Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2020/03818

 

 

2020 11 03 101/ШШ2020/03818    

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Т.О нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ш ХХК -д холбогдох,

 

30,765,496.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ...... нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Т.О шүүхэд болон төлөөлөгч Ө.О шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Т.О нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 5-р хороо В-р блок, .....30,8 мкв 1 өрөө орон сууц захиалгаар барих гэрээг ШХХК-ийн маркетинг борлуулалтын менежер М.Бтай байгуулсан. Гэрээний дагуу иргэн Т.О нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр урьдчилгаа төлбөр болох 17,000,000 /арван долоон сая/ төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 703,000 /долоон зуун гурван мянга/ төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 5,000,000 /таван сая/ төгрөг, нийт 22,000,000 /хорин хоёр сая/ төгрөг төлсөн ба байрны урьдчилгаа болох дээрх мөнгийг 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ...... тоот зээлийн гэрээг Хас Банктай байгуулан 22,000,000 /хорин хоёр сая/ төгрөгийн зээл авч бүрдүүлсэн болно.

 

Гэтэл тус компани Орон сууц захиалан бариулах тухай гэрээ-ний 2.6-т Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг 2019 оны IV-p улиралд багтаан гүйцэтгэнэ гэж заасан үүргээ биелүүлээгүй учир 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Захиалагчийн хүсэлтээр орон сууц захиалгын гэрээ цуцлах актыг ШХХК-ийн маркетинг борлуулалтын менежер М.Б, Т.О нар харилцан тохиролцож үйлдсэн. Тус актаар Т.Оын гэрээний төлбөр болгож төлсөн 22,703,000 /хорин хоёр сая долоон зуун гурван мянга/ төгрөгийг ШХХК-ийн маркетинг борлуулалтын менежер М.Б Хавсралт-1т заасан хуваарийн дагуу буцаан олгохоор тохиролцсон боловч одоог болтол төлөөгүй байна. Үүний улмаас Т.От 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ..... тоот зээлийн гэрээний хүү /2017 оны 07 дугаар сарын 17-оос 2020 оны 10 дугаар сарын 16-ны хооронд/ 8,062,496.54 /найман сая жаран хоёр мянга дөрвөн зуун ерэн зургаа тавин дөрвөн мөнгө/ төгрөгийн хохирол учирсан байна. Монгол Улсын Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасны дагуу 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ......... тоот зээлийн гэрээний хүү /2017 оны 07 дугаар сарын 17-оос 2020 оны 10 дугаар сарын 16-ны хооронд/ 8,062,496.54 /найман сая жаран хоёр мянга дөрвөн зуун ерэн зургаа тавин дөрвөн мөнгө/ төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Иймд Орон сууц захиалан бариулах тухай гэрээний урьдчилгаа 22,703,000 төгрөг, гэм хорын хохирол 8,062,496.54 төгрөг, нийт 30,765,496.54 төгрөгийг Т.От гаргуулж олгохыг ШХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

 

 

Хариуцагч ШХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани Монгол улсад үүсээд буй эдийн засгийн хямрал, дэлхийд шинээр тархсан цар тахалын улмаас үйл ажиллагаа доголдож барилга хугацаандаа ашиглалтад орохгүй хойшлогдож хүлээлгэж өгөхөөс өмнө нэхэмжлэлд заасан төлбөрийг төлөх боломжгүй байна гэв.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Т.О, хариуцагч ШХХК-д холбогдуулан 30,765,496.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлага гаргасныг хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааны явцад 22,703,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үлдэх 8,062,496.54 төгрөгийн шаардлага хариуцагчид хамааралгүй үндэслэлээр татгалзжээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

 

Зохигч 2018 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн Орон сууц захиалан бариулах тухай гэрээгээр Баянзүрх дүүргийн 5-р хороо В блок, ... тоотод орших 30,8 мкв 1 өрөө орон сууцыг хариуцагч нэхэмжлэгчид худалдах, нэхэмжлэгч үнийг төлөхөөр тохиролцсон талаар, мөн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэрээг цуцалж, төлбөрийг буцаан шилжүүлэхээр тус тус тохиролцон хэлцэл хийжээ.

 

Хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зохигчийн хооронд байгуулсан гэрээнээс үзэхэд дээрх барилгад нэхэмжлэгчийн ямар нэгэн оролцоо, хамааралгүй нь Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ гэж заасны дагуу хариуцагч хууль тогтоомжид заасан барилга барих, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг авсны үндсэн дээр тус барилгын ажлыг гүйцэтгэх тул нэхэмжлэгчийг мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар барилгын ажлын захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй юм. Нэхэмжлэгч барилга байгууламжийн баримт бичгийг бүрдүүлэх, техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг авах, барилгын ажлыг эхлүүлэх, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх болон барилгын үйл ажиллагаатай холбоотой аливаа эрсдэл, хохирлыг хариуцах зэрэг барилга захиалагчийн үүргийг хүлээхгүй, харин худалдан авагчийн хувьд гэрээний хяналтыг хэрэгжүүлэх нийтлэг эрх нь нэхэмжлэгчийг захиалагч гэж үзэх үндэслэлийг бий болгохгүй юм.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн 5-р хороонд орон сууцны зориулалттай барилгыг барьж ашиглалтад оруулах, барилгыг баригдаж байх хугацаанд нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан зэргээс үзэхэд нэхэмжлэгч баригдаж эхэлж буй барилгаас тодорхой тоо, хэмжээ бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахаар сонгосон гэрээний зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байхаар хариуцагчтай тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар зохигч үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авахаар гэрээ байгуулсан гэж үзэхээр ба нэхэмжлэгч талын зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлгүй.

 

Хариуцагч, нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэгч Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д заасны дагуу гэрээнээс татгалзсан, хариуцагч, нэхэмжлэгчийн төлсөн 22,703,000 төгрөгийг буцаан төлөхөөр хэлцэл хийсэн, хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээс 22,703,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн учир Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас 22,703,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, тус орон сууцыг худалдан авахтай холбоотой урьдчилгаа төлбөрийг Хасбанк ХХК-иас зээл авч төлбөрийг бүрдүүлсэн үндэслэлээр 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хооронд төлсөн хүү 8,026,496 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор нөгөө тал гэрээнээс татгалзсан бол өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Нэхэмжлэгчийн хувьд орон сууц худалдан авах эх үүсвэрээ бий болгохдоо банкнаас зээл авч орон сууцны үнийн урьдчилгаа төлбөрийг төлсөн талаар шүүх хуралдаанд тайлбарлаж холбогдох баримтыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч орон сууц худалдан авах санхүүгийн эх үүсвэрээ бусдаас зээл авах замаар бүрдүүлсэн нь хариуцагчийн үйл ажиллагаатай хамааралгүй, нэхэмжлэгчийн өөрийн нь сонголтоор бий болсон гэж үзэхээр байна.

 

Энэ нь хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн орон сууц худалдан авахын тулд бусдаас авсан зээл, хүүгийн зардлыг хариуцах үндэслэлийг үгүйсгэх бөгөөд мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагчийн гэрээний үүрэг зөрчсөнтэй шууд шалтгаант холбоотойгоор үүссэн, зайлшгүй зардал гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн орон сууц худалдан авахаар бусдаас зээл авсан зээлийн хүүгийн зардлыг зохигч гэрээнээс татгалзсантай холбоотой хариуцагч хариуцах үндэслэлгүй байна. Иймд энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

 

1.      Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч ШХХК-иас 22,703,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.От олгож, нэхэмжлэлээс 8,062,496.54 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311,777 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ШХХК-иас 271,465 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.От олгосугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ