| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 195/2025/0171/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/319 |
| Огноо | 2025-01-29 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/319
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Оджаргал хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах /цахимаар/,
шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч М.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Борогчууд овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2410036831538 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1981 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, ... тоотод оршин суух хаягтай,
- Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 430 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 40,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
- Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/260 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 22/234 дугаартай тогтоолоор дуусгавар болсон, Борогчууд овогт *******ийн ******* /РД:.../
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Э.******* нь 2024 оны 8 дугаар сарын 29-ний өглөө 8 цаг 40 минутад 1xbеt бооцоот тоглоом тоглож олсон ашиг 23,260,000 төгрөгийг агент Х.*******ээр дамжуулан өөрийн Хаан банкны ******* тоот данс руу таталт хийж шилжүүлж авсан бөгөөд, агент Х.******* нь мөн өдрийн 08 цаг 40 минутад дахин 12,240,000 төгрөгийг данс андуурч Э.*******ын Хаан банкны ******* тоот данс руу шилжүүлсэн ба уг мөнгийг Э.******* нь тухайн өдрөө мэдэж, андуурагдсан гүйлгээ болохыг мэдсээр байж хувьдаа зарцуулан, завшиж, хохирогч Х.*******т 12,240,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруу болон хэргийн зүйчлэлийн талаар маргахгүй гэв.
Нэг: Эрүүгийн 2410036831538 дугаартай хавтаст хэргээс:
Хохирогчийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 10 дахь тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,
Хохирогч Х.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15, 19 дэх тал/,
Шүүгдэгч Э.*******ын эзэмшлийн дансны зарлагыг хязгаарласан мөрдөгчийн тогтоол, дансны хуулга /хавтаст хэргийн 27, 29-35 дахь тал/,
Шүүгдэгч Э.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42, 45-47 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 49 дэх тал/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 50 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 51 дэх тал/, иргэнд олгох татварын тодорхойлолт /хавтаст хэргийн 52 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 53 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 54 дэх тал/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 430 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хавтас хэргийн 63-67 дахь тал/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 68-70 дахь тал/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/260 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 71-75 дахь тал/ зэрэг болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Э.******* нь 2024 оны 8 дугаар сарын 29-ний өглөө 08 цаг 40 минутад хохирогч Х.*******ийн андуурч шилжүүлсэн 12,240,000 төгрөгийг Хаан банкны ...тоот дансаар шилжүүлж авсан, андуурагдсан гүйлгээ болохыг мэдсээр байж хувьдаа зарцуулан, завшиж 12,240,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогчийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 10 дахь тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,
Хохирогч Х.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 1хbet-ийн агентаар 2022 оноос хойш ажиллаж байгаа ба фейсбүүкээр анх Хаан банкны ...дугаарын дансны эзэмшигч болох Мак гэх хаягтай хүнтэй холбогдож байсан. Би 1хbet бооцоо тавьж тоглож байгаа хүмүүсийн аккаунтыг цэнэглэж, хожсон мөнгийг таталт хийж данс руу нь хийдэг. Мак гэх фейсбүүк хаягтай Хаан банкны ...дансны эзэмшигч нь надаар үйлчлүүлээд 1 жил орчим болж байгаа ба 2024 оны 8 дугаар сарын 29-ний өглөө 8 цагийн үед 1хbet-д тоглоод хожсон мөнгөө татаж авахаар миний фейсбүүк рүү чат бичсэн. Тус өдрийн өглөө 05 цаг 58 минутад 12,000,000 төгрөгийг Хаан банкны ... тоот данс руу татаж авах талаараа над руу чат бичсэн. Мөн дахин 05 цаг 59 минутад 11,000,000 төгрөгийн таталт хийх чат ирсэн байсан ба тухайн үед би унтаж байсан учраас 08 цаг өнгөрөөж сэрсэн. Тэгээд сэрчхээд нийт 23,000,000 төгрөг шилжүүлэх юм байна гэж ойлгоод 23м гэж хариу бичихэд өөдөөс лайк явуулсан ба тус өдрийн 08 цаг 40 минутад Хаан банкны ...тоот данс руу 23,260,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд бусад үйлчлүүлэгч нар руугаа давхар мөнгө шилжүүлсэн ба тэгэх явцдаа андуураад Мак гэх фейсбүүк рүү ороод дансыг нь хуулж аваад 12,240,000 төгрөг шилжүүлэх ёстой юм байна гэж ойлгоод дахиад шилжүүлчихсэн. Тэгээд давхар андуураад нэмж 12,240,000 төгрөг шилжүүлснээ мэдээд Мак гэх фейсбүүк хаяг руу 08 цаг 56 минутаас хойш чат бичсэн боловч намайг 12 цагийн үед блок хийгээд дахин чат бичиж болохооргүй болгосон байсан. ...Тухайн дансны эзэмшигчтэй холбоотой өр, авлагын асуудал огт байгаагүй ба би бонус мөнгө өгөх талаар тэр хүнд нэг ч удаа хэлж үзээгүй. Хэрвээ би үйлчлүүлэгч нартаа бонус мөнгө олгодог байсан ч их хэмжээний мөнгө буюу 12,240,000 төгрөгийг бонуст шилжүүлнэ гэсэн зүйл огт байхгүй. Би Хаан банкны ...тоот данс руу илүү шилжүүлсэн гэх 12,240,000 төгрөгийг буцаан авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15, 19 дэх тал/,
Шүүгдэгч Э.*******ын эзэмшлийн дансны зарлагыг хязгаарласан мөрдөгчийн тогтоол, дансны хуулга /хавтаст хэргийн 27, 29-35 дахь тал/,
Шүүгдэгч Э.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би 1хbet-д аккаунт нээгээд казино, рулет тоглож эхлээд 4 орчим жил болж байна. Тэгээд Х.******* гэх агентаар үйлчлүүлээд 3 орчим жил болж байгаа. 2024 оны 8 дугаар сарын 29-ний өглөө 23.000.000 орчим төгрөг хожсон. Тухайн тоглоод хожсон мөнгөө өөрийн Хаан банкны ******* тоот данс руу таталт хийх хүсэлтээ фейсбүүкээр чат бичиж мэдэгдсэн. Тэгээд миний Хаан банкны ******* тоот данс руу 23,000,000 төгрөг маань орсон. Удалгүй хамт байсан хуурай дүү Шинэбаяр миний аккаунтаар тоглоод дахин мөнгө хожсон талаар хэлсэн. Тухайн үед хожсон мөнгө нь өглөө орж ирнэ гэж Шинэбаяр надад хэлсэн. Миний данс руу дараа нь 12.240.000 төгрөг орж ирсэн. ...Би өглөө сэрээд утсаа асаахад миний Хаан банкны ******* тоот данс руу 12.240.000 төгрөг илүү орсон талаар мэдсэн. Тухайн үедээ хуурай дүү тоглоод мөнгө хожсон байна гэж бодоод тоолгүй орхисон. Миний фейсбүүк хаяг руу илүү шилжүүлсэн талаар мэдэгдсэн. Гэхдээ Х.******* гэх хүнийг блоклосон талаар мэдэхгүй ба блоклоод дахиж чат бичихээргүй болгосон байсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42, 45-47 дахь тал/ зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж, тус тус заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “…Төлбөр, тооцооны алдаатай гүйлгээ… эд хөрөнгийг завших” гэмт хэргийн объектив шинж нь …алдаатай гүйлгээ, эд хөрөнгө…-ийг завшсан идэвхтэй үйлдэл хийсэн байх бөгөөд энэхүү үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан шалтгаант холбоотой байна. Энэ гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Эд хөрөнгө гэж аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг хэлдэг бол Завших гэж …төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, эд хөрөнгө…-ийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгохоор Эрүүгийн эрхзүйд тайлбарласан байна.
Хохирогч Х.******* нь 2024 оны 8 дугаар сарын 29-ний өглөө 8 цаг 40 минутад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ... дугаар байрны 9 тоот гэртээ байхдаа өөрийн эзэмшлийн ... тоот данснаас шүүгдэгч Э.*******ын эзэмшлийн ******* тоот данс руу 23.000.000 төгрөгийн гүйлгээ хийснийхээ дараа дахин 12.240.000 төгрөгийг андуурч шилжүүлсэн байна.
Шүүдэгч Э.******* нь 12.240.000 төгрөгийг алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж илүү шилжүүлсэн 12.240.000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ захиран зарцуулж, хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшиж, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийн объектив болон субьектив талын шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч М.Чинбат нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.******* нь:
- Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 430 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 40.000 төгрөгөөр торгох ялаар,
- Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,
- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/260 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 22/234 дугаартай тогтоолоор дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч М.Чинбат нараас улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Э.*******т ял оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн хэт хайхрамжгүй үйлдэл нөлөөлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Э.*******т оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
3. Хохирол төлбөрийн талаар:
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Энэ хэргийн улмаас хохирогч Х.*******т нийт 12.240.000 төгрөгийн хохирол учруулсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.******* нь "...Би Хаан банкны ******* тоот данс руу илүү шилжүүлсэн 12.240.000 төгрөгийг буцаан авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/ авагдсан байх тул шүүгдэгч Э.*******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Борогчууд овогт *******ийн *******ыг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ыг 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.*******т мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь хохирогч Х.*******т 12.240.000 төгрөгийг нөхөн төлсөн, бусад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР