Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар  2021/ДШМ/118

 

 

 

 

 

 

     2021          01            26                                         2021/ДШМ/118                             

 

 

Т.У, Б.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Т.У, түүний өмгөөлөгч Т.Цэен-Ойдов,

шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Д.Алтантуяа,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/672 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Х.Эрдэнэтуяагийн бичсэн 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 61 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч Т.У, түүний өмгөөлөгч Т.Цэен-Ойдов, шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Д.Алтантуяа нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Т.У, Б.Г нарт холбогдох эрүүгийн 2010 00000 0404  дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. А.............. овогт Т....................ын У, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмээ, дүү, эх нарын хамт ..................... дүүргийн .... дугаар хороо, ..... дүгээр гудамж, .... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: ....................../;

2. Б................. овогт Б....................ийн Г, 20... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ......................... дүүргийн .... дүгээр хороо .... дугаар байрны ... тоотод оршин суух, /РД: ......................./;

урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 398 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 15 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн шүүгчийн захирамжаар 4 сар 9 хоногийн ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар тогтоосон.

Шүүгдэгч Т.У нь Б.Гтай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, 21-30 УБӨ улсын дугаартай “Toyota prius” загварын машин механизм ашиглан 2020 оны 4 дүгээр сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хорооллын 1044 дүгээр байрны автомашины зогсоол дээр байрлуулсан байсан иргэн Л.Зын эзэмшлийн 20-10 УНЕ улсын дугаартай “Toyota altezza” загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 520.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Г нь Т.Утай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, 21-30 УБӨ улсын дугаартай “Toyota prius” загварын машин механизм ашиглан 2020 оны 4 дүгээр сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хорооллын 1044 дүгээр байрны автомашины зогсоол дээр байрлуулсан байсан иргэн Л.Зын эзэмшлийн 20-10 УНЕ улсын дугаартай “Toyota altezza” загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Т.У, Б.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Арвайхээр овогт Төгсбаярын У, Боржигон овогт Баярмаагийн Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Уыг 2 /хоёр/ жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Гыг 2 /хоёр/ жилийн хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн Б.Гын биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У, Б.Г нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гын 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 103 /нэг зуун гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Т.У нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар хохирогч Л.Зд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн домкратны дэгээ 1 ширхэг, дугуйн торцовны иш 1 ширхэг, хар өнгийн домкрат 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 21-30 УБӨ улсын дугаартай “Toyota prius-20” загварын тээврийн хэрэгслийн үнэ 6.500.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Т.Уаас 3.250.000 /гурван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг, Б.Гаас 3.250.000 /гурван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Т.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Гын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэдний эдлэх хорих ялыг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Прокурор Х.Эрдэнэтуяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа би, тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/672 дугаартай шийтгэх тогтоолыг 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч хянавал:

Шүүгдэгч Т.У, Б.Г нар нь бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хороолол, 1044 дүгээр байрны автомашины зогсоол дээр тавьсан байсан иргэн Л.Зын эзэмшлийн 20-10 УНЕ улсын дугаартай “Toyota altezza” загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, машин механизм ашиглан авч, бусдад 520.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Т.У, Б.Г нарт холбогдох 2010 00000 0404 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, 2020/ШЦТ/672 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Г, Т.У нарыг тус бүрийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар тус бүрийг 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн Б.Гын биечлэн эдлэх ялыг 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай гэж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэж байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн Б.Гын биечлэн эдлэх ялыг 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай” гэж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлээгүй атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэсэн байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/672 дугаартай шийтгэх тогтоолын 3 дугаар заалтад өөрчлөлт оруулуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичив.

Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гаргаж байна.” гэв.

 

Шүүгдэгч Т.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төгсбаяр овогтой У миний бие Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/672 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жил хорих ялыг нээлттэй хорих ангид биеэр эдлэхээр шийтгүүлсэн билээ.

Миний бие иргэн Б.Гтай хамт 2020 оны 4 дүгээр сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Буянт-Ухаа 2 хорооллын 1044 дүгээр байрны хажуугийн засмал замаас хууль бусаар “Toyota altezza” загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй, обудыг авсан. Тухайн хууль бусаар авсан обудыг 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн орой обудны эзэн болох Л.Зд хүнээр дамжуулан сайн дураар гэм буруугаа хүлээн, хүлээлгэж өгөх явцдаа цагдаа нарт баригдсан билээ. Би эд сурч боловсрох, ажил хөдөлмөр хийх насан дээрээ бусдын өмчийг хууль бусаар авсандаа харамсаж, чин сэтгэлээсээ өөрийн буруугаа гэмшиж, үнэн зөв мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагаанд болон прокурор, шүүхийн шатанд өгсөөр ирсэн.

Т.У миний бие нь 10 жилээ төгсөөд Орос улсын Эрхүү хотод суралцахаар явж, Байгальский Государствений Их сургуульд 2016-2017 оны хооронд хэлний бэлтгэлд суралцаж байсан. 2017 онд сургуулиасаа гарч Турк улс руу шилжин хэл болон нийгмийн сургалтад сууж, 2017 ондоо Турк улсын Истанбул хотын Их сургуульд шалгалт өгч тэнцэн, Социологийн мэргэжлийн хичээлд суралцаж байгаад 2019 оны 5 дугаар сараас эхлэн ар гэрийн байдлаас чөлөө авч, Монголд ирсэн билээ. Тухайн мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй байгаа. Миний сурч боловсрох хүслийг минь хангаж өгнө үү гэж хүсэж байна. Миний бие Монголд ирсэн цагаасаа хойш ажил хийж байсан. Манайх ам бүл 4 бөгөөд 81 настай хүнд өвчтэй эмээ, энэ жил төгсөх 12 дугаар ангийн охин дүү, ээж нарын хамт амьдардаг билээ. Би ажил хийж хүнд өвчтэй эмээдээ эм тариа, эмчилгээ болон охин дүүгийн сургууль, сургалтын төлбөрийг төлдөг билээ. Саяхнаас жирэмсэн найз охинтойгоо тусдаа гаран удахгүй төрөх хүүхдээ хүлээж, бэлтгэлээ хийж байсан. Төгсбаяр овогтой У миний бие өмнө нь гэмт хэрэг болон зөрчил гаргаж байгаагүй.

Ийм гэмт хэрэг хийсэндээ маш их харамсаж, гэмшиж, ухаарч байна. Дахин ийм гэмт хэрэг болон зөрчил гаргахгүй гэдгээ эрхэм шүүгч нарт амлаж байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Т.Уын өмгөөлөгч Т.Цэен-Ойдов давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан Эрүүгийн 2010 00000 0404 дугаартай гэмт хэрэгт холбогдсон Т.Уын хууль ёсны эрх ашгийг хамгаалахаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож байна.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/672 дугаартай шийтгэх тогтоолоор Төгсбаяр овогтой Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жилийн хугацаатайгаар нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч шийтгэх тогтоол нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Тус шийтгэх тогтоолын “...тогтоох хэсгийн 2-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Уыг 2 жилийн хорих ялаар шийтгэсэн.” гэсэн атлаа анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрхэн яаж журамлан хэрэглэж оногдуулсан 2 жилийн хорих ялаас хөнгөрүүлсэн эсэх нь тодорхой бус ойлгомжгүй болжээ.

Учир нь шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байхаар хуульчилсан байдаг ба эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамласан нь оногдуулж байгаа үндсэн ялаас хөнгөрүүлсэн мэт боловч оногдуулсан ял нь хэвээр байгаа нь хуульд нийцэхгүй төдийгүй эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хуулийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна.

2. Шүүгдэгч Т.У нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өндөр настай эмээ, дүү, ээж болон жирэмсэн эхнэрийн хамт амьдардаг. Гэмт хэргийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан, учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан. Хийсэн гэмт үйлдэлдээ чин санаанаас гэмшиж анхнаасаа үнэн зөв мэдүүлж байсан зэргийг давж заалдах шатны шүүх харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн ялыг хөнгөрүүлж өгнө үү.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/672 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулж, Т.Ут оногдуулсан ялыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Д.Алтантуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/672 шийтгэх тогтоолыг Б.Гын өмгөөлөгч Д.Алтантуяа эс зөвшөөрч хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй үндэслэлээр гомдол гаргаж байна.

Уг тогтоолд “Шүүгдэгч Т.У, Б.Г нар нь иргэн Л.Зын эзэмшлийн автомашины 4 ширхэг дугуйг хулгайлахдаа учрах саадыг арилгах зорилгоор торцов, домкрат зэрэг багажаар автомашины дугуйг боолтоор нь тайлж хулгайлан авсан үйл баримт байх ба багаж ашиглахгүйгээр дугуйг их бие болох машинаас салгах боломжгүй бөгөөд дугуйг тайлж авахын тулд торцов, домкрат зэргийг зориуд тээврийн хэрэгсэлд хадгалж байсан байх тул торцов, домкрат зэргийг тусгайлан бэлдсэн гэж үзнэ. ...машин механизм ашиглах гэдэгт эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж, түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашиглахыг..., ...хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Харин прокуророос шүүгдэгч нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ зэвсэг хэрэглэсэн гэж ялласан нь үндэслэлгүй гэж үзэж шүүх зөвтгөн шийдвэрлэсэн болно.

Учир нь зэвсэг гэдэгт галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн зэрэг эд зүйлийг ойлгох бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн торцов, домкрат зэрэг нь зэвсэгт хамаарахгүй тул энэхүү хэсгийг шүүх үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.” гэж хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй үндэслэлээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Дээрх анхан шатны шүүхээс дурдсан тайлбарт гэмт хэрэг үйлдэхийн өмнө яллагдагч нар зэвсэг болон машин механизмыг урьдчилан бэлдсэн байх нөхцлийг шаардсан байна.

Хавтаст хэрэгт цугласан нотлох баримтаар иргэн Л.Зын машины 4 дугуйг хулгайлахдаа урьдчилан бэлдсэн байх ямар ч боломжгүй бөгөөд урьдчилан бэлдсэн гэх үйл баримт огт тогтоогдоогүй байдаг.

Болсон хэргийн үйл баримтыг дурдвал яллагдагч Б.Г, Т.У нар дуудлагын жолоочоор ажилладаг бөгөөд Т.У өөрийн хойт эцгийн 21-30 УБӨ улсын дугаартай “Toyota prius 20” маркийн машиныг 2019 оны 8 сараас шөнийн ээлжинд унаж, хоолны мөнгө залгуулдаг, тухайн шөнө ажил тараад Б.Гтай санамсаргүй тааралдан, гоё обуд харсан, очиж үзэх үү гэж очиж үзээд, хулгайлах шийдвэрийг хэргийн газар гаргаж байгаа үйл баримт хэрэгт авагдсан байдаг.

Улсын дээд шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолын 7 дахь хэсэгт машин механизм хэрэглэсэн гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж, түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөнд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлдэж ашигласныг ойлгоно. Харин хулгайлах үйлдэл төгссөний дараа зөөж тээвэрлэх хэргийн газраас зайлуулах үйлдэлд машин механизм ашигласныг энэ ойлголтод хамааруулахгүй гэснээр яллагдагч нарыг машин механизм ашигласан гэж гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь хуульд нийцэхгүй байна.

Мөн тогтоолын 8 дахь зүйлд тусгайлан бэлдсэн багаж гэдэгт гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн буюу ашигласан бэхэлгээ хамгаалалтыг эвдэх зориулалт бүхий багаж хэрэгслийг ойлгоно гэж тайлбарласан байна. Торцов, домкрат жолоочид байнга байдаг багаж учраас машиндаа хадгалсан учраас урьдчилан бэлдсэн байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Улсын дээд шүүхийн тайлбараас мөн хулгайлах гэмт хэрэг үйлдэхийн өмнө үйлдлээ түргэвчлэх зорилгоор машин механизм урьдчилан бэлдсэн байх, бэхэлгээ хамгаалалтыг эвдэх зориулалттай багаж хэрэгслийг урьдчилан бэлдсэн байх, бэхэлгээ хамгаалалт эвдэрсэн байхыг шаардаж байх бөгөөд хэрэгт цугласан баримтуудаас эвдэрч гэмтсэн зүйл огт байхгүй байгаа болно.

Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход урьдчилан бэлдсэн байх нөхцлийг хангаагүй байхад хуулийг буруу тайлбарлан, яллагдагч нарын эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Хоёрдугаарт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хөрөнгө орлогыг хураан, шүүгдэгч нараас тус бүр 3.250.000 төгрөг гаргуулан улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгөнөөс албадан гаргуулна гэж хуульчилсан байна.

Гэтэл тогтоолын гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Зд 520.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нар хохирогчид тээврийн хэрэгслийн дугуйг биет байдлаар буцаан өгсөн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.” гэжээ.

Хохирлоо төлчихсөн буюу нөхөн төлүүлэх хохирол байхгүй байхад хөрөнгийг хураасан шийдвэр гаргаж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Түүнчлэн яллагдагч нарын хувьд ногдох хөрөнгийг хураах ёстой байтал өөр бусдын хөрөнгийг хураасан нь хуульд нийцэхгүй байгаа болно.

Иймд хуулийг зөв хэрэглэн шүүгдэгч нарын үйлдсэн гэм бурууд тохирсон ял оногдуулан зүйлчлэлийг зөвтгөн, хөрөнгө хураах хууль бус шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Гуравдугаарт, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт ял оногдуулахдаа өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэнэ гэсний дагуу 2 жил 1 сар тэнссэн хугацаанаас гэмт хэрэг үйлдээгүй 1 жил 3 сарыг хасаж тооцох үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг зөвтгөн ялыг хөнгөрүүлж, нөхөн төлөх төлбөргүй байхад хөрөнгө хураах хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Гт ял оногдуулахдаа өмнөх шийтгэх тогтоолд дурдсан ялыг нэмж нэгтгэхдээ гэмт хэрэг үйлдээгүй 1 жил 3 сарыг хасаж ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэвэл, шүүгдэгч Т.У, Б.Г нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ “тусгайлан бэлтгэсэн домкрат, дугуйн торцов хэрэглэсэн” гэж дүгнэснийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэв.

Шүүгдэгч Т.У, Б.Г нар нь “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” хэрэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд тэдгээр нь автомашинаар явж байхдаа хулгай хийх сэдэл төрж, хоорондоо ярилцан тохиролцсон байх тул хулгайлсан эд зүйлээ зөөж тээвэрлэх зорилгоор “машин механизм ашигласан” гэж үзэх үндэслэл нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч Т.У, Б.Г нар нь бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “машин механизм ашигласан” гэх шинжид хамаарч байхад анхан шатны шүүх нэр бүхий шүүгдэгч нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ машин механизмаас гадна тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцэхгүй гэж үзнэ.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөнд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.” гэж тодорхойлсон ба шүүгдэгч нарын хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ үйлдлээ хялбарчлах зорилгоор хэрэглэсэн домкрат, торцов нь “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай” зүйлд хамаарахгүй.

Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн бүлэгт “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл”-ийг хэрхэн ойлгох талаар тусгайлан тайлбарласан хэдий ч Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгагдсан зүйл, хэсэг, заалт бүрд хамааруулан ойлгох ойлголт юм.

Прокуророос шүүгдэгч Т.У, Б.Г нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ “зэвсэг” хэрэглэсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй хэмээн анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Т.У, Б.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож зөвтгөн шийдвэрлэв.

            Шүүгдэгч Т.У, Б.Г нар нь бүлэглэн 21-30 УБӨ улсын дугаартай “Toyota prius” загварын машин механизм ашиглан 2020 оны 4 дүгээр сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хорооллын 1044 дүгээр байрны автомашины зогсоол дээр байрлуулсан байсан иргэн Л.Зын эзэмшлийн 20-10 УНЕ улсын дугаартай “Toyota altezza” загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 520.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Л.Зын “...машины дөрвөн ширхэг дугуй байхгүй доор нь тоосго эвсэн байхаар нь цагдаад дуудлага өгсөн. ...2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр цагдаагаас дуудахаар нь очтол миний алдагдсан дөрвөн ширхэг обуд, дугуйг хүлээлгэж өгсөн. Уг алдагдсан дугуйны обудыг 2019 оны 4 дүгээр сард 900.000 төгрөгөөр, дөрвөн ширхэг дугуйгаа 2019 оны 12 сард нийтэд нь 320.000 төгрөгөөр худалдан авч байсан....” /хх 23-24/,

гэрч Д.Доржпагамын “...Саяхан 10-аад хоногийн өмнө амбаарт 4 ширхэг дугуй байхаар нь Т.Уаас асуусан чинь би хүнээс худалдаж авсан, мөнгийг нь цувуулж өгөх гэж байгаа гэж хэлсэн. ...” /хх 37-38/,

гэрч П.Манлайгийн “...Би 2019 оны 5 дугаар сарын эхээр “Toyota prius 20” загварын 21-30 УБӨ улсын дугаартай саарал өнгийн автомашиныг худалдан авч байсан бөгөөд өөрөө унаж байгаад дагавар хүү Т.Ут 2019 оны 8 дугаар сараас өөрийн 21-30 УБӨ автомашиныг хэрэглүүлж байсан....” /хх 36/ гэх мэдүүлгүүд,

2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Т.Уаас эд зүйл хураан авсан, Л.Зд хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 21-30 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-14/,

“Дамно” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн ХУ2-20-215 дугаартай “Авто машины дугуйны” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 41-42/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Прокурор Х.Эрдэнэтуяа нь “...2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлээгүй атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэсэн. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж заажээ.

2015 оны /Шинэчилсэн найруулга/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хуульчилсан бөгөөд Б.Гт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байх тул прокурор Х.Эрдэнэтуяагийн 2 жил 1 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох эсэргүүцэл үндэслэлгүй байна.  

Өөрөөр хэлбэл, өмнөх хуулиар нэгэнт Б.Гт 2 жил 1 сарын хорих ял оногдуулаад уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн тохиолдолд шүүхээс уг шийдвэрийг хүчингүй болгож, дахин ял оногдуулах шаардлагагүй ба анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу Б.Гт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Шүүгдэгч Т.У “...Би ажил хийж хүнд өвчтэй эмээдээ эм тариа, эмчилгээ болон охин дүүгийнхээ сургуулийн сургалтын төлбөрийг төлдөг. Саяхнаас жирэмсэн найз охинтойгоо тусдаа гаран удахгүй төрөх хүүхдээ хүлээж байгаа. Гэмт хэрэг хийсэндээ маш их харамсаж, гэмшиж байна. Учруулсан хохирлоо барагдуулсан. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж ялыг минь хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч Т.Уын өмгөөлөгч Т.Цэен-Ойдов “...шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан шүүгдэгч Т.Ут 2 жилийн хорих ял оногдуулсан бөгөөд уг 2 жилийн хорих ялаас хэрхэн яаж хөнгөрүүлсэн эсэх нь тодорхой бус ойлгомжгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Д.Алтантуяа “...анхан шатны шүүхээс Б.Г, Т.У нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашигласан гэм буруутайд тус тус тооцсон, хохирлоо төлчихсөн буюу нөхөн төлүүлэх хохирол байхгүй байхад хөрөнгийг хураасан шийдвэр гаргаж, тус бүр 3.250.000 төгрөг гаргуулан улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүгдэгч Б.Гт ял оногдуулахдаа өмнөх шийтгэх тогтоолд дурдсан ялыг нэмж нэгтгэхдээ гэмт хэрэг үйлдээгүй 1 жил 3 сарыг хасаж ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:”, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;” гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Уыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, гэм хорыг арилгасан зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар түүнд 2 жилийн хорих ял оногдуулсан байх боловч уг 2 жилийн хорих ялаас хэрхэн яаж хөнгөрүүлсэн эсэх нь тодорхой бус, ойлгомжгүй байх тул шүүгдэгч Т.Уын өмгөөлөгч Т.Цэен-Ойдовын дээр дурдсан үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасан байх тул давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч Т.Уын анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасны дагуу түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээгээр буюу 1 жилийн хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөв.

            Харин шүүгдэгч Б.Г нь тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн бөгөөд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн Б.Гын биечлэн эдлэх ялыг 4 жил 1 сарын хугацаагаар хорих ял тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй, буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь “Тайгын булаг кредит” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй байгаа нь тогтоогдсон, хураан авах боломжгүй байх тул 21-30 УБӨ улсын дугаартай, “Toyota prius” загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 6.500.000 төгрөгийг Т.У, Б.Г нараас хувь тэнцүүлэн тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасанд нийцсэн байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/672 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Т.У, түүний өмгөөлөгч Т.Цэен-Ойдов нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, прокурор Х.Эрдэнэтуяагийн бичсэн 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 61 дугаартай эсэргүүцэл болон шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Д.Алтантуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/672 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтыг “Шүүгдэгч Арвайхээр овогт Төгсбаярын У, Боржигон овогт Баярмаагийн Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.” гэж,

2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Уыг 2 /хоёр/ жилийн хорих ял...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Уыг 1 /нэг/ жилийн хорих ял...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос Б.Г, Т.У нарыг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж гэсэн хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Х.Эрдэнэтуяагийн бичсэн 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 61 дугаартай эсэргүүцэл болон шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Д.Алтантуяагийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

 

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ