2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар   2025/ШЦТ/156

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Оджаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр,

шүүгдэгч Х.*******а нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:        

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******гийн *******ад холбогдох эрүүгийн 2410000001532 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хэлэлцэв. 

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1965 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогтой *******гийн *******а /РД:.../

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Х.*******а нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Ж.*******гийн биед нь халдан машины аюулгүйн бүсээр хоолойг нь боох, толгой нүүр хэсэгт 2 удаа цохих, хамар руу 1 удаа цохих, гуя руу 1 удаа өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд тархи доргилт, хамрын таславчын муруйлт, хамрын нурууны зөөлөн эдийн гэмтэл, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: 

Нэг. Шүүгдэгч Х.*******а шүүхийн хэлэлцүүлэгт: Би хохирогч Ж.*******гийн аавтай 3-н шил архи хувааж уусан тул нилээн согтсон байсан. Ж.*******г намайг гэрт хүргээд өг гээд аав нь явуулсан байсан. Зам түгжрээд байхаар нь миний зүгээс “ингэж жолоо барьдаг юм уу” гэж хэлсэн юм шиг санагдаад байгаа. Түүнийг бүсээр боосон зүйлийг санахгүй байна. Нүүр рүү нь цохисон зүйл байсан байх гэж бодож байна. Би сайн санахгүй байна. *******г жирэмсэн байсныг сайн мэдэхгүй. Гэдэс нь томорсон зүйл харагдаагүй. “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт үзүүлсэн баримтаа аваад шүүх эмнэлэгт очсон байсан гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2410000001532 дугаартай хэргээс:   

 

Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас: /хавтаст хэргийн 5 дахь тал/,

Хохирогч Ж.*******гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 13569 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/

Шүүгдэгч Х.*******ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хавтаст хэргийн 24 дэх тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 35 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 36 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 37 дахь тал/ зэрэг болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

  1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Х.*******а нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр найз н.*******ын гэрт очиж, түүнтэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба шүүгдэгч Х.*******а нь согтсон тул түүний найз гэх н.*******ын охин хохирогч Ж.******* нь оройн 19 цагийн орчимд шүүгдэгчийг гэрт хүргэж өгөхөөр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож явсан байна.

Шүүгдэгч Х.*******а нь согтуурсан үедээ хохирогч Ж.*******г үл ялих зүйлээр шалтаглан машины аюулгүйн бүсээр хохирогчийн хоолойг нь боох, толгой, нүүр хэсэгт нь цохиж, хохирогч нь шүүгдэгчийг машинаас буулгах үед тэрээр хохирогч Ж.*******гийн гуя хэсэг рүү нэг удаа өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, хамрын нурууны зөөлөн эдийн гэмтэл, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас: /хавтаст хэргийн 5 дахь тал/,

Хохирогч Ж.*******гийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2024 оны 10 дугаар сарын 14-ний оройн 19 цаг өнгөрч байхад өөрийн амьдардаг гэрээсээ аавын найз *******ыг Нүхтэд байдаг гэрт нь хүргэж өгөх гээд явж байсан. Тухайн зам түгжрээтэй байсан ба эгнээ байр солих гээд замын хөдөлгөөнд оролцож байхад манай аавын найз *******а согтуу байсан учраас машинаас буух гээд хаалга онгойлгоод байхаар нь хаалгыг нь хаалгаад машинаа түгжсэн. Тэгсэн чинь тэр ах уурлаад намайг хэл амаар доромжлоод “чиний машин барих гэж юу байдаг юм, гичий минь” гэж хэлээд намайг араас минь машины бүсээр боогоод миний толгой, нүүр хэсэг рүү 2 удаа гараараа цохисон. Тэгээд араас боогоод байхаар нь би Шунхлай колонкийн харалдаа машиныхаа аваарыг татаж зогсоод “та буучих” гэж хэлэхэд миний хамар руу гараараа нэг удаа цохисон. Мөн машин барьж явах гээд байхаар нь хойноос татаж зогсоосон. Тэр үед миний гуя руу нэг удаа өшиглөсөн. ...Миний хамар өвдөж байна, шүүх эмнэлэгт үзүүлнэ, гомдолтой байна...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 13569 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ж.*******гийн биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, хамрын нурууны зөөлөн эдийн гэмтэл, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 1-2 удаагийн цохих үйлдлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй /хавтаст хэргийн 20-21 дэх тал/

Шүүгдэгч Х.*******ын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2024 оны 10-р сарын 14-ний өдөр найз *******ын гэрт очоод найз *******тай хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Би буцаад гэр рүүгээ харих гэсэн чинь ******* нь “охин *******гаар заавал гэрт нь хүргүүлнэ” гэж хэлсэн. Тэгээд охин ******* нь намайг гэрт хүргэж өгөхөөр машиндаа суулгаад авч явсан. Би болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд ******* орилж хашгирч байсан, тэгээд цагдаагийн алба хаагч ирээд намайг авч явсан. ...Миний бие нь *******гаас уучлалт гуйж, данс руу нь 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Миний хувьд хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Х.*******ад холбогдох хэргийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 772 дугаартай яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн обьектив шинж нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдал юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-д “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж  баталгаажуулсан. Халдагч этгээдээс хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл хийсэн байх бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шалтгаант холбоотой байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. 

 

Хохирогч Ж.******* нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхад нь тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан шүүгдэгч Х.*******а нь согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, жолоочийн аюулгүйн бүсээр хохирогчийн хоолойг боож, толгой, нүүрэн тус газарт нь цохиж, тээврийн хэрэгслээс буухдаа хохирогчийн гуя хэсэг рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, хамрын нурууны зөөлөн эдийн гэмтэл, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий олон тооны гэмтэл учруулсан байна.

 

           Шүүгдэгч Х.*******а нь хохирогч Ж.*******гийн хоолойг боох, цохих, өшиглөх зэргээр халдан довтолж буй үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, хохирогчийн биед хохирол учруулахыг хүсч үйлдсэн  нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. 

 

          Шүүгдэгч Х.*******а нь хохирогч Ж.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан. 

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Х.*******а урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хавтаст хэргийн 24 дэх тал/

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болно. 

 

Шүүгдэгч Х.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа нөхцөл байдал болон тэрээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тогтмол орлоготой байх тул улсын яллагчаас гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв .

 

Шүүхээс шүүгдэгч Х.*******ад оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.      

 

3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар: 

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.  

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.*******гийн биед Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 13569 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, хамрын нурууны зөөлөн эдийн гэмтэл, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий олон тооны гэмтэл тогтоогдсон. 

Хохирогч Ж.******* нь мөрдөн байцаалтын шатанд хохирол, хор уршигтай холбоотой мөнгөн дүнгээр илэрхийлсэн нотлох баримт гаргаж өгөөгүй ба шүүгдэгч нь хохирогчид 1,000,000 төгрөг төлсөн гэх боловч үүнийг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Иймд шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Шүүгдэгч Х.*******а нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

                                                                                                               ТОГТООХ нь:

1. Боржигон овогт *******гийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ад 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.*******ад мэдэгдсүгэй.      

 

4. Шүүгдэгч Х.*******а нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.   

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.   




 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Х.ОДБАЯР