| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2025/0004/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/114 |
| Огноо | 2025-01-10 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Оджаргал хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр,
шүүгдэгч И.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эмч овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2410036921498 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн ......тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Эмч овогт *******гийн ******* /РД:.../
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч И.******* нь 2024 оны 8 дугаар сарын 23-наас 26-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо *******ийн ам гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт,”-д багтсан 3 шуудай 97 кг Сибирь хуш модны үр, идээ болох самрыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, бэлтгэн улмаар 2024 оны 8 дугаар сарын 27- ны өдөр тус газраас Хан-Уул дүүргийн *******ийн шалган нэвтрүүлэх товчоо хүртэл ******* УБМ улсын дугаартай “Тоуоtа Рrius-11” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж Байгаль экологид 17.130.200 төгрөгний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч И.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 2410036921498 дугаартай хавтаст хэргээс:
Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дэх тал/,
2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,
2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 23-27 дахь тал/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 16 дахь тал/,
Эд зүйл, баримт бичиг хураан авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 17 дахь тал/,
Мэдүүлийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 30-35 дахь тал/,
Хохирогч /хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч/ Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,
Гэрч И.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13, 64-65 дахь тал/,
Гэрч Х.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15, 53-54 дэх тал/,
Гэрч Б.*******ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дахь тал/,
Гэрч Э.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 3199 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 69-74 дахь тал/,
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 84 дэх тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 81, 97 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 85-86, 96-97 дахь тал/,
Шүүгдэгч И.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 111-114 дэх тал/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 123 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 135 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 139 дэх тал/, Хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 142-174 дэх тал/ зэрэг болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч И.*******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч И.******* нь 2024 оны 8 дугаар сарын 23-наас 26-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Куветийн ам гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт,”-д багтсан 3 шуудай 97 кг Сибирь хуш модны үр, идээ болох самрыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, бэлтгэн улмаар 2024 оны 8 дугаар сарын 27- ны өдөр тус газраас Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, *******ийн шалган нэвтрүүлэх товчоо хүртэл “Тоуоtа Рrius-11” маркийн ******* УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн болох нь:
Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дэх тал/,
2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,
2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 23-27 дахь тал/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 16 дахь тал/,
Эд зүйл, баримт бичиг хураан авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 17 дахь тал/,
Мэдүүлийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 30-35 дахь тал/,
Хохирогч /хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч/ Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: ...Би .. 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ажилд орсон. Түүнээс хойш уг газарт мэргэжилтнээр ажиллаж байгаа. Хууль эрх зүй бичиг хэрэг зэрэгт хяналт тавих үндсэн үүрэгтэй. Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо *******ийн пост ******* УБМ улсын дугаартай Toyota Prius-11 маркийн тээврийн хэрэгслээр Монгол Усын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт-д багтсан 3 шуудай Сибирь хуш модны үр, идээ болох цайруулсан самрыг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн хэргийн улмаас учирсан хохирлыг Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт ирган, аж ажуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаартай журам батлах тушаал байдаг. Уг журмын 8.2 дахь хэсэг “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зуйлийн 12.1.5-д “Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж, хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого”, 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн A/450 дугаар тушаалын хавсралтаар баталсан Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд зааснаар хуш модны үр идээ болох самрыг тухайн жилийн 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар бэлтгэх боломжтой. Гэвч тухайн жилд бүс нутгийн хуш модны самрын ургацын байдалд дүн шинжилгээ, судалгаанд үндэслэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын тушаалаар хуш модны самрыг бэлтгэх эсэхийг тогтоож өгдөг. Энэ жилийн хувьд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/723 тоот тушаалаар иргэнд зөвшөөрсөн хэмжээгээр түүж бэлтгэхээр болсон байдаг. Гэтэл энэ асуудал нь 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр болсон асуудал учир зөвшөөрөл олгогдсон гэж яригдахгүй юм байна. Мөн Байгалийн ургамлын тухай хуульд “Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална” гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д Сибирь хуш нь багтсан байдаг. Энэ ургамал нь Монгол оронд ургадаг бөгөөд өөр төрөл зүйлийн хуш мод Монгол оронд ургадагүй. Уг ургамлын үр идээ болох хуш модны самар нь ч мөн адил Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан. Хуш модны самарны үнэлгээг 2022 оны 12 сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалаар Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тооцохоор журамлаж өгсөн байна. Мөн шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,
Гэрч И.гийн мөрдөн байцаалтад 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: Манай төрсөн ах И.******* нь 2023 нь онд ******* хороололд хүнд мотоцикл зараад мөнгө авч чадаагүй гээд өнөөдөр хамт явъя гээд ******* ах, хүргэн ах Сэргэлэнбаатар, ******* нарын хамт ******* рүү ахын машинтай явсан. Тэгээд ахын мотоцикл зарсан гэх хүнийг хайгаад олоогүй бид 4 уул руу салхинд гарч яваад мотоцикл авсан гэх хүнтэй таарсан юм. Тухайн хүн ахад мөнгө байхгүй, би энд самар түүж байгаа гээд уул руу гараад ахад 3 уут цайруулсан самар өгсөн юм. Тэрийг нь ахын машинд ачаад явж байгаа засмал замтай нийлдэг хэсэгт цагдаатай таараад энд ирсэн. Би гэх хүнийг танихгүй ба ах таниад уулзаад байсан. Би уулнаас самар түүгээгүй ахаас мотоцикл авсан хүн нь самар өгсөн...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
2024 оны 11 дүгээр 14-ний өдөр дахин өгсөн: Х.******* манай эгчийн нөхөр, И.******* нь манай ах, Б.******* нь миний багийн цэцэрлэгээс найзалсан найз, надад энэ гурван хүнтэй ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. Би 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ******* ахынд очоод байж байсан чинь ******* ах руу манай ах И.******* залгаад “хүрээд ир, би Өргөөтөд байна, оройдоо буцаад хот явчихъя” гэсэн чинь ******* ах, манай найз ******* бид хоёрыг хамт “Өргөөт яваад ирье, ******* залгаад байна” гэхээр нь ******* бид хоёр ******* ахтай хамт ******* ахын найзынх нь саарал өнгийн машинтай найзаар нь бариулаад 00 цагийн үед Өргөөт гэдэг газар очих гээд явж байсан чинь цаанаас И.******* ах машинтайгаа бид гурвыг тосч аваад бид гурвыг ******* ах дээр хүргэж өгсөн, машин тэр оройдоо буцаад явчихсан. Тэгээд *******, ******* нар 1 шил архи машиндаа хувааж уугаад Өргөөтөөс хот явах нь оройтоод өглөө хот явахаар болоод тэндээ бид дөрөв машиндаа хоноод маргааш нь буюу 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 11-12 цагийн үед Өргөөтөөс Улаанбаатар хот явах замд байдаг пост дээр цагдаа зогсоогоод шалгаад самар авч явж байна гээд бид дөрвийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очиж мэдүүлэг авсан. ******* ах намайг архи уусан гэж битгий хэлээрэй, Өргөөтөд мотоцикл хайгаад айлд хоносон юмаа гэж хэлээрэй гэхээр нь би тухайн үедээ айгаад Хан-Уул дүүргийн цагдаа дээр мэдүүлэг өгөхдөө Өргөөт рүү мотоцикл хайгаад тэр хавьд байдаг айлд хоносон гэж худлаа мэдүүлэг өгсөн...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65 дахь тал/,
Гэрч Х.*******гийн мөрдөн байцаалтад 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: Би 2024 оны 3 дугаар сарын дундуур Улаанбаатар хотод нүүж ирээд Баянгол дүүргийн хороог нь сайн санахгүй байна, үйлдвэрийн хашаанд гэрээ буулган одоог хүртэл оршин суун амьдарч байна. Би тухайн хашаанд байрлах төмөр хашаа гагнуурын үйлдвэрт гагнуурчнаар ажиллаж байна. Тус өдөр буюу 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед манай хүргэн дүү И.******* нь өөрийнхөө утсаар залгаж “би өмнө танд хэлж байсан даа, нэг хүнд мотоциклоо зараад мөнгийг нь авч чадахгүй байна гэж тэгсэн тухайн хүн маань *******ийн постын цаана байгаа сураг эртээдээс хойш дуулдаад байна, та завтай бол хань болоод яваад өгөөч, би сайн танихгүй хүн юм аа” гэж асуухаар нь би зөвшөөрөөд хамт явахаар болсон. Тэгээд *******ийн постоор гараад зүүн салаад тухайн хүний амьдардаг газрыг нь ойр орчмын айлуудаас нь сураглаад байхад олдоггүй. Тэгээд нэгэнт энд ирсэн чинь хэдүүлээ дээшээ уул руу жоохон алхах уу гээд алхаж байтал манай хүргэн дүү “нөгөө хүн чинь энэ байна шдээ” гээд миний танихгүй хүнтэй уулзаад хоорондоо ярилцаж байгаад хэдэн шуудай самар тухайн мотоциклныхоо мөнгөнд орлуулж авахаар болж аваад буцаж байгаад *******ийн постон дээр цагдаа зогсоож шалгаад зөвшөөрөлгүй самар түүсэн байна гээд тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авсан. Би болон манай хүргэн дүү *******, , *******гийн найз ******* нарын хамт тухайн самрыг түүж бэлдсэн зүйл огт байхгүй, *******гийн мотоциклийг худалдан авсан хүн өгөх байсан мөнгөнийхөө оронд өгсөн. Би тухайн самар өгсөн хүнийг огт танихгүй, ямар нэгэн харилцаагүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,
2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дахин өгсөн: ******* бол миний эхнэрийн дүү нь байгаа юм. бол миний хадам дүү, харин ******* бол гийн найз нь байгаа юм. Бидний дунд өс хонзонгийн асуудал таарамжгүй харилцаа байхгүй. Миний бие өнгөрсөн зун буюу 2024 оны 5 дугаар сараас 100 айл дээр байдаг “...” нэртэй компанид 9 сар хүртэл гагнуурчнаар ажиллаж байгаад 9 сараас 100 айлын “...” ХХК-нд гагнуурчинаар ажиллаж байна. Хааяа хувь хүмүүсээс захиалга авч гагнуур хийдэг. Миний бие тухайн өдөр буюу 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр *******, , ******* нарын хамт *******гийн ******* УБМ улсын дугаартай “Приус-11” маркийн машинтай Хан-Уулын *******ийн постоор *******гийн түүсэн 3 шуудай самар ачиж явсан асуудлаар цагдаад очсон. Тэр үед ******* Богд уулын Кувейтийн амаар дээш гарч самар түүсэн байсан. Тэгээд урд өдөр нь буюу 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр над руу залгаад “би Богд ууланд самар түүгээд 3 шуудай самар бэлтгэсэн байгаа, түүнийгээ зарж хэдэн төгрөг болгоноо, ах та хаана байна, хүрээд ирээч” гэж залгасан тэгэхээр нь би “гэртээ байна, манайд найзтайгаа байна” гэхэд дагуулаад хүрээд ир гэж хэлээд ******* биднийг постны цаана уулнаас буугаад зам дагуу зүлэг дээр хүлээж байхаар болсон. Тэгээд бид 3 автобусаар Яармаг хүртэл сууж ирээд түүнээс цааш замын унаанд суугаад *******гийн хүлээж байсан газарт очсон. Бид нарыг очиход ******* нэг шил архи, пиво, хиам, талх авчихсан хүлээж байсан. Бид тэр хавьдаа салхилж ууж, идэж хоносон. Өглөө нь босож уусан архиа гаргаад өдөр 17 цагийн үед Улаанбаатар хот руу орохоор болоод ******* машинаа бариад бид явж байхад *******ийн постны цагдаа, зогсоож бичиг баримт шалгаад багаажинд байсан 3 шуудай самрыг илрүүлж, “зөвшөөрөл байгаа эсэх” талаар асуугаад “байхгүй” гэхэд нь саатуулахаар болж Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст ирсэн. Тэгээд бид нар юу гэж хэлэхээ ярилцаад *******гийн хэлснээр нэг хүнээс мотоцикл зарсан мөнгөний оронд нь авсан болохоор болж гэх хүнийг хайж яваад таарч уг 3 шуудай самрыг авсан гэж мэдүүлэг өгөхөөр болоод бид нар анх өгсөн мэдүүлгийг өгсөн. Түүнээс биш бид 4 хамт самар түүсэн асуудал байхгүй. ******* өөрийнхөө машинтай ганцаараа 3 хоног самар түүгээд хот руу орохоосоо өмнө намайг дуудсан, тэр үед нь манай гэрт ******* нар байж тараад бид хамт очиж хээр агаарт хоноод өглөө нь уусан архиа сайн гаргаад хот орохоор болоод өнжиж тэр өдөр 17 цагийн үед хот руу хөдөлсөн юм. ...******* УБМ усын дугаартай Приус 11 маркийн тээврийн хэрэгсэл *******гийн өөрийнх нь машин байгаа юм. Энэ оны 5 сард байхаа өөрийнхөө эвдэрсэн байсан Приус 11 маркийн машинаа өгөөд хэдэн төгрөг нэмж, одоо унаж байгаа машиныг авсан гэсэн...мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,
Гэрч Б.*******ы мөрдөн байцаалтанд өгсөн: ... бид 2 Ховд аймгийн 6 дугаар сургуулийг төгссөн найзууд байгаа юм. Харин *******, ******* нарыг найзын ах гэдгээр нь танина, төрөл садангийн холбоо байхгүй, Бидний дунд өс хонзонгийн асуудал, таарамжгүй харилцаа байхгүй. Миний бие 2022 оны намар 9 сард Улаанбаатар хотод орж ирсан ба тогтсон ажил хийдэггүй, тэр ирсэн жилээсээ Уран ган төв байх New car нэртэй авто угаалгад машин угаагчаар ажиллаж байна. Дунд нь ганц нэг сараар хөдөө гэр рүүгээ явахаар бол яваад буцаж ирээд ажилладаг. 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр найз тай уулзаж түүний хүргэн ах *******гийн гэрт очсон. Бид хоёрыг очиход ******* ах гэртээ байсан ба жаахан халамцуухан сууж байсан. Тэгээд бид хоёр цай уугаад сууж байтал ******* ахын утсанд дуудлага ирсэн. Утсаар ярьж байхдаа , ******* хоёр хамт байна гаж яриад утсаа тасалсан. Тэгээд ******* ах “за хэдүүлээ Төв аймаг руу яваад ирье, ******* самар түүгээд уулнаас буусан гэж байна, хамт очоод хүрээд ирэх үү, гэхээр нь бид хоёр зөвшөөрөөд Богд уулын баруун тал руу Төв аймаг явах замд очихоор болсон. Гэрээс нь гараад автобусаар Яармаг хүртэл яваад түүнээс цааш замын унаад суугаад бид гурав Богд уулын баруун талд Куветийн амны ойролцоо очиход ******* ах машинтайгаа бид 3-г хүлээж байсан. Тэр хавьдаа ******* ахын авсан пиво, хиам, талхыг идэж 4-үүлээ тэндээ хоносон. Маргааш нь буюу 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр *******гийн ******* УБМ улсын дугаартай “Приус-11” маркийн машинтай Хан-Уулын *******ийн постоор ******* ахын түүсэн 3-н шуудай самар ачиж явсан асуудлаар цагдаад очсон. Тэр үед ******* ах Богд уулын Куветийн амаар дээш гарч самар түүсэн байсан. Тэгээд зөвшөөрөлгүй самар түүсэн асуудлаар саатуулахаар болж Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст ирсэн. Тэгээд бид нар ярилцаад ******* ахын хэлснээр нэг хүнээс мотоцикл зарсан мөнгөний оронд нь авсан болохоор болж гэх хүнийг хайж яваад таарч уг 3 шуудай самрыг авсан гэж мэдүүлэг өгөхөөр болоод бид нар анх худал мэдүүлэг өгчихсөн. Түүнээс биш бид 4 хамт самар түүсэн асуудал байхгүй. ******* ах өөрийнхөө машинтай ганцаараа 3 хоног самар түүгээд хот руу орохоосоо өмнө ******* ахыг дуудсан байсан. ******* ахыг самарт ******* ах явуулсан гэж бодохгүй байна. Гэрт нь очиход ******* ах жаахан халамцуу байсан ба “******* дуудаж байна, хэдүүлээ яваад ирье” гэхээр нь би явсан. Бид хоёр ******* ахын гэрт хааяа очиж цай хоол идээд л явдаг юм. Тэр өдөр бас л цай уугаад харья гэж бодож очсон...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дахь тал/,
Гэрч Э.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: Би ******* гэх хүнийг сайн танихгүй. Миний ******* УБМ улсын дугаартай Приус 11 маркийн машиныг маань авсан залуу гэдгээр нь танина. Өс хонзонгийн асуудал байхгүй. Төрөл садангийн холбоо байхгүй. ******* УБМ улсын дугаартай Приус 11 маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байсан юм. Энэ оны хавар 5 сард би машинаа зарсан ба нэр дээр нь шилжүүлж өгч амжихгүй байгаа юм. Би ******* гэх залууг ирж шилжүүлж аваарай гэж хэд хэдэн удаа хэлсэн боловч “очлоо” гэж хэлээд зав гарсангүй, гэсээр байгаад өдий хүрч байна. Одоо бол ******* гэх залуу унаж байгаа, тэгэхээр *******гийн эзэмшлийн машин болно. *******тай ямар нэгэн өр төлбөрийн асуудалгүй. Тухайн үед машины төлбөрөө бүрэн барагдуулж өгөөд машинаа маргааш ирж нэр дээрээ шилжүүлж авна гээд явсан. Одоо бол миний хувьд нэр дээр нь шилжүүлж өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би тухайн үед машинаа бэлэн мөнгөөр зарсан бөгөөд ******* мөнгөө бэлнээр өгсөн...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 3199 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирсэн нийлэг ууттай зуйл нь Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour -ний самар байна. Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал. Мөн Ойн тухай хуульд зааснаар Ойн дагалт баялагт хамаарч байна. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour самрын түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй. Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал-газарзүйн тойрогт тархдаг. Хуш модны самар нь таримал эсвэл байгалийн зэрлэг ургамал болохыг тодорхойлох боломжгүй. Шинжилгээнд ирсэн самрын дундаж чийг нь 15.9% байх тул хуурай байна. Хуш- (Pinus sibirica Du Tour) модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Тус стандартад заасны дагуу хадгалаагүй тохиолдолд чанар муудах боломжтой. Стандартад заасны дагуу хадгалаагүй тохиолдолд жин, хэмжээ, чийгшилд өөрчлөлт орох боломжтой. Хугацааг нь тогтоох боломжгүй. 1 кг хуурай Хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 176,600 төгрөг байна. 176,600×97 кг= 17.130.200 төгрөг байна. 97кг Хуш модны самрын Ургамлын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцвол 176,600х5х97кг=85.651.000 төгрөг байна. Ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцвол 176.600х3х97кг =51.396.600 төrрөг байна. /хавтаст хэргийн 69-74 дахь тал/,
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарт: Тоёота Приус маркийн ******* УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Энх-Амгалангийн ******* гэх. /хавтаст хэргийн 84 дэх тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 81 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ******* УБМ улсын дугаартай Тоёота Приус 11 маркийн тээврийн хэрэгслийг 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр үнэлэв гэх /хавтаст хэргийн 85-86 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 97 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Сибирь хуш модны үр, идээ болох цайруулсан 97 кг самарын нийт хохирлын дүн нь 485,000 /дөрвөн зуун наян таван мянга/ төгрөгөөр үнэлэв гэх /хавтаст хэргийн 96-97 дахь тал/,
Шүүгдэгч И.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Миний бие 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гэртээ ганцаараа өөрийн эзэмшлийн ******* УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Богд уулын баруун талд буюу Куветийн ам гэдгээр өгсөөд явж байхад олон овоотой уулын орой дээр гарч машинаа тэндээ цоожилж үлдээгээд ой руу орж самар түүгээд орой нь түүсэн боргооцойгоо хүмүүсийн самар цайруулах төхөөрөмжөөр гуйж цайруулаад самраа үүрээд машиндаа ирж хонодог байсан. Ийм байдлаар 3 хоноод буюу 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр түүсэн самраа 3 шуудайнд хийгээд машиныхаа арын багажинд хийж уулнаас буугаад өдөр нь хүргэн ах *******гийн руу залгаад “би самраа түүчихлээ, 3 шуудай самар болсон, үүнийг зарж мөнгө болгомоор байна, та завтай бол *******ийн пост өнгөрөөд хүрээд ир” гэхэд ******* ах манай гэрт , түүний найз ******* хоёртой хамт байна гэхээр нь би дагуулаад хүрээд ир гэж дуудсан. Тэгээд би уулнаас буугаад замын хажуугийн баруун тал руу салсан замаар яваад нэг дэлгүүрээс пиво, идэж уух ундаа, хиам, талх аваад тэндээ пиво уугаад хүлээж байхад *******, , ******* нар замын унаанд дайгдаад ирсэн. Тэгээд бид нар дэлгүүрээс авсан пивоо ууж тэндээ хоносон. Өглөө нь буюу 2024 оны 8 дугаар сарын 27-ны өглөө машинаа бариад хот руу орох гэхэд урд өдөр нь пиво уучихсан учраас машинаа барихгүй тэндээ бид хэд өнжөөд орой 17 цагийн үед *******ийн постоор гарах гэхэд цагдаа зогсоогоод гарал үүслийн гэрчилгээгүй самар тээвэрлэсэн байна гэж саатуулж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүлээлгэж өгсөн. Бид нар хорондоо яриад би “та нар мэдүүлгээ өгөхдөө ******* гэх хүнээс зарсан мотоциклныхоо мөнгөө авч чадахгүй удсан байсан, түүнийг хайж яваад уулнаас Баатар гэх хүнийг олоод авах ёстой мөнгөнийхөө оронд 3 шуудай самар авсан гэж хэлээрэй” гэж тэдэнд хэлсэн. Ингэж хэлэх юм бол асуудал болохгүйгээр шийдэгдэх байх гэж бодоод ингэж мэдүүлэг өгсөн. Тэгээд би Хан-Уул дүүргийн мөрдөгчид нь дээрх ярьсан зүйлийг хэлж мэдүүлэг өгч 3 шуудай самраа хураалгаад машинаа аваад явсан. Анх өгсөн бидний мэдүүлэг бүгд худал мэдүүлэг байгаа. Одоо энэ өгч байгаа мэдүүлэг маань бодит үнэн мэдүүлэг болно. Би ганцаараа самар түүж, бэлтгэж тээвэрлэсэн маань үнэн. Би самрыг хамт жинлэж хэмжсэн миний тээвэрлэж явсан 3 шуудай цайруулсан самрыг жинлэхэд нийт 97 кг болсон, уг хэмжээг өөрийн нүдээр харсан учир самарны жинтэй маргаан байхгүй болно. Би самрыг ганцаараа түүж бэлтгээд хот руу орохоосоо өмнө нь хүргэн ах ******* рүү залгаж дуудсан. Тухайн үед ядаргаагаа гаргаад ууя гэж бодоод хээр ууж хоносон. Түүсэн самраа хот руу оруулж зараад мөнгө олох зорилгоор самар түүсэн. Хот руу цайруулсан самраа оруулж зарж борлуулахаар тохиролцсон хүн байхгүй ба оруулж ирээд гэртээ байгаад хүн олж заръя гэж бодож байсан. Би самар түүхээр явахдаа ямар нэг эрхийн бичиг хэн нэгнээс аваагүй. Ямар нэгэн эрх албан тушаалтанд хандаагүй. Тухайн самрыг тээвэрлэж явсан ******* УБМ улсын дугаартай Приус 11 маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх байгаа юм. Би ******* гэх хүнээс аваад нэр дээрээ шилжүүлж авч амжихгүй байгаа. Машины хувьд ямар нэгэн төлбөр тооцооны маргаан байхгүй. ...Шинжээчийн дүгнэлттэй танилцсан, дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 111-114 дэх тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг түүж бэлтгэсэн, тээвэрлэсэн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч И.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
“Байгаль орчныг хамгаалах тухай хууль” болон ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан “Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ургамал түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан дараах байдлаар ангилна. Үүнд: нэн ховор, ховор, элбэг гэж ангилна. 4 дэх хэсэгт “Ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргээх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаарна. Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална.” гэж заасан.
Шүүгдэгч И.*******гийн Тоёота Приус 11 маркийн ******* УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсан 97кг хуш модны самрыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 3199 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Сибирь нарс (хуш)-Pinus sibirica Du Tour нь Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал...” гэж дүгнэжээ /хавтаст хэргийн 69-74 дахь тал/. Иймд шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.
Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12 дахь хэсэгт “Ойн дагалт баялаг” гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг хэлнэ гэж тодорхойлжээ.
Ойн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, 13.1.5, 38 дугаар зүйлийн 38.2, 38.5, 38.6 дахь хэсэгт заасны дагуу Байгаль орчин аялал жуулчлалын сайд 2022 оны А/372 дугаартай “Ойгоос хуш модны самар бэлтгэж ашиглахыг бүсчлэн тогтоох тухай” тушаал,
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/450 дугаартай Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд Хуш модны самрыг 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд бэлтгэнэ, нөөц ашиглалтын зөвшөөрөгдсөн хэмжээ нь ахуйн зориулалтаар нэг удаа 50 килограмм ашиглах зөвшөөрөл олгох талаар зохицуулжээ.
Шүүгдэгч И.*******гийн түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн ургамал нь шинжээчийн 3199 дугаартай дүгнэлтээр Сибирь нарс /Хуш/-Pinus sibirica Du Tour-ны цайруулсан самар болох нь тогтоогдсон ба 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр дээрх журамд заасан зөвшөөрөгдсөн хугацаанд хамаарахгүй бөгөөд нөөц ашиглалтын зөвшөөрөгдсөн хэмжээ хэтэрсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар Самар /үр/ нь Сибирь Хуш-Сибирь Хуш-Pinus sibirica Du tour-ны хуш модны үржлийн эрхтэн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолоор “Ховор ургамлын жагсаалт”-д орсон байна.
Иймд шүүгдэгч И.*******г Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ховор ургамлын жагсаалтад орсон Сибирь Хуш /Pinus sibirica Du Tour/-ны үр /самар/-ыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.
Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч И.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хавтаст хэргийн 139 дэх тал/
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч И.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах,
Хохирлын хувьд: Шүүгдэгч И.******* нь гэмт хэргийн улмаас Байгаль экологид 17,130,200 төгрөгийн шууд хохирол учруулсан ба уг хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтад зааснаар “Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлэн тооцно” гэж заасны дагуу ургамлын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцвол 176,600х5х97 кг=86,651,000 төгрөг, Ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцвол 176,600х3х97 кг=51,396,600 төгрөг байна.
Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 42.1.3-т заасан ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж хуульчилсан байх ба тус хуулийн 42 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “Зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг түүсэн, бэлтгэсэн” гэх заалтын дагуу 485,000х5=2,425,000 төгрөг, 485,000х3=1,455,000 төгрөг гарахаар байна. Дээрх төлбөрийг яллагдагчаас гаргуулж Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд зааснаар “Байгаль орчин, уур амьсгалын санд” хохирлыг нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзсэн боловч түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримталж энэрэнгүй ёсны зарчимд нийцүүлэн дээрх хууль тогтоомжийг сонгож хэрэглэж шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэж өгнө үү. Улсын яллагчийн зүгээс Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 42.1.3-т заасан ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж хуульчилсан байх ба тус хуулийн 42 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “Зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг түүсэн, бэлтгэсэн” гэх заалтын дагуу 485,000х5=2,425,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болно.
Шүүгдэгч И.*******д ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа нөхцөл байдал болон түүний хувийн /эрүүл мэндийн/ байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгч И.*******д тэнсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон энэ хуулийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулахыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
3. Хохирол төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж,
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж тус тус хуульчилжээ.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 3199 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “... Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал. Мөн Ойн тухай хуульд зааснаар Ойн дагалт баялагт хамаарч байна. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour самрын түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй. Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал-газарзүйн тойрогт тархдаг. Хуш модны самар нь таримал эсвэл байгалийн зэрлэг ургамал болохыг тодорхойлох боломжгүй. Шинжилгээнд ирсэн самрын дундаж чийг нь 15.9% байх тул хуурай байна. Хуш- (Pinus sibirica Du Tour) модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Тус стандартад заасны дагуу хадгалаагүй тохиолдолд чанар муудах боломжтой. Стандартад заасны дагуу хадгалаагүй тохиолдолд жин, хэмжээ, чийгшилд өөрчлөлт орох боломжтой. Хугацааг нь тогтоох боломжгүй. 1 кг хуурай Хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 176,600 төгрөг байна. 176,600×97 кг= 17.130.200 төгрөг байна. 97кг Хуш модны самрын Ургамлын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцвол 176,600х5х97кг=85.651.000 төгрөгийн /хавтаст хэргийн 69-74 дахь тал/ хохирол учирсан байх тул шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод буюу Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого” гэж зааснаар Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд (төрийн сангийн данс) оруулах нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч И.******* нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд Байгаль орчин, уур амьсгалын санд 85.651.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн мэдүүлэг гаргасан тул шүүгдэгч И.*******гааас 85.651.000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж заасан.
Хавтаст хэргээс шинжлэн судлахад:
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарт: Тоёота Приус-11 маркийн ******* УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Энх-Амгалангийн ******* гэх. /хавтаст хэргийн 84 дэх тал/,
Гэрч Э.*******ын “... Би Приус 11 маркийн ******* УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслээ энэ оны хавар 5 сард И.*******д бэлэн мөнгөөр зарсан боловч нэр дээр нь шилжүүлж өгч амжихгүй байгаа юм. ...Одоо бол ******* гэх залуу унаж байгаа, тэгэхээр *******гийн эзэмшлийн машин болно...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 81 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ******* УБМ улсын дугаартай Тоёота Приус 11 маркийн тээврийн хэрэгсэл нь 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр үнэлэв гэх /хавтаст хэргийн 85-86 дахь тал/ зэрэг нотлох баримтууд авагдсан байна.
Шүүгдэгч И.******* нь 97кг самарыг тээвэрлэхдээ Э.*******ын эзэмшлийн Тоёота Приус-11 маркийн ******* УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан, мөн Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн тайлангаар уг автомашины зах зээлийн үнэлгээг 2,000,000 төгрөгөөр тооцсон байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 2,000,000 төгрөгийг шүүгдэгч И.*******гаас гаргуулж улсын орлогод болгохоор шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний төвд хадгалагдаж байгаа 97 килограмм Сибирь хушны үр самарыг Байгаль орчин, уур амьсгалын санд хэрэгцээний дагуу ашиглуулахаар шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч И.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эмч овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үр самарыг түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч И.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч И.*******д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон энэ хуулийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч И.*******д мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний төвд хадгалагдаж байгаа 97 килограмм Сибирь хушны үр самарыг Байгаль орчин, уур амьсгалын санд хэрэгцээний дагуу ашиглуулахаар шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.*******гаас 85.651.000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.*******гаас “Toyota prius-11” маркийн ******* УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2,000,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
8. Шүүгдэгч И.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч И.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР