буй таслан зогсоох зорилготой үйлдэл юм. Аргагүй хамгаалалт нь зодох, түлхэх, гэмтэл учруулах зэрэг үйлдлүүдээр илэрнэ.    

Шүүгдэгч Д.******* нь хохирогч П.*******од “ архи асгаж, айлын гал голомтыг хүндэлсэнгүй, согтсон байна” гэж хэлснээс П.******* нь Д.*******ы нүүр рүү цохиж,  унагаасны улмаас тэд харилцан ноцолдож, цохисон байна. Хохирогч П.******* нь Д.*******ы биед халдан довтолсон байх ба Д.******* нь өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг аюултай байдал бий болсон гэж үзэж, хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор П.*******той ноцолдож, цохих үйлдэл хийсэн нь аргагүй хамгаалалт хийх эрх үүссэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл Д.*******ы хууль ёсны эрх, ашиг сонирхолд хор хохирол учрах бодитой, шууд аюул тулгарсан нөхцөл байдал бий болсны улмаас эсэргүүцэн, өөрийн амь биеэ хамгаалсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.   

Иймд дээрх үйл баримт, хууль зүйн үндэслэлээр улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.*******д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.*******г цагаатгах үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 5, 6 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

                                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Үнэгэд овогт *******ийн *******д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Аргагүй хамгаалалт хийсэн” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.*******ыг цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

4. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба цагаатгагдсан этгээд, хохирогч нар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.   




 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Х.ОДБАЯР