| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 195/2025/0123/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/316 |
| Огноо | 2025-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/316
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Оджаргал хөтөлж,
улсын яллагч Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Анхбаяр,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогт *******ийн *******ад холбогдох эрүүгийн 2308033781678 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
.Монгол улсын иргэн, 1973 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймгийн ...суманд “...“ ХХК-д жолоочоор ажилладаг, ам бүл ганцаараа амьдардаг, Орхон аймгийн Жаргалант сумын ... тоотод оршин суух хаягтай, одоо
- Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг 02 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
- Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас заримыг буюу 2 жил 06 сарыг нэмж нэгтгэн, 3 жил 06 сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг 02 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Чонос овогт *******ийн ******* /РД:.../
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, ... тоотод хамтран амьдрагч, хохирогч М.*******г “архи уулаа” гэх шалтгаанаар биед нь халдаж эрүүл мэндэд нь “баруун зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний салстын урагдал, баруун зүүн зовхинд зулгаралт, баруун, зүүн доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулах “ заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 2308033781678 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 14 дэх тал/,
Хохирогч М.*******гийн Цагдаагийн байгууллагад гаргасан /хавтаст хэргийн 15 дахь тал/,
Дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 59 дэх тал/,
Аюулын зэргийн үнэлгээ /хавтаст хэргийн 81-83 дахь тал/,
Хохирогч М.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,
Гэрч Ж.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 127 дахь тал/,
Хохирогчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 29-32 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 14112 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
Хохирогч М.*******гийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлд тогтоосон ба хохирогч нэхэмжлэхгүй гэх тайлбар /хавтаст хэргийн 26 дахь тал/,
Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 123 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 42 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 43 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 45 дахь тал/, авто тээврийн хэрэгсэл эзэмшиж, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 46 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хавтаст хэргийн 47 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 48 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 96 дахь тал/, Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 99-103 дахь тал/, Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101А дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 104-115 дахь тал/ зэрэг болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, ..дугаар байрны ...тоотод хамтран амьдрагч, хохирогч М.*******г “архи уулаа” гэх шалтгаанаар биед нь халдаж эрүүл мэндэд нь “баруун зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний салстын урагдал, баруун зүүн зовхинд зулгаралт, баруун, зүүн доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 14 дэх тал/,
Хохирогч М.*******гийн Цагдаагийн байгууллагад гаргасан /хавтаст хэргийн 15 дахь тал/,
Дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 59 дэх тал/,
Аюулын зэргийн үнэлгээ /хавтаст хэргийн 81-83 дахь тал/,
Хохирогч М.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2023 оны 6 дугаар сараас хойш ******* гэх хүнтэй хамтран амьдарч байгаа. Бид дундаасаа хүүхэдгүй, гэрлэлтийн баталгаагүй, миний хоёр хүүхэд тусдаа гарцгаасан. Би *******ын хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод байрыг түрээсэлж амьдардаг юм. 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө 10 цагийн үед бид хоёр хамт гэрээсээ гарч Содном автобусаар Өгөөмөр зах руу явж, би үсчин орчхоод ангийнхаа 3-н хүүхэдтэй уулзаж багшдаа бэлэг авчхаад 16 цагийн үед Зайсан хиллийн 7 давхарт ресторанд орсон. Манай багш Алтан гадас одон авсан. Би тэнд бага зэрэг архи уучхаад 21 цаг өнгөрөөгөөд ирэхэд ******* гэртээ ганцаараа архи уучихсан согтуу сууж байсан. Тэгээд би унтахаар хэвтэхэд намайг “ангийнхантайгаа ууж идлээ” гэж уурлаад хоорондоо хэрүүл хийхэд ******* өндийж босож ирээд миний хоёр нүдний аяганы гадна талаас базаад дарах үед их хүчтэй өвдөхөөр нь би “болиоч чи, нүд өвдөөд байна” гэхэд больсон. Тэгээд би шөнө бие засах үедээ толинд хартал 2 нүдний орчмоор маажуулсан, 2 нүдний цагаан хэсэг нь нилэнхүйдээ улайж цус хурсан байсан. Би өглөө явахдаа Цагдаагийн байгууллагад хандсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,
Гэрч Ж.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: Б.******* нь миний төрсөн охин М.*******тай 2023 оны 6 дугаар сараас 12 дугаар сар хүртэл хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо .. дугаар байрны ..дугаар орц ...тоотод түрээсийн байранд амьдардаг байсан. Би өөрөө 36 дугаар байрны 1 дүгээр орцны 30 тоотод амьдардаг байсан. 2023 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих унтаж байхад М.******* “хамтран амьдрагч Б.*******ад зодуулчихлаа” гэчихсэн хоёр нүд нь улайж, хавдсан байдалтай орж ирсэн. 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр М.******* нь ангийн багшийнхаа Алтангадас одонгийн цайллагад яваад шөнийн 21 цагийн үед жаахан уусан байдалтай ирэхэд нь Б.******* бас гэртээ согтуу байх үедээ хардсанаас болж М.*******г хэвтэж байхад нь гараараа хоёр нүдийг нь базсан гэж хэлж байсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 127 дахь тал/,
Хохирогчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 29-32 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 14112 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: М.*******гийн биед баруун, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний салстын урагдал, баруун зүүн зовхинд зулгаралт, баруун, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
Хохирогч М.*******гийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлд тогтоосон ба хохирогч нь гаргуулахгүй гэх /хавтаст хэргийн 26 дахь тал/,
Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2021 онд М.*******тай анх танилцаад харьцдаг байж байгаад 2023 оны 5 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо .... тоотод түрээсийн байранд хамтран амьдарсан. Тухайн үед би Өмнөговь аймгийн... суманд 30 хоног ажиллаад 10 хоног ирж амардаг байсан. М.******* нь саунд үйлчлэгчээр ажилладаг байсан. 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн өглөө хамтран амьдрагч М.******* бид хоёр гэрээс хамт гараад М.******* ангийнхантайгаа уулзана гэж хэлээд явсан. Харин би машины сэлбэг Эрдэнэт рүү ачуулчхаад 0,75 литрийн 1 шил архи аваад 17 цагийн үед гэртээ ирэхэд хамтран амьдрагч М.******* байгаагүй. Тэгэхээр нь М.*******гийн утас руу залгахад согтуу эмэгтэй утсыг нь аваад байсан. Би архиа ууж байгаад унтсан. Шөнө М.******* гэртээ согтуу ирсэн. Намайг Өмнөговь аймагт ажил хийж байх хугацаанд М.******* хааяа нэг архи уучихдаг, согтуу байдаг байсан. Тухайн өдөр М.*******г согтуу ирэхээр нь уурлаж, бага зэрэг хардаад хэрэлдэж маргалдсан. Би уурандаа М.*******г гараараа түлхэх үедээ хоёр нүдийг нь гэмтээсэн. Өөр зодоон болоогүй бөгөөд М.******* унтаж байгаад шөнө гараад явчихсан байсныг өглөө сэрээд мэдсэн. ...2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс өмнө М.******* бид хоёр огт хэрэлдэж, зодолдож байгаагүй. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 123 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******ад холбогдох хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаартай яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, төрүүлсэн хүүхэд зэргийг хамааруулан ойлгох ба, хамтран амьдрагч гэж “гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” ойлгох юм.
Мөн дээрх хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэхээр, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж хуульчилсан байна.
Хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаас дүгнэхэд: Шүүгдэгч Б.*******, хохирогч А.******* нар нь албан ёсны гэрлэлтийн баталгаагүй ч тэд 2021 онд танилцан, 2023 оноос хамтдаа нэг гэрт амьдарч байсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “...тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж зааснаар тэднийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн ... үйлчлэлд хамаарах хүний ... эрүүл мэндэд гэм хор учруулсан, ... үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ.” гэж тодорхойлсон, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хуульд ...заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэсэн хууль ёсны зарчмын дагуу шүүгдэгч Б.*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг иш татан хуульчилсан байх тул хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэл болжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн обьектив шинж нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдал юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-д “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж баталгаажуулсан. Халдагч этгээдээс хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл хийсэн байх бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шалтгаант холбоотой байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Б.*******, хохирогч М.*******г согтуу ирсэн гэх шалтгаанаар хохирогчийн нүдийг гараараа атгасны улмаас эрүүл мэндэд нь “баруун, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний салстын урагдал, баруун зүүн зовхинд зулгаралт, баруун, зүүн доод зовхинд цус хуралт” бүхий олон тооны гэмтэл учруулсан байна.
Шүүгдэгч Б.******* нь хохирогч А.*******гийн биед халдан довтолж буй үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулахыг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.*******ын хохирогч А.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.
Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б. ******* урьд нь:
- Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 02 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
- Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас заримыг буюу 2 жил 06 сарыг нэмж 3 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ад 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Б.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр хөдөлмөр эрхэлдэг, “... “ ХХК-д жолоочоор ажилладаг, тогтмол орлоготой тул улсын яллагчаас гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв .
Шүүхээс шүүгдэгч Б.*******ад оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.*******гийн биед Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 14112 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...баруун, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний салстын урагдал, баруун зүүн зовхинд зулгаралт, баруун, зүүн доод зовхинд цус хуралт” бүхий олон тооны гэмтэл тогтоогдсон.
Хохирогч М.*******гийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлд тогтоосон ба хохирогч нь гаргуулахгүй гэх /хавтаст хэргийн 26 дахь тал/
Хохирогч М.******* нь мөрдөн байцаалтын шатанд хохирол, хор уршигтай холбоо мөнгөн дүнгээр илэрхийлсэн нотлох баримт гаргаж өгөөгүй ба тэрээр “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 29 дэх тал/-ийг гаргасан байх тул шүүгдэгч Б.*******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Чонос овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ад 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******ад мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР