| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2018/00400/И |
| Дугаар | 142/ШШ2018/00748 |
| Огноо | 2018-07-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 142/ШШ2018/00748
| 2018 оны 07 сарын 25 өдөр | Дугаар 142/ШШ2018/00748 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Ч-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Г-т холбогдох
20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 10 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн боловч зээлээ төлөхгүй өдийг хүрлээ. ******* нь мөнгө зээлэхдээ эхнэр өвдсөн БНСУ-д явж эмчлүүлэх шаардлагатай байна гэж хэлээд 10 000 000 төгрөгийг зээлсэн. ******* нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс хойш ямар ч мөнгө төгрөг, хүү, алданги өгөөгүй өдийг хүрч байна. Худлаа ярьж, зугтана, утасны дугаар олныг солино, хаяг тодорхой бус явсаар өдийг хүрлээ. Иймд нэхэмжлэгч миний бие үндсэн мөнгө болох 10 000 000 төгрөг, 3 сарын хүү 1 500 000 төгрөг, өдийг хүртэлх алданги 8 500 000 төгрөг, нийт 20 000 000 төгрөг нэхэмжилж байна гэсэн боловч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс алдангийн хэмжээг хуульд зааснаар нэхэмжлэх ёстой гэж тайлбарлаж байна.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа: *******ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцсан болно. *******оос 10 000 000 төгрөг аваад мөнгийг нь эргүүлэн өгөх сэтгэл байвч орлого маань хаагдсан учир өгч чадахгүй өдийг хүрсэн болно. Үл хөдлөх хөрөнгөө зараад өгье гэж хүртэл хэлсэн боловч ойлголцож чадахгүй байна. Ийм учраас 10 000 000 төгрөгийг хувааж төлөх боломж олгож өгнө үү. Учир нь орж ирж байгаа орлого маань бөөн орж ирэхгүй бас хаагдмал байсан учир төлж чадахгүй байна. Барилгын компани барилга барьж орц, гарц хаагдмал болсон, бодсон зүйл сансанаар болохгүй тооцоо алдлаа, одоогийн байдлаар орлогын боломжоор хувиарлаж төлөх боломж олгоно уу гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 20 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч ******* 10 000 000 төгрөгийг авсан, боломж бололцоогүйн улмаас төлж чадаагүй өдийг хүрсэн тул 10 000 000 төгрөгийг хувааж төлөх талаар тайлбар ирүүлсэн байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчид 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сард 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгээр байгуулж, мөнгийг бэлнээр авч, гэрээг нотариатаар мөн өдөртөө гэрчлүүлсэн байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасан байх бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хуулийн дээрхи шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Иймд нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, 232.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан тул нэхэмжлэгч анз шаардах эрхтэй.
Хариуцагч ******* 10 000 000 төгрөг авсан талаар маргаагүй, хариу тайлбараар хүлээн зөвшөөрч байх тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагчаас 8 500 000 төгрөгийн алданги гаргуулахаар шаардсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хуульд заасны дагуу илүү нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох тухай хууль зүйн үндэслэлээ тайлбарласан ба Иргэний хуулинд анзын хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй байхаар хуульчилсан.
Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үндсэн төлбөрт 10 000 000 төгрөг, хүүний төлбөрт 1 500 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг, нийт 16 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т хариуцагч түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд хариуцагч ******* нь шүүх хуралдааны товыг хүлээн авсан боловч товлосон өдөр, цагт ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул хариуцагчийн эзгүйд хэргийн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 257 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 240 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч *******аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар тус шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 142/ШЗ2018/01625 дугаартай шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь заалтыг давж заалдах болон хяналтын гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 257 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 240 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ