| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2025/0002/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/315 |
| Огноо | 2025-01-29 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Урангоо |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/315
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Оджаргал хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Урангоо,
хохирогч Ц.*******,
шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Илч овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2310030861331 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1982 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 4 хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 06 дугаар хороо, ...тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Илч овогт *******ийн ******* /РД:.../
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч А.******* нь хохирогч Ц.*******д 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн ... гудамжинд байрлах өөрийн нөхөр Л.*******, хүү Б.******* нарын нэр дээрх тус бүр 700 м.кв хоёр газрыг зарна гэж Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг ашиглан хуурч, 5,800,000 төгрөгийг Л.*******ын Хаан банкны ...тоот дансаар шилжүүлсэн авсан,
мөн үргэлжилсэн үйлдлээр өөрийн нэр дээрх Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо ... байрлах 700 м.кв газрыг зарна гэж 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн ... хороололд байрлах нотариат дээр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулан өөрийн Төрийн банкны ...дугаарын дансаар 3.300.000 төгрөгийг тус тус хүлээн авсан боловч Б.*******ын болон өөрийнхөө газрыг шилжүүлэн өгөлгүй, өөр хүнд газраа зарж Ц.*******д нийт 5,600,000 төгрөгийн хохирол учруулан залилсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч А.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би *******гийн эхнэр ...таньдаг. 2018 оноос хойш Газрын албанд газар хөөцөлдөж хүсэлтүүд өгсөн байсан. Хохирогчийн эхнэрт “газар зарна” гэж хэлсэн. Ц.*******д нөхөр *******, хүү ******* нарын газрыг 3,500,000 төгрөгөөр зарахаар тохиролцоод хянан магадлалын хөлсийг хасахаар тохиролцсон. Хүү ******* цэрэгт явсан, карантинд байсан. Гэрээ хийсний дараа газраа *******, ******* гэх өөр хүмүүст зарсан нь үнэн. Хохирогчид газрын мөнгийг эргүүлж өгөх гэсэн боловч “газраа авна” гэсэн. Санхүүгийн асуудал үүссэн тул өгч чадаагүй, 100 хувь миний буруу гэв.
Хохирогч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 11 дүгээр сард гэр бүлийн хүн маань “Миний таньдаг хүн газар зарах гэж байна” гэж хэлсэн. Би барилга угсралтын чиглэлээр газар авч үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байсан. Иймээс А.*******тай утсаар ярихад над руу 2-3 кадастрын зураг явуулсан. Газрын үнэ өртгөө ярилцаад маргааш уулзахаар болсон. Би кадастрын зургаа аваад Газрын албан дээр очоод асуутал энэ хүний нэр дээр биш байна гэж хэлсэн. Үүнийг мэдээд А.******* руу ярьсан. Гэтэл “Нийслэлийн иргэдийн төлөөлөгч А....гэдэг хүн гялс гаргаад өгчихнө, та надад даруй мөнгөө өгчих” гэж хэлсэн. Би “хуулийн дагуу наймаа хийж байгаа юм чинь газар эзэмших эрхийн гэрчилгээгээ өөрийн нэр дээр гаргуулаад авчих үүний дараа худалдаа наймаагаа хийе” гэж хэлсэн. Гэвч А.******* нь манай эхнэр рүү залгаад “юун сүртэй юм бэ, танай нөхөр чинь бие биедээ итгэдэггүй яасан хүмүүс байдаг юм” гэсэн утга бүхий зүйл ярьсан байсан. Үүнээс хойш сураг чимээгүй байж байгаад 2022 оны 02 дугаар сард миний утас руу залгаад “би газруудаа өөрийн нэр дээр авчихлаа” гэж хэлэхээр нь сонирхох болсон. А.******* нь 3 гэрчилгээ эх хувиар нь авсан байсан. Нэг нь *******ын нэр дээр, өөрийнх нь хүүхэд болох Түвшинжаргалын нэр дээр, А.*******ын нэр дээр тус тус байсан. *******, Түвшинжаргалын газрыг зармаар байна, өөрийн газрыг үлдээмээр байна гэж хэлсэн. Үнэ мөнгийг нь асуухад 8,000,000 төгрөг гэж хэлэхээр нь багасгавал авъя гэж хэлчхээд яваад өгсөн. А.******* нь 3 хоногийн дараа дахин залгаад буулгаад ав гэж хэлсэн. 10,000,000 төгрөгийн газрыг нь 8,000,000 төгрөгөөр авахаар болоод банкин дээр уулзалт хийсэн. ******* гэх нөхөртэйгөө хамт, газрын гэрчилгээнүүдээ барьсан ирсэн байсан. Нөхөрт нь “Би найдвартай биз дээ, хүү тань шилжүүлээд өгнө биз дээ” гэж хэлэхэд “Миний хүү цэрэгт байгаа. Найдвартай” гэж хэлсэн. Иймээс Түвшинжаргал хүүгийнх нь газрын эрх шилжсэний дараа үлдсэн 2,000,000 төгрөгийг нь өгье гэж хэлсэн. *******ын газрыг миний нэр дээр шилжүүлээд миний зүгээс 5,800,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгө хүрэхгүй байхаар нь цалингийн зээл авч мөнгийг нь өгсөн. Үүнээс хойш ойролцоогоор 14 хоногийн дараа “Хүүхэдтэйгээ хэзээ уулзах гэж байна, газар хэзээ шилжүүлж өгөх вэ” гэж асуухад “жаахан хүлээж байгаарай” гэж хэлээд дахин 14 хоног хоносон. Үүний дараа А.******* дахин утасдаж “Би гурав дахь газраа зарахаар боллоо, сонирхох уу” гэсэн. Би зөвшөөрөөд харуул хамгаалалт, эсхүл аж ахуйн нэгжийн нэг байр барья гэж бодоод хэдэн төгрөгт зарахыг нь асуутал 3,500,000 төгрөгт өгье гэж хэлсэн. Иймээс ээждээ энэ газрыг худалдаад авчих гэж санал тавиад А.******* гэх хүний данс руу 3,500,000 төгрөгийг шилжүүлчих гэж хэлсэн. Ингээд газрын эрх шилжүүлэх ажиллагаа маш их удаж, олон удаа бултаж, худлаа ярьж их л үйл явдлууд болсон. Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч Мягмар гэх хүний нэрийг маш их барьсан. Зургаадугаар сар болоход аргаа бараад дахиж асуухад Алдаржавхлан Засаг дарга ирвэл нэг гарын үсэг зураад болоо гэж хэлсэн. Газрын албаны нэрийг барьж яриад байхаар нь өөрийн биеэр газрын албаны дарга руу орж асуусан. “Уучлаарай. Таны газар өөр хүний нэр дээр шилжсэн байна” гэж хэлэхээр нь “яагаад та нар хүний газрыг өөр хүний нэр дээр шилжүүлсэн юм бэ” гэж хэлсэн. Гэтэл манай байгууллагын буруу болчихлоо, 02 дугаар сарын 01-ний өдрөөс газар цахим хэлбэрт шилжсэн, ажилтны буруугаас болж таны газрыг өөр хүний дээр шилжүүлсэн байна гэж хэлсэн. Нотариатаар бүртгүүлээд мэдээлэл нь газрын албанд ордог талаар хэлэхэд мөн мэдэхгүй байна л гээд байсан. *******ын нэр дээр Хан-Уулын Цагдаагийн хэлтэс рүү албан бичгээр “энэ хүн залилан хийсэн байна. Яаралтай арга хэмжээ авч өгнө үү” гээд явуулсан байсан. А.*******тай ярихад энэ газар ийм болчихлоо, үлдсэн хоёр газар нь тийм биш шүү гэж тайлбарласан. Засаг дарга Алдаржавхлан ирээд гарын үсэг зураад болно гээд л яваад байсан. Бас нэг Гансүх гэх хүн гаргаж ирээд энэ хүн газар булаалцалдаад Газрын албан дээр гацаагаад байна гэх утга бүхий зүйл хэлсэн. Энэ хооронд цаг хугацаа авч байх үед над руу Цагдаагийн хэлтсээс залгаж “та хохирогч болсон байна, ирж мэдүүлэг өгнө үү” гэж хэлсэн. Дуламханд гэх хүн *******аас газрыг нь худалдаж авсан хүн байсан. Дуламханд нь “Би аягүй хэл амтай газар авсан байна. ******* манай хамаатны хүн. Би учрыг нь олохгүй байна, давхар танд зарсан юм шиг байна, танд буцааж өгье” гэж хэлсэн. Хэд хоногийн дараа Газрын албан дээр уулзахаар болоод очтол шууд шилжүүлж өгөөд явсан. Тэр газар нь одоо манай хадам ээжийн амьдарч байгаа газар юм. Энэ хооронд А.******* нөгөөх зүйлээ л ярьсаар байсан. Нэхэмжлэх зүйлийн хувьд урьд 700,000 төгрөг, өчигдөр 7,300,000 төгрөг шилжүүлсэн. Би газар авахын тулд 4.300.000 төгрөгийн цалингийн зээл авч, хүүд 1.000.000 төгрөг төлсөн. Мөн газрын эргэлтийн цэг, хянан баталгааны төлбөр гэх мэт төлбөр гарсан. А.*******аас 8,000,000 төгрөг авсан. Иймээс нэхэмжлэх зүйлгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 2310030861331 дугаартай хавтаст хэргээс:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алйанаас 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гаргасан 19/743 дугаартай албан бичгээр Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газар гаргасан өргөдөл /хэргийн 1-р хавтас 8 дахь тал/,
Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гаргаж өгсөн баримтууд /хэргийн 1-р хавтас 134-177 дахь тал/,
Хохирогч Ц.*******гийн мөрдөн байцаалтад 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 11-12, 127, 234 дэх тал/,
Хохирогч Ц.*******гаас гаргаж өгсөн баримтууд /хэргийн 1-р хавтас 54-93 дахь тал/, Хаан банкны дансны хуулга /хэргийн 1-р хавтас 129-131, 235-236 дахь тал/,
Гэрч Ц.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 17-18 дахь тал/,
Гэрч Ц.*******аас гаргаж өгсөн баримтууд /хэргийн 1-р хавтас 19-53 дахь тал/,
Гэрч Л.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 188-189 дэх тал/,
Гэрч Л.*******ын эзэмшлийн Хаан банкны дансны хуулга /хэргийн 1-р хавтас 191-196 дахь тал/, харилцах дансанд нь үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 196 дахь тал/,
Гэрч Л.*******ын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /хэргийн 1-р хавтас 237-238 дахь тал/,
Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 220 дахь тал/,
Шүүгдэгч А.*******ын эзэмшлийн Төрийн банкны дансны хуулга /хэргийн 1-р хавтас 198-215 дахь тал/, харилцах дансанд нь үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 216 дахь тал/,
Ц.*******гийн Хаан банкны ...дугаарын данснаас 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Л.*******ын Хаан банкны ...тоот дугаарын данс руу “газар худалдаж авсан үнэ” гэсэн утгатай 5.800.000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний хуулга /хэргийн 1-р хавтас 130 дахь тал/,
Шүүгдэгч А.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 232 дахь тал/,
Шүүгдэгч А.*******ын хувийн байдалтай холбоотой баримтууд эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд /хэргийн 1-р хавтас 94-105 дахь тал/, ял шалгах хуудас /хэргийн 1-р хавтас хавтас 112, 243 дахь тал/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 116 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 117 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хэргийн 1-р хавтас 118 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 119 дэх тал/, Төрийн банкны дансны хуулга /хэргийн 1-р хавтас 198-215 дахь тал/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч А.*******д холбогдох хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 681 дугаартай яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч А.******* нь хохирогч Ц.*******д үргэлжилсэн 2 удаагийн үйлдлээр:
2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо ...гудамжинд байрлах өөрийн нөхөр Л.*******, хүү Б.******* нарын нэр дээрх тус бүр 700 м.кв хоёр газрыг зарна гэж Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг ашиглан хуурч, Хан-Уул дүүргийн ...худалдааны төв дотор байхдаа шилжүүлсэн 5,800,000 төгрөгийг Л.*******ын Хаан банкны ..тоот дансаар шилжүүлсэн авсан,
2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр өөрийн нэр дээрх Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо ..гудамжинд байрлах 700 м.кв газрыг зарна гэж Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, ...хороололд байрлах нотариат дээр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулан өөрийн Төрийн банкны ...тоот дансаар 3,300,000 төгрөгийг тус тус хүлээн авсан боловч Б.Түвшинжаргалын болон өөрийнхөө газрыг шилжүүлэн өгөлгүй, өөр хүнд газраа зарж Ц.*******д нийт 5,100,000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алйанаас 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гаргасан 19/743 дугаартай албан бичгээр Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газар гаргасан өргөдөл /хэргийн 1-р хавтас 8 дахь тал/,
Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гаргаж өгсөн баримтууд /хэргийн 1-р хавтас 134-177 дахь тал/,
Хохирогч Ц.*******гийн мөрдөн байцаалтад 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн: ...2021 оны 11 сард манай гэр бүлийн хүн Лхагвабаяр газар зарна гээд таньдаг хүн яваад байна, хоёулаа сонирхохгүй юм уу, сонирхвол яасан юм бэ гэж хэлсэн. Би барилга угсралтын чиглэлээр газар авч үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн байсан учир тухайн хүнтэй нь уулзаж газрыг нь сонирхсон. Тэр хүнийг А.******* гэдэг юм. ...2022 оны 2 дугаар сарын 10-ны үед А.******* над руу залгаад “би дахиад өөр 4 айлын газрыг өөрийнхөө болон гэр бүлийнхээ газарт авчихлаа, яг чиний сонирхож байгаа байршилд, хоёулаа уулзъя, чи газар сонирхох уу” гэж хэлэхээр нь би “үнэхээр танай гэр бүлийн эзэмшлийн газар юм бол очиж үзье” гэж хэлсэн. Тэгээд А.*******тай хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны ******* гудамжинд 4 айлын газар очиж үзсэн. А.******* гэрчилгээнүүдийг эх хувиар нь үзүүлээд *******, ******* хоёрын газрыг зарна, бусад нь байж байг гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ямар үнэ ханштай юм бэ” гэж асуухад 1 айлын газраа 6 сая төгрөг гэж хэлж байсан. Тэгэхээр нь би “бодож үзье, эргээд хариу өгье” гээд бид хоёр салсан. ...2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нь ******* нь дахиж утасдаад “чи хоёр газраа нийлүүлээд 8 сая төгрөгөөр бодоод ав, надад мөнгөний хэрэг яаралтай байна” гэж хэлэхээр нь би “*******, ******* хоёр хоёулаа шууд газраа шилжүүлэх боломжтой юм уу” гэж асуухад “манай нөхөр ******* газраа шууд шилжүүлэх боломжтой, бид хоёр хамт байна. Харин манай хүү ******* бол Төв аймгийн Сэргэлэн сумын цэргийн ангид алба хааж байгаа, короногийн хорионд байгаа учир хорио цээрийн дэглэм нь 20 орчим хоногийн дараа дуусна тэгэхээр нь би шилжүүлж өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би *******ын газрын 4 сая төгрөгийг шилжүүлж өгч болно, *******ын мөнгийг шилжүүлж өгөх боломжгүй юм байна” гэж ярилцаад 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Яармагийн Сансар худалдааны төвд очиж уулзаад “за *******ын газрыг шилжүүлээд мөнгийг чинь дараа өгье” гэхэд “мөнгөний хэрэг байна. *******ын газраас 2 сая төгрөгийг нэмээд өгчхөөч, хорио цээрийн дэглэм нь дуусахаар нь би шилжүүлээд өгье” гэж хэлээд *******, ******* нар гуйгаад байхаар нь би зөвшөөрч Сансар худалдааны төвд байдаг нотариат руу орж *******ын газрыг өөрийн нэр дээр эрх шилжүүлэх гэрээ хийгээд гарч ирээд тус төвд байх Хаан банкнаас 4,700,000 төгрөгийг зээлж аваад өөрийн ..тоот данснаас нэмж 6 сая төгрөг болгоод А.*******ын нэртэй Хаан банкны данс руу 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн. ...Тэгээд газар шилжүүлэхэд шаардагдах бичиг баримтыг бүрдүүлсэн. Тэрийгээ 2022 оны 3 дугаар сарын 01-ний үед материал аваачиж өгөх гээд А.******* руу утсаар ярихад “*******ын газрыг яаралтай авмаар байна, хүүхдээ яаралтай авчирч уулзуулна уу” гэхэд “хорио цээр нь дуусаагүй учраас манай хүүхэд ирэх боломжгүй байна, дахиад 1 сар болох байхаа” гэж хэлэхэд нь би “чи хүүхдээ чөлөө авхуулаад ч болов яаралтай уулзуулаарай, газрын алба материал дутуу гээд шилжилт хийлгэхгүй байна” гэж хэлэхэд ******* “би хурдан хугацаанд шилжүүлж өгнө, чи хүлээж бай” гээд өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүй. ...2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр над руу ******* утсаар яриад “би өөрийн нэр дээрх газраа зарлаа, мөнгө хэрэгтэй байгаа учир 3,5 сая төгрөгт өгчихье, чи хажуугийн 2 газрыг ...авч өгье гэж бодоод 2022 он 3 дугаар сарын 14-ний өдөр газар эзэмших эрхийг Ханбогд хороололд байрлах нотариатын газар орж *******аас өөрийн нэр дээр шилжүүлэн авч 3,5 сая төгрөгийг *******ын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш *******ын нэр дээрх газрыг надад нотариатаар эрхийг шилжүүлж өгнө гээд өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүй. ...А.******* нь 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хийж нотариатаар батлуулж, намайг материалаа бүрдүүлээд газрын албанд өгсний дараа газрын албанаас таны гаргасан газар өөр хүний нэр дээр шилжсэн талаар надад мэдэгдсэн. Тэрний дагуу газрын албаны даргатай ирж уулзахад тэр дор нь шалгаж өгөөд таны авсан гэх газар *******, ******* нарын нэр дээр шилжсэн байна гэж хэлж байсан. А.******* нь надад “би Нийслэлийн хурлын иргэдийн төлөөлөгч Мягмарын бие төлөөлөгч байгаа юм, чи надад итгэж болно, би сонгуулийн сурталчилгаанд ажиллаад 6 айлын газар авсан юм. 6 сая төгрөгөө шилжүүлчих, *******ын газар эзэмших эрхийг шилжүүлсний дараа үлдсэн мөнгийг нь авна” гэж хэлээд надаас мөнгө авсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 11-12 дахь тал/,
2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: ...Би өөрийн хадам ээж болох С...эзэмшлийн Хаан банкны ..тоот данснаас АТМ-с 3,300,000 төгрөгийг А.*******ын Төрийн банкны данс руу шилжүүлсэн. ...Би гомдолтой байна. Би эхний хоёр газар болох *******, ******* нарын нэр дээрх газрыг худалдаж авахаар шилжүүлсэн 5,800,000 төгрөг шилжүүлсэн юм. Тэрнээс А.******* 700,000 төгрөгийг над руу буцааж шилжүүлсэн. Ингээд би А.*******аас 5,100,000 төгрөгийн хохирлоо барагдуулах хүсэлтэй байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 127 дахь тал/,
2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: ...Прокурорын тогтоолд дурьдаж дүгнэсэн 5,600,000 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ би газрын эрх шилжүүлэх гэрээ хийдэг өдөр Хаан банкнаас өөрийн нэр дээр цалингийн зээл аваад мөнгийг нь өгч байсан. Тэр зээлийн хүү төлбөр 1,000,000 төгрөгийг 5,600,000 төгрөг дээр нэмж гаргуулан авах хүсэлтэй байна. ...Би *******аас 5,600,000 төгрөг дээр нь зээлийн хүү төлбөрт 1,000,000 төгрөг, ингээд нийт 6,600,000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ төлбөр мөнгийг бүрэн барагдуулах юм бол надад ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 234 дэх тал/,
Хохирогч Ц.*******гаас гаргаж өгсөн баримтууд /хэргийн 1-р хавтас 54-93 дахь тал/, Хаан банкны дансны хуулга /хэргийн 1-р хавтас 129-131, 235-236 дахь тал/,
Гэрч Ц.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: Би Хан-Уул дүүргийн ..зохион байгуулалтын албанд газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр А.******* нь өөрийн эзэмшлийн гэрчилгээг Н...гэх хүнд шилжүүлэх хүсэлт өгсний дагуу хянагдаад явж байх хугацаанд Ц.******* гэх хүнээс мөн адил А.*******ын нэр дээрх эзэмшлийн газрын гэрчилгээг шилжүүлж авах талаар хүсэлтээ гаргаж, нотариатын гэрээтэй ирсэн. Тухайн үед нь би удирдах албан тушаалтанд А.*******ын нэр дээрх газрыг Н...гэх хүнд шилжүүлэх талаар судлагдаж байгааг хэлээд тэрний дагуу манай албанаас цагдаагийн байгууллагад хандсан. ...А.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд шинээр газар эзэмших хүсэлт гаргасан байдаг. Тэр хүсэлтийг нь үндэслэж 2021 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо ******* гэх газар байрлах 0,07га газрыг эзэмшүүлэх талаар Дүүргийн засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр А/521 тоот захирамжаар газар олгосон. ...Ц.******* нь *******ын нэр дээр байх Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо ******* гэх газар байрлах 0,07га газрыг шилжүүлэн авах хүсэлтээ өгөхөөр ирэх үед тус нэгж талбар нь Н...гэх хүн шилжүүлэн авахаар хүсэлт газрын нэгдсэн системд бүртгэгдсэн байсан. Тэгэхлээр Ц.*******гийн гаргасан хүсэлтийг манай алба хүлээж аваагүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 17-18 дахь тал/,
Гэрч Ц.*******аас гаргаж өгсөн баримтууд /хэргийн 1-р хавтас 19-53 дахь тал/,
Гэрч Л.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: Надад Хаан банкны ..тоот данс байдаг. Би энэ дансыг 3-4 жилийн өмнөөс ашиглаж эхэлсэн. ...Би ямар учиртай мөнгийг мэдэхгүй байна. Миний карт манай эхнэр *******д байдаг. Тухайн үед ******* Хаан банкны данс байхгүй болохоор миний дансыг өгсөн байх. Миний нэр дээр газар байсан. Гэхдээ би энэ газрын талаар мэдэхгүй. Манай эхнэр А.******* хөөцөлдөж байгаад надад болон хүү *******т Биод газар авсан гэж байсан. Би тэр газарт нэг удаа очиж үзэж байсан. Тэгээд мөнгөний хэрэг болоод би газраа зарах талаар эхнэртээ хэлсэн. Тэгэхэд манай эхнэр ******* фейсбүүкт зар тавиад 2-3 хоногийн дараа санагдаж байна, нэг хүн холбогдсон. Тухайн хүнтэй нь манай эхнэр А.******* ярилцаж газрын үнэ хөлсөө тохирсон. Тэгээд 3,500,000 төгрөгөөр зарахаар болоод тухайн үед бичиг баримтыг нь бүрдүүлж өгсөн. ...Би 2021 оны намар наадам өнгөрөөгөөд Хаан банкны виза картаа эхнэр А.*******д ашиглуулж эхэлсэн юм. Тэр дансанд цалин ордог болохоор гэр бүл хүүхдүүддээ зарцуулж байг гэж бодоод өгсөн. Тэгээд өнөөдрийг хүртэл манай эхнэр А.******* ...тоот данстай виза картыг ашиглаад явж байгаа. Би өөрөө бас хажуугаар нь ашигладаг...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 188-189 дэх тал/,
Гэрч Л.*******ын эзэмшлийн Хаан банкны дансны хуулга /хэргийн 1-р хавтас 191-196 дахь тал/, харилцах дансанд нь үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 196 дахь тал/,
Гэрч Л.*******ын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /хэргийн 1-р хавтас 237-238 дахь тал/,
Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: Манай ээж газар хөөцөлдөж байна гэж хэлж байсан. Тэгэхээр би авах гэж байгаа юм байна гэж ойлгож байсан. Тэрнээс миний нэр дээр газар бүртгэлтэй байсныг цагдаагийн байгууллагаас холбогдох үед мэдсэн. 2021 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаж 2022 оны 10 дугаар сард халагдаж байсан. Тэгээд би цэргээс чөлөөгөөр ирэхдээ ээжтэйгээ уулзаж байсан. Би энэ газрын асуудлыг мэдэхгүй. ...Би ээжийг газар авсныг болон зарсныг мэдээгүй. Тухайн үед газар хөөцөлдөөд явж байна гэж хэлж байсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 220 дахь тал/,
Шүүгдэгч А.*******ын эзэмшлийн Төрийн банкны дансны хуулга /хэргийн 1-р хавтас 198-215 дахь тал/, харилцах дансанд нь үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 216 дахь тал/,
Ц.*******гийн Хаан банкны 5548012790 тоот данснаас 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Л.*******ын Хаан банкны ...тоот данс руу “газар худалдаж авсан үнэ” гэсэн утгатай 5.800.000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний хуулга /хэргийн 1-р хавтас 130 дахь тал/,
Шүүгдэгч А.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: Миний болон манай нөхөр хүүхдийн авсан газрууд бол Мягмар даргаас өмнө хүсэлтээ газрын албанд гаргачихсан байсан. Тухайн үед тэр газрууд нь гарах болоогүй байна гэж байсан. Би Мягмар даргын сонгуулийн сурталчилгаанд шадар туслахаар ажиллаж байгаад таньдаг болсон. Тэрнээс *******гийн яриад байгаа шиг Мягмар гэдэг хүн газрын наймаа хийдэг мэтээр ярьсан нь үндэслэлгүй. Би Мягмар гэдэг хүнийг танихаас өмнө газраа хөөцөлдөж байсан. ...2022 оны 02 дугаар сард ******* газар авна гээд сонирхож ярилцаж байсан. Би *******гийн эхнэр Лхагвасүрэнтэй Номин дэлгүүрт эмийн санд ажиллаж байхдаа танилцаж байсан. Тэгээд би Лхагвасүрэнтэй утсаар ярилцаж байхдаа Мягмар гэдэг хүний бие төлөөлөгчөөр ажилладаг талаараа хэлж байсан. Би өөрийн болон нөхөр хүүхдийн газраас нэгийг нь үлдээгээд 2 газрыг нь зарах санаатай байсан юм. Тухайн үед манай гэр бүл Биод байр түрээслэж амьдарч байсан. Тэгтэл түрээсийн төлбөр, манай нөхрийн ажил бүтэлгүйтээд газруудаа зарж эхэлсэн. ...Тухайн үед *******д нэг газрыг 6 сая гэж яриагүй, би тухайн үед газраа 3,5 сая төгрөгт үнэлж байсан. Би өөрийнхөө Төрийн банкны дансаар 3,3 сая төгрөгийг авсан. Тэгээд *******ын дансаар 5,8 төгрөг авсан. Энэ 5,8 сая төгрөг болохоор *******ын газар, *******ын газрын урьдчилгаа байсан юм. Тэгээд *******ын газрыг *******гийн хамаарал бүхий хүний нэр дээр шилжүүлж өгсөн. Миний болон *******ын газар *******гийн нэр дээр шилжээгүй. Тухайн үед ******* бид хоёр нотариат ороод надаас 9 сая төгрөг төл гэж хэлцэл байгуулж байсан. Тэгээд би тэр мөнгөнөөс 700,000 төгрөг өгсөн байгаа. Би өөрийн авсан 3,3 сая төгрөг, *******ын 2 сая төгрөгийг би төлж барагдуулах болно. Тэрнээс өөр ямар нэгэн төлбөр мөнгө байхгүй. ...Би *******тай 2022 оны 3 сард өөрийнхөө нэр дээр байдаг газраа зарахаар болсон боловч тухайн үед ******* бид хоёрын хооронд маргаан үүсээд *******гаас авсан мөнгөө буцааж өгөхийг бодоод ******* гэдэг хүнд би газраа 5 сая төгрөгөөр зарсан. Тэгээд би наймаагаа буцаах талаар *******тай холбогдоход “надад мөнгө хэрэггүй, газраа авна мөнгөө авахгүй” гэсэн. Тэгтэл Газрын албанаас ..нэр дээр бичиг баримт гарсан байсан. ...Би хүүдээ газар авах талаар хөөцөлдөж байгаагаа хэлж байсан. Миний хүү тухайн үед цэргийн албанд байсан болохоор энэ асуудлыг бид хоёр ярилцаж байгаагүй. Манай хүү өөрийнх нь нэр дээр газар бүртгэлтэй байсныг мэдэхгүй. Гэхдээ нотариат ороод надад итгэмжлэх хийж өгсөн. Би тухайн үед төлбөр мөнгөний асуудал үүсээд хүүгийнхээ нэр дээр байсан газрыг бусдад зарсан. ...Би хүүдээ газрын асуудлыг хөөцөлдөх хэрэгтэй байна гэж хэлээд нотариатаар итгэмжлэх хийлгэсэн...Би *******гаас авсан 5,600,000 төгрөгийг Биогийн байрны түрээсийн төлбөр, гэр орныхоо хэрэгцээнд зарцуулсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 232 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Улсын яллагчаас Яллах дүгнэлтдээ шүүгдэгч А.*******ыг хохирогч Ц.*******д нийт 5.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар: А.******* нь нөхөр Л.*******, хүү Б.******* нарын нэр дээрх тус бүр 700 м.кв хоёр газрыг тус бүрийг 4.000.000 төгрөгөөр зарна” гэж урьдчилгаанд 5,800,000 төгрөг авсан, мөн өөрийн эзэмшлийн газрыг 3.500.000 төгрөгөөр зарна гэж 3.300.000 төгрөг авч, хохирогчоос нийт 9.100.000 төгрөг дансаар авсан боловч, А.******* нь өөрийн нэр дээрх газраа Н.******* гэх хүнд, хүү Б.*******ын газрыг С.******* гэх хүнд шилжүүлэн өгсөн, харин Л.*******ын нэр дээрх газрыг Ц.*******д өгсөн байна. Иймд хохирогч Ц.*******д нийт 5,100,000 төгрөгийн хохирол учирсан байх тул хохирлын хэмжээг зөвтгөх нь зүйтэй.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь обьектив шинж буюу үйлдлийн аргын хувьд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдгаараа бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагддаг онцлогтой төдийгүй, гэм буруугийн санаатай, хэлбэртэй, шунахай сэдэлттэйгээр үйлдэгддэг нь тус гэмт хэргийн үндсэн шинж юм.
Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэдэгт ерөнхий нэг зорилгын хүрээнд хэд хэдэн удаагийн үйлдлээр нэгдмэл нэг гэмт хэрэг үйлдэхийг ойлгодог бөгөөд хууль тогтоогч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” хэмээн хуульчилжээ.
Шүүгдэгч А.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэг байна.
Тодруулбал, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хэрхэн хууль бусаар хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах эрхэд авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялган зүйлчлэгддэг.
Залилах гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.
Шүүгдэгч А.******* нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрүүдэд шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч Ц.*******гаас “Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо ******* гудамжинд байрлах өөрийн болон нөхөр Л.*******, хүү Б.******* нарын нэр дээрх тус бүр 700 м.кв хоёр газрыг тус бүрийг 4.000.000 төгрөгөөр зарна” гэж Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг ашиглан хуурч Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар худалдааны төв дотор байхдаа шилжүүлсэн 5,800,000 төгрөгийг Л.*******ын Хаан банкны ...тоот дансаар шилжүүлсэн авсан, мөн Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Ханбогд хороололд байрлах Нотариат дээр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулан өөрийн Төрийн банкны ..тоот дансаар 3,300,000 төгрөгийг тус тус хүлээн авсан боловч Б.*******ын болон өөрийнхөө газрыг шилжүүлэн өгөлгүй, өөрийн нэр дээрх газраа Н.******* гэх хүнд зарсан, хүү Б.*******ын газрын С.******* гэх хүнд шилжүүлэн өгч, хохирогч Ц.*******д нийт 5,100,000 төгрөгийн хохирол учруулан залилж, хувийн хэрэгцээндээ захиран зарцуулсан үйлдэл нь гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч А.******* нь хохирогч Ц.*******г хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлд маргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хэргийн 1-р хавтас хавтас 112, 243 дахь тал/
Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийн хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахын хязгаарлах дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Мөнхтуяагаас: миний үйлчлүүлэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргадаггүй. Хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Тухайн үед санхүүгийн асуудал тулгарсан. Хохирогчтой удаа дараа холбогдож “газрыг минь аваад өгөөч” гэх санал тавьсан. Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн амьдралын хувьд 4 хүүхэдтэй, нөхөргүй, хоёр жилийн өмнөөс уушгины онош нь тодорхойгүй өвчтэй, эмчийн хяналтад байдаг. Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал тус тус гаргав.
Шүүгдэгч А.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр ам бүл 5, 4-н хүүхдийн хамт амьдардаг, эрүүл мэндийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан тэнсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөн зорчих явахдаа хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч А.*******д тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон ял оногдуулахыг, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
3. Хохирол төлбөрийн талаар:
Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хүлээнэ гэж Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд хуульчилсан.
Хохирогч Ц.******* нь шүүгдэгч А.*******д нийт 9.100.000 төгрөг өгснөөс хохирогчид Л.*******ын нэр дээрх 4.000.000 төгрөгийн үнэ бүхий газрыг шилжүүлэн өгсөн байх тул 5.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзнэ.
Хохирогч Ц.******* “газар авахын тулд цалингийн зээл авч, хүүнд 1.000.000 төгрөг төлсөн, мөн эргэлтийн цэг, хянан баталгаа гэх мэт зардлууд гарсан гэх боловч холбоотой баримтыг бүрэн гаргаж өгөөгүй. Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.*******д 5.100.000 төгрөгийг хохирол учруулснаас мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.*******д 700,000 төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр батлагдаж байна. Мөн шүүгдэгч А.******* нь шүүхийн шатанд буюу 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 7.300.000 төгрөг шилжүүлэн өгч, хохирогч Ц.*******д нийт 8.000.000 төгрөг төлж, хохирлыг бүрэн барагдуулсан байх тул хохирол, хор уршиг арилсан гэж үзнэ.
Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Илч овогт Аптангэрэлийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч А.*******д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон ял оногдуулахыг, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч А.*******д мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* нь хохирогч Ц.*******д нийт 8.000.000 төгрөгийг нөхөн төлж хохирол, хор уршгийг бүрэн арилгасан, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР