Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 156

 

 

 

 

 

 

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


          Хэргийн индекс: 166/2017/0147/Э/

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч М.Мягмар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Хохирогч ***, ***,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам, 
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т заасан гэмт хэрэгт ***ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201709000063 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймаг,**** тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ***, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь хохирогч ***гаас 2016 оны 2 дугаар сарын 19-нөөс эхлэн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар нийт 15,900,000 төгрөг, 1.700.000 төгрөгийн үнэлгээ бүхий үнэт эдлэлийг залилан мэхэлж авсан, хохирогч ***гаас 2016 оны 9 дүгээр сарын 13-наас 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 5,700,000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авсан, хохирогч ***гоос 2016 оны 11 дүгээр сарын 12-ноос 16-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 5,000,000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авсан, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг давтан үйлдэж, бусдад нийт 28,300,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би *** эгчийг 2015 оноос хойш таньдаг болоод байнгын утсаар холбогдоод заримдаа уулздаг байсан. 2016 оны 2 дугаар сард би ***д буриадуудтай хамтарч хийх барилгын ажил байна, та орох уу, барилгын ажил олж өгье гээд 2,000,000 төгрөг өөрийнхөө дансаар шилжүүлж авсан. Тэгээд 200,000 төгрөг, 3 дугаар сарын эхээр шилжүүлээд үйл хийлгэнэ, идээ будаа аваарай гэж над руу хувиасаа өгсөн. 2016 оны 3 дугаар сард *** барилгын материалын мөнгө гэж 1,000,000 төгрөг миний данс руу шилжүүлсэн. Тэгээд сарын дараа 4 сард Хово машин зарна гэж 2,500,000 төгрөг мөн дансаар авсан. Тэгээд би *** эгчээс бага багаар барилгын ажлын мөнгө гэж 1,000,000 төгрөг, 1,500,000 төгрөг, авсан. Мөн Японы төслийн ажил авч өгье гэж 2016 оны 7 сард 4,000,000 төгрөг, бас 2,000,000 төгрөг нийтдээ ***гаас 14,200,000 төгрөг дансаар авсан. Бэлнээр бол мөнгө авч байгаагүй. *** эгч *** гэж хүнийг бол танихгүй. Японы барилга барих төсөл байнаа ажил хийх үү гэж *** эгчид хэлсэн чинь *** эгч над руу Дархан-Ундраа ХХК гэсэн барилгын материал над руу явуулсан. Барьцаа хөрөнгө гээд эхлээд 3,700,000 төгрөг авах хэрэгтэй хийгээрэй гэж би ***д хэлэхэд “за би ***д хийгээрэй гээд хэлчихье” гэж хэлсэн. 2016 оны 10 дугаар сарын сүүлээр 2,000,000 төгрөг тусламжийн хүүхдийн сургуулийн барилгын ажилд хэрэглэнэ гэж өөрийнхөө дансаар авсан. Ингээд нийтдээ би ***гаас 5,700,000 төгрөг авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/, ...2016 оны 6 дугаар сард “Baby” хүүхдийн сувилалын газарт хэвтэж байхдаа Золбоотой танилцаж түүнээс хойш байнгын харилцаатай байж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Золбоог өндөр ашигтай виноны бизнес байна, оруулж өгье гэж хэлээд 500,000 төгрөг, 13-ны өдөр 500,000 төгрөг, дараа нь дахиад мөнгө дутчихлаа, яаралтай мөнгө шилжүүлээдэх гэж 14-ний өдөр 1,000,000 төгрөг,  16-ны өдөр 3,000,000 төгрөг нийт 5,000,000 төгрөг Золбоогоос авсан. Тухайн үед надад мөнгөний хэрэг гараад Золбоод ашигтай виноны бизнес гэж худлаа хэлж мөнгө авсан нь үнэн. Надад мөнгөний хэрэг гараад байсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...*** эгчээс мөнгө авахдаа барилгын ажил олж өгнө гэж хэлдэг байсан, ... мөнгө авахдаа дандаа дансаар буюу бэлэн бусаар авдаг байсан. Нэг ч удаа бэлэн мөнгө авч байгаагүй. Нийт 15,900,000 төгрөг авсан. *** эгчийн хувьд нийт 5,700,000 төгрөгийг 3,700,000 төгрөг, 2,000,000 төгрөгөөр авсан. *** эгчээс мөнгө авахдаа *** эгчид хэлсэнтэйгээ адил зүйл ярьж байж авсан. ***гоос 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлээд 3 удаа мөнгө авсан. Эхлээд мөнгө авахдаа 500.000 төгрөгөөр 4 удаагийн шилжүүлгээр авсан. 3 сая төгрөгийг 11 дүгээр сарын 16-ны өдөр Виноны наймаа хийнэ гэж хэлээд авсан. Би *** эгчийн ээмэг зүүлтийг 2016 оны 2 дугаар сарын эхээр “буцааж өгнө” гэж хэлээд авсан гэв. Хохирогч нарт нийт 28,300,000 төгрөгийн хохирол учруулсан. Хохирлын үнийн дүнд маргаангүй” гэх  мэдүүлэг,
Хохирогч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2016 оны 02 дугаар сард *** надтай утсаар яриад “би орос буриадуудтай хамтарч ажилладаг юм, Сэлэнгэ аймгийн Номгон суманд газар авсан. Тэнд өрх толгойлсон эмэгтэйчүүдэд жижиг байшингууд барина, бас Сэлэнгийн Алтанбулагт ажлын байр барих барилгын ажил хийнэ гэнэ. Тэнд танай компани орох уу, танайх бичиг баримтаа надруу явуулчихаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би компанийхаа бичиг баримтыг канондаад Сэлэнгэ явдаг таксигаар *** руу өгч явуулсан. Маргааш нөгөөдөр нь *** надтай утсаар яриад “нөгөө орос буриадуудтай уулзчихлаа, танай компани тэнцсэн, та дахиад зураг хийгээд өгөөч гэхээр нь би бас зураг хийгээд өгч явуулсан. Тэгээд хамгийн анх 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр бичиг баримтыг нь янзалж орос хэл дээр болгоход 2,000,000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би ***ын 5015179019 дугаартай *** банкны дансанд нь хийсэн. Бас юм хийж байсан чинь мөнгө дутчихлаа гээд 200,000 төгрөг, дараа нь 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр зураг хийлгэнэ гээд 1,000,000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр бас материалын зардал 1,000,000 төгрөг хэрэгтэй гэхэд нь би бас шилжүүлсэн.Мөн машины бичиг баримтыг нь таны нэр дээр шилжүүлнэ гээд яриад байхаар нь 2,500,000 төгрөг 2016 оны 4 дүгээр 13-ны өдөр шилжүүлсэн. Дараа нь 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 130,000 төгрөг, 70,000 төгрөг бас нэг юмны мөнгө гээд л авсан, ...2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг шилжүүлсэн. 2016 оны  5 дугаар сарын 24-ний өдөр материалын зардал гээд 1,500,000 төгрөг хэрэгтэй байна яаралтай явуул гэхээр нь би хөдөө гадаа явж байсан байх “найз Рашаандаваа руу утсаар яриад шилжүүлээд өгчих” гээд 1,500,000 төгрөг шилжүүлсэн. Дансны хуулгаа харахаар 2016 оны 6 дураар сарын 9-ний өдөр 300,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 100,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 100,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед мөнгөний хэрэг гарлаа явуулаадах, эсвэл түр өгчих маргааш нөгөөдөр буцаагаад өгнө гэж хэлээд л авдаг. Одоо нэг бүрчлэн юу гэж хэлж авсныг нь мэдэхгүй. Дараа нь 2016. оны 7 дугаар сарын 20-ны өдөр “цэцэрлэгийн барилгын гэрээ хийх гээд байна одоо яг бүтэх “гээд байна энэ мөнгийг одоо хийгээдэх гээд би нээрээ ажил бүтчих байх гэж итгээд л 4,000,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2016 оны  7 дугаар сарын 22-ны өдөр бас л “одоо бүтэх гээд гэрээ байгуулах гээд байна” гээд бас л тэгж нэхсээр байгаад 2,000,000 төгрөг авсан...бас *** нь “бөөгийн зан үйл хийнэ” гээд миний алтан ээмэг, гинжийг 2016 оны 3 дугаар сард аваад юм уншаад ногоо цухуйх үед буцааж өгнө гээд буцааж өгөөгүй...тэгсэн *** руу Уянга гэж хүний нэрийг барьж барилгын ажил байна гэж яриад нийтдээ 5,7 сая төгрөг авсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-31 дүгээр хуудас,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... “*** надад нийт 15,900,000 төгрөгийн хохирол учруулсан. Үүнд ээмэг зүүлтний 1,700,000 төгрөг ороогүй, нийт 17,600,000 төгрөг нэхэмжилнэ, ...утсаар ярихад Уянга гэх хүн болон ***ын хоолой адилхан байсан, хоолойгоор нь Уянга, *** 2 нэг хүн болохыг таньсан, гомдолтой байна” гэх мэдүүлэг,
Хохирогч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 09 дүгээр сард над руу “99651864” дугаарын утаснаас Япон, Монголын хамтарсан төрийн бус байгууллагын захирал Уянга гэдэг хүн байна, танай компанитай хамтарч барилгын ажил гүйцэтгүүлэх шийд гарч байна, 50 хүүхэдтэй цэцэрлэгийн барилгын ергөтгөл, 120 хүүхдийн сургуулийн барилгын өргөтгөл гэсэн ажил хийлгэнэ. Таниас мэдээлэл авах хэрэгтэй байна, *** захиралтай бол бүх юмаа яриад тохирчихсон манай төрийн бус байгууллага нь баян тэтгэврийн насны япончуудаас хандив цуглуулдаг. Энэ нь Монголд их хэрэг болдог олон төсөл хэрэгжүүлдэг гэж ярьсан, ...2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 3,700,000 төгрөгийг манай нөхөр Даваасамбуу ***ийн *** гэсэн 5015179019 дугаарын дансруу шилжүүлсэн...Би өөрийн эрхгүй тэр Уянгад итгэсэн. Дараа нь Уянга надруу яриад “танай компани төсөлд шалгарсан тухай Японоос мэйл хүлээж авлаа, одоо буцаагаад юмаа факсаар явуулж байна. Танайх төсөлд шалгарсан учраас барьцаа болгож 2,000,000 төгрөг явуулаач” гээд ***ын дансыг өгсөн. Би 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр 2.000.000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

Хохирогч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 10-ны үед фейсбүүкээр чатлаж байгаад надад хандаж би чамд тусламаар байна, адилхан хүүхэдтэй хүмүүс, би дарсны бизнес хийдэг юм. ОХУ-аас вино дараад БНХАУ-руу гаргаж зардаг. Би өөрөө Монгол талын захирал байгаа юм, чи надад бага хэмжээгээр хөрөнгө оруулаад ашгаас иь хүртэх үү гэсэн. Тэгээд 14 хоногийн дотор ашгаа авна, адилхан хүүхэдтэй, адилхан зовлонтой хүмүүс гээд л хэлж байна гээд байхаар нь итгээд ***ын *** банкны 5015179019 дугаарын дансанд 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 500,000 төгрөг, 13-ны өдөр 500,000 төгрөг, 14-ний өдөр 1,000,000 төгрөг, нийтдээ 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд *** “15 хоногийн дараа мөнгө орж ирэхээр ашгийг чинь өгнө” гэсэн. Миний 2,000,000 төгрөгийг 4,000,000 төгрөг болгож өгнө гээд байсан. Тэгээд байж байтал 11 сарын 15-ны өдөр *** надруу яриад 3,500,000 төгрөг хэрэгтэй байна, виногоо хилээр гаргах гэсэн чинь татвар өсчихсөн байна, вино ачсан машинуудаа хил яаралтай гаргах хэрэгтэй байна, чи яаж ийж байгаад 3,500,000 төгрөг олоод өгөөч” гэсэн. Тэгэхээр нь би “мөнгө байхгүй” гэхэд “яаж ийж байгаад олоодох, машин тэргээ барьцаанд тавьчих, би найдвартай санаа зоволтгүй, энэ мөнгө чинь бас өсөөд орноо” гээд байхаар нь итгээд найзаасаа 3,000,000 төгрөг олоод *** руу яриад “3,000,000 төгрөг оллоо” гэхэд зүгээрээ 500,000 төгрөгийг нь би өөрөөсөө төлчихье” гэхээр нь би ***ын *** банкны 5015179019 дугаарын дансанд 16-ны өдөр 3 хувааж хийсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 131 дүгээр хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2016 оны 5 дугаар сард сувилалд хүүхэдтэй амарч байгаад ***тай танилцсан. Тэр үед *** өөрийгөө бөө гэж хэлэхээр нь сонирхоод утасных нь дугаарыг авсан. Бид хоёр танилцсанаасаа хойш Фэйсбүүк мессенжерээр харилцдаг байсан. Манай найзууд сүлжээ яриад байхаар нь ***аас сүлжээнд орвол ямар байна гэж асуухаар залгасан. Гэтэл надад  би виноны бизнес хийдэг. Чи энэ бизнест орооч гэж санал болгож “энэ бизнест 7-8 хүн хамтарч ажилладаг. Би Монгол талыг төлөөлдөг. 14 хоногийн дотор мөнгөө өсгөх боломжтой” гэж хэлсэн. Би ***ад итгээд мөнгөө шилжүүлсэн. Гэтэл удалгүй “татвар нэмэгдсэн байна, яаралтай 3,000,000 төгрөг шилжүүлээч. буцаагаад өгье’ гэж хэлсэн. Тухайн үед би надаас болоод хүмүүсийг ажил удаашрах байх гээд найзаасаа мөнгө зээлээд шилжүүлсэн. Мөнгө шилжүүлэхдээ хүнээс мөнгө зээлж байгаагаа хэлээд хэзээ мөнгийг нь буцааж өгнө гэж хэлэх вэ? гэхэд “15 хоногийн дараа өгнө” гээд хэлчих гэж хэлсэн. Намайг 15 хоногийн дараа ажил юу болж байгаа талаар асуухад бүтэхгүй талын шалтгаанууд хэлж эхэлсэн. Нэг өдөр утсаар ярихад “манай охины бие өвдөөд эмнэлэгт хэвтсэн” гэж хэлсэн. Тэр үед намайг хүүхдийг чинь эргэж очьё гэхэд худлаа хэлээд эхэлсэн. Дараа нь “Би баян Буриад эмээ таньдаг. Тэр залуу гэр бүлүүдийг дэмждэг. Танайх жижиг байранд амьдардаг юм байна. Танай байрыг том болгож өгье. Сар бүр 500.000 төгрөг өгөөд байраа томруулах боломжтой” гэж хэлсэн. Тухайн үед би ***ад итгээгүй. Би ***ад мөнгө шилжүүлж байх үедээ нөхрөөрөө Алтанбулагийн Петровис ХХК-д ажилладаг хүнээс Алтланбулагт *** гэж хүн байдаг талаар асуухад байдаг гэж хэлсэн учраас итгээд мөнгөө шилжүүлсэн, 5,000,000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,
Гэрч Ч.Рашаандаваагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...нэг өдөр *** надруу утсаар яриад өөрөө хөдөө яваад боломж байдаггүй нөгөө барилгын ажлын урьдчилгаа явуулах хэрэгтэй гээд байна мөнгө байвал шилжүүлчих гэхээр нь би тэр өгсөн *** банкны 5015179019 дугаарын дансруу 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 1,500,000 төгрөг шилжүүлсэн. Мөн бас л мөнгө байвал шилжүүлээч гэхээр нь тэр ***ийн *** гэсэн дансруу 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь бас 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 130,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд би ***гийн хэлснээр ***ийн ***ын *** банкны 5015179019 дугаарын дансруу 2,630,000 төгрөг шилжүүлж өгсөн. Дараа нь *** надад мөнгө төгрөгөө боломжтой болохоороо өгчихсөн байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/,

Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 08 дугаар сард Японы хөрөнгө оруулалттай төрийн бус байгууллагын захирал Уянга гэж эмэгтэй байна, танай компани бичиг материалаа явуул гэж яриад хэлснийх нь дагуу бичиг баримт материалаа явуулсан. Тэгсэн барьцаа болгож 3,700,000 төгрөг шилжүүл гээд *** банкны 5015179019 гэсэн дансны дугаар өгсөн. Би банк орж мөнгө шилжүүлэх гээд очсон чинь энэ данс нь *** овогтой *** гэсэн хувь хүний данс байхаар нь гайхаад Уянга гэж яриад байдаг утасруу залгаад энэ чинь байгууллагын данс биш хувь хүний данс байна ш дээ гэж хэлэхэд санаа зоволтгүй наад дансандаа мөнгөө хий гэхээр нь 2016.09.13-ны өдөр 3,700,000 төгрөгөө шилжүүлсэн, ...мөн удаагүй танай компанийн бичиг баримтыг чинь Япон руу явуулсан, танай компани шалгарсан, би мэйлээр хариугаа аваад ажил дээрээ байна үйл ажиллагааны зардал барьцаа гээд 2 сая төгрөг шилжүүл гэсэн. Тэгэхэд нь бид нар хэлснийх нь дагуу 2016.10.06-ны өдөр нөгөө ***ийн *** гэсэн дансруу 2 сая төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,

“Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/,

***ын *** банкны дансны дэлгэрэнгүй хуулбар /хавтаст хэргийн 71-82, 103, 142 дугаар хуудас/,

Хохирогч О.*** ***ын данс руу мөнгөн шилжүүлэг хийсэн баримтууд /хавтаст хэргийн 104-107 дугаар хуудас/,

*** нарын төрсний гэрчилгээний хуулбар /66-68 дугаар хуудас/,

***ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч *** нь хохирогч ***гаас 2016 оны 2 дугаар сарын 19-нөөс 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд 15,900.000 төгрөг, 1,700,000 төгрөгийн үнэлгээ бүхий үнэт эдлэл, хохирогч ***гаас 2016 оны 9 дүгээр сарын 13-наас 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 5,700,000 төгрөг, хохирогч ***гоос 2016 оны 11 дүгээр сарын 12-ноос 16-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 5,000,000 төгрөгийг “барилгын ажил олж өгнө, удахгүй буцаагаад өгнө, гаалийн татвар нэмэгдсэн байна татвар төлөх хэрэгтэй байна, 15 хоногийн дараа буцаагаад өгнө, богино хугацаанд өсгөж өгнө” гэх зэргээр худал хэлж хуурч мэхлэн авч нийт 28,300,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч ***, ***, ***, гэрч ***, Ч.Рашаандаваа нарын мэдүүлэг, “Капитал зууч” ХХК-нийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, ***ын *** банкны дансны дэлгэрэнгүй хуулбар, хохирогч О.*** ***ын данс руу мөнгөн шилжүүлэг хийсэн баримтууд, мөн шүүгдэгч ***ын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч ***ыг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар давтан үйлдлээр залилан мэхлэн авч их хэмжээний буюу 28,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Бусдын эд хөрөнгөд хууль бусаар гэм хор учруулсан этгээд уг хохирлоо хариуцан үүрэгтэй боловч хохирогч ***, ***, *** нарт учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгчээс 28,300,000 төгрөг гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-т “Шүүх анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй, түүнчлэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж заасан нь 3 хүртэл насны хүүхэдтэй эхэд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахыг “үүрэг болгосон” заалт биш ба шүүгдэгчийн хувьд ял хойшлуулах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

    Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, битүүмжилсэн гар утсыг хохирол төлбөр болон эд хөрөнгө хураах ялд тооцуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэв. 

    Шүүх бүрэлдэхүүн нэгэнт ял хойшлуулах шаардлагагүй гэж үзсэн, шүүгдэгч нөхөртэй гэх боловч албан ёсны гэр бүлийн баталгаагүй, хүүхдүүд нь эхээрээ овоглодог байх тул түүний асрамжинд байсан насанд хүрээгүй хүүхдүүдэд асран хамгаалагч тогтоохыг оршин суугаа газрынх нь Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  
ТОГТООХ нь:

1.    ***ийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар ***ын хувьд ноогдох хөрөнгөөс 100,000 /зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ***ад оногдуулсан  5 жил /тав/, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.    Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар ***аас 28,300,000 төгрөг гаргуулж, хохирогч *** /Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, Их сургуулийн гудамж 6-24 тоотод оршин суух, РД:ТЖ59010101/-д 17,600,000 төгрөг, хохирогч *** /Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 27-3 тоотод оршин суух, РД:ТЕ60090761/-д 5,700,000 төгрөг, хохирогч *** /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 71А байрны 10 тоотод оршин суух, РД:УЦ88050582/-д 5,000,000 төгрөг тус тус олгосугай. 

5.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “Хуавэй” маркийн гар утас битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц нэмэгдэл ял болон хохирол төлбөрт тооцуулахаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гүйцэтгэх хуудсын хамт шилжүүлэхийг шүүгчийн туслах /Б.Нямдорж/-д даалгасугай.

6.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1-т зааснаар 2002 оны 7-р сарын 22-нд төрсөн  2008 оны 6-р сарын 3-нд төрсөн ***ын , 2012 оны 12-р сарын 6-нд төрсөн ***ын Уянга, 2015 оны 6-р сарын 5-нд төрсөн ***ын * нарт асран хамгаалагч тогтоохыг Сэлэнгэ Аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад үүрэг болгосугай.

7.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ад авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс тоолсугай. 

8.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  

 


             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.ГЭРЭЛТ-ОД

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                   Я.ТУУЛ
        
                       ШҮҮГЧ               Т.ЭНХЖАРГАЛ