2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар   2025/ШЦТ/244

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Оджаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Хурмандах /томилолтоор/,

шүүгдэгч Ч.*******, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Атган овогт *******ын *******ад холбогдох эрүүгийн 2209022520697 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1963 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн ... тоотод оршин суух хаягтай, 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 2 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 614 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж, 01 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар өөрчлөлт оруулж, 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 5 сар 10 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Атган овогт *******ын ******* /РД:..../

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ч.******* нь 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн хооронд хохирогч Д.*******ыг Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо ... тоот гэртээ байхад нь “Дархан цаазат газар нутагт газар ашиглах эрхийн гэрчилгээ гаргуулж өгнө, тушаал гарсан” хэмээн хуурч, хуурамч Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалын зураг чатаар явуулан Д.*******ы шилжүүлсэн 2.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ...тоот дансаар шилжүүлэн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч Ч.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрийн буруутай үйлдэлдээ гэмшиж байна. Тухайн хүнийг хохироосондоо харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2209022520697 дугаартай хавтаст хэргээс:

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01/4422 дугаартай албан бичиг /хэргийн 15-16 дахь тал/,

Хохирогч Д.*******ы Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад гаргасан өргөдөл, хавсралт /хавтаст хэргийн 17-21 дэх тал/,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2/261 дугаартай газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай тушаал, гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

Д.*******ы эзэмшлийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 27, 99-100 дахь тал/,

Хохирогч Д.*******ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31, 33, 97 дахь тал/,

Гэрч Г.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

Бат богд хайрхан тур ХХК-тай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 57-69 дэх тал/,

Шүүгдэгч Ч.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 109 дэх тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хавтаст хэргийн 45 дахь тал/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/203 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 140-145 дахь тал/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 614 дугаартай магадлал /хавтаст хэргийн 199-225 дахь тал/ жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 115 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 116 дахь тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 117 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 118 дахь тал/, өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас /хавтаст хэргийн 157 дахь тал/, эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 159-160, 163-168 дахь тал/, Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 161 дэх тал/, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын ам бүлийн тодорхойлолт /хавтаст хэргийн 162 дахь тал/, зэрэг болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

  1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Ч.******* нь 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн хооронд хохирогч Д.*******д “Богдхан уулын дархан цаазат газар нутагт газар ашиглах эрхийн гэрчилгээ гаргуулж өгнө, тушаал гарсан” хэмээн хуурч, хуурамч Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалын зураг чатаар явуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Д.*******ы шилжүүлсэн 2.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ..тоот дансаар авч, залилсан болох нь:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01/4422 дугаартай албан бичигт: “...Миний бие Ч.******* гэх хүнийг огт танихгүй бөгөөд тухайн этгээдийн газар ашиглах эрхийг шийдвэрлэсэн аливаа тушаал шийдвэр огт гаргаагүй. Мэдээлэгчийн надад харуулсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/261 дүгээр тушаал нь хуурамчаар үйлдэгдсэн байна. Миний бие хамаарал бүхий этгээд болон танилын хүрээний хүмүүстэй аливаа байдлаар давуу байдал бий болгон шийдвэр гаргаж байгаагүй бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яам холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэр гаргах ажиллагааг явуулж байна...”...” ХХК-ийн захирал Ч.******* гэх этгээдэд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гомдлыг шийдвэрлэж өгнө үү...Б.Бат-Эрдэнэ” гэсэн /хэргийн 15-16 дахь тал/,

Хохирогч Д.*******ы Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад гаргасан өргөдөл, хавсралт /хавтаст хэргийн 17-21 дэх тал/,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн: “...Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт Ойн сан бүхий газар, усны энгийн хамгаалалтын бүсэд хэсэгчлэн давхцуулан олгосон байгаа нь Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн .. тоот “Газрын тухай” дүгнэлтээр баталгаажсан тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 29-ний .. дугаар тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд “...” ХХК-д олгосон 40032.0 м2 газраас ойн сан болон усны энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай 20013.4 м2 газрыг газар ашиглагчийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн хүсэлтийн дагуу газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсугай...” гэсэн 2/261 дугаартай газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай тушаал, гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

Д.*******ы эзэмшлийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 27, 99-100 дахь тал/,

Хохирогч Д.*******ы мөрдөн байцаалтад 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: Миний бие 2018 оноос эхлэн өөрийн төрсөн хүү ..-..итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Богд Хан-Уулын дархан цаазат газрын нүхтийн амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар 1 га газар ашиглах хүсэлтийг өгч, хууль журмын дагуу Байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, Байгаль орчны хяналт шинжилгээний тайланг батлуулж гэрчилгээг авахаар хүлээгдэж байсан. Энэ хугацаанд тухайн яамны сайд, дарга нар солигдож өөрчлөгдсөнөөр дахин хүсэлтээ өгснөөр гэрчилгээ гаралгүй хүлээгдэж байсан. Гэтэл манай хүсэлт өгсөн 1 га газрын баруун талд “......” ХХК-ийн газар нь зэрэгцээ байсан бөгөөд мөн л газар ашиглах эрхийн гэрчилгээгээ хөөцөлдөж байна хэмээн тус компанийн захирал *******тай Байгаль орчны яаман дээр олон удаа тааралдаж байсан. Ингээд 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ******* нь надад хандаж “сайдын тушаал гарсан” гэж миний фейсбүүк чат руу тушаалын хуулбар явуулсан. Тэгээд 11-ний өдөр би тушаалын хуулбарыг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газрын удирдлагын газарт орж гэрчилгээгээ бичүүлж авах талаар асуудал тавьсан. Гэтэл *******ын чатаар явуулсан тушаал нь биш байсан. Ингээд тусгай хамгаалалттай газрын мэргэжилтэн нь тушаалыг шалгаад “энэ бол танай газартай холбоотой тушаал биш байна, энэ тушаалыг танд хэн гаргаж өгсөн юм бэ, зориулалттай тушаал байна” гэж гаргаж ирсэн. ******* гэдэг хүн тушаал гарсан гээд надад чатаар энэ тушаалыг явуулж байсан. Тэгээд би *******ад нийт 2.070.000 төгрөг өгсөн. Тэгээд намайг “гомдлоо бичиж өг” гэсний дагуу тухайн өдөр бичгээр өгсөн. Миний хүү ... 2018 оноос хойш одоог хүртэл Солонгос улсад байгаа. Газар ашиглах эрхийн гэрчилгээгээ гаргуулахын тулд мөнгө төлье, надад Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ажилладаг таньж мэддэг хүн байна гэж хэлсэн. Тэгээд бүр тэр хүн нь ... сайдын дүүгийнх нь найз гэсэн, ёстой баараггүй хүн байгаа хоёулаа мөнгө өгөөд гэрчилгээгээ гаргуулчихъя гэсэн юм. Зэргэлдээ газар байдаг болохоор хууль зөрчсөн юм хийчихнэ гэж огт бодоогүй. Ах нь мөнгө өгсөн хүнтэйгээ уулзаадахъя, наадах чинь хуурамч тушаал бишээ гэсэн.. тэгж нэг утсаар яриад дараа нь 2023 оны хэдэн сард билээ *******тай таарсан. Тэгэхэд би “та цагдаа дээр очиж уулзсан юм уу таныг сураглаад байна лээ” гэхэд “ах нь очоод уулзсан, тэр хэргийг хаасан” гэж хэлж байсан. Би мөнгөний асуудлыг чинь өгсөн хүнээсээ авч байж өгнө өө гэж хэлсэн. “... Эхний шилжүүлэг буюу 1.000.000 төгрөгийг Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа миний хүү ... нь өөрийнхөө Худалдаа хөгжлийн банканд эзэмшдэг данснаасаа *******ын Хаан банканд эзэмшдэг данс руу 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлж байсан байна. Дараагийн шилжүүлэг буюу үлдсэн 1.000.000 төгрөгийг би өөрийнхөө Хаан банканд эзэмшдэг данснаас *******ын Хаан банканд эзэмшдэг данс руу 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлж байсан. Гүйлгээг би ... тоот гэртээ байхдаа гар утаснаасаа Хаан банкны интернэт банк ашиглан шилжүүлж байсан. ...Ч.*******ад надад учирсан 2,000,000 төгрөгийг бүрэн барагдуулсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31, 33, 97 дахь тал/,

Гэрч Г.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: Миний бие Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргах албан бичгийг боловсруулсан. Учир нь Б.******* гэх иргэн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр тус яаманд хандаж гомдол мэдээлэл гаргасан. Шалгалтын явцад иргэн Ч.******* гэх хүн нэр бүхий иргэдэд “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалыг хуурамчаар үйлдэж газар ашиглах эрх олгож өгнө” гэж тодорхой хэмжээний мөнгө авч залилан мэхэлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

.. ХХК-тай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 57-69 дэх тал/,

Шүүгдэгч Ч.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: Би ******* гэх эмэгтэйг 2018 оноос таних болсон, тухайн эмэгтэй нь надтай хамт Богдхан уулын Дархан цаазад газарт газар авахаар хөөцөлдөж байгаад танилцсан юм. Тэгсэн 2018 оны 7 сард санагдаж байна, миний фейсбүүк чатаар над руу “таны Байгаль орчны яаманд өгсөн материалыг үзлээ, таны газар эзэмших тушаал чинь гарсан байна. Та урдьчилгаа болгож 2,0 сая төгрөг өг” гэхээр нь тухайн хүнтэй уулзах цаг товлосон. Тэгээд Байгаль орчны яаман дээр Мэндээ гэх 40 гаран насны залуутай уулзахад тэрээр “тушаал гарсан” гээд надад сайдын тушаалын хуулбар үзүүлсэн. Би итгээд 2,0 сая төгрөгийг эгчээсээ бэлнээр аваад тухайн залууд мөн бэлнээр өгсөн. Яг энэ үед он сарыг нь санахгүй байна, *******тай таараад сайдын тушаалаа үзүүлээд “газар бүтсэн” талаараа хэлтэл ******* “та тэгвэл наад хүндээ хэлээд миний гэрчилгээг гаргаад өгөөч” гэхээр нь Мэндээ гэх залуугаас чатаар асуухад “болно, урьчилгаагаа өг” гэхээр нь *******д хэлтэл ******* 2,0 сая төгрөгийг цувуулж өгөхөөр нь өөрийнхөө данснаас бэлнээр нь аваад .. гэх залуутай Байгаль орчны яамны гадаа уулзаж уг мөнгийг өгсөн. Ингээд тэр өдрөөс хойш ..гэх залуу алга болж би өөрөө ч тэр хүнд хулхидуулж зальлуулснаа мэдсэн. Түүнээс би *******аас мөнгө авсан зүйл байхгүй. ...Би хохирлоо барагдуулсан байгаа...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 109 дэх тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.*******ад холбогдох хэргийг 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 346 дугаартай яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь обьектив шинж буюу үйлдлийн аргын хувьд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдгаараа бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагддаг онцлогтой төдийгүй, гэм буруугийн санаатай, хэлбэртэй, шунахай сэдэлттэйгээр үйлдэгддэг нь тус гэмт хэргийн үндсэн шинж юм.

Тодруулбал, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хэрхэн хууль бусаар хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах эрхэд авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялган зүйлчлэгддэг.

Залилах гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

         

           Шүүгдэгч Ч.******* нь 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн хооронд шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч Д.*******аас “Богдхан уул Дархан цаазад газарт газар ашиглах эрхийн гэрчилгээ гаргуулж өгнө, тушаал гарсан гэж 2.000.000  төгрөг авч” биелэгдэх боломжгүй зүйлийг хийж чадна мэтээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогчийн эд хөрөнгө болох 2.000.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан үйлдэл нь гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Ч.******* нь хохирогч Д.*******ыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан 

үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ч.*******, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлд маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар: 

 

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой. 

 

Шүүгдэгч Ч.*******ын энэ үйлдэл нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 2 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлэхээс өмнөх үйлдэл бөгөөд, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 614 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн, 01 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар өөрчлөлт оруулж, 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 5 сар 10 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх  тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.

 

          Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ч.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох дүгнэлт гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Загдсүрэнгээс: миний үйлчлүүлэгч гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Тэрээр урьд шүүхээр ял шийтгүүлэхдээ энэ хэргийг нэгтгэн шийдвэрлүүлээгүйн улмаас дахин шүүхээр шийтгүүлж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Ч.*******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн саналыг гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан нь шүүх заавал хэрэглэвэл зохих, үүрэг болгосон зохицуулалт биш юм. 

 

Уг зохицуулалтаар тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд шүүх уг заалтыг хэрэглэж болохоор хуульчлагдсан байна Өөрөөр хэлбэл, тухайн этгээд уг гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа нөхцөлд шүүх дээр дурдсан зүйл, хэсэгт тодорхойлсон нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж болох юм. 

 

Гэхдээ шүүгдэгч Ч.******* нь урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан, мөн үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан шүүгдэгч Ч.*******, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нарын шүүх хуралдаанд гаргасан саналыг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ. 

Шүүгдэгч Ч.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан  ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр 62 настай, өндөр насны тэтгэвэрт байдаг, мөн ам бүл 2, өндөр настай эхийн хамт амьдардаг, түүнчлэн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ч.******* нь Сүхбаатар дүүргийн ... тоотод оршин суух хаягтай, мөн тэрээр Баянзүрх дүүргийн Цэргийн нэгдсэн эмнэлгээс эмнэлгийн тусламж авдаг зэрэг байдлыг харгалзан түүнд шүүхээс оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын Сүхбаатар болон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлалтын бүсийг тогтоож, тогтоосон бүсээс эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарахыг хязгаарлаж, зөрчвөл эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

 

          3. Хохирол төлбөрийн талаар:  

 

Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хүлээнэ гэж Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд хуульчилсан.

Шүүгдэгч Ч.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.*******д 2.000.000 төгрөгийн хохирол учруулснаас шүүгдэгч нь 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 1.000.000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч Д.*******ы эзэмшлийн Хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 99-100 дахь тал/-аар батлагдаж байна. Иймд шүүгдэгч Ч.*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Шүүгдэгч Ч.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

          1. Атган овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ыг 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3-д зааснаар шүүгдэгч Ч.*******ад оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын Сүхбаатар болон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлалтын бүсийг тогтоож, тогтоосон бүсээс эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарахыг хязгаарлаж, зөрчвөл эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ч.*******ад мэдэгдсүгэй.     

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.******* нь хохирогч Д.*******д 2,000,000 төгрөгийг нөхөн төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Ч.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР