2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар           2025/ШЦТ/314

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Оджаргал хөтөлж,

улсын яллагч Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Түмэнжаргал,

шүүгдэгч М.******* нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:        

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******ын *******од холбогдох эрүүгийн 2208024651538 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1983 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн ... тоотод оршин суух хаягтай, 

- Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/827 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 13 хоногийг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 01 жил 4 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/1158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 10 хоногийг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 01 жил 01 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/946 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, нэмж нэгтгэн 01 жил 01 сарын хугацаагаар тогтоосон,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, дээрх ялуудыг нэмж нэгтгэн 5 жил 8 сарын хугацаагаар тогтоож,  өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 9 сар 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 6 жил 5 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 5 жил 5 сар 7 хоногийн хорих ялын үлдэгдэлтэй гэх, Боржигон овогт *******ын ******* /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар 

Шүүгдэгч М.******* нь 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... тоотод хохирогч П.*******ийн монетон бөгж 2 ширхэг, монетон ээмэг 2 хос, монетон гинж 1 ширхэг эд зүйлийг авч, 1.260.000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: 

Нэг. Шүүгдэгч М.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэг өгөхгүй гэв. 

 

Хоёр. Эрүүгийн 2208024651538 дугаартай хэргээс:   

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 27 дахь тал/, 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 54-56 дахь тал/, 

Хохирогч П.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-35, 151 дэх тал/,

Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 22/076 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

Шүүгдэгч М.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 134, 144 дэх тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хавтаст хэргийн 60 дахь тал/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/827 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 62-64 дэх тал/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/1158 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 65-66, 70-72 дахь тал/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/946 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 73-78 дахь тал/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/68 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 79-89 дэх тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 106 дахь тал/ зэрэг болно. 

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

           Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт. 

 

Шүүгдэгч М.*******, гэрч Б.******* нар нь эхнэр, нөхрийн харилцаатай этгээдүүд бөгөөд тэдгээр нь Хан-Уул дүүрэгт байх Туул голын ойролцоох газар хохирогч П.*******, Д.******* нартай танилцаж, нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба үргэлжлүүлэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээр хохирогч П.*******, гэрч Д.******* нарын гэр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, ******* ******* тоотод ирсэн байна.

Тус тоотод хохирогч П.*******, гэрч Д.******* нар согтуурсан үедээ маргалдаж байх үед шүүгдэгч М.******* нь хохирогч П.*******ийн монетон бөгж 2 ширхэг, монетон ээмэг 2 хос, монетон гинж 1 ширхэг зэрэг нийт 1,260,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 27 дахь тал/, 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 54-56 дахь тал/, 

Хохирогч П.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2022 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд нөхрийн хамт очиж байж байгаад  14-15 цагийн үед Хан-Уул дүүргийн Туул голын эрэг дээр очсон. Би нөхрийн хамт 0,5 литрийн хэмжээтэй архи, 3-4 лааз пиво хувааж уугаад манай нөхөр дахин уух юм авахаар Оргил худалдааны төв рүү явсан. Тэгээд 30 гаран минутын дараа манай нөхөр ирэхгүй болохоор нь би босоод ойр орчмын газраар хайхад манай нөхөр эрэгтэй, эмэгтэй 2 хүнтэй хамт ирэхээр нь би “та 2 ямар учиртай хүмүүс вэ” гэж асуухад эрэгтэй нь “танай нөхрийн найз, он жав нь байна” гэж хэлэхээр нь би уурлаад “манай нөхөрт ийм найз байхгүй” гэж хэлэхэд эмэгтэй нь “одоо л танилцъя” гэж хэлсэн. Тэгээд бид нар хамтдаа суугаад 1 шил архи хувааж ууж, юм идэж сууж байгаад 19-20 цагийн орчимд автобусанд суугаад манай гэр рүү явсан. Би тухайн үл таних эмэгтэйтэй хамт Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд байх “...” гэх хүнсний дэлгүүр ороод эд зүйл аваад 1 шил архи авсан. ...Бид нар 1 шил архиа хувааж уусан. ...Дахин 2 шил архи авсан, архиа хувааж уугаад сууж байсан ба тухайн эмэгтэй хүн манай гэрээс огт гарахгүй байсан. Тэгээд би гадагшаа гарахдаа өөрийн үнэт эдлэлээ том өрөөндөө оруулаад буйдангийн ардуур хийсэн юм. Тэгтэл... манай гэрт ирсэн эмэгтэй “наадах чинь юу вэ” гэхээр нь би “юу ч бишээ, манай хүүхдийнх байгаа юм” гэж хэлээд цаашаа тухайн эмэгтэй хүнтэй хамт явсан. ...Удалгүй манай нөхөр гал тогооны өрөөнд архи уугаад нэлээн муудсан байж байгаад “наад хүмүүс чинь юм хулгайлаад байна, чи цагдаа дууд” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би юм бодоогүй нөхрөө тайвшруулж унтуулаад байж байтал манай гэрт хонохоор ирсэн хүмүүс манай гэрээс гараад явахаар би араас нь гараад хартал харагдаагүй. Тэгээд хашааны гадаа байж магадгүй гээд хашаанаасаа гараад үзэхэд надаас зугтаагаад яваад өгсөн. ...Маргааш өглөө нь босоод ээмэг, бөгжөө зүүгээд гарах гэтэл миний эд зүйлс байхгүй байсан. ...1 цагираган ээмэг нь жижиг өрөөнд байсан, нөгөө ээмэг зүүлт нь том өрөөний буйдангийн ардуур жижиг хүүхдийн тоглоомын авдар дотор хийсэн байсан. ...Би одоо харвал танина. ...Манай гэрээс 2 бөгж, 2 хос ээмэг, 1 гинж хулгайд алдагдсан бүгд монетон эдлэл байсан. ...Манай нөхөр согтуудаа “наад хүмүүсийг чинь итгээд гэртээ оруулж байхад яасан муухай хүмүүс вэ” гээд орилоод байхаар нь би нөхрөө унтуулах гээд жижиг өрөөндөө аваад орсон. Тэгтэл тухайн үед эмэгтэй нь манай нөхөр бид 2-ын 2 ширхэг гар утсыг нөхөр нь өврөөсөө гаргаж өгөхөөр нь би хулгайлсан эд зүйлсээ гаргаад өгчихлөө гэж бодоод тайвширсан. ...Би тухайн үед нөхрийнхөө хэлснийг л хэлсэн. Манай нөхөр наад хүмүүс чинь хулгай хийгээд байна шүү дээ гэж надад хэлснийг нь л би мэдүүлэгтээ хэлсэн, би өөрөө бол тухайн үед хараагүй. ...Манай гэрт дагуулж ирсэн эрэгтэй, эмэгтэй 2 хүн бид нар 4-лээ байсан. ...Бид нар манай гэрийн гал тогоонд суугаад архи ууж байсан. Тухайн хүмүүс манай том өрөө, жижиг өрөөнд орохыг нь бол харсан. Ямар нэгэн эд зүйлс авсан эсэхийг анзаараагүй. ...Сэтгэцэд учирсан хохирол, хор уршиг тогтоолгохгүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-35, 151 дэх тал/,

Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: Би тухайн өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Туул голын эрэг орж агаарлах зорилгоор автобусны буудал дээр буугаад нөхөр *******ын хамт алхаж байхад замд тортой архи, ундаа гартаа барьсан халамцуу эрэгтэй хүн тааралдаад гүүрнээс буух явцдаа танилцаад тамхи солилцоод гол, уул, ус ярилцаж зогсож байгаад “манай эхнэр энд ганцаараа хүлээж байгаа, хамт очоод жаахан сууя, ахын дүү” гэж хэлэхээр нь манай нөхөр ******* бид хоёр тухайн үл таних эрэгтэй хүнтэй хамт очиход үл таних эмэгтэй хүн голын эрэг дээр ганцаараа сууж байсан. Бид 4 нийлээд сууж байгаад идэж уугаад, үл таних эрэгтэй хүний авсан байсан архийг *******, үл таних эрэгтэй, түүний эхнэр бид 3 хувааж уусан. Би тухайн үед жирэмсэн байсан тул би уугаагүй. Тэгээд тэндээ суугаад байж байтал үдээс хойш үл таних эрэгтэй хүн бид хоёрыг манай гэр гэрт очъё гэж хэлсэн. Үл таних эрэгтэй хүн гагнуур хийдэг гэж хэлж байсан. Манай нөхөр ******* нь бас гагнуур хийдэг тул тэр 2 хоорондоо ярилцаж байгаад очсон гэж хэлж байсан. Тэгээд бид нар автобусанд суугаад хамтдаа үл таних эрэгтэй хүний гэрт очихоор явсан. Автобуснаас буугаад *******, үл таних эрэгтэй 2-г гэр рүүгээ явж бай гэж эхнэр нь хэлээд надтай хамт дэлгүүр ороод архи, хоол хүнсний эд зүйлс авсан. Тухайн айлд очоод гэрийн эзэн, эхнэр, ******* нар архи ууж байх хооронд намайг “хоол хийгээд өг” гэхээр би цуйван хийж өгсөн. Нөхөр бид 2-ыг хоноод яв гэсэн тул бид нар тухайн айлд орой болтол сууж байсан. ******* тухайн айлын эзэнтэй хамт маргааш өглөө тээврийн хэрэгслийн ачаа гагнана гэж ярьж байсан. Тухайн гэрийн эзэн нь эхнэртээ агсам тавиад эхнэрээ зодоод байсан. ******* тэр 2-ыг салгахад гэрийн эзэн нь хутга бариад жижиг өрөөндөө эхнэр рүүгээ дайраад байсан. Эхнэр нь надад “чи битгий санаа зовоорой” гээд хэлээд байсан ба тухайн гэрийн эзэн нь ******* руу хандаж агсам тавиад бид 2-ыг хөөгөөд байхаар нь ******* надад хандаж “бос, хувцсаа өмс явъя” гэсэн. Би ч хувцсаа өмсөөд тухайн айлаас гарах гэж байхад үүдний өрөөнд тухайн гэрийн эзний гар утас байсныг ******* ав гэхээр нь би хэрэггүй гэж хэлээд үлдээсэн. Тухайн айлаас гараад гудамжаар явж байгаад засмал зам дээр ирээд такси бариад ломбард асуухаар нь би *******оос “чи ломбардаар яах гэж байгаа юм бэ” гэж асуухад ******* нь “монетон жижиг цагирган ээмэг, эмэгтэй хүний нарийн гинж, жижиг цулгуй бөгж зэрэг эд зүйлсийг гаран дээрээ тавьж харуулсан. Тэгэхээр нь би дахиж юм дуугараагүй явсаар байгаад 25 дугаар эмийн сангийн арын автобусны буудал дээр ломбард байгаа гэж очсон боловч тухайн ломбард хаалттай байсан. Тэгээд 1 дүгээр хороолол Саппорогийн арын буудлуудад ороод унтаж амраад маргааш өглөө нь ... худалдааны төвийн гадна байдаг “алт монет авна” гэсэн хүмүүст аваачиж өгсөн. Тухайн үед 200,000 гаруй төгрөг болсон. Би одоо яг нарийн үнийн дүнг санахгүй байна. Тэр мөнгөө яасан талаар мэдэхгүй байна. ******* бид хоёр хамт үрсэн байх. Би одоо санахгүй байна...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 22/076 дугаартай дүгнэлтэд: 5 төрлийн нэр бүхий монетон эд зүйлсийг нийт 1,260,000 төгрөгөөр үнэлэв. /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

Шүүгдэгч М.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би 2022 оны 7 сарын 14-ний өдөр Зайсангийн ойролцоо Туул голын эрэг дээр эхнэр *******ын хамт салхилж байтал үл таних халамцуу залуу эхнэрийн хамт ирээд голын эрэг дээр сууж архи уухаар тохиролцож, улмаар танилцаад 0.75 граммын Соёрхол нэртэй архи уусан. Тухайн эхнэр, нөхөр хоёр гэр рүүгээ харихаар явах гэтэл нөхөр нь  ******* бид хоёрт хандаж “манай гэр рүү хамт явж ууцгаах уу?” гэж асуухаар нь би хариуд нь “бид хоёр очиж болох юм уу? Таньж мэдэхгүй айлд?” гэж асуутал “зүгээрээ хамт явъя” гэхээр нь Баруун салаанд байх гэр хороололд очсон. Автобуснаас буугаад гэр рүү нь алхаж явах замдаа манай эхнэр ******* тухайн залуугийн эхнэртэй хамт дэлгүүр ороод цуйван хийж идэх хоолны материал, 0.75 граммын Соёрхол архи аваад гарч ирсэн. Манай эхнэр ******* тухайн айлын гал тогоонд цуйван хийж байх зуур би айлын хүмүүстэй хамт 0.75 граммын Соёрхол архи уусан. Тэр залуу машины ачаа хийж зардаг бололтой байсан. Бид архи уугаад сууж байтал айлын эхнэр, нөхөр хоорондоо маргалдаж зодолдоод эхэлсэн. Би эхнэр *******ын хамт хараад байж байтал тухайн айлын залуу над руу агсарч эхэлсэн. Би тэр залууд хандаж “би танайд ирж архи уучхаад чамтай маргалдаад яах вэ” гэж хэлсэн. Тэр үед тухайн айлын том өрөөнд ортол саарал өнгийн буйдан дээр ил гялгар ууттай гинж болон бөгжнүүд харагдсан тул аваад эхнэр *******ад хандаад “хоёулаа явъя, харья, энд ёстой бүтэхгүй юм байна” гээд зам руу алхаж гараад такси бариад 10-р хороолол руу явсан. Тухайн эд зүйлсийг 10-р хороолол орох замдаа эхнэртээ үзүүлсэн. Бид хоёр 10-р хорооллын автобусны буудал дээр шөнийн 01 цагийн үед очоод ойр хавьд байсан хүмүүсээс асууж байгаад үл таних 20-25 насны 2 охинд 80.000 төгрөгөөр зарсан. Тэндээсээ шууд Саппорогийн ард байдаг архи шаглаж зардаг хүмүүс дээр очиж 0.75 граммын Хараа архи аваад сааданд орж эхнэр *******ын хамт ууж байгаад тасарч унтаад өглөө нь сэртэл үлдсэн мөнгөө гээсэн байсан. ...Би 1 жижиг монетон бөгж, 1 нарийн монетон гинж, 1 хос монетон ээмэг зэрэг эд зүйлс байсан ба тэдгээрийг зарж, зарсан мөнгөөрөө архи авч уусан. Би тухайн үед согтуу мөнгө хэрэгтэй байсан болохоор хэрэг үйлдсэн.Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би тухайн иргэнд учруулсан хохирлоо бүрэн барагдуулна...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 134, 144 дэх тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломжийг бүрдүүлсэн санаатай үйлдэл бөгөөд шүүгдэгч М.*******ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдоно. 

 

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч М.*******, гэрч Б.******* нар нь хамтран амьдрагч, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд байх бөгөөд Хан-Уул дүүрэгт байх Туул голын ойролцоо хохирогч П.*******, Д.******* нартай танилцаж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба хохирогч П.*******, гэрч Д.******* нарын гэр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо ******* ******* тоотод очсон байна.

Хохирогч П.*******, гэрч Д.******* нар согтуурсан үедээ маргалдаж байх үед шүүгдэгч М.******* нь П.*******ийн монетон бөгж 2 ширхэг, монетон ээмэг 2 хос, монетон гинж 1 ширхэг зэрэг нийт 1,260,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, гэрч Б.*******ын хамт хохирогчийн гэрээс гарч яваад Баянгол дүүргийн 10 дугаар хороололд бусдад зарж борлуулан, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.******* нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахай сэдэлтээр гэмт үйлдэлдээ идэвхтэй буюу ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдан хохирогч П.*******ийн эзэмшлийн 1,260,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч М.*******ын дээрх үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэнд тооцно.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч М.*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан. 

Шүүгдэгч М.******* нь монгол хэл, бичиг мэддэг, өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.******* нь урьд:

- Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/827 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 13 хоногийг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 01 жил 4 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/1158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 10 хоногийг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 01 жил 01 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/946 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар, тус тус шийтгүүлж, нэмж нэгтгэн 01 жил 01 сарын хугацаагаар тогтоосон,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, тус тус шийтгүүлж, дээрх ялуудыг нэмж нэгтгэн 5 жил 8 сарын хугацаагаар тогтоож, мөн өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 9 сар 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 6 жил 5 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 5 жил 5 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялын үлдэгдэлтэй байсан нь ялын тооцооны тодорхойлолтоор батлагдаж байна. /хавтаст хэргийн 159 дэх тал/

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/68 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 5 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 5 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн ял оногдуулах саналтай. Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч М.*******од ял оногдуулахдаа шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршиг, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7/ долоо/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй.   

 

Шүүгдэгч М.*******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/68 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 5 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 5 сар 07 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 6 жил 07 хоногийн /зургаан жил долоон хоног/ хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.*******ын үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан түүнд биечлэн эдлүүлэхээр тогтоосон 6 жил 07 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.*******ыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/68 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 5 сар 22 хоногийн хугацаагаар хорих ял эдэлж байхад энэ хэрэгт яллагдагчаар цагдан хорих тухай 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2024/ЦХШЗ/442 дугаартай захирамж гарсан боловч 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлэн авчирч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 70 хоног цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. 

        

3. Хохирол төлбөр болон бусад асуудлын талаар 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон. 

  “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч П.*******ийн эд хөрөнгөнд Хөрөнгийн үнэлгээний “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 22/076 дугаартай дүгнэлтээр “...1,2гр жинтэй 1 хос монетон ээмгийг 180.000 төгрөгөөр, 1,6гр жинтэй 1 хос монетон ээмгийг 240.000 төгрөгөөр, 2,6гр жинтэй монетон гинж 390.000 төгрөгөөр, 1,5гр монетон бөгжийг 225.000 төгрөгөөр, грамм нь тодорхойгүй монетон бөгж 225.000 төгрөгөөр, нийт 1.260.000 төгрөгийн /хавтаст хэргийн 48-49 дэх тал/ хохирол учирсан байх тул шүүгдэгч М.*******оос 1.260.000 төгрөгийг гаргуулж хохирогч П.*******т олгохоор шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт *******ын *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах, Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч М.*******ыг 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******од энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/68 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 5 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 5 сар 07 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, М.*******ын биечлэн эдлэх ялыг 6 жил 07 хоногийн /зургаан жил долоон хоногийн/ хугацаагаар хорих ялаар тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******од биечлэн эдлүүлэхээр тогтоосон 6 жил 07 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.*******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 70 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******оос 1,260,000 төгрөгийг гаргуулж хохирогч П.*******т олгосугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

           8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.   

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.*******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.   




 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Х.ОДБАЯР